Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 82

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 24 дүгээр гудамжны 43 тоотод оршин суух Өөлд овгийн Батбаярын Ганбаатарын /РД: ДЮ57032179/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүхбаатар, гэрч Л.Лхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1973 оны 03 сарын 02-ны өдөр Усны аж ахуйн удирдах газар агергатын слесариар анх ажилд орж 1975 оны 06 сарын 24 хүртэл ажилласан. 1975 оны 06 сарын 24-нд цэргийн албанд явж 1978 оны халагдаж ирсэн. 1979 оны 10 сарын 26-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газар авто засварчнаар ажилд орж 1982 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Завхан аймгийн авто сургуульд явж 1983 оны 03 сарын 01-ний өдөр төгсөж ирээд 1983 оны 03 сарын 05-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газар жолоочоор ажилд орсон. 1995 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл тус байгууллагад жолоочоор ажиллаж байгаад өмч хувьчлалаар машинаа хувьчлан авч жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болно. Миний хөдөлмөрийн дэвтэрийн орсон гарсан тушаалын он сар зөрүүтэй, тамга тэмдэгийн нэр зөрсөн, орсон гарсан тушаал архиваас олдохгүй байна. Иймд миний 1973 оноос 1995 он хүртэлх хугацааны Говь-Алтай аймгийн Усны аж ахуйн удирдах газар, Тээврийг удирдах газар жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүхбаатар нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ганбаатар нь 1973 онд усны аж ахуйд ажиллаж байгаад 1978 онд төгсөж ирээд баазад жолоочоор ажилласан. 1979 оноос 1995 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоолгох хүсэлтэй байна. 1973 оны 03 сарын 02-ны өдрөөс 1975 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл Усны аж ахуйн удирдах газар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Баримтууд нь байхгүй байгаа гэв. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Ганбаатар нь 1973 оноос 1995 он хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Усны аж ахуйн удирдах газар, Тээврийг удирдах газар жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүхбаатар нь шүүх хуралдаанд Б.Ганбаатарыг 1979 оны 10 сарын 26-ны өдрөөс 1995 оны 12 сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газар жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байна.
Б.Ганбаатар нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын 7 дугаар баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 516 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай “ХЗБУ бригадыг шинэчлэн байгуулах тухай” тушаал, уг тушаалын нэгдүгээр хавсралт,
1980, 1981, 1982, 1983 онуудад мөнгөн шагналаар шагнуулж байсан баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 
“Алтайн автотээврийн 7-р бааз” номын 227 дугаар талд “...Миний бие Б.Ганбаатар нь 1980 онд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар ажилласан. Эндээ ажиллаж байгаад жолоочийн курст суралцан төгсөж ирээд ачаа тээврийн жолоочийн ажлаа нэр төртэй гүйцэтгэж төлөвлөгөө нормоо байнга биелүүлдэг байлаа. Миний бие 1980-1995 оны 05 сар хүртэл бидний нэрлэдгээр “Алтан бааз”-ынхаа хамт олонтой эвтэй найртай, эрч хүчтэй, шулуун шударга ажиллацгааж, үерхэж нөхөрлөж явснаа өнөөдөр дурсан санахад бахдалтай байна даа...” гэх дурсамж, 
Гэрч Л.Лхагвын “...Б.Ганбаатар манай баазад 1979, 1980 онд ажилд орсон. 1980 оноос 1995 он хүртэл ажилласан. Тэрнээс хойш хаана ажилласан талаар мэдэхгүй байна. Анх засварчнаар ажиллаж байгаад Завханд төгсөж ирээд жолоочоор ажиллаж байсан. Би 1978 оноос 1993 он хүртэл баазад ажилласан. Намайг гарахад Б.Ганбаатар жолоочоор ажиллаж байсан. Би 72-90 улсын дугаартай машин, Б.Ганбаатар 72-88 улсын дугаартай Зил 130 машин жолооддог байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Б.Ганбаатарыг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын 7 дугаар баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 
Харин 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь баримтаар тогтоогдохгүй, 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Авто сургуульд суралцаж байсан байх тул дээрхи хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өөлд овгийн Батбаярын Ганбаатарыг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын 7 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ