Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Б

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Н.Бод хариуцагдах,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 0166557 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэнд буцаах” тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Н.Б, нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Б дүгнэлт болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Б би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Н.Б нь иргэн Н.Уыг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тус аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт ариутгал хийлгээгүй тээврийн хэрэгслээр ачаа зөөсөн гэх зөрчилд 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 0166557 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7  дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Дээрх зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал зөрчиж, мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны харъяалан шийдвэрлэх зөрчилд үл хамаарах зөрчлийг шалгаж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Дараахь эрх бүхий албан тушаалтан дор дурьдсан харъяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ. 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна...” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дугаар зүйлд заасан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулахаар харъяалал тогтоосон зөрчлүүдэд 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг заагаагүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Н.Бын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 01666557 дугаартай иргэн Н.Уыг 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэнд буцааж өгнө үү.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг дээд шатны албан тушаалтнаар хянуулах хэд хэдэн үндэслэл байдаг. Энэ нь оролцогч өөрөө шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй ба дээд шатны албан тушаалтан шийдвэрийг хянах үүрэгтэй. Энэ тохиолдолд энэ үндэслэл үүсээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор шийтгэлийн хуудсыг хянаж үзсэн. Ингээд энэ хуульд зааснаар захиргааны хэргийн шүүх шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг учраас прокурорын дүгнэлт бичиж оруулсан. Иймээс зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар /процедурын/ дагуу шүүх хүчингүй болгож өгнө үү. Прокурорын дүгнэлт бичихээс өмнө хэргийн оролцогч гомдол гаргасан бол дээд шатны албан тушаалтан хүчингүй болгох боломжтой байсан. Дээд шатны албан тушаалтан нь энэ шийтгэлийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

             Хариуцагч Н.Б бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Н.Б миний бие 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Н.Уыг 0166557 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үнэн болно. Дээрх шийтгэл оногдуулсан арга хэмжээ нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалан шийдвэрлэх зөрчилд үл хамаарах нь нотлогдсон тул оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгоход татгалзах зүйл байхгүй. Манай дээд шатны албан тушаалтан энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжтой. Шүүхээс энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход гомдол, санал байхгүй. Прокурорт энэ асуудлыг хянуулж байхдаа хуулиар эрх олгогдоогүй байхад арга хэмжээ авсан юм байна гэдгээ мэдсэн. Тухайн үед бол мэдээгүй байсан” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Б нь улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 0166557 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэнд буцаах тухай шаардлага бүхий дүгнэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар бичиж ирүүлсэн байна.

1.Улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 0166557 тоот шийдвэрийг хүчингүй болгох тухайд:

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Н.Б иргэн Н.Уын “ариутгал хийлгээгүй тээврийн хэрэгслээр ачаа зөөсөн” гэх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт заасныг үндэслэн 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяаллыг зааж өгсөн байх бөгөөд энэ заалтаас нь үзвэл Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчдад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлүүдийг шалган шийдвэрлэх эрхийг олгосон байх ба энэ харъяаллыг зөрчиж иргэн Н.Ут шийтгэл оногдуулснаа хариуцагч хүлээн зөвшөөрч, өөрийнх нь харъяалах байгууллагын дээд шатны албан тушаалтан уг шийтгэлийн  хуудсыг хүчингүй болгох боломжтой тухайгаа хуралдаан дээр илэрхийлсэн байна. Гэвч прокурор, хууль цаазын зөвлөх Д.Б Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээр харъяалан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн санал, хүсэлтийг хуралдаанд гаргасан, мөн хариуцагч энэ санал, хүсэлтэд нь татгалзал гаргаагүй тул хэргийн оролцогч нарын энэхүү нөхцөл байдлыг харгалзан хэрэгт авагдсан баримтын хүрээнд улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 0166557 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэнд буцаах тухайд:

Прокурорын дүгнэлтэд дурьдагдсан дээрх шаардлага нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн үндэслэлтэй нийцэхгүй байх тул энэ шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэнд буцаах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8, 7.6 дугаар зүйлийн 2, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 0166557 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэнд буцаах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай. 

4. Хэргийн оролцогч нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

                                  

 

 

ДАРГАЛАГЧ                        В.Ц