Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 154

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Б.З,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт П.Эт холбогдох эрүүгийн 2007000000145 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ...................................... тоотод оршин суудаг,

урьд 2020 оны 05 дугар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 981 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, торгох ял биелэгдээгүй ******* овогт П.Э /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Э нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун дээд 1,2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  П.Э  нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Орой *******аас 5 цагийн микронд суугаад Тэрэлж рүү явсан. Тэгээд гэртээ 11 цагийн үед адуугаа хураачихаад байж байтал 10 жилийн найз залгаад хаана байгаа юм гэхээр нь гэртээ байна гэсэн чинь найзууд нь Тэрэлжид ирсэн байна хүрээд ирэх үү гэж хэлсэн.  Хаана байгаа юм гэхэд Говь Тэрэлж гээд амралтын газар байна гэхээр нь 12 цаг болж байхад очсон. Очсон чинь манай 2 найз эхнэр хүүхэдтэйгээ ирсэн байсан. Тэгээд “Говь Тэрэлж” гэх газарт архи, дарс хэрэглээгүй юм идэж ууж байгаад би буцаж явах гээд мориныхоо олмыг суллах гэтэл танихгүй 2 ах ирээд ахын дүү тарвага боож чадах уу гэж асуусан тэгэхээр нь би чадна гэсэн чинь 2 ахдаа боогоод өгчих эхнэртэйгээ ирсэн байгаа гэхээр нь за тэгье гээд найзууддаа хэлчихээд тэр 2 ахтай буцаад явсан. Тэгээд Говь Тэрэлжийн хажууд голын цаана нэр, хаяггүй танихгүй газар байсан. Очоод тарвага боож байгаад түүдгэн дээр хохирогч Б.Зын найзууд болох 3 залуу, 1 эмэгтэйтэй сууж байсан. Б.Зын найзуудтай түлээнд цуг явж ирээд нөгөө 2 ахын нэгийг нь Тулга гэсэн Тулгаа ах “ах нь тарвагаа аваад ирье” гээд ирэхэд нь би янзалж байх хооронд надтай түлээнд явсан Б.Зын найз нь Тулгаа гээд ахтай муудалцсан. Тэгээд би очоод яах гээд байгаа юм гээд намайг цохих гэж байгаа юм шиг болохоор нь хавсраад унагаасан. Тэгээд байж байтал Б.Зын нэг найз нь нэг охинтой сууж байгаад хүрч ирээд больцгоо гэхээр нь би больё адилхан ууж идсэн байна, яах гээд байгаа юм орж амар гээд хэлсэн чинь орсон. Тэгээд би буцаад чулуугаа улаасгаад тарвагандаа хийгээд амыг нь боочихсон байж байсан чинь Б.Зын найзууд гээд 4, 5 залуу гарч ирсэн. Тэгээд унагаасан залуу намайг нааш ир үзье гэсэн. Миний үс урт байсан болохоор үсээ боосон хужаа нааш ир гээд дуудсан. Тэгэхээр нь би за за зодуулчихдаг юм байна гэж бодоод хойшоо зай авахад над руу дайрч ирээд зогсчихоор нь нэгийг нь татаж ирээд цохисон. Тэгээд дахиад над руу дөрвүүлээ дайрахаар нь нэлээн хойшоо алхаад дахиад цохисон тэр нь Б.З байсан. Тэнд нэг эмэгтэй орилоод цагдаа дуудлаа шүү гэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгэхэд манай Тулгаа ах хүрч ирж салгаад намайг ахын дүү яв яв 2 ах нь зохицуулчихъя гэхээр нь би за за явлаа шүү гээд явсан. Тэгээд буцаж яваад морио авчихаад буцаад ирсэн чинь Тулгаа ах дуудаад яасан юу болсон юм гэхэд яв яв бичлэг хийж байна 2 ах нь зохицуулна гэхээр нь би явсан” гэв.

Хохирогч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...27-ны өдөр арван жилийнхнээрээ Тэрэлжид очоод амрахаар явсан. Тухайн өдөр бид нар 2, 3 цагийн үед амралтын газар очсон. Тэгээд бид нар хэсэг байж байгаад 12 цагийн үед унтацгаасан. Хэсэг хүмүүстэй танилцаад манай найзууд үлдсэн. Би унтах гээд орсон. Унтаад байж байтал 3 цагийн үед шуугилдаад цохичихлоо гээд ороод ирсэн. Тэгэхээр нь бид нар юм болсон гээд гэр дотор унтаж байсан тав, зургуулаа гараад очсон. Би гараад очиход урдаас гар орж ирээд цохисон. Тэгээд аман дотор юм байхаар нь харсан чинь 2 шүд унасан байсан. Тэгээд би цохичихлоо яаж байгаа юм бэ? гэсэн чинь хэн цохисон юм бэ? гэж урдаас хэлсэн. Тэгээд манай найзууд бөөн юм болоод цагдаа дуудсан. Тухайн өдөр цагдаа ирээгүй. Хэсэг бужигнаж байгаад Тулгаа гээд залуу нэг хүүхэнтэй гурвуулаа орж ирэхээр хэсэг ярилцаад байж байгаад Шонхоо явсан байсан. Тэгээд Тулгаа Шонхоог би танина манай дүү гэж тайлбарлаж утасны дугаарыг нь бид нарт өгсөн. Ах нар нь уусан байгаа цагдаа ирчихвэл бид нарыг эрүүлжүүлэхэд хийнэ бид нар явлаа гээд яваад өгсөн” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч Ө.*******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 02 цагийн үед амралтын гадаа ил гал тойроод сууж байсан. Тэгэхэд 1 эмэгтэй, 3 залуу бид хэд дээр ирээд бид нарын хажууд суугаад энэ гал дээр боодог хийнэ гэж хэлэхээр нь бид хэд босоод явсан. Манай 1 найз үлдсэн байсан. Тэгээд би найзыгаа авах гээд очсон чинь нэг шивээстэй залуу над руу муухай харахаар нь "яасан бэ" гэсэн чинь намайг мөрлөх гээд байхаар нь тухайн залууг түлхсэн чинь хажуугаар нь нэг залуу гарч ирээд намайг хүзүүнээс боож унагаасан. Тэгээд намайг хальт цохиж хамраас цус гаргахаар нь би гэр рүү ороод найз нартаа намайг энд байгаа хүмүүс зодчихлоо гээд хэлсэн чинь. Манай найз нар яагаад зүгээр байсан хүнийг зоддог юм бэ гээд бөөндөө гарч ирээд очиж уурласан чинь сууж байсан Шонхоо гэх залуу босож ирээд над руу дайраад хамт явж байсан хүмүүс нь болиулах гэж оролдоод бид хэд маргалдсан. Манай найз болох Б.Зыг Шонxoo гэх залуу цохиж үүдэн хоёр шүдийг нь унагаасан. ...Нөгөө Шонхоо гэх залуу зугтаад явсан...Би цохиж байхыг нь хараагүй. Бид хэд бужигнаж байх зуур цохисон гэсэн." гэх мэдүүлэг

/хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2020 оны 06 сарын 27-ны шөнө 02 цагийн үед би найз болох *******, *******, Энхболд нартай гал тойроод сууж байгаад гэртээ орж унтахаар ороод байж байтал ганцаараа гадаа үлдсэн ******* найзыг маань хажууд нь байсан согтуу хүмүүс боож унагаагаад байна гэхээр нь бид хэд болиулах гээд очсон. Тэгтэл *******ийн шүдийг унагасан Шонхоо гэх залуу намайг гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд нэг ах болиулаад маргаад зогсож байсан чинь Шонхоо гэх залуу манай найз Б.Зын үүдэн хоёр шүдийг нь унагаасан байсан. Бид хэдийг цагдаа дуудсан чинь тэр залуу зугтаасан " гэх мэдүүлэг

/хх-ийн 16-17  дугаар хуудас/,

 

Гэрч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2020 оны 06 сарын 27-ны шөнө 02 цаг өнгөрч байхад 3 залуу ирээд бид нарын хажууд суухад манай хэд бүгд амрах гээд гэр рүүгээ орсон. Би тухайн үед ганцаараа үлдсэн. Тэгээд манай найз намайг дуудах гээд ирсэн чинь нэг цээж нүцгэн залуу мөрлөөд, манай найзыг Шонхоо гэх залуу боож унагаагаад цохиод байхаар нь би болиулах гээд чадахгүй байсан. Тэгээд манай найз ******* гэр рүү ороод буцаад манай найз нар бүгд гарч ирээд "юу болсон бэ" гэж асуухад Шонхоо гэх залуу *******г гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохихоор нь би болиулаад зогсож байсан чинь Шонхоо гэх залуу манай найз Б.Зыг бас гараараа нэг удаа толгой хэсэгт нь цохиж байсан. Тэгээд бид хэд болиулаад зогсож байсан чинь Б.З миний хоёр шүд уначихлаа гэж хэлээд бид нар цагдаа дуудсан. Тэгэхэд Шонхоо гэх залуу зугтаасан байсан... Би цохиж байгааг нь сайн харсан ба намайг болиулах гэж байх үед миний хажуугаар Шонхоо гэх залуугийн гар нь харагдаад манай найз Б.Зыг цохисон. Тухайн үед шүд нь унасныг мэдээгүй хэсэг хугацааны дараа мэдсэн" гэх мэдүүлэг

/хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Т.*******ийн гэрчээр өгсөн "...2020 оны 06 сарын 27-ны шөнө унтаж байх үед найзууд маань хоорондоо ярьж байхад нь сэрсэн. *******ийг ******* авах гэж гарсан. Эргэж орж ирээд намайг цохичихлоо гэж ******* хэлсэн. Бид нар бөөнөөрөө тухайн хүмүүс дээр очиж "яасан, юу болсон" гэж асуухад та нар бөөнөөрөө гарч ирж яах гэж байгаа юм гэхээр нь найзыг минь яагаад цохиж байгаа юм гэж хэлчихээд буцаж гэр рүүгээ орж *******ыг сэрээж тэд нар хүнтэй зодолдох гэж байна гэж хэлээд дагуулаад очсон. Тэгээд та нар боль гэж хэлээд зогсож байх үед найз Б.З шүд уначихлаа гэхээр нь гэрэл тусгаад харахад үүдэн хоёр шүд нь уначихсан цус гарч байсан" гэх мэдүүлэг

/хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 464 дугаар:

1. "...Б.Зын биед баруун дээд 1,2 дугаар шүдний гэмтэл булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт

            /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/981 дугаар шийтгэх тогтоолын хуулбар            /хх-ийн 63-65 дугаар хуудас/,        

 

Шүүгдэгч П.*******ийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд

/хх-ийн 55-59 дүгээр хуудас/

 

Хохирогч Б.Зын хохирлын баримт

/хх-ийн 82-85 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Шүүгдэгч ******* овгийн П.Э нь 2020 оны 06 сарын 28-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун дээд 1,2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч П.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдуулж шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Эт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Э нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун дээд 1,2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч П.Эийн ...Тэгээд би очоод яах гээд байгаа юм гээд намайг цохих гэж байгаа юм шиг болохоор нь хавсраад унагаасан. Тэгээд байж байтал Б.Зын нэг найз нь нэг охинтой сууж байгаад хүрч ирээд больцгоо гэхээр нь би больё адилхан ууж идсэн байна, яах гээд байгаа юм орж амар гээд хэлсэн чинь орсон. Тэгээд би буцаад чулуугаа улаасгаад тарвагандаа хийгээд амыг нь боочихоод байж байсан чинь Б.Зын найзууд гээд 4, 5 залуу гарч ирсэн. Тэгээд унагаасан залуу намайг нааш ир үзье гэсэн. Миний үс урт байсан болохоор үсээ боосон хужаа нааш ир гээд дуудсан. Тэгэхээр нь би заза зодуулчихдаг юм байна гэж бодоод хойшоо зай авахад над руу дайрч ирээд зогсчихоор нь нэгийг нь татаж ирээд цохисон. Тэгээд дахиад над руу дөрвүүлээ дайрахаар нь нэлээн хойшоо алхаад дахиад цохисон тэр нь Б.З байсан.” гэх,

Хохирогч Б.Зын: “...намайг үсээ толгойныхоо хойно боосон, 25 орчим насны, 175см орчим өндөртэй танихгүй залуу ирээд миний нүүр рүү цохисон. Тэгээд миний үүдэн хоёр шүд унасан. Мөн миний хацар руу цохиж гэмтээсэн”  гэх,

Гэрч Ө.*******ий: “...Тэгээд би найзыгаа авах гээд очсон чинь нэг шивээстэй залуу над руу муухай харахаар нь "яасан бэ" гэсэн чинь намайг мөрлөх гээд байхаар нь тухайн залууг түлхсэн чинь хажуугаар нь нэг залуу гарч ирээд намайг хүзүүнээс боож унагаасан. Тэгээд намайг хальт цохиж хамраас цус гаргахаар нь би гэр рүү ороод найз нартаа намайг энд байгаа хүмүүс зодчихлоо гээд хэлсэн. ...Шонхоо гэх залуу босож ирээд над руу дайраад хамт явж байсан хүмүүс нь болиулах гэж оролдоод бид хэд маргалдаж байсан чинь манай найз болох Б.Зыг Шонxoo гэх залуу цохиж үүдэн хоёр шүдийг нь унагаасан... " гэх,

Гэрч Н.*******гийн: "...Шонхоо гэх залуу намайг гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд нэг ах болиулаад маргаад зогсож байсан чинь Шонхоо гэх залуу манай найз Б.Зын үүдэн хоёр шүдийг нь унагаасан байсан" гэх,

Гэрч А.*******ийн: “...Манай найзыг Шонхоо гэх залуу боож унагаагаад цохиод байхаар нь би болиулах гээд чадахгүй байсан. Тэгээд бид хэд болиулаад зогсож байсан чинь Б.З миний хоёр шүд уначихлаа гэж хэлээд бид нар цагдаа дуудсан. Тэгэхэд Шонхоо гэх залуу зугтаасан байсан... Би цохиж байгааг нь сайн харсан ба намайг болиулах гэж байх үед миний хажуугаар Шонхоо гэх залуугийн гар нь харагдаад манай найз Б.Зыг цохисон. Тухайн үед шүд нь унасныг мэдээгүй хэсэг хугацааны дараа мэдсэн" гэх,

            Гэрч Т.*******ийн: “...*******ийг ******* авах гэж гарсан. Эргэж орж ирээд намайг цохичихлоо гэж ******* хэлсэн. Бид нар бөөнөөрөө тухайн хүмүүс дээр очиж "яасан, юу болсон" гэж асуухад та нар бөөнөөрөө гарч ирж яах гэж байгаа юм гэхээр нь найзыг минь яагаад цохиж байгаа юм гэж хэлчихээд буцаж гэр рүүгээ орж *******ыг сэрээж тэд нар хүнтэй зодолдох гэж байна гэж хэлээд дагуулаад очсон. Тэгээд та нар боль гэж хэлээд зогсож байх үед найз Б.З шүд уначихлаа гэхээр нь гэрэл тусгаад харахад үүдэн хоёр шүд нь уначихсан цус гарч байсан" гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 464 дугаар: "...Б.Зын биед баруун дээд 1,2 дугаар шүдний гэмтэл булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч П.Эийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зын “бие мах бодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч “Би төлбөрүүдээ эмнэлэгт 2 хувааж төлсөн. Эхлээд 2.500.000 төгрөг, дараа нь 4.500.000 төгрөг төлсөн. Үзлэг хийлгэхэд 130.000 төгрөгийн зардал гарч, нийт 7.130.000 төгрөгийг  нэхэмжилж байна” гэх, 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд П.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эээс 7.130.000 /долоон сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Зд олгосугай.

5. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ