Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ....... оршин суух Х овогт А.А

Хариуцагч: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чид хариуцагдах,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар А.Атай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээний хугацааг сунгахыг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах тухай”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, түүний өмгөөлөгч У.М, хариуцагч Э.Ч, нарийн бичгийн дарга А.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... А миний бие нь 2014 оны 12-р сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргын А/749 шийдвэрээр Сайнцагаан сумын 7-р баг Сургуулийн гудамжинд Оргил кафен хажууд боловсролын үйлчилгээний зориулалтаар ашиглах 100 м2 газрын дуудлага худалдаанд оролцож, уг газрыг 3200000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд дуудлага худалдаагаар авсан газраа 15 жилийн хугацаагаар эзэмшиж, ашиглах эрхийн гэрчилгээ 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авсан билээ. Би газрын албанд жил болгоны эхэнд очиж газрын төлбөрийн тулгалтаа хийдэг байсан ба газрын алба газрын төлбөрөө хийгдсэн, гэрээ сунгагдсан гэдэг байсан. Гэтэл 2018 оны 01-р сард газрын албанд очиход “... бид завгүй байна, 2-р сарын сүүлээр ирж төлбөрөө төлж, гэрээ хийгээрэй” гэсний дагуу бид 3-р сарын эхэнд очиж газрын төлбөрөө төлсөн баримтаа тулгуулахад “танай асуудал болсон” гэсний дагуу би энэ жилийн гэрээ сунгагдлаа гэж ойлгосон.

Ийнхүү өөрийн эзэмшлийн газартаа энэ жил барилга барихаар төлөвлөсөн байсан тул ажлаа эхлэх гээд кадастрын зураг болон гэрээгээ авахаар газрын албан дээр 3-р сарын сүүлээр очиход газрын албаны мэргэжилтэн нь “гэрээ, зургийг гаргаж өгөх боломжгүй, гэрээ сунгагдаагүй байна гэсэн ба энэ тухай өргөдлөө газрын албанд гаргаж өгч болно гэсний дагуу бид 2018 оны 4 дүгээр сарын эхэнд гаргасан. Мөн Газрын тухай хуульд заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар газрын гэрээг сунгах боломжгүй гэсэн хариуг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өгөхийн зэрэгцээ Засаг дарга бичгээр хариу өгөхгүй бид хариугаа хамт өгч байна гэж хэлсэн. Энэхүү төрийн байгууллага, Засаг даргын гаргасан үйлдэл нь миний хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихийн зэрэгцээ дор дурдсан үндэслэлээр хууль зөрчсөн байна.

1.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт “газартай холбогдсон маргааныг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь зохих шатны Засаг дарга байна”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засаг дарга “газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” хэмээн тус тус заасан байхад миний гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй эрхийг минь ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл газартай холбоотой маргаанаа шийдвэрлүүлэхээр Засаг даргад хандсан боловч бичгээр хариу өгөөгүйн зэрэгцээ газрын албатай хариугаа хамтатган өгсөн гэх тайлбар нь хэт нэг талыг баримталж байгааг харуулж байна. Нөгөө талаар Засаг даргын гаргасан энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан иргэн надад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх боломжоор хангаагүй гэж үзэж байна.

2.Газрын тухай хуулийн 23 дугаар 23.31 дахь хэсэгт аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээг тодорхой заасан байхад Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь хуульд заасан эрхээ хэтрүүлэн газар ашиглуулах гэрээг сунгахгүй гэсэн хариу мэдэгдэх хуудас өгсөн нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуулиар Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гэрээ байгуулахгүй байх эрхийг олгоогүй байхад хуулиас дээгүүр шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хариу мэдэгдэх хуудаст Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээний хугацааг сунгахгүй гэсэн атлаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тодруулаагүй, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй атлаа ийнхүү шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Ийнхүү дээрх үндэслэлээр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар А.А надтай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоож, гэрээг сунгаж байгуулахыг даалгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Иргэн А нь боловсролын үйлчилгээний зориулалтаар ашиглах 100 м2 газрын дуудлага худалдаанд оролцож, уг газрыг 3200000 төгрөгөөр худалдан авч, Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/749 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатайгаар эзэмших, ашиглах болж эрхийн гэрчилгээгээ 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авсан. А.А нь  газрын албанд жил болгоны эхэнд очиж газрын төлбөрийн тулгалтаа хийхэд нь газрын алба газрын төлбөр хийгдсэн, гэрээ сунгагдсан гэдэг байсан. Иймээс жил бүр гэрээгээ сунгагдсан юм байна гэж ойлгодог байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сард газрын албанд очиход “бид завгүй байна, 2-р сарын сүүлээр ирж төлбөрөө төлж, гэрээгээ хийгээрэй” гэсэн. Үүний дагуу А нь 3 дугаар сарын эхэнд очиж газрын төлбөрөө төлсөн баримтаа тулгуулахад “танай асуудал болсон” гэсэн ба үүнийг А энэ жилийн гэрээ сунгагдлаа гэж ойлгосон. ...Энэхүү төрийн байгууллага, Засаг даргын гаргасан үйлдэл нь иргэн Агийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. ... Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.4-т газар эзэмшүүлэгчийн эрх, үүргийг зааж өгсөн байх ба  газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх үүргийг газрын албанд олгосон байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч жил бүр газрын төлбөрийг төлж, холбогдох баримтыг эрх бүхий байгууллагад нь үзүүлж байсан. Гэвч газрын алба үүрэгт ажлаа хийгээгүй. Бид Газрын албыг гэрээ байгуулах эрхгүй гэж хэлээгүй, харин тухайн байгууллагад гэрээ байгуулахаас татгалзах эрх хуулиар олгогдоогүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь А.Агийн газар эзэмших гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан, А 2017 онд кадастрын зургаа гаргуулсан гэх зэргээр зөрүүтэйгээ тайлбараа гаргаж байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд жил бүр дүгнэх гэж бий. Хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн бодит байдлыг дүгнэвэл нэхэмжлэгч жил бүр гэрээгээ дүгнүүлэх гэсэн байдал харагддаг. Газрын алба бол шийдвэр гаргаж байгаа субъектын үүргийг биелүүлдэг газар. Гэрээгээ сунгуулъя гэж очсон иргэнд сунгахаас татгалзсан байдаг. Энэ бол нэхэмжлэлийн гол шаардлага юм. Эрх бүхий этгээд шийдвэр гаргаагүй байхад газрын алба гэрээг сунгахгүй гэж байгаа нь хууль бус үйлдэл. Хариуцагч гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа гэж ярьж байна. Энэ бол тусдаа асуудал. Бидний зүгээс гэрчилгээ хүчингүй болгосон гэж маргаагүй. Үүнийг  ойлгоорой. Гэрээнд зааснаар гэрээг дүгнэх үүргийг газрын албанд үүрэг болгосон. Хариуцагч хариу тайлбартаа 2 зүйлийг гол үндэслэлээ болгосон байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт болон гэрээний 4.4-ийг зөрчсөн гэж байна. Эдгээр нөхцөл байдлыг газрын алба тогтоосны үндсэн дээр ийм тайлбарыг гаргасан байх. Эндээс харахад энэ байгууллага иргэнд мэдэгдэхгүйгээр нөхцөл байдлыг тогтоогоод шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргаад байна. Захиргааны байгууллагын санаачилгаар дуудлага худалдаа явагдаж, иргэн оролцож уг газрыг худалдаж авсан. Газрын алба бол тухайн нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй. Хариуцагчийн тайлбарыг сонсоход өрөөндөө сууж байгаад нэг шалгалт шүүлэг ирэхээр нь нөхцөл байдлыг газар дээр нь үзэхгүй, иргэндээ мэдэгдэхгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгодог юм байна. Өнөөдөр бид газар дээр нь очиж үзлэг хийлгүүлсэн. Хундаам цутгасан байсан. Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Газрын төлбөрийн тухайд гэрээнд зааснаас нь үзэхэд 4 дүгээр улиралд нэг удаа эсхүл улирал бүр 200 төгрөг төлж байхаар харагддаг. Өөрөөр хэлбэл 2 утгатай ойлгогдохоор байна. Үүнийгээ ойлгуулсны дараа алдангийн асуудал яригдах байх. Одоогийн цутгасан хундаам бол шаардлагыг хангасан. 10х10 харьцаатай газрын хаана нь ногоон байгууламж хийх вэ? Бодит байдалтай нийцэхгүй шаардлагыг тавьж байна. Магадгүй 2 давхрын дээвэр дээр ногоон байгууламж барих юм болов уу. Газар эзэмших гэрээ болон гэрчилгээг хүчингүй болгох эрх нь Засаг даргад байна. Засаг дарга гэрээ, гэрчилгээг хүчингүй болгоогүй байхад яагаад гэрээг сунгахгүй байгаа юм бэ. Газар эзэмших гэрээг сунгахын урьдчилсан нөхцөл нь гэрээг дүгнэх явдал юм. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Иргэн А.Ад аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/749 дугаар захирамжаар 100 м2 газрыг боловсролын үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Гэвч иргэн А.А нь 2014 оноос өнөөг хүртэл газар эзэмшүүлэх гэрээний 4.3 дахь хэсгийг зөрчиж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн гэрээний 4.4 дэх заалтыг зөрчиж газар эзэмшүүлэх гэрээг сунгуулаагүй тул газар эзэмшүүлэх гэрээг сунгах  боломжгүй тухай мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн. Газар эзэмших гэрээ байгуулах эрх нь манай байгууллагад олгогдсон байдаг. Агийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй. Нэхэмжлэгч сонсох ажиллагаа хийгдээгүй гэж байна. Хуулийн хүрээнд одоо сонсох ажиллагаа явагдаж байгаа. Гэрээнд гэрээг жил бүр дүгнэх гэж бий. Энэ нь 2 талын хэн хэнийх нь үүрэг юм. Газар эзэмшигч 4 жилийн хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй байж одоо гэрээгээ сунгуулна гэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана гэж бий. Мөн гэрээнд зааснаар газар дээр үл хөдлөх хөрөнгө байгуулаагүй тохиолдолд 2 жилийн дотор бусдад шилжүүлэхийг хориглодог. Гэтэл эднийх Тд газар эзэмших эрхээ шилжүүлэх гэж орж ирсэн. Ингээд гэрээг нь сунгаагүйг мэдсэн. Манай байгууллагыг нэхэмжлэгч тал  газар эзэмших гэрээ байгуулах эрхгүй гэж ярьж байна. Үүн дээр тайлбар хэлэхэд Засаг дарга захирамждаа гэрээ байгуулахыг манайд үүрэг болгож өгдөг ба мөн Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын 2008 оны 83 тоот журмын 10.4-т газар эзэмших гэрээг 2 хувь үйлдэнэ, шаардлагатай бол 3 хувь үйлдэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр манай байгууллага газар эзэмших гэрээ байгуулах эрхтэй юм. А нь тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй учраас бид гэрээ байгуулахаас татгалзсан. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-т зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эксиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер, хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ, мөн энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна. Энэ нь зураг төслийн дагуу баригдсан байх гэж заасан байдаг. Гэтэл зураг төсөл нь алга. Мөн гэрээний 6.6-д үл хөдлөх барилга байгууламж барих тохиолдолд аймгийн ГХБХБГазрын зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэнэ гэж бий. Нэхэмжлэгч тал өөрсдөө суурь гэж нэрлээд байгаа зүйлдээ эрх бүхий байгууллагаас нь зөвшөөрөл аваагүй. Шинжээч томилоод энэ нь суурь мөн үү, үгүй юу гэдгийг тогтооно. Өөрсдөө газар дээрх шороог нь савраар савардчихаад үүнийгээ суурь гэж байгаа нь мэхлэх арга юм. Гэрээний 5.5-д эзэмшилд авсан газрын 30-аас доошгүй хувьд ногоон байгууламж байгуулж тохижуулсан байна гэж тусгагдсан байдаг. Мөн энэ зүйл байхгүй. Иймд газар эзэмшигчийг газар дээрээ үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй байна.

Дуудлага худалдаагаар газар эзэмшсэн этгээд бусдаас давуу эрхтэй байна гэдэг үг, өгүүлбэрийг би гэрээ болон хуулиас хайгаад олоогүй. Иймд энэ хүн бусдын адил хуулийн дагуу газраа эзэмших нь зөв байх. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй. Мөн Аг газрын төлбөрөө дутуу төлсөн гэж үзэж байна. Гэрээнд зааснаар улирал бүрийн 25-ны дотор төлөх ёстой байсан. Гэвч хугацаандаа төлж байгаагүй учраас алдангийн асуудал яригдах ёстой. Улсыг хохироосон. А нь 2015, 2016, 2017 онд гэрээ байгуулаагүй учраас төлбөрөө хэрхэн яаж төлөх талаар мэдэхгүй байгаа нь зөв. Бид энэ газрыг гуйж өгөөгүй. А тавьсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч болно, бүтнэ гэж газрыг авсан. Яагаад заавал төрийн байгууллагыг буруутгаж байдаг юм бэ? Иргэд нь эрхээ мэддэг мөртлөө үүргээ биелүүлэхгүй байна. Бид Агийн гэрээний хугацаа дууссаныг жил болгон мэдэж байсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаа нь дууссан. Гэвч уян хатан байдлаар 4 жил хүлээсэн. 2017 онд эднийх Элбэгзаяаг авч явж газар дээрээ тэмдэг тавиулаад кадастраа хийлгүүлэн цемент цутгасан. Тэр цутгасан сууринд боловсролын үйлчилгээ явуулах зориулалттай барилга барьж яаж үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа юм бол? Эцэг, эхчүүд хүүхдээ өгөхөөс айна байх. Ямар ч зураг төсөвгүй нэг суурь цутгасан нь ёс зүйгүй асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.А нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар А.Атай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээний хугацааг сунгахыг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан болон хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч А.А нь дуудлага худалдаагаар дуудагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутагт Оргил кафейн урд талд байршилтай, 100 м.кв газрыг боловсролын үйлчилгээний зориулалтаар 3200000 төгрөгөөр худалдан авч, улмаар Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/749 тоот захирамжаар уг газрыг эзэмших болж, захирамжид үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 000505880 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А.Атай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Хариуцагчийн “... гэрээг жил бүр дүгнэх гэж бий. Энэ нь 2 талын хэн хэнийх нь үүрэг юм. Газар эзэмшигч 4 жилийн хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй...” гэх тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.А нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээ тухайн жил бүрд нь сунгуулаагүй байна. Гэвч Газрын тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно” гэж газрын албанд гэрээ байгуулах эрхийг хуулиар олгосон, мөн газар эзэмших гэрээний 4.4-т “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” гэж газар эзэмшүүлэгч этгээдэд үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч А.А нь энэхүү газрыг эзэмшсэн үеэсээ эхлэн жил бүр  буюу 2015, 2016, 2017 онуудад гэрээний 2.2-т заасан хугацаанд газрын төлбөрөө төлж, төлбөр хариуцсан мэргэжилтнээр төлбөрөө орсон эсэхийг хянуулдаг байсан болох нь ХААН банкны орлогын баримт, гэрч Д.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгч А.Аг жил бүр газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээний хугацааг сунгуулаагүй байна гэж буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.А нь газар эзэмших гэрээний 3.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэж заасны дагуу үүргээ биелүүлж газрын төлбөрөө төлсөөр байхад нь захиргааны байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй байна.  

2. Хариуцагч шүүх хуралдаан дээр ... А нь тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй учраас бид гэрээ байгуулахаас татгалзсан. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-т зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эксиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер, хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ, мөн энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна. Энэ нь зураг төслийн дагуу баригдсан байх гэж заасан байдаг. Гэтэл зураг төсөл нь алга. Мөн гэрээний 6.6-д үл хөдлөх барилга байгууламж барих тохиолдолд аймгийн ГХБХБГазрын зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэнэ гэж бий. Нэхэмжлэгч тал өөрсдөө суурь гэж нэрлээд байгаа зүйлдээ эрх бүхий байгууллагаас нь зөвшөөрөл аваагүй. Гэрээний 5.5-д эзэмшилд авсан газрын 30-аас доошгүй хувьд ногоон байгууламж байгуулж тохижуулсан байна гэж тусгагдсан байдаг. Мөн энэ зүйл байхгүй. Иймд газар эзэмшигчийг газар дээрээ үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй ...” гэж маргадаг ч энэ нөхцөл байдлаа тогтоож баримтжуулаагүй байх ба мөн Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/749 тоот захирамжид заагдсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх бүхий байгууллагаас нь хяналт тавьсан эсэх талаар баримтыг ирүүлээгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шийдвэр гаргах эрх нь аймаг, нийслэлийн Засаг даргад олгогдсон байхад газрын алба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн иргэн А.Атай байгуулсан газар эзэмших гэрээг сунгахаас татгалзсан /эс үйлдэхүй/ шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

3. Хариуцагчаас “... Бид Агийн гэрээний хугацаа дууссаныг жил болгон мэдэж байсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаа нь дууссан. Гэвч уян хатан байдлаар 4 жил хүлээсэн. 2017 онд эднийх Элбэгзаяаг авч явж газар дээрээ тэмдэг тавиулаад кадастраа хийлгүүлсэн ...” гэх зэргээр зөрүүтэй тайлбарыг гаргаж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар нь Х овогт Аийн Атай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь дээрх үндэслэлүүдээр хууль бус болох нь тогтоогдож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар А.Атай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х овогт Аийн Атай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг сунгаж байгуулахыг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар / дарга Э.Ч/-д даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Газрын харицлаа, барилга хот, байгуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.    

3. Хэргийн оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                            В.Ц