Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0389

 

 

                   О.Аын нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Ч.С,

Нэхэмжлэгч: О.А,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон *** дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гуравдагч этгээд Ч.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин,

Хэргийн индекс: 128/2020/0485/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.А нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдууланЧингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон *** дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д тус тус заасныг баримтлан О.Ааас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ч.Ст олгосон *** дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ч.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ч.С би дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд хэрхэн зөрчигдсөн талаар болон шийдвэрт дурдсан үндэслэлүүд дээр тайлбар өгөх гэсэн 2 байдлаар гаргана.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд зөрчигдсөн тухайд /4 дүгээр зүйлийн 4.1, 36 дугаар зүйлийн 36.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4/

Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт Иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэж огт хэлээгүй өгүүлбэрийг шүүгч зохиож бичсэн /Шүүхээс тус хурлын дуу дүрсний бичлэгийг гаргуулан авсан болно/. Хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбаруудын гол гол хэсгүүдийг тусгаагүй ганц ганц өгүүлбэр оруулсан хэрнээ шүүх хурал дээр “худал” гэдэг нь үндэслэлтэйгээр няцаагдаж байсан нэхэмжлэгч талын тайлбаруудыг бүрэн эхээр нь 3-4 хуудас болгон оруулсан. Бусад зөрчлүүдийг шийдвэрт дурдсан үндэслэлүүд дээр дэлгэрэнгүй тайлбарлана.

3.3. /7 дугаар зүйлийн 7.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5, 34 дугээр зүйлийн 34.1, 34.5, 38 дугаар зүйлийн 38.2/

О.Аын *** тоот гэрчилгээ эх хувь байхгүй нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн Газрын албанаас баталгаажсан ямар ч кадастрын зураг анх гэрчилгээ авсан гэх 2012 онд ч байгаагүй одоо ч байхгүй байхад энэхүү эх хувь нь байхгүй хуулбарласан гэрчилгээг хэн хаанаас олгосон талаар шалгаагүй. О.Аын гэрчилгээ оригиналь эсвэл хуурамч болох, О.Аын захирамж Газрын албанаас баталгаажсан ямар кадастрын зурагтай ямар нэгж талбар дээр гарсан зэргийг шалгаж тогтоогоогүй. Бусдын эзэмшилд бүртгэлтэй байсан газар дээр хэрхэн яаж захирамжид нэрээ оруулж Газрын албаны даамал Ч.О гэх хүний гарын үсэгтэй канондсон гэрчилгээтэй болсныг шүүх шалгаж тогтоосон бол О.А нь нэхэмжлэл гаргах эрхгүй болох нь батлагдах байсан. Ч.Сийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг эх хувиараа байх ба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/1078 дугаар бичигт “Нийслэлийн газрын мэдээллийн санд 2006 оны 09 дүгээрр сарын байдлаар *** нэгж талбартай 700 м.кв газрын эзэмшигч нь *** регистрийн дугаартай Ч.С нэрээр бүртгэлтэй байсныг” нотолсон байтал захирамжид Ч.Сийн нэр орхигдсон техникийн шинжтэй алдааны талаар хариуцагчаас албан ёсны тайлбарыг нотлох баримтаар гаргуулж аваагүй.

3.4. /7 дугаар зүйлийн 7.2/

Гуравдагч этгээд миний эрх ашиг зөрчигдсөн гол шалтгаан болох “захирамжид нэр орхигдсон” асуудал нь практикт түгээмэл гардаг тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлын хэлэлцүүлгүүдийн үеэр хэлж байсан нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт мөн байх тул албан тоотоор баталгаажуулж авах хүсэлтийг миний бие шүүхэд гаргасан боловч шүүгч эрхийг маань хязгаарласан. Тиймээс шүүх нотлох баримт цуглуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гадна бусад бүх үйл баримтуудыг ч олон талаас нь үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна.

3.5. /65 дугаар зүйлийн 65.1.3-д “Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан./

Шүүгч нэгэнт дээр дурдсанчлан 7.2 дахь заалтад тусгасан эрхийг минь хязгаарлаж, уг нөхцөл байдлыг нягтлан шинжлэхгүйгээр шийдвэрээ гаргасан учраас миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Захирамжид нэрээ нөхөн оруулах” нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 3-д дурдсан албан бичгүүдийг хууль бус эсэхийг тогтоолгох ажиллагаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж эцэслэн шийдэгдээгүй байгаа. Дээрх 2 хэргийг хянан шийдвэрлэхээс нааш О.Аын нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй.

3.6. 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2, 75.2.5 дахь заалтууд/

Иргэдийн төлөөлөгч шүүхийн байранд ирж хэргийн материалтай танилцаагүй, нотлох баримт шинжлэхэд оролцоогүй, тэмдэглэл хийгээгүй болох нь хурлын дуу, дүрсний бичлэг дээр хэлж байгаагаас нь нотлогдсон. Тиймдээ ч хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргаж чадаагүй. Түүнд хуулинд заасан эрх, үүргийг нь танилцуулж дагаж мөрдүүлээгүй байж “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэж огт хэлээгүй, бичиж өгөөгүй дүгнэлтийг шүүгч шийдвэртээ тусгасан нь хууль зөрчсөн.

3.7. Шүүгчийн шийдвэртээ тусгасан үндэслэлүүд дээр өгөх тайлбарын тухайд.

Шүүх “... О.А нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Гүнт”-ийн зуслан “Билгүүний энгэр”-т байрлах тус бүр 97 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан” гэжээ. О.А 97 м.кв зуслангийн сууц худалдаж авчээ, 700 м.кв газар аваагүй байна. Тиймээс 97 м.кв байшингийн доор байгаа 97 м.кв газрыг О.А эзэмших эрхтэй.

3.8. “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар О.Аад ... 700 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон тул Ч.Ст давхардуулан олгосон гэрчилгээг хүчингүй болгох” гэх тухайд эсрэгээр нь Нийслэлийн газрын мэдээллийн санд 2006 оноос хойш Ч.Сийн эзэмшилд бүртгэлтэй байсан газар дээр 2012 онд О.Аад давхардуулан олгосон Газрын албаны даамал Ч.О гэгчийн гарын үсэгтэй канондсон гэрчилгээг хүчингүй болгох.

3.9. “Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1/0662, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 дугаар албан бичгээр “...Ч.Сийн 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар ... мэдэгдэж ... А/228 дугаар захирамжаар О.Аад зуслангийн сууцны доорх 700 м.кв газрыг эзэмшүүлсэн” гэх тухайд дээрх албан бичгүүдийн хууль бус эсэхийг тогтоолгох ажиллагаа иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад захиргааны хэргийн шүүх үндэслэл болгох нь хуульд нийцэхгүй.

3.10. “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжаар “... А/228 дугаар захирамжийг хүчингүй болгосныг тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0006 дугаар шийдвэрээр О.Аын газар эзэмших эрх сэргэсэн байна” гэх тухайд шүүх уг эрхийг сэргээхдээ нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй канондсон гэрчилгээ болон бусад баримтуудыг олон талаас нь үнэн зөв үнэлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж байсан Ч.Сийг гуравдагч этгээдээр дуудаагүй, хариуцагчаас тайлбар нотлох баримтуудыг гаргуулж аваагүй гэх зэргээр хууль зөрчсөн. Харамсалтай нь нэхэмжлэгч, шүүгч 2 хоёулхнаа сууж байгаад гаргасан уг шийдвэрт хариуцагч гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргаж амжаагүй байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 488/10 дугаар албан бичгээр “уг зуслангийн сууц байгаа газар нь газрын мэдээллийн санд бүртгэлгүй талаар” дурджээ. Энэ бичгийг О.Аад канондсон гэрчилгээ гаргаж өгсөн Газрын албаны даамал Ч.О гэгч бичсэн байдаг. Мөн уг албан бичиг дээр газрын нэгж талбарын дугаар байхгүй байгаа учраас маргаан бүхий газар мөн эсэх нь нотлогдохгүй байх тул Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2010 онд маргаан бүхий газар хэний эзэмшилд бүртгэлтэй байсныг шүүх нотлох баримтаар гаргуулах шаардлагатай байсан.

3.11. “Чингэлтэй дүүргийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/446 дугаар албан бичгээр “... тус дүүргийн мэдээллийн санд эзэмшил болон өмчлөл бүхий газар бүртгэлгүй” гэх тухайд уг албан бичгийг би хэргийн материалаас олж хараагүй. Харин шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Д.О газар дээр нь мэдээллийн сангаасаа шүүж үзээд “Яг өнөөдрийн байдлаар мэдээллийн сангийн бүртгэл дээр Ч.Сийн зураг орсон байна ...” гэжээ.

3.12. “Харин Ч.Сийн Чингэлтэй дүүргийн Газрын албатай 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмших гэрээнд маргаж буй *** дугаар бүхий нэгж талбарын дугаараас өөр ** гэсэн нэгж талбарын дугаар бичигдсэн байна” гэх тухайд тус гэрээн дээр Чинзоригт овогтой С, регистрийн дугаар ***, утас: ***, 700 м.кв газар эзэмшүүлэхээр тодорхой заасан байдаг, гэрээний маягтын төгсгөлд хамгийн доор жижгээр бичсэн тэр өөр дугаарыг Газрын албаны бичиг хэргийн ажилтан өмнөх хүний гэрээг өөрчлөн гаргахдаа мартсан техникийн шинжтэй алдаа байсан. Гэвч гэрээний хавсралтууд болох Газрын албанаас баталгаажсан кадастрын зураг, төлбөр тооцооны акт дээр *** гэж үнэн зөвөөр бичигдсэн байдаг. Үүнээс үзэхэд Ч.С нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ хийсэн, маргаан бүхий газрын төлбөрийг жил бүр төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу Ч.Ст газар эзэмших эрх олгох шийдвэр гараагүй.

3.13. “...Ч.Ст газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй тул газар эзэмших эрхгүй гэж үзэхээр байна” гэх тухайд шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Газрын албаны мэргэжилтэн Д.О хэлэхдээ “Газрын тухай хуулийн дагуу холбогдох материалыг бүрдүүлээд манайх захирамжийн төслөө бэлдээд Засаг даргад танилцуулан Засаг дарга захирамж гаргадаг” гэжээ. Тэгэхээр 2005 оны 6 дугаар сараас Ч.С би Газрын албатай харилцаанд орж шаардсан бичиг баримтуудыг нь бүрдүүлэн өгч 17 жилийн өмнөх цахимжаагүй төрийн ажлаас үүдэлтэй очер дарааллаа хүлээж байгаад 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** тоот гэрчилгээгээ Газрын албанаас гардан авч хуульд заасан үүргээ биелүүлж ирсэн байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Ааас газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлээ гаргах явцдаа нотлох баримт бүрдүүлэхээр Газрын албанд хүсэлт гаргатал захирамжид нэр орхигдсон болохыг Газрын алба ч өөрөө бас анх олж мэдсэн байдаг. Учир нь Газрын алба тухайн үед Засаг даргын ажлын албанаас гэрчилгээнүүдээ хүлээж авахдаа захирамжийн хавсралт дахь олон зуун хүний нэрсийг нэг бүрчлэн тулгаж үзээгүйн улмаас нэр орхигдсон алдааг мэдээгүй байсан. Хэрэв тухайн үед мэдээд надад мэдэгдсэн бол 16 жилийн газрын төлбөрийг тухай бүрт нь хийлгүйгээр, алдааг залруулсны дараа төлөх байсан. Тиймдээ ч Д.О нь шүүх хурлын төгсгөлд дүгнэлтээ хэлэхдээ Ч.С миний газар эзэмших эрхийг хуулийн дагуу гэж үзэн “Ерөнхийдөө 5 сая төгрөг гэдэг гайгүй үнэ байна. Тохирчихвол яасан юм. Өөр тайлбар байхгүй” гэжээ.

3.14. “... Нэхэмжлэгч О.А нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/173 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсний дагуу эзэмшил газарт нь давхцуулан Ч.Ст олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор маргах эрхтэй” гэх  тухайд А/173 дугаар захирамж нь О.Аын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж. Газрын хуулинд заасны дагуу Газрын албанаас кадастрын зураг үйлдэн баталгаажуулж хавсаргасан захирамжийн төслийг Засаг даргад хүргүүлээгүй байхад захирамжийн хавсралтад нэрээ шургуулж “агаар сансар” дээр канондсон гэрчилгээ гаргуулж авсан хууль бус үйлдлийг нь харгалзан миний Газрын албатай байгуулсан гэрээн дээр “гэрээний нэг хувийг ... хувийн хэрэгт хадгалав” гэснээс харахад тэрбээр Ч.С миний хувийн хэргийг сугалан авч зөрүүлээд “О Х” ХХК-иар 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийлгэсэн 1032 м.кв талбайтай Газрын албаар баталгаажаагүй “хүчингүй” кадастрын зургийг хууль бус албан бичгүүдийн хамт хувийн хэрэг нээлгэн хадгалуулж шүүхэд “хуулбар үнэн” байдлаар нотлох баримт болгон гаргаж өгч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь заалтад хамаарах зөрчил гэж үзэж байна.

3.15. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О.Аын Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ч.С миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч болон хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль болон холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч О.А нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон *** дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

           3.2. Маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээд Ч.Ст тус дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаартай шийдвэрийг үндэслэн 700 м.кв талбай бүхий газрыг /нэгж талбарын дугааргүй/ зуслангийн зориулалтаар “Гүнт” байршилд *** дугаартай газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон, 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын алба Ч.Стэй 237 тоот захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан, гэрээнд “улсын бүртгэлийн дугаар: 18641328030671/4263, гэрээний хувийг **/... тоот дугаар бүхий газрын хувийн хэрэгт хадгалав” гэж тэмдэглэсэн, Ч.Сийн эзэмшлийн гэх кадастрын зурагт “нэгж талбарын дугаар: ***” гэж тэмдэглэсэн, Ч.С нь 2005-2010, 2012-2013, 2015 онд газрын төлбөр төлөөгүй, 2011 онд 43,120 төгрөг төлсөн, 2014 онд 24,640 төгрөг, 2016 онд 15,400 төгрөг, 2017 онд 6,160 төгрөг, 2018 онд 6,160 төгрөг, 2019 онд 38,220 төгрөг, 2020 онд 38,220 төгрөг, нийт 171,920 төгрөг төлсөн, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 489/10 дугаар албан бичгээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд “... 19 дүгээр хороо, Гүнтийн зуслан, “Билүүний энгэр”-т байрлах зуслангийн 2 байшингийн кадастрын зургийг шалгаж үзэхэд мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх хариу өгсөн, 237 дугаар захирамжийн хавсралтад Ч.Сийн нэр дурдагдаагүй, хариуцагчаас “... Ч.Сийн эзэмшиж буй газрын хувийн хэрэг олдохгүй байгаа” гэж тайлбарлаж газрын хувийн хэргийг ирүүлээгүй, Ч.Сээс уг газартай холбоотой гэрээ, гэрчилгээ, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, кадастрын зураг зэргээс өөр анх газар эзэмшихдээ хэзээ, ямар байдлаар хүсэлт гаргасан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Ч.С нь “... 237 дугаар захирамжийн хавсралтад миний нэр дурдагдаагүй нь техникийн шинжтэй алдаа, энэ нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон” гэх боловч шүүх гагцхүү эрх бүхий этгээдээс ирүүлсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй тул энэ тайлбарыг хүлээн авч, түүнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон гэж үзэх боломжгүй. Мөн гуравдагч этгээд нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулахаар эрх бүхий албан тушаалтанд хандаж хүсэлтээ гаргаагүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацаа сунгагдаагүй байна. Дээрхээс үзвэл Ч.Сийн тухайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

3.3. Нэхэмжлэгч О.Аын тухайд  Мөрдөн байцаах газрын 4 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжилсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “Гүнтийн зуслан Билгүүний энгэр”-т 97 м.кв-тай, 90 хувийн гүйцэтгэлтэй зуслангийн сууцыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар худалдан авсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1/0662, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 дүгээр албан бичгүүдээр Ч.Сийн эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх, О.Аад газрын гэрчилгээг шинээр гаргаж өгөх талаар мэдэгдсэн,  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар О.Аад зуслангийн сууцны доорх 700 м.кв газрыг эзэмшүүлсэн, уг захирамж хүчин төгөлдөр байна.

            3.4. Гуравдагч этгээдээс “... миний бие 2005 онд “Гүнт” зусланд 700 м.кв газрыг 1,5 сая төгрөгөөр худалдан авсан, ... гэрчилгээ гарах хугацаа сунжирч 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан, ... О.А газар дээрх байшинг худалдан авсан,... зуслангийн байшинг эрүүгийн хэрэгт битүүмжилсэн тогтоолд тухайн байшин л байгаа, 700 м.кв газрыг хураасан талаар дурдаагүй, байшин доор байгаа газраа л авах ёстой болохоос биш бүхлээр нь авах боломжгүй” зэрэг агуулгаар тайлбарлан маргаж байх боловч Ч.Сийн маргаан бүхий газрыг эзэмших эрх тухайн зуслангийн байшинг битүүмжлэх үеэс өмнө бөгөөд тухайн үед үүсээгүй, битүүмжилсний дараа гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан тул гуравдагч этгээдээс ийнхүү тайлбарлан маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх тухайн газрыг битүүмжлэхээс өмнө хууль ёсны дагуу үүссэн тохиолдолд тухайн газрыг шилжүүлэх эсэх талаар маргах боломжтой бөгөөд “газар эзэмших хүсэлт гаргасан, хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй удсан” гэх тайлбараар түүний газар эзэмших эрх хөрөнгө битүүмжлэхээс өмнө үүссэн гэж үзэх боломжгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Ст олгосон *** дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул уг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            3.5.  Гуравдагч этгээдээс “... өөр хэрэг маргааныг шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан, шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан, 2010 онд маргаан бүхий газар хэний эзэмшилд байсан талаар тодруулах ёстой байсан, О.А миний хувийн хэргийг сугалан авч зөрүүлээд Газрын албаар баталгаажаагүй “хүчингүй” кадастрын зургийг хууль бус албан бичгүүдийн хамт хувийн хэрэг нээлгэн хадгалуулж шүүхэд “хуулбар үнэн” байдлаар нотлох баримт болгон гаргаж өгсөн” зэрэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүх түүний гаргасан хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж байсан, тус шийдвэрүүдэд нэхэмжлэгч гомдол гаргах эрх нь нээлттэй байсан, хэрэгт “хуулбар үнэн” тэмдэгтэй авагдсан нотлох баримтуудыг үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй”, 38.4-д “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж тус тус заасантай нийцсэн, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчиж нотлох баримт гаргасан болохыг захиргааны хэргийн шүүх нотолж, тогтоох боломжгүй. Түүнчлэн гуравдагч этгээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.2-т тус тус зааснаар нотлох баримт гаргаж өгөх, гаргуулах, хасуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.  

            3.6. Мөн “... иргэдийн төлөөлөгч шүүхийн байранд ирж хэргийн материалтай танилцаагүй, нотлох баримт шинжлэн судлахад оролцоогүй, тэмдэглэл хийгээгүй, ... тэрээр “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэж огт хэлээгүй, бичиж өгөөгүй дүгнэлтийг шийдвэртээ тусгасан” гэх гомдлын тухайд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.Б-д иргэдийн төлөөлөгчөөр оролцох эрх, үүрэг, хэргийн материалыг тайлбарлан танилцуулсан баримт хэрэгт авагдсан, тэрээр тангараг өргөж, “Газрын алба тухайн иргэндээ хууль журмаа тодорхой тайлбарлаж танилцуулсан байвал зүгээр санагдаж байна” гэх дүгнэлтийг бичгээр гаргасныг шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д тодорхой тусгасан байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ч.Сийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН