| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0843/Э |
| Дугаар | 834 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 834
2020 09 16 2020/ШЦТ/834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: М. Гэрэлбадрах / томилолтоор/,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Л.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2009015130927 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 2-72в тоотод оршин суудаг, Ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Л.Б нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжны 112 тоотод оршин суух иргэн Ж.Амгалангийн мал худалдаж авахаар сонинд өгсөн зарын дагуу түүнтэй утсаар ярьж “зарах мал байгаа” гэж итгүүлэн хуурч.зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Мягмарсүрэнгийн Хаан банкны 50171665519 тоот дансаар 150.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2009015130927 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Л.Бын “...би иргэн Ж.Амгаланд бухан бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож тээврийн хэрэгслийн зардлын мөнгө гэж 150.000 төгрөгийг 5017166519 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
Хохирогч Ж.Амгалангийн ...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Шуурхай зар” сонинд би нэг бухан бяруу, нэг охин бяруу худалдаж авна гэж зар оруулсан. Тэгсэн 24-ний өдөр 12 цагийн үед 99461802 дугаараас залгаад зарын дагуу ярьж байна надад бухан бяруу, охин бяруу байгаа Баруунхараагаас ярьж байна гэж хэлсэн. Тэгээд би бяруугаа авахаар тогтоод тээврийн хэрэгслийн зардал 150.000 төгрөг 5017166519 дугаарын данс руу шилжүүлсэн тэгээд удалгүй яриад мөнгөө авлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш залгаад утас нь холбогдохоо больсон тэгээд цагдаад хандсан...Хаан банкны 5017166519 дугаарын данс руу бэрийн дүү Уранбаярыг гуйж шилжүүлсэн. 2 талын тээврийн хэрэгслийн мөнгө гэж 150.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17/,
Гэрч Н.Уранбаярын “...тэр өдөр Амгалан эгчийн бага хүү болох Шижир нь утсаар яриад Мягмарсүрэн гэдэг хүний 5017166519 дугаарын данс руу түлшний мөнгө шилжүүлээч гэнээ ээж тэндээс үхэр авах гэж байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд би тэр данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн тэгсэн чинь маргааш нь нөгөө хүн нь утсаа авдаггүй ээ ээж хууртагдсан юм шиг байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
Гэрч Б.Мягмарсүрэнгийн “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б гэдэг хүн манай цайны газар орж ирээд таны данс руу мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж хэлээд 150.000 төгрөг миний данс руу хүнээр шилжүүлээд худалдааны Далай хүү худалдааны төвийн 1 дүгээр давхарт байх ХААН банкны АТМ-с тэр хүнд манай нөхөр гаргаж өгсөн юм. Би тэр хүнийг огт танихгүй. Би картгүй байна би таны данс руу мөнгө хийгээдхье надад гаргаад өгөөч гээд байсан, хүүхдэдээ мөнгө өгөх гэсэн юм гэж байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 150.000 төгрөг данс руу орж ирэхээр нь тэр хүнд аваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Хохирогч Ж.Амгалангаас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, /хх-ийн 9/,
Шуурхай зар сонины зарын төлбөрийн хуудас, /хавтаст хэргийн 10 хуудас/,
Н.Уранбаярын эзэмшдэг Хаан банкны 5133089890 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 48-р хуудас/,
Б.Мягмарсүрэнгийн эзэмшдэг Хаан банкны 5017166519 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжны 112 тоотод оршин суух иргэн Ж.Амгалангийн мал худалдаж авахаар сонинд өгсөн зарын дагуу түүнтэй утсаар ярьж “зарах мал байгаа” гэж итгүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Мягмарсүрэнгийн Хаан банкны 50171665519 тоот дансаар 150.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Амгалангийн мэдүүлэг, гэрч Н.Уранбаяр, Б.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, Хохирогч Ж.Амгалангаас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, Шуурхай зар сонины зарын төлбөрийн хуудас, Н.Уранбаярын эзэмшдэг Хаан банкны 5133089890 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Мягмарсүрэнгийн эзэмшдэг Хаан банкны 5017166519 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүүх шүүгдэгч Л.Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Бод т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх Л.Бод хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэх нь зүйтэй гэж үзэн Л. Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л. Б нь хохирогч Ж. Амгаланд учруулсан 150.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тугчин овогт Лхаасүрэнгийн Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бод 720 /долоон зуу хорин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л. Боос 150.000 / нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж. Амгаланд олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН