Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1062

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Б.Гт холбогдох 2008025071283 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт, Төв аймгийн ... оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Г /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Г нь “...” ХХК-нд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс “бэлэн хариуцсан худалдааны төлөөлөгч”-өөр ажиллах хугацаандаа:

2020 оны 6 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 2 дугаар гудамжинд байрлах “У” хүнсний дэлгүүрээс 2.574.560 төгрөгийн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг,

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо баруун баян уулын 6 дугаар гудамжинд байрлах “Э” хүнсний дэлгүүрээс 3.528.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг,

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 25 дугаар гудамжинд байрлах “...“ хүнсний дэлгүүрээс 327.360 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг дансаар шилжүүлэн авч хувьдаа завшиж 6.429.920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бийн мэдүүлэг /хх-ийн 9-14х/, гэрч Д.Хийн мэдүүлэг /хх-ийн 22х/, гэрч З.Бын мэдүүлэг /хх-ийн 23х/, гэрч С.Эийн мэдүүлэг /хх-ийн 27х/, Б.Сгийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 84-85х/, шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 35х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 36х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 39х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 40х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/, ажил горилогчийн анкет /хх-ийн 52-55х/, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/04/80 дугаартай “Албан тушаал шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 56х/, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/04/539 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 57х/, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/04/171 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 58х/, “...” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 59-66х/, шүүгдэгч Б.Гийн мэдүүлэг /хх-ийн 102-104х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь “...” ХХК-нд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчөөр томилогдон, “...” ХХК-ны бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар өөрийн хариуцсан бүсэд харьяалагдах газруудаас захиалга авч, борлуулалт хийж байхдаа:

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо баруун баян уулын 6 дугаар гудамжинд байрлах “Э” хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүний төлбөр болох 3.528.000 төгрөгийг,

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 25 дугаар гудамжинд байрлах “...“ хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүний төлбөр болох 327.360 төгрөгийг,

2020 оны 6 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 2 дугаар гудамжинд байрлах “У” хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүний төлбөр болох 2.574.560 төгрөгийг дансаар шилжүүлэн авч хувьдаа завшин, бусдад нийт 6.429.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бийн: “...Над руу 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай “...” ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг М гэх залуу утсаар ярьж СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах зээлээр бараа авсан дэлгүүрүүдээр явж барааны мөнгө авах гэтэл манай байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад гарсан Б.Г гэх залуу ажиллаж байх хугацаандаа 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр СХД-ийн 25-р хороо Зүүн салаанд байрлах Э нэртэй дэлгүүрээс 3.528.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “У” нэртэй дэлгүүрээс 2.565.260 төгрөг мөн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр СХД-ийн 24-р хороо Баруун салаанд байрлах Өлзийтсайхан нэртэй дэлгүүрээс 327.360 төгрөгийг “барааны мөнгөө авъя” гэж хэлээд худалдагч нараас нь аваад явсан байна. Дээрх дэлгүүрүүдээс 11 хувь хөнгөлсөн гэж байгууллагын нэр барьж худлаа хэлж мөнгө авсан байсан.  ...нийт 6.429.920 төгрөгийн хохирол учирсан.

Б.Гтой ...гэсэн дугаараар холбогдож ирэхээр нь “чи ямар учраас 3 дэлгүүрээс зөвшөөрөлгүй мөнгө авсан юм бэ” гэж асуухад “Эмээ эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон юм, тэгээд мөнгө хэрэг болоод байхаар нь байгууллагад хэлэхгүйгээр мөнгө авч хувьдаа хэрэглэсэн удахгүй буцаагаад төлчихнө” гэж хэлэхээр нь “Хэзээ төлөх вэ” гэж хэлэхэд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эцсийн хугацаа гэж хэлэхээр нь 24-ний өдөр хүртэл хүлээхэд утсаа авахгүй тэрнээс хойш зөндөө залгаад утсаа аваагүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Б.Г нь манай байгууллагад 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилд орох анкет бөглөж, тухайн сарынхаа 19-ний өдөр сүлжээний дэлгүүрийн төлөөлөгчөөр ажилд орж тушаал нь гарсан. Тэгээд тэрнээс хойш ажлаа хийж байгаад 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр худалдааны төлөөлөгч албан тушаал дээр очиж ажиллах болж, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажлаа хийхээ албан ёсоор больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-14х/,

Гэрч Д.Хийн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр СХД-ийн 9-р хороо Баруун баян уулын 6-р гудамж 23 тоотод байрлах “Э” нэртэй дэлгүүр дээрээ ажлаа хийгээд явж байтал “...” ХХК-ийн улсын дугаарын мэдэхгүй ачааны машинтай тус байгууллагын худалдааны төлөөлөгч Б.Г гэх залуу хүрч ирээд 3.528.000 төгрөгийн үнэ бүхий 100 авдар лаазтай “Вакус” нэртэй бүтээгдэхүүн зээлээр өгчхөөд “та орой гэхэд мөнгөө шилжүүлчхээрээ наад бараа чинь 11% хөнгөлөөд 3.139.920 төгрөг болж байгаа шүү” гэж хэлээд С гэсэн хүний “Хаан” банкны ...дугаартай данс бичиж өгөөд явсан юм. Тэгээд би маргааш өдөр нь буюу 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дэлгүүр дээрээ байж Б.Гийн бичиж өгсөн “Хаан” банкны С гэсэн данс руу өөрийнхөө “Хаан” банкны ... гэсэн дугаартай данснаас 1.139.920 төгрөг “Худалдаа Хөгжлийн” банкныхаа ... гэсэн дугаартай данснаас 2.000.000 төгрөг шилжүүлж, нийт 3.139.920 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгтэл хэд хоногийн дараа “...” ХХК-ийн ажилтан М гэх залуу хүрч ирээд “...Вакус барааныхаа 3.528.000 төгрөгийг авъя...” гэж хэлэхээр нь “Юу яриад байгаа юм бэ? танай байгууллагын ажилтан Б.Г гэх залуу надаас 3.139.920 төгрөгийг 11% хөнгөлсөн гэж хэлээд шилжүүлж авсан” гэж хэлсэн чинь “Наадах чинь барааны мөнгө авах ёсгүй хүн байгаа юм” гэж хэлээд явсан. Тэгээд тэрнээс хойш дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

Гэрч З.Бын: “...2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би ... нэртэй супер маркет дэлгүүр дээрээ байж байтал ... ХХК-иас вакус 96 ширхэг, алое ундаа 3 ширхэг, жижгээс нь 12 ширхэг, кофе 60 ширхэг, энергийн ундаа 24 ширхэг нийт 327,360 төгрөгийн бараа ирсэн юм.Тэгтэл орой байгууллагын худалдааны төлөөлөгч Г гэх залуу ирж барааны мөнгөө авъя гэж хэлэхээр нь бэлнээр тоолж өгөөд явуулсан. Тэрнээс хойш нэлээд хэд хоногийн дараа ... ХХК-ний ажилтан М гэх залуу хүрч ирээд барааны мөнгө нэхэхээр нь танай байгууллагын ажилтан Г гэх залуу хүрч ирээд аваад явсан гэж хэлсэн чинь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

Гэрч С.Эийн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ... ХХК-ийн худалдааны төлөөлөгч болох Г гэх залуу орж ирээд 1,208,000 төгрөгийн бараа болох вакус, энергийн ундаа, нухаш, алое вигра витамин зээлээр өгөхдөө манай байгууллага 11 хувийн урамшуулал зарлачихсан байгаа, 1,025,120 төгрөг өгнө шүү гээд явсан юм. Тэгээд орой над руу 16 цагийн орчимд утсаар ярьж барааны мөнгөө шилжүүлээрэй гэж хэлэхээр нь 16 цаг 31 минутад өөрийнхөө Хаан банкны ... гэсэн дугаартай данснаас ...гэсэн дугаартай С гэсэн данс руу хийлгэсэн. Тэгээд тэрнээс хойш Г гэх залуу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манай дэлгүүр дээр хүрч ирээд 191.260 төгрөгийн үнэ бүхий үсний шампунь, ангижруулагч өгчхөөд явсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүрч ирээд өчигдрийн барааны мөнгө авъя гэж хэлээд 191.260 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Г манай дэлгүүр дээр ирээд вакус, кафе, үсний ангижруулагч, үсний шампунь, алое зэрэг 1,175,300 төгрөгийн бараа өгөхдөө 11 хувийн урамшуулал зарлачихсан байгаа 1,037,740 төгрөг өгөөрэй гэж хэлээд явсан юм. Маргааш өдөр нь буюу 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай ажил дээр хүрч ирээд өчигдрийн барааны мөнгө өгчих гэж хэлэхээр нь 1,037,740 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ... гэсэн дугаартай данснаас 500151374 гэсэн дугаартай С гэсэн данс руу хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

Б.Сгийн “Хаан” банкны ... дугаартай дансны хуулга /хх-ийн 84-85х/,

Шүүгдэгч Б.Гийн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны ... ХХК-д ажилд орохоор анкет бөглөж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Мерчиндайзераар тушаал гарч сүлжээ дэлгүүрүүдийн барааны өрөлтийг хариуцаж ажлаа хийж байхад 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тушаал өөрчлөгдөж худалдааны төлөөлөгчөөр томилогдож дэлгүүрүүдээр явж барааны захиалга авч өгдөг байсан. Тэгээд ажлаа хийж байх хугацаанд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 3.528.000 төгрөгийн 100 авдар лаазтай вакус барааг Баянхошууны эцэст байрлах Э нэртэй дэлгүүрт 11 хувь хөнгөлж байгаа шүү 3.139.920 төгрөг өгөөрэй гэж хэлээд хуучин үерхэж байсан найз охин болох Сгийн хаан банкны ...гэсэн дугаартай дансыг бичиж өгөөд энэ данс руу хийгээрэй гэж хэлээд явсан юм. Маргааш өдөр нь буюу 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сгийн данс руу ... гэсэн дугаартай данснаас 1.139.920 төгрөг, ... гэсэн дугаартай данснаас 2.000.000 төгрөгийг Э дэлгүүрээс нийт 3.139.920 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би найз охин Сгийн интернет банк болон Хаан банкны виза картыг нь ашиглаж байсан болохоор орж ирсэн мөнгөнүүдийг өөрийнхөө голомт банкны 3305120593 гэсэн дугаартай данс руу шилжүүлж авч хувьдаа хэрэглэсэн. 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдөр СХД-ийн Зүүн салаанд байрлах У нэртэй дэлгүүр дээр очиж 1.208.000 төгрөгийн үнэ бүхий вакус, нухаш, алое, вигра витамин, энергийн ундаа зэрэг барааг өгөхдөө урамшуулал зарласан, 11% хөнгөлж байгаа 1.025.120 төгрөг өгөөрэй гэж хэлээд Сгийн хаан банкны ...дугаартай дансыг бичиж өгөөд явсан. 16 цагийн орчимд утсаар ярьж барааны мөнгөө хийгээрэй гэж ярьсан чинь 5100148359 гэсэн дугаартай данснаас 1.025.120 төгрөг шилжиж орж ирэхээр нь өөрийнхөө голомт банкны данс руу шилжүүлж авч хэрэглэсэн. Мөн тухайн дэлгүүрт 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 191.260 төгрөгийн үнэ бүхий үсний шампунь, ангижруулагч өгчихөөд маргааш өдөр нь буюу 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр буцаж очоод 191.260 төгрөгийг бэлнээр авч хувьдаа хэрэглэж дууссан. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр У дэлгүүр дээр дахин очиж 1.175.300 төгрөгийн үнэ бүхий вакус, кофе, үсний шампунь, ангижруулагч, алое ундаа зэрэг бараануудыг өгөхдөө 11% хөнгөлж байгаа 1.037.740 төгрөг өгөөрэй гэж хэлээд явсан юм. Маргааш өдөр нь Сгийн данс руу 1.037.740 төгрөг шилжүүлж аваад өөрийнхөө голомт банкны данс руу шилжүүлж авч хувьдаа хэрэглэж дуусгасан. У нэртэй дэлгүүрээс нийт 2.254.120 төгрөгийг авсан. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчим СХД-ийн Баруунсалаанд байрлах Ө нэртэй дэлгүүрт очиж 96 ширхэг вакус, том жижиг нийлсэн 15 ширхэг алое ундаа, 60 ширхэг кофе, 24 ширхэг энергийн ундаа өгчхөөд барааны мөнгө болох 327.360 төгрөгийг бэлнээр авч хувьдаа хэрэглэж нийт 3 дэлгүүрт байгууллагын 6.429.920 төгрөгийг барааг өгсөн байснаас 11% хөнгөлж байгаа гэж худлаа хэлж 5.528.000 төгрөгийг авч хэрэглэсэн юм. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч ... ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа шууд санаатай, шунахай сэдэлтийн улмаас тус компанийн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнүүдийн төлбөр болох 6.429.920 төгрөгийг завшиж, ... ХХК-нд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Иймд шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ... ХХК-нд 6.429.920 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ нь “...Г нь манай байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Манай байгууллагад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 12х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Б.Гт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Б.Гт танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ