Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
Хэргийн индекс | 150/2017/00062/И |
Дугаар | 00063 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 00063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант суманд 1959 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сум, Хушаат баг, 10-2 тоотод оршин суух, Мянган овогт Содномын Энхээ /РД: МЛ/-ийн хүсэлттэй, улсад ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, гэрч *******, *******, *******, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие ******* 1959 оны 10 дугаар сарын 06-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн. 1976.11.01-нд Сэлэнгэ аймгийн Цагаантолгой САА-д малчнаар ажилд орсон. Цагаантолгой САА хувьчлагдаж “Ивэн” ХК болоход шилжиж 1992.03.01-1993.01.12 хүртэл малчнаар, Ивэн ХК, Цагаантолгой ХК нэгдэхэд мөн малчнаар 1993.02.13-1995.01.02 хүртэл нийт 18 жил 2 сар тасралтгүй малчнаар ажилласан. Тэтгэвэр тогтоологох насанд хүрч тэтгэвэрээ тогтоолгох гэтэл малчнаар ажиллаж байсан тушаалууд болон малчны ажлаа хүлээлгэн өгсөн үеийн ажлаас гарсан тушаалуудын зарим нь архиваас олдохгүй байгаа тул малчнаар ажиллаж байсан 18.2 жилийг тогтоож өгнө үү. Мөн Цагаан толгой САА-д малчнаар анх ороход хөдөлмөрийн дэвтрийг маань эцэг Аюушаар овоглон Аюушийн Энхээгээр нээсэн байна. Миний эцэг Аюуш нас барж ээж маань Содном гэдэг хүнтэй ханилж би Содномоор овоглож Содномын Энхээгээр бүх бичиг баримт бүртгэлтэй явдаг. Ганцхан хөдөлмөрийн дэвтэр маань эцгийн нэр зөрүүтэй бичигдсэн байдаг. Мөн миний төрсөн он сар өдөр хөдөлмөрийн дэвтэрт буруу бичигдсэн байна. Үүнээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд миний Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаантолгой САА-д 1976.11.01-1992.03.01 хүртэл, Ивэн ХХК-д 1992.03.01-1993.02.12 хүртэл, Ивэн ХК-д 1993.02.13-1995.01.02 өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1976 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1995 он хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сум хуучнаар Цагаан толгойн сангийн аж ахуй гэж байхад хоньчин, адуучнаар тасралтгүй ажилласан. Миний ажилд орсон тушаал байдаг. 1993 онд Цагаан толгойн сангийн аж ахуйн нэршил нь өөрчлөгдөж “Ивэн” ХХК болох үед захирлаар нь ажиллаж байсан Шагдарпүрэв гэдэг хүн байсан. Тэр хүний намайг ажлаас гаргасан тушаал нь олдохгүй байгаа юм. Тиймээс 1976-1995 он хүртэл ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү? Мөн миний төрсөн эцэг Аюуш гэдэг хүн намайг бага байхад нас барж, ээж маань Содном гэдэг хүнтэй сууж тэр хүнээр өдийг хүртэл овоглож ирсэн. Гэтэл ганцхан хөдөлмөрийн дэвтэр дээр Аюушын Энхээ гэж байдаг тул хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд тус тус гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
******* нь 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нээсэн Аюуш овогтой Энхээ, 1959 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр ******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт гаргагч*******гийн: ...миний төрсөн эцэг Аюуш гэдэг хүн намайг бага байхад нас барж, ээж маань Содном гэдэг хүнтэй ханилж тэр хүнээр өдийг хүртэл овоглож ирсэн. Гэтэл ганцхан хөдөлмөрийн дэвтэр дээр Аюушын Энхээ гэж байдаг тул хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү... гэх хүсэлт,*******гийн “Мянган овгийн *******, 1959 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, МЛ:59100615 гэх регистрийн дугаартай” иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа, “дугаар 0032898 *******” гэх бичиглэл бүхий Монгол улс, газар эзэмших эрхийн гэрчилгээ, “дугаар 433400084, Сэлэнгэ аймгийн Сант сум, Содномын Энхээ” гэх бичиглэл бүхий малчин мэргэжлийн үнэмлэх, гэрч *******ийн: ...С.Энхээ гуайн төрсөн эцэг нь Аюуш гэж хүн байж байгаад нас бараад ээж нь Содном гэдэг хүнтэй суугаад тэр хүнээрээ овоглох болсон гэж мэднэ. Манай ээж, аав ярьдаг юм... гэсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул Аюуш овогтой Энхээ гэж бичигдсэн 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн******* нь 1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаантолгой САА-д малнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-нээс 1993 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл Цагаантолгой САА хувьчлагдаж Ивэн ХК болоход малчнаар, 1993 оны 02 дугаар сарын 13-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч*******гийн хүсэлт, тайлбар,*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Цагаантолгой Сангийн аж ахуйн даргын 1976 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 96 тоот “ажилд томилох тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Цагаантолгой Сангийн аж ахуйн даргын 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 157 тоот “ажилд томилох тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Цагаантолгой Сангийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 175 тоот “ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Цагаантолгой Сангийн аж ахуйн даргын 1979 онлы 11 дүгээр сарын 23-ны өдрийн 146 тоот “ээжлийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Цагаантолгой Сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 223 тоот “нэг настай мал маллагчдад нэмэгдэл хөлс олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, Цагаан толгой ХК-ын захирлын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын орлогч Ц.Сэлэнгээгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 тоот “МЛ:59100615 регистрийн дугаартай ******* нь 1959 онд тус суманд төрөөд одоог хүртэл сумандаа ажиллаж амьдарч байгаа нь үнэн болно” ...гэсэн тодорхойлолт,
Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Манайхыг 1973 онд Говь-Алтай аймгийн Дарви сумаас Сант суманд нүүж ирээд малчин болоход 1976 оноос 1990 он хүртэл хамт мал маллаж байсан. Энэ хүн эхлээд адуу маллаж байгаад 1980 оноос хоньчин болсон. 1993 оноос хойш “Ивэн” ХХК болоход ч малаа маллаж л байсан. Тэгээд 1992 онд би тэтгэвэрт гарснаас хойш 1995 он хүртэл******* мал маллаж байсныг сайн мэднэ. Учир нь бид нэг нутаг усанд ажиллаж амьдарч байгаа хүмүүс юм... гэх мэдүүлэг,
Гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 1990 оны 7 дугаар сард Хөдөө аж ахуйн их сургуулийг мал зүйч мэргэжлээр төгсөөд Цагаан толгойн сангийн аж ахуйд үржлийн мал зүйчээр орж ажиллаж байхад******* нарийвтар ноост мал маллаж байсан. Тэрнээс өмнө ч мал маллаж байсныг оюутан байхдаа амралтаараа ирж очиж байхдаа мэддэг байсан. 1992 онд өмч хувьчлал явагдаад “Ивэн” ХХК болоход тэнд нарийвтар ноост Орхон хонь маллаж байгаад 1992 онд “Ивэн” ХХК “Цагаан толгой” ХХК-тай нэгдээд “Цагаан толгой” ХК болсон. 1995 оны 1 дүгээр сар хүртэл дандаа түрээсийн гэрээгээр нарийвтар ноост Орхон хонь маллаж байсан. Малчиндаа малаа маллуулаад цалин өгч байгаа мөртлөө төлийнхөө тодорхой хувийг буцааж авна гэсэн гэрээ хийдэг байсан. Тэгээд 1995 оны 1 дүгээр сараас одоог хүртэл хувиараа мал маллаж байгаа. Манайхан айл саахалт явсан болохоор малчин байсныг нь сайн мэднэ... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Аваргын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 1993 онд сургууль төгсч очоод механикаар ажиллаж байхад******* нь тэнд малчин хийдэг байсан. Би энэ хүнийг 1993-1995 он хүртэл ажиллаж байхыг нь мэднэ. Тэрнээс өмнөхийг хүүхэд байсан болохоор мэдэхгүй байна... гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул*******г 1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаантолгой САА-д малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-нээс 1993 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл Цагаантолгой САА хувьчлагдаж Ивэн ХК болоход малчнаар, 1993 оны 02 дугаар сарын 13-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь 1993 оны 02 дугаар сарын 13-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Цагаантолгой ХК-д малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш нийгмийн даатгалын дэвтэрээр ажилласан жилийг тооцох болсон тул шүүх 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгон ажилласан жилийг тогтоосон болно.
Шүүх гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх, худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс зайлсхийвэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай хуулийн заалтыг тайлбарлан өгч мэдүүлэг авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэж үнэлж дүгнэсэн болно.
Хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн учраас*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлссөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Аюуш овогтой Энхээ нэрээр нээж бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******г 1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаантолгой САА-д малнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-нээс 1993 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл Ивэн ХК-д малчнаар, 1993 оны 02 дугаар сарын 13-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН