Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 84

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багт оршин суух Жалайр овгийн Должинсүрэнгийн Ганболорын /РД: ДК92071309/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багт оршин суух Есөнбулаг сумын Индэрт багийн 9-7 тоотод оршин суух Жалайр овгийн Халтарын Нэргүйд /РД: ДК91062116/ холбогдох 
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганболор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Д.Ганболор шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нөхөр Нэргүйтэй 2014 онд танилцаад амьдрахаар зөвшөөрч 2015 оны 06 сарын 08-нд сүй хадаг тавьж улмаар 2015 оны 10 сарын 23-нд хүү Ганбилэг төрсөн. Хүүг төрснөөс хойш уулзаж ярилцаагүй өнөөдрийг хүрлээ. Манай ах Үйтүмэнтэй ээж нь ярьж найр хурим болохгүй, ээж ах дүүдээ дуулгаарай гэсэн байсан. Бид хоёр хамтарч амьдраагүй байсан тул хүүг өөрийн нэрээр овоглосон. Асуудлыг шийдвэрлэх байх гэж зөндөө хүлээсэн. Ямар ч холбоогүй болсон. Хүүгээ 1 удаа ч эргэж ирээгүй. Цаашид амьдрах боломжгүй болсон тул хүү Ганбилэгийн хувь заяаг бодож хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Нэргүй нь нэхэмжлэгч Д.Ганболортой хадаг сүү тавьж гэр бүл болж хурим найраа хийх гээд бүх гэр орон юмаа бэлдчихээд байж байтал Д.Ганболор нь би Улаанбаатар хотод байхдаа өөр залуутай байсан, тэрэнтэйгээ сууна, чамтай суухаа больсон гэдэг. Нэргүй нь Д.Ганболортой гэр бүл болохоор тохиролцож найзалж байгаад хүүхэд гарсан. Өөрийнхөө хүүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг. Өөр ямар нэгэн орлого байхгүй учраас тэтгэлгийг бага хэмжээгээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Баруун бүсийн амьжиргааны доод түвшингөөр гаргуулах санал оруулж байна. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар жилээр, сараар төлөх боломжтой байдаг. Хариуцагчийн тухайд жилээр тэтгэлэг төлөх хүсэлтэй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Ганболор нь хариуцагч Х.Нэргүйд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч Д.Ганболор нь хариуцагч Х.Нэргүйтэй 2014 онд танилцаж, дотно харьцаатай болсон байх бөгөөд нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Ганболорын Ганбилэг төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 8234000051  бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч Х.Нэргүй нь Г.Ганбилэгийг өөрийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн талаар тайлбарлаж, баруун бүсийн амьжиргааны доод түвшингөөр хүүхдийн тэтгэлэг гаргуулах санал оруулсан  байна. 
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жалайр овгийн Халтарын Нэргүйг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ганболорын Ганбилэгийн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эцэг Х.Нэргүй, хүү Г.Ганбилэг нарын хооронд эрх үүрэг үүссэн байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ганболорын Ганбилэгийг эх Д.Ганболорын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү Г.Ганбилэгт тэтгэлэг тогтоож эцэг Х.Нэргүйгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Нэргүйгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболорт олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Нэргүйгээс 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ганболорын Ганбилэгийн эцэг нь Жалайр овгийн Халтарын Нэргүй болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ганболорын Ганбилэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Х.Нэргүйгээр  тэжээн тэтгүүлсүгэй. 
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Ганболорт даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Х.Нэргүй нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Нэргүйгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболорт олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Нэргүйгээс 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ