Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 85

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 17-43 тоотод оршин суух Урианхан овгийн Түвшингийн Эрдэнэцэцэгийн /РД: ДГ83032055/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд оршин суух Дархчууд овгийн Арилдийн Ариунболдод /РД: ДЭ80102013/ холбогдох 
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2007 онд А.Ариунболдтой танилцаж хамт амьдрах хугацаанд хүү Бэлгүдэйг 2008 оны 05 сарын 05-нд төрүүлсэн. 2007 оноос хойш хамтран амьдрах хугацаанд архи ууж, хардаж зодох нь даамжирч, хутга барьж ална гээд айлгаж хутгаар гар зүсэж, үс хайчлан ухаан алдаж унатал зодож, 103 болон 102 дуудаж байсан. Эрүүгийн хуулийн 181.3 дахь зүйл ангиар намайг зодож эрүү үүсэж, шүүх хурлаар орж 5 жилийн хорих ял сонсож байсан тэр үед нь миний хань өөрийнхөө алдааг ухаарах байх гэж бодоод гомдлоо буцааж гомдолгүй гэж байсан. Гэтэл энэ хүн засрахгүй архи уугаад 2013 онд машинаа мөргөлдүүлээд өөрөө эрүүлжүүлэхэд ороод маргааш нь гэртээ ирэхээр нь би уурласан чинь намайг зодож, эрхий хуруу руу хутгаар дүрсэн. Энэ үеэс надад хүүхдээ аваад хурдан явах, амьд үлдэх хүсэл төрсөн. Хамт байхад байнгын айдас түгшүүртэй маш хэцүү байсан учраас 2013 оны 09 дүгээр сард Улаанбаатар хот руу аав ээж дээрээ хүүгээ аваад очсон. Үүнээс хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтийг цуцалж, хүү А.Бэлгүдэйд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч А.Ариунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2008 онд Түвшин овогтой Эрдэнэцэцэгтэй гэр бүл болж хүү Бэлгүдэй мэндэлсэн. Т.Эрдэнэцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн дагуу гэр бүлээ цуцлуулж, хүүхдийн тэтгэмж төлөхөд бэлэн байна. Бидний гэр бүл цуцалсан ч гэсэн би хүүтэйгээ уулзаж, утсаар ярьж байх боломжийг хангаж өгөхийг хүсэж байна. Мөн намар хичээл эхлэх үеэр уулзаж хичээлийн хэрэгсэл, хувцсыг нь бэлдэж өгөх, садан төрөлтэй нь уулзуулж байх боломж нөхцөлөөр хангаж өгөхийг уламжилж байна гэжээ. 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг нь хариуцагч А.Ариунболдоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Хариуцагч А.Ариунболд нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг, хариуцагч А.Ариунболд нар нь 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан №0084825 /Г№46/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ...” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэрлэгчид нь 2013 оноос хойш тусдаа амьдарсан, хоорондын таарамжгүй байдал, мөн гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүү Ариунболдын Бэлгүдэй төрсөн болох нь хэрэгт авагдсан №0187518 /Г№138/ дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. 
2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ариунболдын Бэлгүдэй нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог, хүүхдийн санал болон хариуцагчийн хүүхдээ эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн зэргийг үндэслэн хүү А.Бэлгүдэйг эх Т.Эрдэнэцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй бөгөөд талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү А.Бэлгүдэйг эх Т.Эрдэнэцэцэгийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү А.Бэлгүдэйд тэтгэлэг тогтоож эцэг А.Ариунболдоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хариуцагч А.Ариунболдод шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ариунболдоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг хариуцагч А.Ариунболдоос гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Урианхан овгийн Түвшингийн Эрдэнэцэцэг, Дархчууд овгийн Арилдийн Ариунболд нарын /2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн №0084825 /Г№46/ дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалсугай. 
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.Бэлгүдэйг эх Түвшингийн Эрдэнэцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.Бэлгүдэйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг А.Ариунболдоор тэжээн тэтгүүлсүгэй. 
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Эрдэнэцэцэгт даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч А.Ариунболд нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг нь А.Ариунболдыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
7. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү  шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.  
9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ариунболдоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг хариуцагч А.Ариунболдоос гаргуулан улсын орлогод оруулсугай. 
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ