Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 83

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Мандал Хүдэр” ХХКомпанид холбогдох
Татварын өр, алданги, торгууль нийт 494.026.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жалцавжий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мандал Хүдэр” ХХК нь 5337402 регистрийн дугаартайгаар 2009 оны 11 сарын 04-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлэн “Хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа” төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэвч тус компани нь “Мандал-Алтай” ХХК-ий ашиглалтын зөвшөөрөлтэй Хөв булагийн нүүрсний уурхайн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж, тус олборлолттой холбоотой орлогоо тайлагнаж байсан байна. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс 2016 оны 05 сарын 24-нд 01/1354 тоотын дагуу хувийн хэргийн хамт хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс 2016 оны 05 сарын 27-ны өдөр бүртгэсэн байна. Тус компани нь шилжин ирэх үедээ татварын тайлангаар 466.267.600 /дөрвөн зуун жаран зургаан сая хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун/ төгрөгийн татварын өртэй шилжиж ирсэн ба 2016 оны 03 дугаар улирлын тайлангаар 49.608.800 /дөчин есөн сая зургаан зуун найман мянга найман зуун/ төгрөгийн ногдол орж, нийт 511.495.300 төгрөгийн /таван зуун арван нэгэн сая дөрвөн зуун ерэн таван мянга гурван зуун/ төгрөгийн хугацаа хэтэрсэн татварын өрийн үлдэгдэлтэй байна. “Мандал Хүдэр” ХХК-д татварын өрийг төлүүлэх мэдэгдэх хуудсыг 2013 оны 10 сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд нийт 5 удаа хүргүүлсэн байна. Мэдэгдэх хуудас хүргүүлсэн хугацаанд 2 удаа татварын өр, алданги, торгуулиа төлөх график байгуулсан боловч төлөөгүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс “Мандал хүдэр” ХХК-ий хөрөнгийн талаарх лавлагааг авахаар нийслэлийн дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст албан тоотыг хүргүүлж үл хөдлөх эд хөрөнгө байхгүй тухай лавлагааг авсан байна. Татвар төлөгчийн харилцах дансны зарлагын гүйлгээг хаах ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Сангийн сайдад өгсөн үүрэг даалгаврын дагуу 2016 оны 08 сарын 11-нээс зогсоон, харилцах дансны зарлагын гүйлгээг нээсэн байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтыг удирдлага болгон “Мандал Хүдэр” ХХК-иас татварын өр, алданги, торгууль нийт 494.026.500 /дөрвөн зуун ерэн дөрвөн сая хорин зургаан мянга таван зуун/ төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Тус компанид татварын өрийг хугацаанд нь төлөөгүй, шилжүүлээгүйд алданги, торгууль ногдуулаагүй болно гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жалцавжий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Татварын тухай хуулиар төлөх ёстой төлбөрийг өмнөх удирдлагын буруутай байдлаас болж төлөгдөөгүй учраас хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Мандал Хүдэр” ХХКомпанид холбогдох татварын өр, алданги, торгууль нийт 494.026.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  
Учир нь хариуцагч “Мандал Хүдэр” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жалцавжий нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь “...Маргах зүйлгүй. Татварын тухай хуулиар төлөх ёстой төлбөрийг өмнөх удирдлагын буруутай байдлаас болж төлөгдөөгүй учраас хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь  хэсэгт зааснаар хариуцагч “Мандал Хүдэр” ХХК-иас 494.026.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2.628.083 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:
 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Мандал Хүдэр” ХХКомпанид холбогдох татварын өр, алданги, торгууль нийт 494.026.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь  хэсэгт зааснаар хариуцагч “Мандал Хүдэр” ХХК-иас 494.026.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2.628.083 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай. 
 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ