Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 229

 

А.Ц, Ц.Г, П.А,

П.Б, Ө.Б, С.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуунд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

          прокурор Ш.Насанжаргал,

          яллагдагч А.Ц, түүний өмгөөлөгч С.Б,

          яллагдагч Ө.Б, С.Э нарын өмгөөлөгч С.Т,

          нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,        

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1131 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр яллагдагч А.Ц, Ц.Г, П.А, П.Б, Ө.Б, С.Э нарт холбогдох 2015 1200 0186 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн А.Ц, 1990 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../,

2. Т овгийн  Ц.Г, 1978 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ______________ оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................../,

3. А овгийн П.Б, 1972 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../,

4. Ш овгийн  П.А, 1984 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................... тоотод оршин суух,

- Булган аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Булган аймгийн Прокурорын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

- Булган аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:................................/,

5. Г овгийн  С.Э, 1973 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Увс аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............................. тоотод оршин суух,

- Төв аймгийн Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:......................./,

6. Б овгийн Ө.Б, 1971 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./,

1. А.Ц нь А.Б, Ц.Г нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч И.Бы Дундговь аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Төгрөгийн улаан овоо” гэх газар байрлах өвөлжөөн дээрх байшин, болон контейнерын цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 9.514.700 төгрөгийн хохирол, хохирогч С.Тын Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Жаргалантын улаан овоо” гэх газарт байрлах өвлийн сууцны байшингийн цоожийг эвдэн орж, эд зүйл хулгайлан 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

- А.Бтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2015 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хохирогч Б.Нгийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн нөмөр” гэх газарт байрлах байшингийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 1.603.500 төгрөгийн хохирол,

2015 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хохирогч Д.Нгийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн нутагт байх байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 4.344.000 төгрөгийн хохирол,

2015 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хохирогч Ж.Ө-ы Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун нөмөр” гэх газар байрлах байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 1.160.000 төгрөгийн хохирол,

2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Н.Гийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг “Далайн гол” гэх газар эд зүйл хулгайлж 1.760.000 төгрөгийн хохирол,

2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Д.Бийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Тал булаг” гэдэг газар байх өвөлжөөн дээрх байшингийн цоожийг эвдэн орж, эмээлийн гөлөм хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- П.Б, П.А нартай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 29-нөөс 4  дүгээр сарын 6-ны өдрийн хооронд хугацаанд 3 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8-131 тоот хашаанаас хохирогч Ц.Аын 500 ширхэг панер, өнгөт аргелит 65 ширхэг, ОСП 25 ширхэг, ДСП хавтан 40 ширхэгийг хулгайлж 17.890.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч нарт нийт 36.892.200 төгрөгийн хохирол учруулсан,

2. Ц.Г нь А.Ц, А.Б нартай бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч И.Бы Дундговь аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Төгрөгийн улаан овоо” гэх газар байрлах өвөлжөөн дээрх байшин, болон контейнерын цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 9.514.700 төгрөгийн хохирол, хохирогч С.Тын Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Жаргалантын Улаан овоо” гэх газарт байрлах өвлийн сууцны байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. П.Б нь П.А, А.Ц нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 6-ны хооронд хугацаанд 3 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8-131 тоот хашаанаас хохирогч Ч.Аын 500 ширхэг панер, өнгөт аргелит 65 ширхэг, ОСП 250 ширхэг, ДСП хавтан 40 ширхэгийг хулгайлж 17.890.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. П.А нь А.Ц, П.Б нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 6-ны хооронд хугацаанд 3 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8-131 тоот хашаанаас хохирогч Ч.Аын 500 ширхэг панер, өнгөт аргелит 65 ширхэг, ОСП 250 ширхэг, ДСП хавтан 40 ширхэгийг хулгайлж 17.890.000 төгрөгийн хохирол учруулсан,

 5. Ө.Б нь С.Этой бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг “Тал булаг” гэх газар байрлах, хохирогч Д.Бийн өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 1.610.000 төгрөгийн хохирол, хохирогч Тагарваагийн өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 2.536.500 төгрөгийн хохирол учруулсан,

6. С.Э нь Ө.Бтой бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг “Тал булаг” гэх газар байрлах, хохирогч Д.Бийн өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 1.610.000 төгрөгийн хохирол, хохирогч Т-ийн өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 2.536.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ц.Г, П.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, П.А, С.Э, Ө.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараахь нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

1. Дээрх хэрэгт яллагдагч А.Бийг мөрдөн шалгах ажиллагаанд дуудан ирүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд түүний 99406366 дугаарын утас руу залгаж, ирэхийг мэдэгдсэн, холбогдох боломжгүй байсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /8хх-101-105/ бичигдсэн, 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр түүнийг эрэн сурвалжилснаас /8хх-92-93/ хойш түүний эхнэр А.А-ыг гэрчээр байцааснаас /8хх-97-98/ өөр ажиллагаа хийлгүйгээр А.Бид холбогдох хэргийг тусгаарлах санал бичиж /8хх-142-143/ прокурорт хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-д “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно”  гэжээ. Гэтэл яллагдагч А.Б, А.Ц нар нь хохирогч Н , Ө , Н , Г  нарын хулгайн 4 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тусгаарлан шийдвэрлэх боломжгүйгээс гадна, хэргийг түсгаарлах үндэслэл тогтоогдоогүй байхад прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн “яллагдагч А.Бид холбогдох хэргийг тусгаарлах үндэслэл тогтоогдож байна” гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан, эрүүгийн 17091740 дугаартай хэргийг прокурорын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17091740 дугаар тогтоолоор /8хх-148-149/ тусгаарласан нь үндэслэлгүй, хэргийг буруу тусгаарласан гэж үзнэ.

Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ талаар шүүгдэгч А.Б, А.Ц нарын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан хүсэлт үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол А.Ц, Ц.Г, П.Б, П.А, Ө.Б, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдааж ирсэн 14 ширхэг цоож, даруулга төмөр 1 ширхэг, тасдагч багаж 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Насанжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд: “...ажиллагаа хийлгүйгээр А.Бид холбогдох хэргийг тусгаарлах санал бичиж прокурорт хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. ...хэргийг тусгаарлах үндэслэл тогтоогдоогүй байхад прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн яллагдагч А.Бид   холбогдох   эрүүгийн   1709 1740   дугаартай   хэргийг прокурор тусгаарласан нь үндэслэлгүй, хэргийг буруу тусгаарласан гэж үзнэ” гэж дүгнэн А.Ц нарт холбогдох 2015 2500 0186 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаажээ.

Шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1131 дугаартай захирамжаар эрүүгийн 2015 2500 0186 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. А.Ц, Ц.Г нартай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн А.Б нь мөрдөн шалгах ажиллагаанаас зориуд зайлсхийж оргон зайлсан болох нь гэрч А.Амаржаргалын мэдүүлэг, мөрдөгчийн болон прокурорын дуудан ирүүлэх хуудсыг хүргүүлсэн тухай тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн А.Бийг эрэн сурвалжилсан талаарх баримт, урьдчилсан хэлэлцүүлгийн үед А.Цын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч А.Бид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ /хилийн хориг/ авахуулах тухай прокурорын саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч А.Бийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа боловч өнөөг хүртэл хаана байгаа нь тогтоогдохгүй байна.

2. А.Ц, Ц.Г, П.Б, П.А, С.Э, Ө.Б нарт холбогдох хэргүүд нь 2015 онд үйлдэгдсэн, шүүхээс удаа дараа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны улмаас 2 жил гаруйн хугацаанд хэрэг шийдвэрлэх ажиллагаа удааширч А.Ц, Ц.Г, П.Б, П.А, С.Э, Ө.Б нарын болон хохирогч нарын эрх ашиг зөрчигдөж, чирэгдэл учирч байгааг харгалзан үзэж А.Бийн хэргийг тусгаарлан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байгаа болно.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1132 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч А.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тайлбар байхгүй ...” гэв.

Яллагдагч А.Цын өмгөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Прокуророос хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитой шийдвэрлэх боломжтой гэж үзээд байгаа боловч А.Ц, А.Б нарын бүлэглэж үйлдсэн ихэнхи үйлдэл нь холбоотой байдаг. Мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа 4 үйлдэл эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шинжээч дангаар “тогтоогдож байна” гэх дүгнэлт гаргасан боловч бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй гээд дүгнэлтээ илүү эргэлзээтэй болгосон. Тэгэхээр тухайн хүлээн зөвшөөрөхгүй байгаа 4 үйлдэлд хохирол төлбөр, гэм буруугийн асуудал гээд яригдах тул энэ хоёр хүний хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Яллагдагч Ө.Б, С.Э нарын өмгөөлөгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ө.Б, С.Э нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хоёр удаагийн үйлдэл байгаа. Харин энэ хэрэгт холбогдолтой бусад оролцогч нартай бүлэглэсэн үйлдэл байхгүй. Миний үйлчлүүлэгч нар нь гэм буруу болон үйлдэлдээ маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар ч гомдол саналгүй гэдэг. Анхан шатны шүүхээс Ө.Б, С.Э нарт холбогдох үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад энэ талаар шийдвэрлэлгүй, бусад оролцогч нартай хэргийг хамтад нь шийдвэрлэхээр хэргийг прокурорт буцаасан нь буруу гэж үзэж байна. Учир нь Ө.Б, С.Э нарын үйлдэл нь хоорондоо л хамтарсан шинж байдаг болохоос хэргийн бусад оролцогч нарын үйлдэлтэй огт хамаагүй учраас миний үйлчлүүлэгч нартай холбоотой хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Бусад хэргийг тусгаарласан асуудалд тайлбаргүй ...”гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Ц, Ц.Г, П.А, П.Б, Ө.Б, С.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1131 дүгээр шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байх тул прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Ц, Ц.Г, П.А, П.Б, Ө.Б, С.Э нарт холбогдох хэргээс яллагдагч А.Бид холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжгүй байна.  

А.Бийг мөрдөн шалгах ажиллагаанд дуудан ирүүлэхээр зохих ажиллагаа хангалттай хийгээгүй атлаа хаана байгаа нь мэдэгдэхгүй нь А.Бид холбогдох хэргийг тусгаарлах үндэслэл болсон гэж дүгнэн хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж байгаа нь байгаа нь буруу байх ба  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага прокурорын шийдвэрийн дагуу яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, үр дүнг прокуророос тогтоосон хугацаанд танилцуулна.” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнээс гадна яллагдагч А.Б, А.Ц нар нь хохирогч Н , Ө , Н , Г  нарын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлсан хулгайн 4 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой эцэслэн хянан шийдвэрлэхэд саад болж болох үндэслэл тул захирамжинд дурдсан дээрх үндэслэлүүдээр хэргийг шалгах шаардлагатай гэж үзлээ.

Харин яллагдагч Ө.Б, С.Э нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг “Тал булаг” гэх газраас хохирогч Д.Бийн өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 1.610.000 төгрөгийн хохирол, хохирогч Т ийн өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлан 2.536.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь хэргийн бусад оролцогч нарын үйлдэлтэй хамааралгүй байх тул хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.  

          Иймд хэргийг прокурорт буцааж, дээрх үндэслэлүүдээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1131 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1131 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол А.Ц, Ц.Г, П.А, П.Б, Ө.Б, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ  

ШҮҮГЧИД                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                     Д.ОЮУНЧУЛУУН