Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2017/00048/И/ |
Дугаар | 81 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 81
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 5-19 тоотод оршин суух Жалайр овгийн Мөнхбаярын Ариунсанаагийн /РД: ДЮ91042301/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ариунсанаа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 10 сараас эхлэн Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст архив, бичиг хэрэг хариуцсан дотоод ажилтнаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, идэвх санаачлагатай ажиллаж байсан. Гэтэл даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Болормаа нь ажил авсны дараахан “би өөрийн гэсэн багаа бүрдүүлмээр байна. Чамайг мэргэжилтний ажилд авъя, ажлаас чөлөөлөгдөх, эргээд мэргэжилтний ажилд томилогдох өргөдлөө бичээд өг” гэж шаардсан. Ингээд 2016 оны 11 сарын 24-ний өдөр хүчээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл авч, эгүүлэн өөр ажилд томилох өргөдлийн хамт авсан. Одоог хүртэл намайг өөр ажилд томилоогүй бөгөөд намайг хуурч мэхлэн төөрөгдүүлж, хүчээр өргөдөл хийлгэн авч ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд намайг архив, бичиг хэрэг хариуцсан дотоод ажилтнаар эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Ариунсанаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 2017 оны 01 сарын 18-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Дарга С.Болормаа нь хүнд нөхцөл дэх хүүхэд хамгааллын мэргэжилтнээр 2017 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М.Ариунсанаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь “…Миний бие нь 2017 оны 01 сарын 18-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Дарга С.Болормаа нь хүнд нөхцөл дэх хүүхэд хамгааллын мэргэжилтнээр 2017 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар тохиролцсон болно...” гэх хүсэлт, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/41 дугаартай “Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр М.Ариунсанааг түр томилох тухай” тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Ариунсанаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ