Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 80

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт оршин суух Бэсүд овгийн Хашвайн Батжаргалын /РД: ДН98052819/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Алтайн хүдэр” ХХКомпанид холбогдох 
Үйлдвэрлэлийн осолд орсны нөхөн төлбөр болон гэм хорын хохирол нийт 4.586.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад  
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Х.Батжаргал нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие “Алтайн хүдэр” ХХК-ий Таяннуурын уурхайд механикчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж баруун гарын 4, 5 дугаар хурууны 3-р үений тайрагдсан гэмтэл буюу биед хүндэвтэр гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвар тогтонги 20 хувиар алдсан. Тухайн хэргийг эрүүгийн журмаар шалгасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. “Алтайн хүдэр” ХХК нь гэм хорын хохирол болон үйлдвэрлэлийн осолд орсон нөхөн төлбөр юу ч гаргаж өгөөгүй. Иймд үйлдвэрлэлийн осолд орсон нөхөн төлбөр буюу 5 сарын цалин 730.000*5=3.650.000 төгрөг, эм тариа, унаа тариа, хиймэл хуруу Улаанбаатар хотод очиж хийлгэх зардал 1.221.700 төгрөг, нийт 4.586.700 төгрөг нэхэмжилж байгаа тул “Алтайн хүдэр” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгч Х.Батжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Алтайн хүдэр” ХХК нь миний нэхэмжлэлд дурдсан хохирлыг барагдуулсан тул Батжаргал миний бие ямар нэгэн гомдолгүй болж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Цаашид хохирлын асуудлаар шүүхэд болон “Алтайн хүдэр” ХХК-д ямар нэгэн гомдол санал, хүсэлт гаргахгүй болно. Шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийг миний итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүхээс татаж авахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэний хэргийн нэхэмжлэгч Х.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Х.Батжаргал нь “Алтайн хүдэр” ХХКомпанитай эвлэрсэн тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Батжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох үйлдвэрлэлийн осолд орсны нөхөн төлбөр болон гэм хорын хохирол нийт 4.586.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь “…“Алтайн хүдэр” ХХК нь миний нэхэмжлэлд дурдсан хохирлыг барагдуулсан тул Батжаргал миний бие ямар нэгэн гомдолгүй болж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Цаашид хохирлын асуудлаар шүүхэд болон “Алтайн хүдэр” ХХК-д ямар нэгэн гомдол санал, хүсэлт гаргахгүй болно. Шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийг миний итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүхээс татаж авахыг зөвшөөрч байна …” гэх хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэмийн “...Х.Батжаргал нь “Алтайн хүдэр” ХХКомпанитай эвлэрсэн тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэх хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
 1.Нэхэмжлэгч Х.Батжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч “Алтайн хүдэр” ХХКомпанид холбогдох үйлдвэрлэлийн осолд орсны нөхөн төлбөр болон гэм хорын хохирол нийт 4.586.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 2. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 


ШҮҮГЧ                                    Н.ОЮУНБИЛЭГ