Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 096

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Ц.Буухаарын нэхэмжлэлтэй Б.Минжмаад холбогдох 130000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух Ц.Буухаар нэхэмжлэлийн шаардлагадаа: Банкнаас зээл аваад бараанд явж амьдрал ахуйгаа залгуулж амьдардаг. Гэтэл Алдархаан сумын Мандаат багийн иргэн Б.Минжмаа нь 330000 төгрөгний бэлэн хувцас хунар зээлж авсан байдаг. Ингээд бүтэн 3 жил нэхэж байна өгөхгүй юм. Уул нь мал хуутай өгөх бололцоотой л айл байгаа юм. Олон удаа машин хөлслөж очсон боловч өгөөгүй өгөөгүй. Бүр өөрөө хэлээд өгөхгүй болохоор нь 2016 оны 12 дугаар сарын 01-нд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргасан. Тэгээд өөрөө ирээгүй над руу утсаар яриад миний дансанд 200000 төгрөгийг нь хийсэн. Одоо үлдэгдэл 130000 төгрөгийг бас өгөхгүй байна. Утсаар нь яриад нэхэхээр өгнө хүлээж бай гээд л уурлаад утсаа тасдаад хаячих юм. Би одоо хичнээн жил сар хүлээхүү амьдрал хэцүү байна. Манайд надаас өөр орлого олдог хүн байхгүй. Би мөнгөө авч бараандаа явж гурван хүүхдээ сургууль соёлд нь явуулмаар байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Буухаар нь Б.Минжмаагаас 130000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Минжмаа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Хаан банкны 5518041148 тоот дансанд 130000 төгрөг төлсөн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлднь биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй гэж байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ц.Буухаарын нэхэмжлэлтэй Б.Минжмаад холбогдох 130000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж улсын төсвийн орлогын 090000941 тоот данснаас 2275 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 2275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ