Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 76

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Хаан банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-27 тоотод оршин суух Бэсүд овгийн Дашдэлэгийн Цэдэв /РД: ДЮ73080161/,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 9-5 тоотод оршин суух Доёд овгийн Лхагваагийн Дэнсмаа /РД: ДК70043001/ нарт холбогдох 
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 6.228.241,35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Наранцэцэг, хариуцагч Д.Цэдэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дашдэлэг овогтой Цэдэв нь Хаан банкны Говь-Алтай салбараас 2012 оны 10 сарын 01-ний өдөр ЗГ12/10-01-04 тоот зээлийн гэрээ байгуулан 4.700.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээндээ зориулан цалингийн орлогоо барьцаалуулан авсан. Зээлдэгч Дашдэлэг овогтой Цэдэв өрхийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор анх авсан зээлийн үлдэгдэл дээрээ нэмж дараах зээлүүдийг авсан. 1. 2013 оны 01 сарын 10-ны өдөр ЗГ13/01-10-03 тоот зээлийн гэрээгээр 1.600.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. 2. 2013 оны 07 сарын 17-ны өдрийн 13/07-17-01 тоот зээлийн гэрээ байгуулан 1.190.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. 3. 2014 оны 01 сарын 07-ны өдөр ЗГ14/01-07-02 тоот зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. 4. 2014 оны 12 сарын 01-ний өдөр ЗГ14/12-01-01 тоот зээлийн гэрээ байгуулан 2.300.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүдийг тус тус авч тухайн өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 8.159.091 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2.684.795 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.4-д заасан нөхцөлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 5.1.2 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2016 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.474.295,75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 713.430,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40.515,03 төгрөг нийт 6.228.241,35 төгрөг болно. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгч Ханс банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Цэдэв нь Ник Петровис компанид ажилладаг байхдаа цалингийн зээл авсан. 4 удаа зээл авсан. Хамгийн сүүлийнх нь 2014 оны 01 сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай 19,2 хувийн хүүтэй авсан. 7.552.975 төгрөгийн үлдэгдэлтэй болж, ажлаасаа гарсан. 2016 оны 03 сараас хойш төлбөр хийгдээгүй. Сар болгоны 02-ны өдөр төлдөг байсан. Иймд 2016 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.474.295,75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 713.430,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40.515,03 төгрөг нийт 6.228.241,35 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. 
Хариуцагч Д.Цэдэв шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ник Петровис компанид ажиллаж байгаад 11 дүгээр сард ажлаасаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авсан. Энэ зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр Лхагваа овогтой Дэнсмаагаар гарын үсэг зуруулсан. Дэнсмаа нь энэ мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй учир энэ мөнгийг би өөрөө хариуцаж төлнө. Төлөхдөө би сар сард нь бага багаар цувуулан төлөх боломжтой. 03 сар хүртэл цалингийн зээлээ төлж байгаад цаашид төлөх боломжгүй болсон. 11 дүгээр сард Драгон төвд үйлчлэгчээр ажилд орсон. 11 дүгээр сард орчихоод хүүхдээ цэрэгт явуулаад тангаргийн баяраар нь нэг сарын цалингаа зарцуулсан. Дараа нь авсан цалинг Нүүдэлдээ болон түлээ нүүрсээ аваад мөнгө дууссан. Нэг сарын цалин 200,000 төгрөг дансанд байгаа. Амьдралын боломж болохгүй байна. Хоёр хүүхдээ сургуульд явуулж чадахгүй байгаа. Олсон хэдэн төгрөгөө гэр ахуйн хэрэгцээнд зарцуулдаг. Банкнаас энэ зээлийг авсан нь үнэн, төлж барагдуулна. 2016 оны 03 сараас хойш төлөгдөөгүй, Банк хүүхдийн 20.000 төгрөг орсныг авсан, оюутны төлбөрийн 80.000 төгрөг авсан байх гэв.
Хариуцагч Л.Дэнсмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь зээлдэгч Д.Цэдэвийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ энэ хүний мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй учраас би мөнгийг төлөлцөж чадахгүй. Иймд энэ асуудалд хамааралгүй болгож өгнө үү гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хаан банкны Говь-Алтай салбар нь Д.Цэдэв, Л.Дэнсмаа нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2016 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.474.295,75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 713.430,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40.515,03 төгрөг нийт 6.228.241,35 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Д.Цэдэв нь Хаан банкны Говь-Алтай салбараас 2012 оны 10 дугаар сарын 01, 2013 оны 01 дүгээр сарын 10, 2013 оны 07 дугаар сарын 17, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд тус тус барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авч байжээ. /хх 9-27/
Улмаар Д.Цэдэв нь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13/07-17-01 тоот Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 5.859.091 төгрөг дээр нэмэлт зээл 2.300.000 төгрөг авч нийт 8.159.091 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 53 сарын хугацаатай авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Дэнсмаа гарын үсэг зурсан болох нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 14/12-01-01 дугаартай “Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ээр тогтоогдож байна. /хх 28-29/
Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь зээлийн гэрээний 7.3 дахь хэсгийг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 14/12-01-01 дугаартай “Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар тус гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд 2013 оны 07 сарын 17-ны өдрийн 13/07-17-01 тоот Барьцаат зээлийн гэрээний бусад зүйл заалтууд хэвээр мөрдөгдөнө гэжээ. 
2013 оны 07 сарын 17-ны өдрийн 13/07-17-01 тоот Барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлд гэрээний үүргийг зөрчих, гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд 7 дугаар зүйлийн 7.3.1-д гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.13-т заасан зөрчлийн аль нэг гарсан бол зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан гэрээг зөрчсөн гэж Банк тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална, 7.1.1-д “Зээлдэгч гэрээний Хавсралт 1-д заасан “зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн” бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцно гэж тус тус заажээ.
Зээлдэгч Д.Цэдэв нь 2016 оны 03 сараас хойш зээл, хүүгийн эргэн төлөлтийн төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...: Д.Цэдэв нь Ник Петровис компанид ажилладаг байхдаа цалингийн зээл авсан. 4 удаа зээл авсан. Хамгийн сүүлийнх нь 2014 оны 01 сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай 19,2 хувийн хүүтэй авсан. 7.552.975 төгрөгийн үлдэгдэлтэй болж, ажлаасаа гарсан. 2016 оны 03 сараас хойш төлбөр хийгдээгүй....” гэх тайлбар, хариуцагч Д.Цэдэвийн “...Би Ник Петровис компанид ажиллаж байгаад 11 дүгээр сард ажлаасаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авсан. 03 сар хүртэл цалингийн зээлээ төлж байгаад цаашид төлөх боломжгүй болсон...” гэх тайлбар, зээл буцаан төлөх хуваариар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Д.Цэдэв нь зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь “...Банкнаас энэ зээлийг авсан нь үнэн, төлж барагдуулна. Энэ зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр Лхагваа овогтой Дэнсмаагаар гарын үсэг зуруулсан. Дэнсмаа нь энэ мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй учир энэ мөнгийг би өөрөө хариуцаж төлнө. Төлөхдөө би сар сард нь бага багаар цувуулан төлөх боломжтой...” гэх тайлбараар тогтоогдож байна. 
Хариуцагч Л.Дэнсмаа нь “...Миний бие нь зээлдэгч Д.Цэдэвийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ энэ хүний мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй учраас би мөнгийг төлөлцөж чадахгүй...” гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээний 4.2.12 дахь хэсэгт “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул хариуцагч Л.Дэнсмаа нь зээлийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно. 
Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5.474.295,75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 713.430,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40.515,03 төгрөг нийт 6.228.241,35 төгрөгийг хариуцагч Д.Цэдэв, Л.Дэнсмаа нараас гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэдэв, Л.Дэнсмаа нараас 6.228.241,35 төгрөгийн тэмдэгтийн хураамж 114.602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5.474.295,75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 713.430,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40.515,03 төгрөг нийт 6.228.241,35 төгрөгийг хариуцагч Д.Цэдэв, Л.Дэнсмаа нараас гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэдэв, Л.Дэнсмаа нараас 6.228.241,35 төгрөгийн тэмдэгтийн хураамж 114.602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ