Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01135

 

 “А”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03203 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 562 дугаар магадлалтай,                                                                                              

“А”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Х”ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21,083,334 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон машин борлуулсан үнийн зөрүү 27,916,666 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Х”ХХК нь манай ББСБ-аас 2015 оны 03 сарын 12-ны өдөр ЗГ-2015028 тоот зээлийн гэрээ, БГ-2015028 барьцааны гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч “Х”ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 сарын 12-ны өдөр дууссан бөгөөд ЗГ-2015028 тоот зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг 2016 оны 11 сарын 17-ны өдрөөр нэмэгдүүлсэн хүү 2,083,333 төгрөг, хуримтлагдсан хүү 3,000,001 төгрөг, зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, нийт 30,083,334 төгрөг болсон бөгөөд манай байгууллага энэхүү нэхэмжлэлийн дүнг 9,000,000 төгрөгөөр бууруулж 21,083,334 төгрөгийг “Х”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ”А”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг хэт ерөнхий мөн бодитойгоор болсон асуудлыг гуйвуулсан буруу ташаа мэдээлэл бүхий байна. “Х”ХХК нь тус байгууллагаас 100,000,000 төгрөгийн зээлийг нэг удаа бөөнд нь аваад одоо 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй биш юм. Нэг зуун сая төгрөгийн зээл нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор авсан шугаман зээл тул хэд хэдэн удаа цувуулан тухай бүрт нь барьцаа хөрөнгө тавьж аваад төлж барагдуулж байсан. “Х”ХХК нь хамгийн сүүлд 2015 оны 08 сарын 19-ний өдөр “АББСБ”-д өгсөн ХААН банкны 5028616160 тоот дансанд 87,260,000 төгрөгийг төлж барьцаа хөрөнгөө чөлөөлж авч байсан ба хорин таван сая төгрөг зээлэхэд 41-84 АЧ улсын дугаартай ачааны чиргүүлтэй 57-88 ХӨВ улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны автомашиныг “Алтан Эг” ББСБ өөрийн нэр дээр 03-98 УБИ улсын дугаартай болгон шилжүүлж авсан учир манай компани уг мөнгийг төлөхгүй байж байгаад 2016 оны 03 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл “Алтан эг” ББСБ нь 25,000,000 төгрөгийн зээлд 58,000,000 төгрөгийн үнэтэй NordBenz ачааны автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул нэхэмжилсэн 30,083,334 төгрөгийг NordBenz ачааны автомашины үнэ 58,000,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Автомашины үлдэгдэл мөнгөө бид “А” ББСБ-аас нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч “Х”ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Тус шүүхэд хандаж “А”ХХК нь нэхэмжлэл гарган манай компаниас зээлийн гэрээний үүрэг болох зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, хүү алданги 5,083,333 төгрөг, нийт 30,083,334 төгрөг нэхэмжилсэнтэй холбоотой дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. “А”ХХК нь манай компанид 100,000,000 төгрөгийн шугаман зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөгийг зээлэхдээ 03-98 УБИ улсын дугаартай NordBenz 60 хөлт ачааны машиныг 41-84 АЧ дугаартай 3 тэнхлэгтэй чиргүүлийн хамт өөрийн эзэмшилд шилжүүлсэн ба уг машиныг 2016 оны 3 сарын сүүлээр хураан авсан. ”А”ХХК нь машиныг хураан аваад хуучин 22-ын Товчооны баруун талд байрлах NordBenz төвд тавьсан байхад нь үнэлгээчин дагуулж үнэлгээ хийлгэсэн. 2010 онд үйлдвэрлэгдсэн NordBenz машиныг чиргүүлийн хамт иргэн н.Мөнхнасангаас 2015 оны 04 сарын 27-ны өдөр 72,000,000 төгрөгөөр худалдан авч тооцоо дууссан тул “А”ХХК-д 03-98 УБИ улсын дугаартай NordBenz 60 хөлт, ачааны автомашиныг 41-84 АЧ дугаартай чиргүүлийн хамт шилжүүлж 25,000,000 төгрөг авсан болохоор нэхэмжлэлийн үнийн дүн болох 30,083,334 төгрөгийг машины үнэлгээ 58,000,000 төгрөгөөс хасч тооцоод 27,916,666 төгрөгийг “А ББСБ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А”ХХК сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: “Х”ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. “Х”ХХК манай байгууллагатай харилцан тохиролцож шугаман зээл 100,000,000 төгрөгийг авч барьцаа хөрөнгөд өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2016 оны 4 сард “Х”ХХК 03-98 УБИ улсын дугаартай NordBenz 60 хөлт, ачааны автомашиныг 41-84 АЧ дугаартай чиргүүлийн хамт манай нэр дээр шилжүүлж үндсэн барьцаа хөрөнгө болох орон сууцаа чөлөөлж авсан байдаг. 2016 оны 08 сарын 19-ний өдөр 87,260,000  төгрөгийн зээл, зээлийн хүү төлөөд 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Түүнээс хойш нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй байсаар хүү нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн хамт 45,000,000 төгрөг болсон байдаг. 2016 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш зээл зээлийн хүү төлөөгүй тул бид 2016 оны 11 сард н.Өсөхжаргал гэдэг хүнд 25,000,000 төгрөгөөр худалдаж зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг хаасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.                                            

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03203 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Х”ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21,083,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг баримтлан ”Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А ББСБ” ХХК-иас 27,916,666 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар “А ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Х”ХХК-иас 154,183 төгрөгийг гаргуулж “А”ХХК-д, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 562 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,533 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насантогтох болон өмгөөлөгч В.Батжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 562 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн “...талуудын хооронд үүссэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй байна... гэж дүгнэснийг учир дутагдалтай байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр зээлдүүлэгчийн нэр дээр NordBenz маркийн 03-98УБИ улсын дугаартай ачааны машин, ZTQG30А маркийн 41-84АЧ улсын дугаартай чиргүүлийг шилжүүлсэн. Тухайн үед дээрх автомашин, чиргүүлийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлээгүй бол зээлдэгчийн өмнөх барьцаа болох орон сууцыг барьцаанаас чөлөөлөхгүй бөгөөд тухайн үед зээлдэгчийн хүсэлтээр автомашин, чиргүүлийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн үйлдэл юм. Эдгээр нөхцөл байдал нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгтэй нийцсэн гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг NordBenz маркийн 03-98УБИ улсын дугаартай ачааны машин, ZTQG30А маркийн 41-84АЧ улсын дугаартай чиргүүл нь 50 гаруй сая төгрөгийн үнэ хүрэхгүй болох нь гэрч н.Хашхүү, н.Өсөхжаргал нарын мэдүүлэг, “Фотонкарс” ХХК-ийн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа төдийгүй “Вендо” хөрөнгө үнэлгээний төвийн гаргасан дүгнэлт нь тухайн автомашин, чиргүүлийг үзээгүй байж гаргасан хууль бус дүгнэлт гэж үзэж байна. Магадлалд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй талаар дурьдсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гаргаж өгсөн бөгөөд тооцооллын талаар хариуцагчаас маргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс тодруулах талаар дурьдаж шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүйгээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй талаар дурьдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэл түүний үндэслэлийг нотлох баримтыг өөрөө цуглуулахаар ИХШХШ тухай хуульд заасан байхад энэ үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 562 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 181/ШШ2017/03203 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч “Х”ХХК-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,083,333 төгрөг, хуримтлагдсан хүү 3,000,001 төгрөг, нийт 30,083,334 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 21,083,334 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч “А ББСБ” ХХК-аас 27,916,666 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл  гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21,083,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, 27,916,666 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч “Х”ХХК болон нэхэмжлэгч “А ББСБ” ХХК хооронд байгуулагдсан 100,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар /шугаман зээл/ ЗГ-2015028 зээлийн гэрээ болон Б.Баярмаа, О.Ундрал, О.Учрал нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Залуус гудамж 27 дугаар байрны 12 тоот 54 м.кв орон сууцыг барьцаалсан БГ-2015028 барьцааны гэрээний хуулбар хэрэгт авагдсан ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Хариуцагч “Х”ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 87,260,000 төгрөгийг төлж, үндсэн зээлд 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй ба үүнээс хойш үндсэн зээл, зээлийн хүү төлөөгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 21,083,334 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан боловч “...зээлд барьцаалсан Норд Бенз 60 хөлт, 0398 УБИ улсын дугаартай, ачааны автомашиныг 4184 АЧ дугаартай чиргүүлийн хамт 25,000,000 төгрөгөөр бусдад худалдсан, иймээс зээлийн гэрээний үүргээс үлдэх  30,083,334 төгрөгийг машины үнэлгээ 58,000,000 төгрөгөөс хасч тооцсоны зөрүүг авах ёстой гэж 27,916,666 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагаа тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа нь Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Залуус гудамж 27 дугаар байрны 12 тоот 54 м.кв орон сууц байсан бөгөөд уг барьцааг 2016 оны 04 дүгээр сард чөлөөлж, харин 03-98 УБИ улсын дугаартай NordBenz 60 хөлт, ачааны автомашиныг 41-84 АЧ дугаартай чиргүүлийн хамт зээлдүүлэгч нь “А ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оргил нь Хөвсгөл аймгийн оршин суугч Г.Мөнхнасангаас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр /03-98 УБИ улсын дугаартай NordBenz 60 хөлт, ачааны автомашиныг 41-84 АЧ дугаартай чиргүүлийн хамт/ худалдан авч, тухайн өдрөө “А” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “А ББСБ” ХХК нь NordBenz 60 хөлт, ачааны автомашиныг 41-84 АЧ дугаартай чиргүүлийн хамт 25,000,000 төгрөгөөр худалдсан гэжээ.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийг үл маргах журмаар хугацаа дууссан өдрөөс эхлэн захиран зарцуулах эрхтэй байна гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 158-159 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлсэн эсэхийг анхаараагүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

Түүнчлэн дээрх автомашин болон чиргүүлийн хувьд талуудын тохиролцоо барьцаа эсхүл фидуци аль нь болох нь ойлгомжгүй байх тул шүүхээс хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй, зээлийн эргэн төлөлтийн график хэрэгт авагдаагүй, хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн хугацаа ойлгомжгүй, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн аль хэсгээс нь хасч байгааг тодруулаагүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 562 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.        

2. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь  хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 297,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН