Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 168

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн /томилолтоор/,

хохирогч  Ч.У, Т.Ц,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч Д.У, Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Д.У, ******* овгийн Д.Э нарт холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, *******, дээд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8 ээж, эгчийн хүүхдүүдийн хамт амьдардаг, .......................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......................... тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овгийн Д.У нь /РД: /

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, *******, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт амьдардаг, ........................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овгийн Д.Э /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.У нь Д.******* бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн ******* гудамжинд иргэн Ч.Уд хүч хэрэглэн зодож биед нь баруун чихний тус газар, зүүн тохойнд шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хугацаанд Т.Цт хүч хэрэглэн зодож биед нь толгойн хуйх, зүүн шуунд шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.Э нь Д.Утай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн ******* гудамжинд иргэн Ч.Уд хүч хэрэглэн баруун чихний тус газар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед Налайхад ирээд удаагүй байсан. Тэгээд өмнө Налайхад гэрийнхээ хажууд нэг удаа зодуулж байсан. Тэгээд хашааныхаа үүдэн дээр хохирогч нартай таараад чи хаанахынх юм гэхэд нь миний дургүй хүрсэн. Эхэндээ айлгах зорилготой төмөр бариад гарсан боловч бүгд хөдлөхгүй байхаар нь өөрөө зодсон” гэв.

 

   Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Д.У ахыг гараараа нэг цохьсон. Хаана нь цохьсоныг санахгүй байна. Ямар ч байсан нүүр лүү нь цохиогүй” гэв.

 

            Хохирогч Ц.Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн өдөр оройн 10 цаг болсон байхад найз Цогтоотойгоо нийлж нэг 0.5 литрийн архи хувааж уусан байсан, тухайн үед жолооч залуу ******* өөрөө машинаа барьж байсан. Шүүгдэгч нар худал хэлээд байна. Дүү гээд байгаа Д.Э 2 метр урттай төмөр авч гарч ирээд зодож байхыг би үнэхээр санаж байна. Маргааш өглөө Д.Э нь ахаа би таныг цохьё гэж бодоогүй ш дээ зүгээр айлгая гэж бодсон гэж өөрсдөө цагдаагийн газрын гадаа надаас гуйж байсан. Эд нар өөр юм яриад байх юм хүргэн гээд нэг залуу байгаа тэр нь маргааш нь би энэ хоёрын хүргэн ах нь байгаа юм аа цохиогүй гээд мэдүүлэг өгчихөөч гэж гуйсан. Тэгсэн дүү нь хаана нь цохьсоноо мэдэхгүй байна гэх юм.” гэв.

 

            Хохирогч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би хоёр найзтайгаа гурвуулаа явж байсан. Хашаанд ороод 0.5-ын хараа архийг уусан ч дуусгаагүй. Тэгээд дээшээгээ өгсөж явж байх үед энэ залуу болох ******* машинтайгаа үүдэнд зогсож таарахад таксинд явах уу гэж асуухад хаашаа юм гэхээр нь Визон 10.000 төгрөг өгчихье гээд манай найз хэлсэн. Би дээшээгээ алхаад явж байсан чинь манай найз машинд нь суухаар нь явах гэж байгаа юм байна гэж бодоод яваад очиж байхад зодолдож байсан. Тэгээд яваад очсон чинь манай найзыг зодож байхаар нь би тэвэрч аваад болиоч гээд салгах гэсэн чинь толгой руу цохиод дахиад нүүр лүү цохих гэж байхаар нь гараараа хаасан чинь гаран дээр цохьсон. Тэгээд төмрийг нь бариад зугтах гэсэн чинь нэг залуу ирээд жийж унагаагаад өнхөрч унаад гуя руу дахиад төмрөөр цохьсон. Тэгээд би доошоогоо гүйгээд эгчийн гэрт ороод дээр хүн зодоод байна гээд орноос нь босгож гаргаж ирсэн. Тэгэхэд зодоон дууссан байсан” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч нар таксины жолооч буюу ******* төмрөөр цохьсон гэж ямар ч зөрүүгүй мэдүүлэг өгч байгаа, харин ын хувьд яаж цохьсон талаар мэдэхгүй байна гэж мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзэж ыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн хэлэлцүүлэгт шар үст залууг жолооч гэж тогтоогдсон. Одоо харахад шар үстэй нь мэдэгдэхгүй гэдэг мэдүүлэг өгдөг. Шар үст Д.Э учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

             Гэрч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 29-8а тоотод охиныхоо хүүхдүүдийг харж байгаа юм. ******* нь тэр хашаанд машин засдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 29-нд нилээн орой болчихсон байхад хүү ******* нэгж авна, хүргэн хүүхдүүддээ памперс авна гээд гарсан. Тэгээд удалгүй хашааны гадаа хүмүүс чанга чанга дуугаралдаад байхаар нь би гэрээсээ гараад хашааны гадаа гарахад , ******* хоёр танихгүй халамцуу хоёр залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. ...Нэг залуу над дээр ирээд чихрүү цохьчихсон цагдаа дуудсан гэж хэлж байсан. Чихний дэлбээнээс нь цус гарчихсан харагдсан. Бусад хүмүүс ямар гэмтэлтэй байсаныг хараагүй. Намайг гадаа гараад удаагүй байхад цагдаа нар ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

             Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 29-ниы орой хүүхэддээ памперс авахаар дэлгүүр рүү *******ын хамтаар хадам ээжийн машинтай гарсан цагийг нь санахгүй байна хашааны үүдэнд ирээд   ******* нь хашааны хаалга онгойлгохоор буусан хашааны хаалга онгойлгож байхдаа танихгүй гурван хүнтэй юм яриад зогсож байсан би хашааруугаа машинтайгаа орсон машинаа тавьчихаад гэрээс буцаад гарч ирэхэд хашааны гадаа хүмүүс орлилдож чарлалдаад байсан хашааны гадаа гарахад ******* нь Д.У гэдэг залууг хөлөөрөө өшиглөж байсан нэг залуу нь доод талын айлруу гүйгээд орж байсан нэг нь гудамжруу гүйгээд алга болсон. Тэгээд *******ыг салгаж байтал доод талын хашаанаас нэг эгч гарч ирсэн. Тэр үед дүү Д.Э нь гараад ирчихсэн байсан. Тэгээд ээжийг дуудсан тэр үед Д.У гэх залуу цагдаа дуудсан гээд баруун чихнийх нь дэлбээнээс жоохон шалбараад цус гарчихсан харагдсан удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

            Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн шөнө харанхуй болсон үед би найз , Д.У нарын хамт гурвуулаа такси бариад Бизон орно гээд Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн ******* гудамжинд явж байтал нэг машин тэр гудамжинд зогсож байхтай таарсан. Тэгээд тэр машин дээр очоод Д.У уулзсан. Би тухайн үед 3-4 метрийн зайтай зогсоод найз охинтойгоо утсаар ярьж байсан. Тэгээд байж байтал тэр машин зогсож байсан хашаанаас төмөр барьсан гурван залуу гарч ирээд эхлээд Д.Уыг төмрөөр цохих үед Д.У унаж байгаа харагдсан. Д.У надруу цагдаа дуудаарай гэж хашгирсан. Тэгээд тэр залуус хөөе болиоч ээ гээд хэлтэл миний үгийг тэд сонсоогүй Д.У, хоёрыг нийлээд зодоод байсан. Тэгээд би цагдаад утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

            Шинжээч эмч С.гийн мэдүүлэг: “...Ц.Д.Уын биед үзлэг хийхэд хөндлөн байрлалтай 1 шарханд дараалсан 3 ширхэг мэс заслын оёдол тавьсан байсан дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба Гэмтлийн ззрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудсанд шархны шинж чанар авагдсан хэмжээ зэрэг нь огт бичигдээгүй байсан тул дүгнэлтэд эрүүл мэндийн хуудсыг огт тусгаагүй. Зүүн тохойн учирсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйлд ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйлийг хамааруулж үзнэ. Үүнд төмөр хамаарч болно. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлд ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйлийг хамааруулж үзнэ“ гэх мэдүүлэг /хх-ийн

50-52 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №469 дугаар:

            “1. Ц.Д.Уын биед баруун чихний дэлбээ, зүүн тохойнд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №467 дугаар :

            “1. Т.Цын биед толгойн хуйх, зүүн шуунд шарх, баруун гуянд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.  Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”  гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

            Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар  хуудас/,

           

            Шүүгдэгч Д.У, Д.Э нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96, 101 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 99, 104 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97, 102 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.У нь Д.******* бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн ******* гудамжинд иргэн Ц.Д.Уд хүч хэрэглэн зодож биед нь баруун чихний тус газар, зүүн тохойнд шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хугацаанд иргэн Т.Цт хүч хэрэглэн зодож биед нь толгойн хуйх, зүүн шуунд шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

            Шүүгдэгч Д.Э нь Д.Утай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн ******* гудамжинд иргэн Ц.Д.Уд хүч хэрэглэн баруун чихний тус газар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эхэндээ айлгах зорилготой төмөр бариад гарсан боловч бүгд хөдлөхгүй байхаар нь өөрөө зодсон” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.У ахыг гараараа нэг цохьсон. Хаана нь цохьсоныг санахгүй байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ч.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч нар худал хэлээд байна. Дүү гээд байгаа Д.Э 2 метр урттай төмөр авч гарч ирээд зодож байхыг би үнэхээр санаж байна. Маргааш өглөө Д.Э нь ахаа би таныг цохьё гэж бодоогүй ш дээ зүгээр айлгая гэж бодсон гэж өөрсдөө цагдаагийн газрын гадаа надаас гуйж байсан.” гэх мэдүүлэг,

 

           Хохирогч Т.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэгээд яваад очсон чинь манай найзыг зодож байхаар нь би тэвэрч аваад болиоч гээд салгах гэсэн чинь толгой руу цохиод дахиад нүүр лүү цохих гэж байхаар нь гараараа хаасан чинь гаран дээр цохьсон. Тэгээд төмрийг нь бариад зугтах гэсэн чинь 1 залуу ирээд жийж унагаагаад өнхөрч унаад гуя руу дахад төмрөөр цохьсон” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....Тэгээд удалгүй хашааны гадаа хүмүүс чанга чанга дуугаралдаад байхаар нь би гэрээсээ гараад хашааны гадаа гарахад , ******* хоёр танихгүй халамцуу хоёр залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. ...Нэг залуу над дээр ирээд чихрүү цохичихсон цагдаа дуудсан гэж хэлж байсан. Чихний дэлбээнээс нь цус гарчихсан харагдсан. Бусад хүмүүс ямар гэмтэлтэй байсныг хараагүй. Намайг гадаад гараад удалгүй цагдаа нар ирсэн юм..." гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашааны гадаа гарахад ******* нь Д.У гэдэг залууг хөлөөрөө өшиглөж байсан нэг залуу нь доод талын айлруу гүйгээд орж байсан нэг нь гудамжруу гүйгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд байж байтал тэр машин зогсож байсан хашаанаас төмөр барьсан гурван залуу гарч ирээд эхлээд Д.Уыг төмрөөр цохих үед Д.У унаж байгаа харагдсан. Д.У надруу цагдаа дуудаарай гэж хашгирсан. Тэгээд тэр залуус хөөе болиоч ээ гээд хэлтэл миний үгийг тэд сонсоогүй Д.У, хоёрыг нийлээд зодоод байсан. Тэгээд би цагдаад утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №469 дугаар дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №467 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч гэм буруугийн асуудлаар “шүүгдэгч Д.ын хувьд “хохирогч нар яаж цохьсон талаар мэдэхгүй байна” гэж мэдүүлэг өгч байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” санал гаргаж мэтгэлцсэн. Хэрэг болох үед шүүгдэгч Д.Э үсээ шар өнгөөр будуулсан шар үстэй байсан байх ба хохирогч Ц.Д.Уын мөрдөн шалгах ажиллагаанд “яагаад байгаа юм бэ гэж хэлэхийн завдалгүй тэр хашаанаас хоёр залуу гарч ирээд шар үстэй өндөр залуу нь урт төмөр барьчихсан гарч ирээд эхлээд миний баруун талын чих орчим руу нэг удаа цохьсон”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “дүү гээд байгаа Д.Э 2 метр урттай төмөр авч гарч ирээд зодож байхыг би үнэхээр санаж байна” гэх шүүгдэгчийн содон шинж тэмдэгийг хэлсэн тогтвортой мэдүүлэг, гэрч Г.гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Д.У, Д.Э нарыг  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарт дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Ц.Д.У нь “самсунг глакси S7” загварын гар утасны үнэ 200.000 төгрөг, гар утасны үнэлгээ хийлгүүлсэн 80.000 төгрөг, хивс угааж олох байсан орлого 800.000 төгрөг, нийт 1.080.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн 280.000 төгрөгийг буюу гар утасны үнэ, үнэлгээтэй холбоотой шаардлагыг хангаж, шүүгдэгч тус бүрээс 140.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, 800.000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримт хангалтгүй, энэ шүүх хуралданаар шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурдав.

 

            Хохирогч Т.Ц шүүхийн  хэлэлцүүлэгт “шүүхийн шийдвэрээр албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, ажлаа хийж байсан боловч зодуулснаас болж ажлаа үргэлжлүүлэн хийж чадаагүй, нэг сарын хугацаагаар сунгагдаж хойшилсон” гэх тайлбар, хүсэлтийг гаргасан. Хохирогч Т.Ц нь урьд нь шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, уг ялыг биелүүлж байх үедээ гэмт хэргийн хохирогч болж эрүүл мэндийн хувьд хохирсны улмаас тухайн ялыг хэсэг хугацаанд биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл болохгүй, хууль зүйн боломжгүй болохыг дурдав.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уад 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Эд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч тус бүрийг 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.У, Д.Э нар нь урьд ял шийтгэлгүй байх ба, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т “хохирогчийн зүй бус үйлдээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.У, Д.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдла, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж *******ад 800 /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,  Д.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.У, Д.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг 2 метрын урттай гол хэсгээр тахийсан төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овгийн Д.У, ******* овгийн Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Уыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Д.ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Д.Эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Уаас 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Эос 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Д.Уд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Ч.У нь эрүүл мэндэд хохирол учирсны улмаас олох байсан орлого 800.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.У, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг 2 метрын урттай гол хэсгээр тахийсан төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ