| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/1007/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1058 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1058
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Ё.Д,
хохирогч Д.А,
шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х. П-д холбогдох эрүүгийн 2008000001224 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...аймгийн ...суманд төрсөн, ...настай, ..., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...тоотод оршин суух, урьд
-1996 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-2003 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн 1 жил 5 cap 8 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 11 дугаар сарын 21-ний өдөр хорих ялаас үлдсэн 1 жил 3 cap 14 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Х.П /РД:... /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.П нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн голын автобусны эцсийн буудал дээр иргэн Ё.Д-ийг “архины мөнгө нэхэхэд өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний баруун мөр хэсэгт гараараа цохиж газар унаган, босч ирэхэд нь дахин хөлийг нь хавсарч газар унаган, зүүн хавирга хэсэгт хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд “Цээжний баруун талын 6-р хавирга, зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн 2020 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн гол гэх газрын автобусны эцсийн буудал дээр иргэн Д.А-г “найз Д.Д-г өмөөрлөө” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар гараараа цохиж газар унаган эрүүл мэндэд “Тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.П шүүхийн хэлэлцүүлэгт: “мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээж байна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Ё.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “А бид 2 айлын зэрлэг зулгааж өгчихөөд буцаад явж байгаад Х.П-той тааралдсан, биднээс архины мөнгө нэхэхээр нь байхгүй гэхэд намайг цохисон. Тэр үед би газар унасан, тэгэхэд миний зүүн хавирга хэсэгт өшиглөөд авсан. Дараа нь А-г цохьсон. Х.П нь надад 300,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 191,000 төгрөгийг явцын дунд төлнө гэсэн” гэв./шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Х.П нь миний толгой руу чулуугаар цохьсон. Би толгойн томографи хийлгэхэд 120,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг гарсан. Би П-с 120,000 төгрөг авсан байгаа. Одоо үлдэгдэл 8000 төгрөгөө нэхэмжилж авна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Ё.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 7-8х/, хохирогч Д.А-гийн мэдүүлэг /хх-ийн 14х/, гэрч Д.Т-н мэдүүлэг /хх-ийн 17х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9184 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9185 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30х/, шүүгдэгч Х.П-ийн оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 47х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолтын хуулбар /хх-ийн 48х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 49х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 51х/, эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 52х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 65х, 70-81х/, шүүгдэгч Х.П-ийн мэдүүлэг /хх-ийн 40-41х/-ээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 2 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.П нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн голын автобусны эцсийн буудал дээр:
“архины мөнгө нэхэхэд өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн Ё.Д-ийн баруун мөр хэсэгт гараараа цохиж газар унаган, босч ирэхэд нь дахин хөлийг нь хавсарч газар унаган, зүүн хавирга хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд “найз Д.Д-г өмөөрлөө” гэх шалтгаанаар иргэн Д.А-н толгойн тус газар нь цохиж газар унаган эрүүл мэндэд нь “Тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь:
Хохирогч Ё.Д-ийн: “...Би хажуу айлын А гэх хүнтэй 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим уулзалдаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх Ч гэх айл очиж хашааны зэрлэг зулгааж өгсөн. Тэгсэн Ч, А бид хоёрт нэг шил шим гэсэн нэртэй 0.75 литрийн архи авч өгсөнийг бид гурав хувааж уусан. Архи дуусаад Ч-н гэрээс орой 20 цаг өнгөрч байхад А бид хоёр гараад автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн гол гэх газрын автобусны эцсийн буудал дээр буусан. Тэгсэн танил П гэх залуу ирээд надаас архи авч өг гээд байхаар нь би мөнгө байхгүй, чи яах гээд байгаа юм, би архи авч өгч чадахгүй гэсэн чинь П гэх залуу шууд миний баруун мөр хэсэгт гараараа цохисон. Тэр үед би газар унахад миний зүүн хавирга хэсэгт өшиглөөд авсан. Тэгсэн цаанаас нь А ирээд П гэх залууг чи одоо яагаад байгаа юм гэсэн чинь П гэх залуу А цохисон чинь А хойш унасан, тэгсэн түүний толгой хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд удалгүй эмнэлэг болон цагдаа ирсэн чинь П зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,
Хохирогч Д.А-гийн: “...Би хажуу айлын Д гэх хүнтэй 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим уулзалдаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх Ч гэх айл очиж хашааны зэрлэг зулгааж өгсөн. ...Архи дуусаад Ч-гийн гэрээс орой 20 цаг өнгөрч байхад Д бид хоёр гараад автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн гол гэх газрын автобусны эцсийн буудал дээр буугаад Д бид хоёр замын зогсож байсан чинь П гэх залуу ирсэн. Тэгэхээр нь би П-ийг чи Д бид хоёрыг гэрт хүргээд өгчих гэсэн чинь архины мөнгө нэхсэн. Тэгээд Д, П хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад зодолдоод байсан. Тэгэхээр нь би П гэх залууг чи одоо боль гэсэн чинь миний толгой хэсэгт цохиод авсан, тэгээд зугтаасан. Миний биед учирсан гэмтлийг П миний толгой хэсэгт гараараа цохиод тэр үед би хойш саваад унасан тэр үед үүссэн гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,
Гэрч Д.Т-н: “...Сонгинохайрхан дүүргийн ...тоотод оршин суудаг бөгөөд өнөөдөр аав Д өдөр 15 цагийн үед гэрээсээ айлд зэрлэг зулгаахаар гарсан. Тэгээд аав маань 21 цагийн үед хүнд зодуулчихлаа гээд хөрш айлын ах А-тай хамт согтуу орж ирсэн. ...Нарангийн голын эцэс дээр таксинд явдаг Пид зодуулсан тухай хэлсэн. Харин аавын найз хөрш айлын А ахын толгой хагарсан байсан ба эмч дуудаад үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9184 дугаартай шинжээчийн: “...Ё.Д-ийн биед цээжний баруун талын 6-р хавирга, зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9185 дугаартай шинжээчийн: “...Д.А-гийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30х/,
Шүүгдэгч Х.П-ийн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн гол гэх газар үл таних хүмүүстэй архи уусан. Цаг орой болсон байхаар нь би гэртээ харих гээд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн гол гэх газрын баруун талын автобусны буудал дээр очсон чинь танил Д, А гэх хоёр хүн байсан. Д, А хоёр архи уусан бололтой сууж байхаар нь би очоод тэр хоёроос надаа нэг мянга дөрвөн зуун төгрөг байна, нэмээд нэг архи авах гэсэн юм та хоёрт мөнгө байна уу гэсэн чинь Д надад мөнгө байхгүй, А-д мөнгө байгаа гэсэн. Тэгэхээр нь би А гэх хүнээс мөнгө байна уу, нэг шил архи авах гэсэн юм гэж хэлсэн чинь А таксины гуйлгачин мөнгө нэхээд байна гэсэн чинь Д нь над руу пизда минь гээд босоод ирсэн. Би Д-ийг барьж аваад хавираад газар унагаад дээр нь гараад бид хоёр хоорондоо зодолдсон. Тэгсэн А хажуу талаар орж ирээд байсан санагдаж байна. Нэг харсан чинь А-гийн толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан. Д 103 дууд гээд байсан. Тэгээд би гэрлүүгээ яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.П нь хохирогч Ё.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Д.А-гийн толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.П-ийн үйлдлүүд нийлмэл гэмт хэргийн шинжтэй, дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн шинжүүдийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл ангиудаар гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан нийт 491.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөнөөс шүүгдэгч нь 300,000 төгрөг төлж барагдуулсан, одоо үлдэгдэл 191,000 төгрөг төлөхөөр, хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 128.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөнийг шүүгдэгч Х.П нь төлж барагдуулсан байх тул хохирогч Д.А-д төлөх төлбөргүй болно.
Иймд шүүгдэгч Х.П-оос 191,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Д т олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х.П-д “... Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 410 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч Х.П нь хохирогч Д.А-н хохиролыг төлж барагдуулсан, хохирогч Ё.Д-т хохиролыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү” гэж,
Шүүгдэгч “саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Х.П-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүхээс шүүгдэгч Х.П-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан байдал, хохирогч нарын хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Х.П-ийн хувийн байдал, тодруулбал, тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 410 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 410 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Х.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х.П-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 410 (дөрвөн зуун арав) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 (гурван зуун арав) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 410 (дөрвөн зуун арав) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 310 (гурван зуун арав) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-оос 191,000 (нэг зуун ерэн нэгэн мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.Д т олгож, хохирогч Д.Ад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ