Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2017/00087/И/ |
Дугаар | 77 |
Огноо | 2017-02-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 77
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6-38 тоотод оршин суух Олхон овгийн Рэнцэнгийн Чулуунбаатарт /РД: ДЮ90102173/ холбогдох
672.308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Рэнцэн овогтой Чулуунбаатар нь Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Рэнцэн овогтой Чулуунбаатарын мөнгөн төлбөр болох 672.308 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Рэнцэн овогтой Чулуунбаатараас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Есөнбулаг сумын харьяат Р.Чулуунбаатараас цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 672.308 төгрөг нэхэмжилсэн боловч иргэн Р.Чулуунбаатар нь 200.000 төгрөг тушаасан бөгөөд үлдэх 472.308 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний дотор төлөхөөр гэрээ байгуулав. Р.Чулуунбаатар миний бие нь Цэргийн штабаас нэхэмжилсэн 672.308 төгрөгөөс 200.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо үлдэх 472.308 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, Р.Чулуунбаатарт холбогдох 672.308 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг татгалзаж, зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Есөнбулаг сумын харьяат Р.Чулуунбаатараас цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 672.308 төгрөг нэхэмжилсэн боловч иргэн Р.Чулуунбаатар нь 200.000 төгрөг тушаасан бөгөөд үлдэх 472.308 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний дотор төлөхөөр гэрээ байгуулав. Р.Чулуунбаатар миний бие нь Цэргийн штабаас нэхэмжилсэн 672.308 төгрөгөөс 200.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо үлдэх 472.308 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэв...” гэх эвлэрлийн гэрээгээр батлагдаж байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 472.308 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14.819 төгрөгийн тал хувь 7.409,5 төгрөгийг хариуцагч Р.Чулуунбаатараас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, Р.Чулуунбаатарт холбогдох 672.308 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг татгалзаж, үлдэх 472.308 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний дотор төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 472.308 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14.819 төгрөгийн тал хувь 7.409,5 төгрөгийг хариуцагч Р.Чулуунбаатараас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ