Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 04

 

Д.Д т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор Б.Мөнгөншагай

                                              Хохирогч  Н.З

                                               Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                               Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр захирамжинд прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 02 дугаартай эсэргүүцлээр, Д.Д т холбогдох эрүүгийн 1726000280008 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 охины хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 28-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хан хөгшин овгийн Д.Д  

Д.Д  нь 2015 оны 07 дугаар сараас эхлэн 2017 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 40 айлын орон сууцны 7 тоот болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар гудамж 05 тоотод 6 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй хүн болох өөрийн эхнэр Н.З г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Хан хөгшин овогт Дэлгэрсайханы Д т холбогдох эрүүгийн 1726000280008 тоот хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцааж, Д.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл  бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Д.Д  нь 2015 оны 07 дугаар сараас эхлэн 2017 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 40 айлын орон сууцны 7 тоот болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар гудамжны 05 тоотод 6 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй хүн болох өөрийн эхнэр Н.З г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон. Өвөрхангай аймгийн прокурорын газраас Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд, яллах дүгнэлтэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, газрыг хэт тоймлон бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар буюу яллах дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу үйлдээгүй, яллах дүгнэлтэд хохирогчийг 6 удаагийн үйлдлээр гэсэн боловч хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д ын 9 удаагийн зодсон үйлдлийн талаар мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэзээ, хаана, хэдэн удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар нотолж чадаагүй байна гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Д.Д т холбогдох эрүүгийн 1726000280008 дугаартай хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

1. Шүүгдэгч Д.Д  нь хохирогч Н.З г хэзээ, хэдэн удаа зодсон болох нь хохирогч Н.З гийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээч эмчийн 268 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Хохирогч Н.З гийн “...2015 оны сүүлээр хамар луу цохиж гэмтээсэн” гэх мэдүүлэг нь шинжээчийн “...хамар ясны хугарал гэмтэл нь 2015 оны 11 сард үүссэн байх магадлалтай” гэсэн дүгнэлтээр, “2017 оны 06 сарын сүүлээр шанагаар толгой руу цохиход нь гараараа хаахад зүүн гарын шуу зүсэгдэж сорви үүссэн” гэх мэдүүлэг нь шинжээчийн “...зүүн шууны сорви нь 2017 оны 07 сард үүссэн байх магадлалтай” гэсэн дүгнэлтээр, “...2017 оны 3 сарын үед нохой хооллох асуудлаас болж нүүр лүү өшиглөж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг нь шинжээчийн “...доод эрүүний сорви нь 2017 оны 03 дугаар сард үүссэн байх магадлалтай” гэсэн дүгнэлтээр, “...2015 онд хамтран амьдраад удаагүй байхад халуун тогооны таг шидэж хагалаад шилний хагархай дээр зодсоноос баруун мөрөнд сорви үүссэн” гэх мэдүүлэг нь шинжээчийн “...баруун мөрний сорви нь 2015 оны 08 дугаар сард үүссэн байх магадлалтай” гэсэн дүгнэлтээр, “...2017 оны 01 дүгээр сард хутгаар хүзүүнд сорви үүсгэсэн” гэх мэдүүлэг нь шинжээчийн “...хүзүүний сорви нь 2017 оны 01 дүгээр сард үүссэн байх магадлалтай” гэсэн дүгнэлтээр, “...2017 оны 06 дугаар сард нохойны хажуугаар хоол барьж явлаа гэж зодсоны улмаас баруун бугалганы шарх үүссэн” гэх мэдүүлэг нь шинжээчийн “...баруун бугалганы цус хуралт нь 2017 оны 06 дугаар сарын 20-нд үүссэн байх магадлалтай” гэсэн дүгнэлтээр тус тус давхар нотлогдсон. Мөн хохирогч Н.З  нь Д.Д ыг байнга гэртээ зоддог болохыг мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэгт “Д тай 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 12 дугаар cap хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, 40 айлын орон сууцны 7 тоотод хамтран амьдарч байгаад уг байраа зарж 2015 оны 12 дугаар сард хадмынхаа хашаанд буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар гудамжны 05 тоот хашаанд амьдарч байсан” талаар мэдүүлсэн. Уг мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н.Д  нь хохирогч Н.З г 2015 оны 8 дугаар cap болон 2015 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, 40 айлын орон сууцны 7 тоотод, 2017 оны 1 cap, 2017 оны 3 cap, 2017 оны 6 cap, 2017 оны 7 сард тус тус Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар гудамжны 05 тоот хашаанд тус тус зодсон болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх гэмт хэргийг хэзээ, хаана, хэдэн удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохыг тогтоогоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн хохирогч Н.З  нь анхан шатны шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээгүй асуудлын талаар мэдүүлж, уг үйлдлүүдийг сайн санахгүй хооронд нь хольж солиод байна гэсэн тайлбарыг хэлсээр байтал шүүх яллах дүгнэлтэд хохирогчийг 6 удаагийн үйлдлээр зодсон гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 9 удаагийн зодсон үйлдлийн талаар мэдүүлсэн гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана” гэж заасан ба прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газрыг “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 40 айлын орон сууцны 7 тоот болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар гудамжны 05 тоотод” гэж тодорхой бичсэн. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг “2015 оны 07 дугаар сараас 2017 оны 07 дугаар cap хүртэл хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр” гэж бичсэн нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэсэн шинжийг агуулдаг бөгөөд шүүгдэгч Д.Д ын үйлдэл нь 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 07 дугаар cap хүртэл 2 жилийн хугацаанд байнга зодсон шинжийг агуулж байгааг тодотгон харуулсан, гэмт хэрэг” үйлдсэн цаг хугацааг бичсэн гэж үзнэ. Гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

2. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл нь хэргийг “Урьдчилсан хэлэлцүүлэг”-ийн үед прокурорт буцаах асуудлыг зохицуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэхийн өмнө хийгдэх хурал байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасан ба анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь уг заалтад нийцээгүй байна. Уг хэргийг давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр буюу анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхэд тогтоогдоогүй асуудлаар прокурорт дахин буцаасан нь үндэслэлгүй юм. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай Д.Д т холбогдох хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа учраас анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Н.З  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 07 дугаар сар хүртэл Д ын байнгын бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэлд байсан. Энэ хэрэг 5 сарын хугацаанд шийдэгдэхгүй удаж байгаад гомдолтой байгаа. Хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Н.З гийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.  Шүүх анх хэргийг хүлээж аваад хэлэлцэх нотлох баримт бүрдсэн байна гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, бүрдээгүй байна гэж үзвэл прокурорт буцаах ёстой байсан. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлсэн мөртлөө хэлэлцүүлгийн үед буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ

Д.Д т холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр захирамж үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх, прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, газрыг хэт тоймлон бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар буюу яллах дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу үйлдээгүй, хохирогчийг 6 удаагийн үйлдлээр гэсэн боловч хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д ын 9 удаагийн зодсон үйлдлийн талаар мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэзээ, хаана, хэдэн удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар нотолж чадаагүй байна гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Д.Д т холбогдох 1726000280008 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Д т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон

                                    ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Д т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                             ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ                      

                                                                                                  Н.ЭНХМАА