Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2017/00037/И/ |
Дугаар | 78 |
Огноо | 2017-03-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 78
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт оршин суух Төвд овгийн Пүрэвхүүгийн Оюунцэцэгийн /РД: ДИ67060109/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Оюунцэцэг, гэрч Н.Одонхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Оюунцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1967 оны 06 сарын 01-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж, 1991 оноос 2008 оны 08 сар хүртэл ажилгүй байж байгаад 2008 оны 09 сараас Тонхил сумын сургуульд тогоочоор 2017 оны 07 сарыг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл архивын лавлагаан дээр 1990 онд Цэцгээ гэж нэр зөрсөн, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1989 оны баримт архивт байхгүй учраас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарыг дуустал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
П.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч П.Оюунцэцэг нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн Тамч бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
П.Оюунцэцэг нь дээрх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн Тамч бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дугаартай архивын лавлагаанууд,
Гэрч Н.Одонхүүгийн “...1986 онд П.Оюунцэцэг хүнтэй суусан. Тэр үеэс 1990 оныг дуустал Тамч багт мал маллаж байсан. Манай хоёр баг зэргэлдээ оршдог, хоорондоо ойрхон байдаг болохоор сайн мэдэж байна. Тасралтгүй ажилласан. 1989 онд ажиллаж байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дугаартай “...Тус аймгийн Тонхил сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Чойндон овогтой Пүрэвхүү 1938 оны 06 сарын 21-нд төрсөн, эрэгтэй, халх, Баасан овогтой Маамуу 1942 оны 03 сарын 19-нд төрсөн, эмэгтэй, халх, ...Пүрэвхүү овогтой Цэцгээ 1968 оны 01 сарын 09-нд төрсөн, эмэгтэй гэж бүртгэгджээ...” гэх лавлагаа,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 105/000112 дугаартай “...Эцгийн овог нэр Чойндонгийн Пүрэвхүү, эхийн овог нэр Баасангийн Маамуу нарын гэр бүлд 1967 оны 06 сарын 01-нд төрүүлсэн Пүрэвхүүгийн Оюунцэцэгийг 1969 оны 11 сарын 19-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын 117-д бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов... гэх төрсний бүртгэлийн лавлагаа,
Гэрч Н.Одонхүүгийн “...Хүмүүс Цэцгээ гэж дууддаг. Жинхэнэ нэр нь бол Оюунцэцэг. Аавыг нь Пүрэвхүү гэдэг. Пүрэвхүү гуайнх 8 хүүхэдтэй. Оюунцэцэг 2 дахь хүүхэд нь. Дээр нь Байгаль гэж эгч байдаг. Доороо Болормаа, Содбаатар, Болдбаатар, Тугбаатар, Бат-Эрдэнэ, Сувдмаа гэдэг дүүтэй...” гэх мэдүүлгээр тус тус П.Оюунцэцэгийг Цэцгээ гэж дууддаг байсан болох нь тогтоогдож байна.
Шүүх П.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон архивын лавлагаанд бичигдсэн эцэг, эхийн нэр овог тохирч байгаа зэргийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.
Иймд П.Оюунцэцэгийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн Тамч бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Төвд овгийн Пүрэвхүүгийн Оюунцэцэгийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдлийн Тамч бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ