Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 71

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-22 тоотод оршин суух Харнууд овгийн Баатарын Баялагмаагийн /РД: ДГ88042301/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-20 тоотод оршин суух Боржигон овгийн Цогбаярын Банзрагчид /РД: ДК88100817/ холбогдох 
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баялагмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баялагмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд Ц.Банзрагчтай танилцаж, хамтран амьдрах болсон. 2012 оны 08 сарын 27-нд хуримаа хийж хамтран амьдарч байгаа. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 03 сарын 23-нд охин Мөнгөнтунгалаг, 2013 оны 06 сарын 20-нд Тунгалагтамир нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. 2012 оноос хойш удаа дараа хүүхдүүд зодож, намайг бас зоддог болсон. Манай ээжийг сохроор дуудаж, хашаанаас зайл гэж хөөж туудаг, доромжилдог. Хадам ээж хүүтэйгээ нийлээд дарамталдаг. Зодохдоо толгой тархи руу цохиж, боож унагадаг. Эцгийнхээ толгойг залгисан өөд муутай хүүхэн гээд буугаар хий буудаж дарамталсан. Хүүхэд зодлоо гэхээр намайг алчих гээд байх юм. Дандаа ална гэж заналхийлдэг болсон. Энэ өрх гэрийг би наймаа хийж авч яваа. Банзрагч ер нь ажил хийдэггүй. Би энэ хүнтэй амьдрах боломжгүй болсон тул охин Мөнгөнтунгалаг, Тунгалагтамир нарт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй. Иймд би 2 охиноо өсгөхийн тулд гэр хашаа, мөн Хаан банкнаас авсан 3.000.000 төгрөгийн зээлийг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Баялагмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хоёр охиндоо тэтгэлэг тогтоолгох, хашаа гэрээ авч үлдэх хүсэлтэй байгаа. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хашаа манай авга ах надад бэлэглэлийн гэрээгээр өгсөн бөгөөд манай нөхрийн нэр дээр байдаг. Хуримаа хийсэн гэрлэлтээ баталгаажуулаагүй гэв. 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Баялагмаа нь хариуцагч Ц.Банзрагчид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хашаа гэр гаргуулах, Хаан банкны 3.000.000 төгрөгийн зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хашаа гэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. 
Б.Баялагмаа, Ц.Банзрагч нар нь 2010 танилцаж, хамтран амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгчээс 2012 оны 03 сарын 23-ны өдөр охин Банзрагчийн Мөнгөнтунгалаг, 2013 оны 06 сарын 20-ны өдөр охин Банзрагчийн Тунгалагтамир нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б.Мөнгөнтунгалаг, Б.Тунгалагтамир нарын 0000709994/ Г№107, 0000914051/ Г№243 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна. 
Хэрэгт авагдсан 0000709994/ Г№107, 0000914051/ Г№243 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудад эцгийн овог нэр Боржигон Цогбаярын Банзрагч /РД: ДК88100817/, эхийн овог нэр Харнууд Баатарын Баялагмаа /РД: ДГ88042301/ гэсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоожээ. 
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эцэг Ц.Банзрагч, охин Б.Мөнгөнтунгалаг, Б.Тунгалагтамир нарын хооронд эрх үүрэг үүссэн байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд 2012 оны 03 сарын 23-ны өдөр төрсөн охин Банзрагчийн Мөнгөнтунгалаг, 2013 оны 06 сарын 20-ны өдөр төрсөн охин Банзрагчийн Тунгалагтамир нарыг эх Б.Баялагмаагийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр охин Б.Мөнгөнтунгалаг, Б.Тунгалагтамир нарт тус бүрт тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Банзрагчаар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Харин нэхэмжлэлийн шаардлагаас гэр, хашаа гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Баялагмаа нь 2012 оны 08 сарын 27-нд хуримаа хийж хамтран амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй гэж тайлбарлаж байна. Иймээс Б.Баялагмаа, Ц.Банзрагч нарыг гэр бүл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 
Иймээс Б.Баялагмаа, Ц.Банзрагч нарын эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу дундын өмчийн зохицуулалтаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Нэхэмжлэгч нь ”...Хашаа манай авга ах надад бэлэглэлийн гэрээгээр өгсөн, манай нөхрийн нэр дээр байдаг...” гэж тайлбарлаж байх боловч гэр болон хашаатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна. 
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хашаа гэр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Хариуцагч Ц.Банзрагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.900 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч 
Ц.Банзрагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 1.977.600 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.592 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 сарын 23-ны өдөр төрсөн охин Банзрагчийн Мөнгөнтунгалаг, 2013 оны 06 сарын 20-ны өдөр төрсөн охин Банзрагчийн Тунгалагтамир нарыг эх Баатарын Баялагмаагийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Банзрагчийн Мөнгөнтунгалаг, Банзрагчийн Тунгалагтамир нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж, эцэг Ц.Банзрагчаар  тэжээн тэтгүүлсүгэй. 
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Баялагмаад даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ц.Банзрагч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Нэхэмжлэлийн шаардлагаас гэр болон хашаа гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.900 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч 
Ц.Банзрагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 1.977.600 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.592 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ