Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 172

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д., Ч.Мягмаржав,

хохирогч Н.У,

шүүгдэгч Б.Н, Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Х нарт холбогдох эрүүгийн 2007001100182 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* хотод төрсөн, эрэгтэй, ******* настай, бүрэн бус дунд боловсролтой, каранист мэргэжилтэй, манаач ажилтай, ам бүл 2, ............................. тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 304 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

******* овгийн Б.Н /РД: /.

 

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ******* настайбага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .........................................................тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус  шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, 2 жил хорих ял шийтгүүлсэн,

******* овгийн Н.Х /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Н нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* тоот хашааны хаалганы орчимд Н.Хтай маргалдаж хүрзээр зүүн гарын шуу хэсэгт цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Н.Х нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* тоотод Н.Утай маргалдаж биед нь зүүн шанаанд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн далны доор, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 сарын 01-ний өдөр Н.У, *******, Н.Х нар архи уугаад сүүлд намайг дуудсан. Намайг очиход Н.Х манай эхнэрийг аргадсан хажууд сууж байсан. Тэгээд би одоо та нар болсон арай дэндүү ууж байна гээд аваад гарах гэсэн чинь муу хар гичийгээ өмөөрдөг чи юу юм гээд өшиглөсөн. Тэгээд манай эхнэртэй ноцолдож байгаад хашааныхаа гадаа гарсны дараа дарж унагаад эргэж гүйж орж хүрз авчран намайг эхлээд цохихдоо хий цохиж, дараа нь цохихдоо шон цохиход хүрзнийх нь иш толгой дээр нь унасан. Тэгээд би хугархайг нь дахиад цохиж магадгүй гээд аваад явсан. Намайг явсны дараа *******, Н.Х хоёр хоорондоо зодолдсон. *******гийн гар нь түлэгдсэн байсан тэрийг яагаад асууж болдоггүй юм. Орой нь манайд цагдаа ирэхдээ намайг архи уусан уу гэж үлээлгэж үзэхэд эрүүл байна гээд намайг явуулсан. Манай эхнэр, *******, Н.Х гурав согтуу байсан. Би 3 цаг өнгөрч байхад эхнэрээ аваад гэртээ ирсэн. Орой нь цагдаа ирэхэд *******гийн гар нь дотор талдаа түлэгдсэн ирсэн. Тэр хүрзний иш унахдаа толгой дээр нь унасан. Тэрийг над руу мушгиж гуйвуулаад намайг булааж аваад цохисон гэж мэдүүлэг өгөөд байгаад би гомдолтой байна” гэв.

 

            Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б.Н, Н.У хоёр худлаа яриад байна. Намайг хүрзээр цохисон нь үнэн. Энэ хоёр өөрсдөө гэртээ байнга хэрэлдэж зодолддог байсан. Манай хойд талын айлууд бүгд мэдэж байгаа. Намайг авгай нь хүртэл хэл амаар доромжлоод байсан. Хэний ч уур хүрнэ биздээ, орой болгон гар өвдөөд хэцүү байна. Хүн айлд юм хийж байхад юмаа хийж чадахгүй хэцүү байна ш дээ гар хөдөлж болохгүй, орой унтаж чадахгүй өвчин намдаах эм уугаад явж байна. Б.Н, Н.У хоёр хоорондоо тохиролцсон юм уу цохьчихоод цохиогүй гэж яриад байна” гэв.

 

            Хохирогч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 сарын 01-нд өглөө эрт ууцгаасан. Нэг өдрийн уулт биш нэлээн хэдэн өдөр уусан байсан. Тэгээд ******* өглөө утасдаад юманд явах гэсэн юм нөхрөө сэрээгээд ганц юманд явах арга байна уу гэхээр нь би нөхрөө дуудаж босгоод бид нар 1 шил архи авахаар яваад ******* ороод нэгийг биш хоёр шил 0.75 мл-тэй архи авсан. Тэгээд бид нар цаашаа явж тэжээлээ аваад эргэж ирж *******гийн гэрт ууцгаасан. Эхлээд ах байсан ах бид нартай байнга уугаад байдаг хүн биш. Тэр өдөр ах гурав татчихаад гарсан. Тэгээд Н.Х бид 2 маргалдсан. Өмнө нь хоёр гурван удаа гэрт нь ороход ч хүртэл Н.Х миний бөгс, хөх бариад байхаар нь *******д танайх руу ганцаараа сүү авахаас хүртэл айж байна гэж хэлсэн чинь архи уусан үедээ ******* надад үг хаяад байхаар нь үнэнийг нь хэлсэн. Тэрнээс болоод Н.Х бид хоёр муудалцсан. Намайг Н.Х 3 дахиа зодсон. Тэгээд цонхны хажууд буйдан дээр Н.Х миний хажууд суухдаа намайг алгадахаар нь би зөрүүлээд гарынхаа ар талаар цохисон чинь хойш нь дарж унагаад гараа атгаж байгаад миний нүүр лүү цохисон. Н.Х нэг алгадсан гэж яриад байна. Ганц алгадахад нүүр халцарч, гар хөхрөх үү. Тэгээд Н.Х бид хоёр муудалцсаны дараа миний утсаар манай нөхөр лүү залгаад дуудаад Нараа орж ирэхээр нь би “пизда үхэх нь явъя” гэж хэлсэн чинь яасан юм гэхээр нь яах вэ дээ “Н.Х новш чинь хүн зодоод” гэсэн чинь үхсэнээ хийж архи уусан юм гээд намайг загнаад гарсан. Гэрийн хаалгаар дөнгөж гарсан чинь Н.Х намайг зуураад гадаа довжоон дээр үсдэж унагаад цохисон чинь Нараа цаанаас нь чи ямар даварсан юм гээд ирсэн. Тэгээд би босоод хашааны хаалгаар гараад цаашаа 2, 3 алхсан чинь араас пид пад гэх чимээ гараад “чи архи ууж явж байгаад алуулах нь байна ш дээ, наадах чинь хүрзээр цохих гэж байна ш дээ” гэхээр нь даварсан муу хар хулгайч вэ гэж хэлсэн. Тэгээд харсан чинь духнаас нь цус гарчихсан байсан. Би Б.Ныг цохисныг хараагүй. Тэр өдөр цагдаа нар Нараагаас уусан эсэхийг нь гэрт байхад нь асуусан. Би өөрийгөө эрүүлжүүлэхэд орно гэж бодоогүй энэ өрөө рүү ор гэхээр нь орсон чинь эрүүлжүүлэх байсан” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг дутуу шалгагдаж гүйцэд нотлогдоогүй байна. Авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчиж авагдсан нотлох баримтууд байна. Шүүгдэгч нар аль аль тал нь эргэлзээтэй мэдүүлгүүд зөрүүтэй дутуу шалгасан асуудлууд байдаг. Хохирогчийн мэдүүлэг тогтвортой гэдэг, гэтэл энэ тогтвортой мэдүүлэг огт биш. Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр үзсэн харсан асуудлыг үнэн бодитой мэдүүлэх чадвартай гэж гарсан. Тэгсэн болсон үнэн нэг байхад яагаад хоёр, гурван удаа өөр юм яриад өөрийгөө өмгөөлөөд хамгаалаад байдаг юм бэ. Шинжээчийн дүгнэлтээр гар юунаас болж яаж хугарсан, үүний дараа гэртээ очоод эхнэрийн гар түлэгдсэн, цохигдсоны дараа ямар байдалтай байсан, айлуудаар ороход цаг хугацаа хэр орсон, шинжээчээс цохигдоод гар хугарсны дараа тодорхой үйлдлүүд хийгээд яваад байх боломжтой эсэх зэргийг тодруулаагүй. Мөн миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг нь үнэн зөв болох нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой ажиллагаагаар тогтоогддог. Цохигдсон ул мөр дээр нь шинжээч томилох боломжтой байдаг. Энэ хүрзээр цохихоор криминалистикийн ул мөрийн шинжилгээ өгч болох байсан. Ингэсэн тохиолдолд миний үйлчлүүлэгч хүрзээр цохисон юм байна гэдэг үйл баримт тогтоогдоно. Н.Х нь Б.Н, Н.У хоёроос салаад гэртээ ороод ямар үйлдэл хийсэн, гэр дотор ямар процесс явагдсан талаар баримт байхгүй. хэрэг шалгаж байгаа процесс болон нотлох баримт бүрдүүлж байгаа дутуу байна. Яллагдагчаар татсан тогтоолд эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл байхгүй. Мөн нэхэмжилж байгаа эм тарианы баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Н.Хы хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулж өгөн үү” гэв.

 

            Хохирогч Н.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр урд хашаанд байдаг *******, Н.Х бид 3 уулзаад архи уусан юм бид гурав 0,75 граммын 2 шил архи, 0,5 граммын 1 шил архи ууцгаасан юм. Н.Х бид хоёр архи уухаараа маргалдаад хэрэлдээд бие биенээ хэл амаар доромжилдог, би ч дуугүй байхгүй өөдөөс нь хэрэлдэж маргалдсан юм. Тэр үед гэрт сууж байхад эхлээд нэг удаа зүүн талын шанаа орчим гараараа алгадаад авахаар нь би баруун гарынхаа ар хэсгээр саваад цохьсон. Н.Хы аль хэсэгт цохьсоноо мэдэхгүй байна. Тэр үед байшин дотор ертөнцийн зүгээр урд талд цонхны доор буйдан дээр сууж байсан, Н.Х нь буйдан дээр миний баруун талд сууж байсан тэр үед бид хоёр барьцалдаж аваад орон дээр дарж унаад миний нүүрний зүүн талын шанаа орчим болон баруун талын эрүү орчимруу мөн баруун гарын бугалга руу нийт 3 удаа цохьсон мөн толгойруу ч цохисон би ноцолдоод түлхэж байсан цохиж зодоогүй. Тэр үед ******* босож ирээд та хоёр битгий зодолдоод бай гарч зодолд гэж хэлчихээд буцаад гэрийнхээ хоймор талын орон дээр хэвтээд өгсөн юм. Тэр үед Н.Х уучлаарай гээд уучлалт гуйсан тэр үед нь би нөхрөө дуудаад нөхөр Б.Н нь хүрээд ирсэн юм. Гэрт нөхрийгөө орж ирэхээр нь явъя гэхэд яасан юм бэ гэхэд пизда чинь алхана байна ш дээ гэхэд нөхөр битгий архи уугаад нийлээд бай гэж загначихаад намайг явъя гээд нөхөр түрүүлээд гарсан араас нь би гарч явтал араас Н.Х нь “муу пизда чинь авгайгаа өмөөрөөд” гээд дайраад үүдний тамбарын хаалгаар гарахтай зэрэгцээд араас үснээс зулгаагаад арагш саваад унасан тэгээд үүдний довжоо хэсэгт нуруугаараа унасан. Тэгээд дээрээс гэдэсрүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн мөн зүүн талын бөөр орчимруу нэг удаа өшиглөсөн тэгээд нөхөр Б.Н хөөш гэхэд хашаан дотроо цааш зугтаасан би тэр үед өмсөж явсан куртик юмтайгаа орооцолдоод босоод хашааны үүд хэсэгрүү гүйгээд хаалгаар гартал араас хүн татаад эргээд хартал нөхөр Б.Н нь чи чинь алуулах нь байна ш дээ чамайг хүрзээр цохих гэж байна ш дээ гэж хэлсэн. Тэр үед харахад Н.Х нь хашаан дотор зогсож байгаа харагдсан. Б.Нын гарт хүрзний ишний хугархай гартаа барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

             Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед Н.Х, Н.У нар нь гэр дотор намайг ухаантай байх үед маргалдсан асуудал байхгүй би тасраад унтаад өгсөн. Маргалдаад байхаар нь боль гээд болиулснаас зодолдож байхад нь салгаагүй би архи нилээн уугаад тасарчихсан байсан юм. Гэнэт л Н.Х нь цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгэхэд нь би зодоон болсныг мэдсэн. Намайг тасрахын өмнө Б.Н нь нохойгоо хооллоно гээд гараад явсан эргээд орж ирсэн тэгээд намайг унтах үед тэр гурав үлдсэн тэрнээс хойш яасныг би мэдэхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

             Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр юу болсныг би мэдээгүй орой болсон хойно манай хаалгыг хүн нүдээд балбасан тэгэхээр нь гараад хартал Н.Х нүүр ам нь цус болчихсон гар хугарсан, толгой хагарчихлаа Б.Н намайг зодчихлоо гэж хэлэхээр нь хурдан эмнэлэг дууд гэж хэлчихээд утас цэнэггүй гээд өөр хүнээс асуугаад дуудуулчих гэж хэлээд явуулсан. Н.Х ирэхээс өмнө хүн орилох, хашгирах дуу чимээ огт сонсоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний орой манай урд айлын ******* гэх хүүхэн орж ирээд манай Н.Х хүнд зодуулчихлаа Ганболдын манаач Б.Н зодчихлоо тархиа хагалуулаад гараа хугалуулсан байна гэхээр нь түргэн дуудаж өгсөн. Удалгүй цагдаа, түргэний машин ирж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

            Шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг гэмтэл нь мохоо зүйлийн хүчний улмаас үүсэх боломжтой, зүүн гарын шуу богтос ясны далд хугарал цохих цохигдох хүчний улмаас үүсэх боломжтой, харин гартаа ямар нэгэн юм бариад хүрзний иш бариад юм цохих үед үүсэх боломжгүй уг хугарал нь зөрүүтэй далд хугарал байна. Мохоо зүйл гэдэгт бүх л зүйл орно. Толгойн зулайн хуйханд учирсан гэмтэл цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Гартаа юм бариад эд зүйл цохих үед нэг гар хугарах магадлал байхгүй учраас цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ тархи доргилт, хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн, зүүн гарын шууны богтос ясны далд хугарал гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

            Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Н.Угийн биед 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 33237 дугаартай дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд гарсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Газар унах шүргэлцэх үед ихэвчлэн зулгаралт гэмтлүүд үүсдэг бөгөөд цус хуралт гэмтлүүд нь ихэвчлэн цохих цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Баруун бугалганы ар доод хэсгийн цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шанаанд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусадтай давхаралдаж унахаас илүүтэйгээр гараар цохигдох үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

            Хохирогч Н.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Н эхнэр Н.Угаа авч явах гээд байсан тэгээд Н.У намайг зодох гээд барьж аваад байхаар нь би Н.Уг гараараа нэг удаа алгадсан чинь Б.Н эхнэрээ өмөөрөөд намайг гараараа алгадаад авахаар нь би газар байсан малын баас арилгадаг хүрз аваад Б.Н руу хүрзээрээ далайгаад цохих гэтэл Б.Н надаас хүрз булааж аваад намайг цохихоор нь би зүүн гараараа хаасан чинь нөгөө хүрз нь миний  гарыг цохиод хүрзний хугархай хэсэг нь миний толгой дээр цохигдоод толгой хагараад цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

            Хохирогч Н.Хы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Б.Н нь эхнэрээ өмөөрөөд  чи яахаараа манай эхнэрийг зоддог юм бэ гэж хэлээд газар байсан модон иштэй баас түүдэг хүрз аваад намайг цохих гэхээр нь би зүүн талынхаа гараар хаасан тэгтэл гаран дээр цохиод иш нь хугарсан, хугарсан хүрз нь миний толгой дээр оноод цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

            Хохирогч Н.Хы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... гэрийн гадаа Н.Угийн баруун талын хацар луу нь би нэг баруун гараараа алгадсан, дараа нь хашаанд байсан хүрз аваад Н.Уг цохих гээд хүрз бариад очсон чинь Б.Н миний барьж байсан хүрзийг надаас булаагаад миний толгой руу цохих гэхээр нь би зүүн гараараа толгойгоо хамгаалсан чинь Б.Нын намайг цохисон хүрз миний зүүн гаран дээр цохиод зүүн гар цуурсан, хүрз нь хугарахдаа миний толгой дээр цохиод миний толгойг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №3237 дугаар :

            “1. Н.Угийн биед зүүн шанаанд зулгаралт, баруун бугалга, баруун зүүн далны доор, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн *******-58 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №08 шэ/162 дугаар:

            “1. Н.Хы биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №08/16 дугаар :

            “1. Эд мөрийн баримтаар хураагдсан хүрзний ишнээс гарын мөр илрээгүй.

            2. Гарын мөр илрээгүй учир бусад асуултанд хариулт өгөх боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

           

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 477 дугаар дүгнэлт

            “1. Ноосон овогтой Н.Х нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол F70-тай байна. Хэрэг үйлдэх үедээ Оюуны хөнгөн хомсдолтой байсан. Тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдан жолоодох чадвартай байсан.

            2. Ноосон овогтой Н.Х нь үзсэн харсан, хийсэн зүйлээ зөв тусган авч үнэн зөв мэдүүлэх чадвартай байна.

            3. Ноосон овогтой Н.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна”...гэх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг шалгасан тэмдэглэлийн гэрэл зураг /хх-ийн 51-55 дугаар хуудас/,

            Хохирлын баримтууд /хх-ийн 105-108 дугаар хуудас/,

            Гарын шууны хугарлын зураг /хх-ийн 109 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг, шүүгдэгч Н.Хы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 91 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг шүүгдэгч нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* тоот хашааны хаалганы орчимд Н.Хтай маргалдаж хүрзээр зүүн гарын шуу хэсэгт цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдлоо.

 

Үүнд: Хохирогч Н.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг хүрзээр цохисон нь үнэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би газар байсан малын баас арилгадаг хүрз аваад Б.Н руу хүрзээрээ далайгаад цохих гэтэл Б.Н надаас хүрз булааж аваад намайг цохихоор нь би зүүн гараараа хаасан чинь нөгөө хүрз нь миний  гарыг цохиод хүрзний хугархай хэсэг нь миний толгой дээр цохигдоод толгой хагараад цус гараад эхэлсэн...” /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

            Шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг гэмтэл нь мохоо зүйлийн хүчний улмаас үүсэх боломжтой, зүүн гарын шуу богтос ясны далд хугарал цохих цохигдох хүчний улмаас үүсэх боломжтой, харин гартаа ямар нэгэн юм бариад хүрзний иш бариад юм цохих үед үүсэх боломжгүй уг хугарал нь зөрүүтэй далд хугарал байна. Мохоо зүйл гэдэгт бүх л зүйл орно. Толгойн зулайн хуйханд учирсан гэмтэл цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Гартаа юм бариад эд зүйл цохих үед нэг гар хугарах магадлал байхгүй учраас цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

           

            Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Х нүүр ам нь цус болчихсон гар хугарсан, толгой хагарчихлаа Б.Н намайг зодчихлоо гэж хэлэхээр нь хурдан эмнэлэг дууд гэж хэлчихээд утас цэнэггүй гээд өөр хүнээс асуугаад дуудуулчих гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний орой манай урд айлын ******* гэх хүүхэн орж ирээд манай Н.Х хүнд зодуулчихлаа Ганболдын манаач Б.Н зодчихлоо тархиа хагалуулаад гараа хугалуулсан байна гэхээр нь түргэн дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №08 шэ/162 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Н.Х нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* тоотод Н.Утай маргалдаж биед нь зуүн шанаанд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн далны доор, баруун гуян цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Хохирогч Н.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Х бид хоёр муудалцсан. ...Тэгээд цонхны хажууд буйдан дээр Н.Х миний хажууд суухдаа намайг алгадахаар нь би зөрүүлээд гарынхаа ар талаар цохисон чинь хойш нь дарж унагаад гараа атгаж байгаад миний нүүр лүү цохисон. ...Гэрийн хаалгаар дөнгөж гарсан чинь Н.Х намайг зуураад гадаа довжоон дээр үсдэж унагаад цохисон” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргалдаад байхаар нь боль гээд болиулснаас зодолдож байхад нь салгаагүй би архи нилээн уугаад тасарчихсан байсан юм” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №3237 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б. нар шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Нын үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгана” гэж заасан нь процессын тусдаа бие даасан ажиллагаа тул яллагдагчид эрх тайлбарласан тусдаа тэмдэглэл байхгүй байгаа нь процессын зөрчил, гэрч *******гийн гарын дотор тал түлэгдсэн байгаа нь Н.Хтай муудалцаж зодолдсоноос болсон байх магадлалтай, зодолдоод Н.Хы гар хугарсан байж болно” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.

           

            Шүүгдэгч Н.Х нь газраас хүрз аваад далайх үед шүүгдэгч Б.Н нь түүний гараас хүрзийг булаан авч, цохисон талаар шүүгдэгч Н.Х удаа дараа тогтвортой мэдүүлж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х газраас өөрөө хүрз авсан талаар мэдүүлсэн болно. Өөрөөр хэлбэл бусдын хууль бус халдлага эхлэх гэж байгаа нь тодорхой болсон хэдий ч шүүгдэгч Б.Н нь шүүгдэгч Н.Хы гараас хүрзийг булаан авснаар довтолгоо төгссөн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан тул шүүгдэгч Б.Нын хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна” гэж заажээ. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг яллагдагч Н.Х, Б.Н нарт танилцуулж, тухайн өдрөө хэн алинаас нь яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлаж, танилцуулсан /хх-ийн 126, 131 дүгээр хуудас/ байх ба яллагдагч Н.Х, Б.Н нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Иймд “сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа болон яллагдагчаар мэдүүлэг авах аль алинд нь яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулах ёстой” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

           

            Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэрч Б.*******гийн гар түлэгдсэн, шүүгдэгч Н.Хы гар хугарсан байгаа нь энэ хоёр хоорондоо маргалдаж, зодолдсоноос болсон байх магадлалтай” гэх тайлбарыг гаргаж маргасан. Энэ нь гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хоёр дахь “Н.Х гэрт орж ирэхэд нь хартал цус болчихсон орж ирэхээр нь ... би айсандаа сандарч босохдоо зууханд хальт шүргээд гараа түлсэн” гэх мэдүүлэг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн “Гэрийн доторх зүйл эмх цэгцтэй хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй байв” гэх тэмдэглэл, гэрч З.ын “манай хаалгыг хүн нүдээд байсан тэгэхээр нь гараад хартал Н.Х нь нүүр ам нь нил цус болчихсон, гар хугарчихлаа, толгой хагарчихлаа Б.Н зодчихлоо гэж хэлэхээр нь би тоогоогүй хурдан эмнэлэг дууд гэж хэлчхээд, би утас цэнэггүй гээд өөр хүнээс асуугаад дуудчих гэж хэлээд явуулсан” гэж мэдүүлэг, гэрч Ж.ын “урд айлын ******* гэх хүүхэн орж ирээд малчин Н.Х хүнд зодуулчихлаа, Ганболдын манаач Б.Н зодчихлоо, тархиа хагалуулаад гараа хугалуулсан байна гэхээр нь түргэн дуудаж өгсөн, удалгүй цагдаагийн машин ирсэн” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.Х, гэрч Б.******* нар хоорондоо зодолдоогүй болох нь тогтоогдож, өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.

           

Иймд шүүгдэгч Б.Ныг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Хыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Н.У нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Харин хохирогч Н.Х нь эмчилгээний зардалд 505.800 төгрөг нэхэмжилсэн хэдий ч тухайн баримтуудад байгууллагын регистрийн дугаар бичигдээгүй, хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийн тайлал, хүлээн авсан, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг, нэр бичигдээгүй зэрэг зөрчилтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурдав.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх шүүгдэгч Б.Ныг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

 

Шүүх шүүгдэгч Б.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Х нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдол /F70/ оноштой хэдий ч хэрэгт авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 477 дугаар “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-ээр “1. Ноосон овогтой Н.Х нь сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол /F70/-тай байна. Хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдолтой байсан. Тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдан жолоодох чадвартай байсан байна. 2. Ноосон овогтой Н.Х нь үзсэн харсан, хийсэн зүйлээ зөв тусган авч үнэн зөв мэдүүлэх чадвартай байна. 3. Ноосон овогтой Н.Х нь сэтгэцийн  хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэж санал нэгтэй дүгнэжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Н, Н.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр хүрз, 1 ширхэг хүрзний хугархай бариулыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* овгийн Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, ******* овогт Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Над 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранцацралд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Хд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Х нь 550.000 төгрөгийн учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Н, Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг төмөр хүрз, 1 /нэг/ ширхэг хүрзний хугархай бариулыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Н.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ