Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1006

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Ц.Ариунтуяа /томилолтоор/,

шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Сартуул овогт С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0188 41126 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овогт С.Б  нь Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, ах, 02-04 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын ... гудамжны ......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 243 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3

 

 

2

 

сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:............).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

С.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Ц ын эзэмшлийн "Самсунг Галакси Жи- 5” маркын гар утсыг "найзтайгаа утсаар ярьчихаад өгье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч, залилан авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б  мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр таксины жолооч Ц  гэх ахын утсыг авсан хэргээ хүлээж байна гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0188 41126 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч Р.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

"...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...12 цагийн үед санагдаж байна, ...Зүүн салааны хуучин эцсийн ойролцоо нэг эмэгтэй хүн гараа өргөөд такси барих гэхээр нь би зогсож "хаа хүрэх юм” гэхэд "Чингэлтэй дүүргийн 6 буудал орно, айлаас зурагт авах гэсэн юм” гэхээр нь би Чингэлтэй дүүргийн 6 буудалд нэг айлын гадна очсон. Нөгөө эмэгтэй айл руу ороод гарч ирсэнээ "эндээс зурагт авахаа болилоо, буцаад Баянхошуу явъя” гэсэн. Тэгээд Баянхошууны шинэ эцэс дээр ирээд "аптек ороод, найзтайгаа уулзаад ирье” гээд орсоноо над дээр ирээд "утсаа өгчих, манай найз байхгүй байна, утсаар яриад өгье” гэхээр нь би утсаа өгсөн. Тэгэхэд нөгөө эмэгтэй миний машинд сүү, саарал бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн маскаа үлдээгээд "аптек ороод утсаа аваадхъя” гээд миний утсыг аваад буусан. Тэгээд нөгөө эмэгтэй алга болчихоор нь гайхаад аптек ороход нөгөө эмэгтэй байхгүй, утас руу залгахад миний утас унтарсан байсан. 20-25 орчим настай, цагаан өмдтэй, дотуураа

 

 

цагаан өнгийн цамцтай, хар өнгийн үстэй, саравчтай цагаан малгайтай эмэгтэй байсан. “Самсунг Галакси Жи--5” маркийн гар утсыг 2018 оны 6 дугаар сард "Тэди” гар утасны дэлгүүрээс 460.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15- 16 дугаар тал),

  1. Шүүгдэгч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

"...Би 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Зүүн салаанаас такси бариад Сүхбаатар дүүрэгт байрлах 6 буудалд амьдардаг эгч Б гийн гэрээс зурагт авахаар явсан. Б  эгчийн гэрт очиход хүн байхгүй болохоор нь Баянхошуу руу явсан. ...Баянхошууны эцэс дээр байдаг таньдаг эгчийн ажиллуулдаг эмийн сан руу ороход хаалттай байсан. Би яахаа мэдэхгүй, таксины жолооч ах дээр очоод "утсаа өгч бай, найз руугаа ярьчихаад өгье” гэж хэлэхэд таксины жолооч ах надад утсаа өгсөн. Тэгээд би утсыг нь аваад эмийн санд ажилладаг эгчийн утас руу залгахад "хол явж байна, ирэхгүй” гэхээр нь утсыг нь аваад явчихсан. Миний авч явсан гар утас “Самсунг Галакси Жи--5” маркийн гар утас байсан. Тухайн гар утас нь шаргал өнгийн утас байсан. Тэгээд би Төв аймагт барилга дээр ажиллаж байхдаа хаясан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

  1. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 20/041 дугаартай “...Самсунг Галакси Жи-5 загварын гар утасны үнийг 160.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
  2. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Р.Ц ыг оролцуулан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд "... миний гар утсыг авч явсан эмэгтэйн зургийг 3 дугаартай зураг дээр байрлуулж тавьсан байна. Тухайн эмэгтэйг царайны төрхөөр шөвгөр шар царайтай, шүд

нь жигд бус, бор хүрэн үс зэргээр нь таньсан. ...” гэх тэмдэглэл бүхий хэсэг, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

  1. Гэрч В.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 02- ны өдөр өгсөн “...С.Б  нь 10 дугаар анги төгссөн. 2016 онд Г  гэх залуутай гэр бүл болж, 2 хүүхэдтэй болсон. Хүүхдүүдээ өөрөө харж ханддаг. Нөхрөөсөө

 

 

2018 онд салсан. Сургуулиасаа гарснаасаа хойш тааралдсан ажил хийдэг. ...буруу хүнтэй нөхөрлөөд байх шиг байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар тал),

  1. Гэрч В.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 02- ны өдөр өгсөн:"...С.Б  нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Зан араншингийн хувьд түргэн ууртай болохоос бусдаар ямар нэг илүү дутуу зангүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал),
  2. Шүүгдэгч С.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28, 61 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 38 дугаар тал), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар тал), Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дүгээр тал), Хүүхэд асаргааны тэтгэмжид хамрагддаг тухай албан бичиг (хавтаст хэргийн 32 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй тухай албан бичиг (хавтаст хэргийн 36 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ "... Шүүгдэгч С.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Ц ын эзэмшлийн "Самсунг Галакси Жи-5” маркын гар утсыг "найзтайгаа утсаар ярьчихаад өгье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, залилан авч, 160.000

 

 

төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагч, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Б  нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан "хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд "өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн "өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч С.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Ц ын эзэмшлийн “Самсунг Галакси Жи--5” маркийн гар утсыг "найзтайгаа утсаар ярьчихаад өгье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч, залилан авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Р.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ...нэг эмэгтэй хүн гараа өргөөд такси барих гэхээр нь би зогсож "хаа хүрэх юм” гэхэд "Чингэлтэй дүүргийн 6 буудал орно, айлаас зурагт авах гэсэн юм” гээд ...6 буудалд нэг айлын гадна очсон. ...ороод гарч ирсэнээ "эндээс зурагт авахаа болилоо, буцаад Баянхошуу явъя” гэсэн. Баянхошууны шинэ эцэс дээр ирээд ...нөгөө эмэгтэй миний машинд сүү, саарал бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн маскаа үлдээгээд "аптек ороод утсаа аваадхъя” гээд миний утсыг аваад буусан. ...нөгөө эмэгтэй алга болчихоор нь гайхаад аптек ороход нөгөө эмэгтэй байхгүй, утас руу залгахад миний утас унтарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

 

 

-шүүгдэгч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...такси бариад ...эгч Б гийн гэрээс зурагт авахаар явсан боловч гэр нь эзэнгүй байсан. ...Тэгээд Баянхошууны эцэс дээр ирээд ...таксины жолооч ахаас "утсаа өгч бай, найз руугаа ярьчихаад өгье” гэж хэлэхэд ...надад утсаа өгсөн. ...би утсыг нь аваад эмийн санд ажилладаг эгчийн утас руу залгахад "явж байна, ирэхгүй” гэхээр нь утсыг нь аваад явчихсан. “Самсунг Галакси Жи--5” маркийн гар утас байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

-"Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, худал амлах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.Б  нь такси үйлчилгээгээр үйлчлүүлж байхдаа "таньдаг эгчтэйгээ яриад өгье” гэж хохирогч Р.Ц ын гар утсыг худал хэлж, өөртөө шилжүүлэн авч залилсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

  1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

 

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогч Р.Ц ын “Самсунг Галакси Жи-5” загварын гар утасны үнийг “Мастер үнэлгээ” ХХК нь 160.000 төгрөгөөр тогтоосон байх ба шүүгдэгч С.Б ийн ар гэрээс буюу эх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 180.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хохирогч Р.Ц аас шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч С.Б  нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С.Б эс “хийсэн хэрэгтээ надад өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй” гэсэн тайлбарыг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.Б  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 1 удаа ял шийтгүүлж байсан байх ба, уг ялын хугацаа дууссан, нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч С.Б ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийн

 

 

хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзах учиртай.

Иймд шүүгдэгч С.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдэж байгаа түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Сартуул овогт С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ийг 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас

 

 

дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Р.Ц т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Болор- Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.АЛТАНТУЯА