Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 856

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Н.Г-,

           Шүүгдэгч: Б.У-, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад тус тус заасан гэмт хэрэгт Б.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005004461246 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.У- 2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 5А байрны 2 дугаар орцны гадна иргэн Э.У-ийн эд хөрөнгийг авахаар куртикны малгайнаас нь дарж газарт унаган, амыг нь дарж, хоолойг боож, толгойг нь хашлага руу мөргүүлэн хүч хэрэглэн довтолж биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, уруулын дээд хэсэг, баруун хацрын зулгаралт, баруун гарын 2 дугаар хурууны шарх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан бэлэн 7.000 төгрөг, ЛЖИ К-10 маркийн гар утсыг нь дээрэмдэн авсан,

- 2018 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 11 дүгээр гудамжны 333 тоотын гадна байсан Тоёото Приус-20 маркийн автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 02 дугаар сарын 12 ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 142 тоотод байрлах нийтийн байранд нэвтэрч Самсунг Ж-7 гар утас, Самсунг Эс-5 гар утас, малгайтай богино куртик, Жордон 4 ретро пүүз, Аскендант болон Экссайнт үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 618.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Г- шүүх хуралдаанд: “...Би 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр машинаа тавиад өглөө нь машинаа асаагаад ажил руугаа явах гэтэл миний машины 4 дугуйг аваад оронд нь тоосго тавьсан байсан. Миний машиний дугуйнаас обуд илүү үнэтэй байсан. Би дугуйгаа авах гэж хүнээс мөнгө зээлсэн. Би шүүгдэгчээс 780.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна” гэв.

Хохирогч Э.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан, манай ах Отгонбаяр нь нас барсан учраас буяны ажилд нь оролцох зорилгоор гэрээсээ гарсан. Тэгсэн 5А байрны 3 дугаар орцны гадаа цэнхэр куртиктэй, хар өмдтэй, малгайтай хар цамцтай, 20-25 орчим насны үл таних эрэгтэй зогсож байсан. Тэгээд намайг алхаж явж байтал миний ард хүрч ирсэн. Тэгэхээр нь зөрөөд явж болно шүү гэж тухайн үл таних эрэгтэйд хэлэхэд би чамтай зөрдөг хэн бэ гээд миний куртикны малгайнаас дарж намайг чирч явж байгаад унагаасан. Тэгээд өөртөө байгаа эд зүйлүүдээ өг гэж тухайн үл таних эрэгтэй тулган шаардсан, тэгсэн надад байгаа эд зүйл гээд 7.000 төгрөг, өөрийн малгай, ороолт, бээлий, нүдний шил, Л-Жи К-10 маркийн гар утсаа өгсөн. Тэгсэн тухайн үл таних эрэгтэй утас, 7.000 төгрөг авсан. Бусад эд зүйлийг нь хаяад зугтаасан. Хаяж зугтахынхаа өмнө миний амыг дарж, хоолой боож, ална гэж сүрдүүлсэн. Миний толгойг хашлага руу мөргүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 20-25/,

Хохирогч Б.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-142 тоот нийтийн байрны 10 тоот гэрээсээ гараад том хүү Мандуулын гэрт буюу 28 дугаар сургуулийн хажуу талын 12 дугаар байранд 2 хүү, мөн манай 9 тоотын Л-ын хамт очиж хоноцгоосон юм.  Тухайн үед би гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан юмаа. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүүгийнхээ гэрт байж байхад Л- эгч гэр рүүгээ харихаар явсан ба удалгүй Л- эгчийн хүүхэд Хувьтөгөлдөр манай хүүгийн гэрт ирээд танай гэрт хулгай орсон юм шиг байна, хаалга нь онгорхой, цоожгүй байна гэхээр нь гэр рүүгээ яваад очтол хаалга онгорхой байхаар нь камер шүүх гэтэл камер ажиллахгүй байгаа гэж байрны жижүүр хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Цагдаад дуудлага өгөөд бүрэлдэхүүн ирж тайлбар мэдүүлэг авахад би Самсунг Ж-7, Самсунг эс-6 маркийн гар утас болон манай нөхрийн куртик алдагдсан гэж мэдүүлсэн. Тэгээд гэртээ дахин шалгаад үзтэл манай хүүгийн эсгий Жордан 4 ретро загварын пүүз алдагдсан байсан. Мөн Самсунг эс-6 маркийн гар утас биш Самсунг эс-5 маркийн гар утас байсан байна. Мөн манай хүүгийн Орифлэймийн Эксисайт брендийн 60.000 төгрөгөөр худалдан авсан үнэртэй ус, Орефлэймийн Аскендант брендийн 60.000 төгрөгөөр худалдан авсан үнэртэй уснууд байхгүй болсон байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 134-136/,

Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад 18 цагийн үед гэртээ хариад, манай ойр орчим зам засаж байсан учир машинаа хашаанд оруулах боломжгүй байсан. Тэгээд 23 дугаар хорооны байрны урд талын худгийн зүүн урд талд Приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машинаа байрлуулчихаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 07 цагийн үед ажилдаа явах гээд гартал машины 4 ширхэг дугуй 20 ширхэг боолттой нь тайлж аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 197-198/,

Шинжээчийн 1681 тоот дүгнэлтэд: “...Э.У-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал уруулын дээд хэсэг, баруун хацрын зулгаралт, баруун гарын 2 дугаар хурууны шарх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 26-27/,

Шинжээчийн 01/127 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь Б.У-гийн баруун гарны эрхий хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 145-146/,

Таньж олох ажиллагааны тэмдэглэлд: “...Эдгээр хүмүүсийн зурагнаас миний эд зүйлийг дээрэмдсэн гэх этгээд нь 2 гэсэн дугаарын зурагтай этгээд байна гэж сэжигтэн Б.У-г зааж дээрх этгээд нь намайг цохиж унагаан дээрэмдсэн” гэх тэмдэглэл /хх 1-н 73-75/,

Яллагдагч Б.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лове бааранд орж архи уучихаад шөнө гэр лүүгээ явж байх замдаа Бичил хороолол буюу Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 5А байрны 2 дугаар орцны орчим явж байгаад үл таних эмэгтэй байхаар нь гар утсыг нь дээрэмдэж авсан. Тэгээд тэр эмэгтэйн хар өнгиийн ЛЖ маркийн гар утасны кейсэнд 7.000 төгрөг байсан. ...Энхбаярын зам дагуу эгчийнхээ гэр лүү явж байгаад зам дагуу ногоон өнгийн нийтийн байр луу орж 2 давхарын баруун талын эхний хаалга цоожтой байхаар нь татсан чинь цоож нь мултраад онгойчихсон. Тэгэхээр нь тэр өрөө рүү ороод ил байсан 2 ширхэг гар утас, 1 ширхэг куртик, 2 ширхэг үнэртэй ус, 1 хос пүүз аваад гараад явсан. ...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хорооллын бичилд байдаг game-5 гэдэг нэртэй компьютер тоглоомын газарт тоглож байгаад мөнгөгүй болоод гарч хулгай хийхээр шийдсэн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд гэр лүүгээ явж байх замд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны доод талын улаан контейнерийн хажууд Тоёота Приус-20 маркийн машин байхаар нь уг машины 4 дугуйг тайлж аваад тайлж авсан 4 дугуйгаа зурагтын шинэ эцсийн орчимд аваачаад явуулын хүнд 335.000 төгрөгөөр зарчихсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 113, 175-176, 228/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 6, 130, 181/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 32-34, 158-160, 200-201/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 1-н 61/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 76-83, 97-101, 152-153, 164-165, 210-213, 215-221, 241-248/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 119/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай /хх 1-н 120-121, 178-179/, хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 125-129, 182-184/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.У- 2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 5А байрны 2 дугаар орцны гадна иргэн Э.У-ийн эд хөрөнгийг авахаар куртикны малгайнаас нь дарж газарт унаган, амыг нь дарж, хоолойг боож, толгойг нь хашлага руу мөргүүлэн хүч хэрэглэн довтолж биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, уруулын дээд хэсэг, баруун хацрын зулгаралт, баруун гарын 2 дугаар хурууны шарх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан бэлэн 7.000 төгрөг, ЛЖИ К-10 маркийн гар утсыг нь дээрэмдэн авсан,

- 2018 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 11 дүгээр гудамжны 333 тоотын гадна байсан Тоёото Приус-20 маркийн автомашины 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 02 дугаар сарын 12 ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 142 тоотод байрлах нийтийн байранд нэвтэрч Самсунг Ж-7 гар утас, Самсунг Эс-5 гар утас, малгайтай богино куртик, Жордон 4 ретро пүүз, Аскендант болон Экссайнт үнэртэй ус зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 618.000 төгрөгний хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.У-ийн: “…зөрөөд явж болно шүү гэж тухайн үл таних эрэгтэйд хэлэхэд би чамтай зөрдөг хэн бэ гээд миний куртикны малгайнаас дарж намайг чирч явж байгаад унагаасан. Тэгээд өөртөө байгаа эд зүйлүүдээ өг гэж тухайн үл таних эрэгтэй тулган шаардсан, тэгсэн надад байгаа эд зүйл гээд 7.000 төгрөг, өөрийн малгай, ороолт бээлий, нүдний шил, Л-Жи К-10 маркийн гар утсаа өгсөн. Тэгсэн тухайн үл таних эрэгтэй утас, 7.000 төгрөг авсан. Бусад эд зүйлийг нь хаяад зугтаасан. Хаяж зугтахынхаа өмнө миний амыг дарж, хоолой боож, ална гэж сүрдүүлсэн. Миний толгойг хашлага руу мөргүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 20-25/, хохирогч Б.Ж-ын “…хаалга нь онгорхой, цоожгүй байна гэхээр нь гэр рүүгээ яваад очтол хаалга онгорхой байхаар нь камер шүүх гэтэл камер ажиллахгүй байгаа гэж байрны жижүүр хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Цагдаад дуудлага өгөөд бүрэлдэхүүн ирж тайлбар мэдүүлэг авахад би Самсунг Ж-7, Самсунг эс-6 маркийн гар утас болон манай нөхрийн куртик алдагдсан гэж мэдүүлсэн. Тэгээд гэртээ дахин шалгаад үзтэл манай хүүгийн эсгий Жордан 4 ретро загварын пүүз алдагдсан байсан. Мөн Самсунг эс-6 маркийн гар утас биш Самсунг эс-5 маркийн гар утас байсан байна. Мөн манай хүүгийн Орифлэймийн Эксисайт брендийн 60.000 төгрөгөөр худалдан авсан үнэртэй ус, Орефлэймийн Аскендант брендийн 60.000 төгрөгөөр худалдан авсан үнэртэй уснууд байхгүй болсон байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 134-136/, хохирогч Н.Г-ийн: “…23 дугаар хорооны байрны урд талын худгийн зүүн урд талд Приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машинаа байрлуулчихаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 07 цагийн үед ажилдаа явах гээд гартал машины 4 ширхэг дугуй 20 ширхэг шпилкний боолттой нь тайлж аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 197-198/, шинжээчийн 1681, 01/127 тоот дүгнэлтүүд, таньж олох ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Улаангийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У- нь хохирогч Э.У-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон, энэ явцдаа түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Ж-ын орон байранд нэвтэрч 618.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, хохирогч Н.Г-ийн автомашины 4 дугуйг хулгайлж 780.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирол төлөх талаар шүүгдэгчийг өмгөөлөгч ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба энэ хугацаанд хохирогч нарын хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.У-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У-д ял хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил хорих, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж нэмж нэгтгэн нийт 5 жил 2 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.У-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал урьд удаа дараа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулсан хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Шүүгдэгч Б.У- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оноы 5 дугаар сарын 11-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 62 хоногийг нэмж нэгтгэн, нийт 01 жил 2 сар 02 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 3 сар 26 хоногийн хорих ял эдэлж 9 сар 60 хоног буюу 11 сар хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор /хх 2-н 28/ тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-гийн урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 62 хоногийг нэмж нэгтгэн, нийт 01 жил 2 сар 02 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 60 хоног буюу 11 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар цагдан хоригдсон боловч ялын тооцоог 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар гаргасан тул цагдан хоригдсон хоногийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс тоолсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 180500364600008, 2005007930696 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.У-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд,

              - “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд,

              - “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 02  жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулсан 02 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 01 сар хорих ял дээр  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 2 сар 02 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 60 хоног буюу 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.У-гийн урьд цагдан хоригдсон 57 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 180500364600008, 2005007930696 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР