| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0156/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Хохирогч Ж.Б,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.Гэд холбогдох эрүүгийн 2007000000170 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ...................... дугаартай ******* овогт Ц.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Ц.Г нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 1а-31в тоот хашаан дотор иргэн Ж.Бгийн цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр нь ахынхаа гэрт машин янзалж байгаад гадагшаа дэлгүүр орох гээд гарсан. Гэтэл төвд байрлах *******гийн авто сэлбэг зардаг дэлгүүр хаалттай байхаар нь би буцаж гэртээ ирсэн. Миний засварлаж байсан машины урд талд нь би машины севчээ солих гээд нэг хутга үлдээсэн. Хэрэг гарсан өдөр хохирогчтой бага зэрэг маргалдаад тэр хутгаар хутгалчихсан. Би өөрөө хэрэг гардаг өдөр согтууруулах ундааны хэрэглэчихсэн байсан” гэв.
Хохирогч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр Ц.Г танихгүй нэг залуутай цуг нэг шил архи авчихсан явж байсан. Би тэгээд наад архинаас чинь хамт ууя гэж хэлсэн. Бид нар хамтдаа 1 дүгээр хорооны Уурхайчинд байрлах гэрт нь очсон. Ц.Гийн гэрт Алтанхуяг гэх залуу хүлээгээд сууж байсан. Авч явсан архи гэрийн сүүдэрт хувааж уугаад сууж байтал Ц.Г бид хоорондоо жаахан үг зөрөлдөөд, би гэрээс гараад сүүдэрт сууж байтал гартаа хутга бариад над руу дайраад ирсэн. Би хашаанд байсан цагаан давуугаар цусаа тогтоох арга авсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн орчимд манай нөхөр Ж.Б нь элс хайрга татахаар машин авах гээд явсан. Тэгтэл 18 цагийн орчимд манай таньдаг дүү Ж.Бн ах хүнд хутгалуулчихсан хутгалсан хүн нь зугтах гээд байна таныг хурдан хүрээд ир гэж байна гэхээр нь би гэрээс гараад хайж явж байгаад Тайж төвийн ард зогсож байхаар нь олоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цээжний хэсэгтээ хоёр давхар цамц нь цоорсон хутгалуулсан байдалтай байсан. Эмнэлэг дээр очиж 5 оёдол тавиулсан..." гэх мэдүүлэг
/хх-ийн 12-13 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 574 дугаар:
1. "Ж.Бгийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт
/хх-ийн 19-20 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 30 дугаар хуудас/,
Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Иргэний мэдээлэл
/хх-ийн 42 дугаар хуудас/,
Ц.Гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд
/хх-ийн 31-41 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 1А-31В тоот хашаан дотор иргэн Ж.Бгийн цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрч шүүгдэгч нарын мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролын талаар шүүгдэгчтэй харилцан тохиролцсон болохоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй тохиолдолд ажлын 8 цагийг хорих ялын 1 нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Гэд холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 1а-31в тоот хашаан дотор иргэн Ж.Бгийн цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Ц.Гийн “...Миний засварлаж байсан машины урд талд нь би машины севчээ солих гээд нэг хутга үлдээсэн. Хэрэг гарсан өдөр хохирогчтой бага зэрэг маргалдаад тэр хутгаар хутгалчихсан. Би өөрөө хэрэг гардаг өдөр согтууруулах ундааны хэрэглэчихсэн байсан” гэх,
Хохирогч Ж.Бгийн “...Ц.Г бид хоорондоо жаахан үг зөрөлдөөд, би гэрээс гараад сүүдэрт сууж байтал гартаа хутга бариад над руу дайраад ирсэн. Би хашаанд байсан цагаан давуугаар цусаа тогтоох арга авсан. Тэгтэл Ц.Г гэрээс гараад явах гэж оролдсон. Би тэр үед эхнэртэй хэлээд цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх,
Гэрч Ц.*******гийн "...Тэгтэл 18 цагийн орчимд манай таньдаг дүү Ж.Бн ах хүнд хутгалуулчихсан хутгалсан хүн нь зугтах гээд байна таныг хурдан хүрээд ир гэж байна гэхээр нь би гэрээс гараад хайж явж байгаад Тайж төвийн ард зогсож байхаар нь олоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цээжний хэсэгтээ хоёр давхар цамц нь цоорсон хутгалуулсан байдалтай байсан. Эмнэлэг дээр очиж 5 оёдол тавиулсан..." гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 574 дугаар: "Ж.Бгийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ц.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бгийн бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд
хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ