Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2017/00045/И/ |
Дугаар | 86 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 86
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-5 тоотод оршин суух Тайж овгийн Цацралтын Цээмаагийн /РД: ДЮ83060500/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цээмаа, хариуцагч байгууллагын дарга З.Мөнхнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цээмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймаг дахь орон нутгийн өмчийн албанд 2014 оны 10 сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Ингэж ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлж ирсэн. 2016 оны 08 сарын 03-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор Аймгийн орон нутгийн өмчийн албатай худалдан авах ажиллагааны албыг нэгтгэж Орон нутгийн өмчийн газар нэртэй болгон 2016 оны 12 сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргын А/418 дугаартай захирамж гарсан. Гэтэл 2016 оны 12 сарын 20-ны өдөр надад ямар ч мэдэгдэх хуудас өгөөгүй, мөн намайг ажлаас чөлөөлсөн тушаал захирамжгүй, харин Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 12 сарын 20-ны Б/01 дугаар тушаалын дагуу миний ажлыг хүлээн авч, Худалдан авах ажиллагааны албаны нягтлан бодогч Я.Зогсохжаргалыг томилсон. Ингэж томилохдоо Төрийн сангийн хэлтсээс мэргэжилтнүүд ирж Худалдан авах ажиллагааны нягтлан бодогч Я.Зогсохжаргал бид хоёроос шалгалт авсан боловч энэ нь хүчин төгөлдөр шалгалт байсан гэхэд эргэлзээ төрж байгаа юм. Учир нь төрийн албаны шалгалтанд тэнцээд ажлаа хийж байгаа албан хаагчаас дахин шалгалт авах эрх төрийн сангийн хэлтэст байхгүй бөгөөд шалгалт авах асуудлыг Төрийн албаны салбар зөвлөл хариуцаж авах ёстой гэж би үзэж байна. Мөн түүнчлэн намайг ажлаас гаргахдаа орон тоог цөөрүүлэх хэрэгтэй байна, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа гэж хэлж байсан мөртлөө намайг ажлаас гарснаас хойш Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг мэргэжилтнээр ажилд авсан байна. Иймд 12 сарын 20-ноос хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж авсан дээрх шалгалтыг хүчингүй болгуулах, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай ОНӨГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд буцаан томилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Цээмаа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон нутгийн өмчийн албанд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолооо орон нутгийн өмчийн газар нэртэй болсон боловч ажлын байрны чиг үүрэг хэвээр байсан, нэр томьёо л өөрчлөгдсөн. Би орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогч байсан нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бөгөөд орон тоог хассан тохиолдолд заавал мэдэгдэх ёстой. Худалдан авах ажиллагааны албаны нягтлан бодогч Я.Зогсохжаргалыг томилж, миний ажлыг хүлээн авсан явдал нь миний эрх зүйн байдлыг дордуулсан, нийгмийн даатгалын ажилгүйдлэн тэтгэмж авч чадаагүй. Ахлах мэргэжилтэнг жирэмсний амралттай байхад нь ямар нэгэн нэмэгдэлгүйгээр аймгийн бүх эд хөрөнгийг тоолж, зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Нягтлан бодогч Я.Зогсохжаргалтай хамт шалгалтанд оруулсан боловч тухайн шалгалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Я.Зогсохжаргалын нөхөр н.Ундрахбаяр нь Төрийн сангийн хэлтэст төсөв хянаж гүйлгээг хариуцан ажилладаг гол албан тушаалтан. Энэ нь төрийн албаны тухай хуульд зааснаар ашиг сонирхол үүсч байна. 12 сарын 20-ноос хойш ажилгүй байсан хугацааны цалин 1.984.844 төгрөг, томилолтын мөнгө 257.200 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Томилолтын мөнгийг гаргуулах шаардлагаас татгалзаж байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдаа авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, 52 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 1.984.840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын дарга З.Мөнхнасан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг буюу Орон нутгийн өмчийн газрыг байгуулахаар тогтоосон. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурал нь 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг татан буулгасан. Нэхэмжлэгч Ц.Цээмаа нь хуучнаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулсан. Ингэж тус газар үүсэн байгуулагдаж, 2016 оны жилийн эцсийн төсөв санхүүгийн гүйлгээ хаах үе дөхсөн байсан тул шинэ бүтцийн дагуу газрынхаа албан хаагчдыг байршуулах зайлшгүй шаардлага гарсан. Татан буугдсан Орон нутгийн өмчийн алба, мөн Худалдан авах ажиллагааны алба нь тус бүрдээ нягтлан бодогчтой байсан, шинээр байгуулагдсан газрын батлагдсан бүтэц орон тоонд дан ганц нягтлан бодогч гэсэн албан тушаал батлагдаагүй, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, нягтлан бодогч гэсэн орон тоо батлагдсан байсан тул тус албадад ажиллаж байсан 2 нягтлан бодогчоос хууль журмын дагуу аль нэгийг нь сонгож томилох зайлшгүй шаардлага гарч, тус 2 албан хаагчаас хэн нь нягтлан бодогчийн албан тушаалд илүү их нийцэж байгааг нь зөвшилцөхөөр газрын даргын 2016 оны 07 тоот албан бичгээр Санхүү, төрийн сангийн хэлтэст саналаа хүргүүлж, Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн 2016 оны 6/1368 тоот албан бичгийг голлон авч үзэж газрын нягтлан бодогчоор Я.Зогсохжаргалыг томилсон. Газрын нягтлан бодогч нь худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгэх ёстой, Я.Зогсохжаргал нь худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээтэй байгаа нь уг хүн тус албан тушаалд илүү их нийцэж байгааг нотлон харуулж байгаа тул нягтлан бодогчийг томилсон шийдвэрийг хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарыг сонсоход ямар нэгэн байдлаар мэдээгүй байж байхад нь нягтлан бодогчийн ажилд авсан гэж байх шиг байна. Манайхан бүгд мэдсэн байсан. 09 сарын 01-ний өдрөөс хойш цалингаа авалгүй байж байгаад байгуулагдсан. Нягтлан бодогчийн асуудал яригдана гэдгийг мэдэж байсан. Байнга чиглэл өгөөд амаар ярилцаж мэдэж байсан. Үзлэг тооллогын ажлыг ганцаараа хийсэн юм шиг ярьж байна. Өөр өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу ажилласан. Жирэмсний амралтаа эдлэхдээ мэргэжилтэнд хэлээд явсан. 09 сарын 01-ний өдөр ажилдаа ороход нэгтгэгдээгүй байсныг би өөрөө нэгтгэж Тамгын газар луу явуулсан. Ц.Цээмааг би чөлөөлөөгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 55 дугаар тогтоолоор байгууллага нь татан буугдсан. Албан байгууллага татан буугдахад чөлөлөөх ёстой байсан байх. Заавал би чөлөөлөх үндэслэл байхгүй. Ц.Цээмаа нь төрийн үйлчилгээний албан хаагч байсан нь түүний төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад орж тэнцсэнтэй хамааралгүй, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага нь шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан тул уг шалгаруулалттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг манай газар хариуцах шаардлагагүй гэж үзэж байна. Ундрахбаяр нь төрийн сангийн хэлтэст 6-7 жил ажиллаж байгаа. Нөгөө нягтлан бодогч дээр манай гүйлгээ хийгддэг тул ашиг сонирхол үүсэхгүй байх. Ажилгүйдлийн тэтгэмж аваагүй эсэх нь өөрийнх нь асуудал. Шинэ байгууллагынхаа тамга тэмдэг захиалаад 12 сарын 20-ны өдөр болоод 12 сарын 23-нд эхний ээлжинд нягтлан бодогчоо томилох шаардлагатай болсон. 1.6 сая төгрөгийн тэтгэмжийг Ц.Цээмаа авсан. Тэтгэмжээ авахгүй гэж байгаа бол тэтгэмж бодож өгөхгүй. Өргөдлөө өгчихөөд 10 минутын дараа засвар хийе гэж хэлээд урчихсан. Маргааш нь миний тэтгэмжийн мөнгө буух гэж байна уу гээд асуугаад байсан. Томилолтоор бид нар хамт явсан. Бид нар өнөөдөр хүртэл аваагүй. Томилолтын зардал хүрэхгүй байгаа гээд тодотголоор тавьж өгөөгүй. Манай байгууллагад хүн нэмж аваагүй. Өөрсдөө дотроо байрлах газаргүй байгаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор татан буулгасан нь Ц.Цээмааг ажлаас чөлөөлөгдсөнийг нотлох төдийгүй нэхэмжлэгч нь бүтэц орон тооны өөрчлөлтөд орсонтой холбогдуулан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг төрөөс авсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Цээмаа нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдаа авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.984.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Цээмаа нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтанд орон тоог хассан тохиолдолд заавал мэдэгдэх ёстой. Гэтэл ямар ч мэдэгдэх хуудас өгөөгүй, мөн ажлаас чөлөөлсөн тушаал захирамжгүйгээр надад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.
Хариуцагч нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын дарга З.Мөнхнасан нь Ц.Цээмааг би ажлаас чөлөөлөөгүй. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ажиллаж байсан байгууллага нь татан буугдсанаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэж мэтгэлцэж байна.
Ц.Цээмаа нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн албанд 2014 оны 10 сарын 21-ний өдрөөс нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 20116 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 0128095 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Улмаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг татан буулгаж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны алба, татан буугдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны чиг үүргийг нэгтгэж, Орон нутгийн Өмчийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан болох нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны 55 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байна.
Ийнхүү өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар Орон нутгийн Өмчийн газрын бүтцийг батлахдаа Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн орон тоо нэг байхаар баталжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Мөнхнасан нь 2016 оны 12 сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай “Ц.Цээмаад тэтгэлэг олгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ц.Цээмаад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд “...Ц.Цээмааг би ажлаас чөлөөлөөгүй. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны 55 дугаар тогтоолоор ажиллаж байсан байгууллага нь татан буугдсанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 2016 оны 12 сарын 23-ны өдрийн Б/03 дугаар тушаалд ажлаас халагдсаны тэтгэмж олгохын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон...” гэж мэтгэлцэж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зохицуулсан байх тул хариуцагчийн “Би Ц.Цээмааг ажлаас чөлөөлөөгүй” гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол” ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулжээ.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заажээ.
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх”, “45 хоногийн өмнө мэдэгдэх” тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байхыг ойлгоно.
Иймд хариуцагчийн “...байгууллага татан буугдах гэж байгааг манайхан бүгд мэдэж байсан. Нягтлан бодогчийн асуудал яригдана гэдгийг байнга чиглэл өгөөд амаар ярилцаж мэдэж байсан...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмаар хийгээгүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 6/1368 дугаартай албан бичгээр шалгалтын дүнг ирүүлснээс 3 хоногийн дараа буюу 2016 оны 12 сарын 23-ны өдөр Ц.Цээмаад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг тэтгэлэг олгож ажлаас чөлөөлсөн нь хуульд заасан журмыг баримтлаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ц.Цээмаа нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Ц.Цээмааг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй байх тул нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдаа авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд Ц.Цээмаагийн 2016 оны 12 сарын 23-ний өдрөөс 2017 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 2 сар 10 хоногийн олговор 2.075.622 төгрөг болж байна.
Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.984.840 төгрөгийг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 1.984.840 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ц.Цээмаад олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 6 дугаар зүйлд зааснаар ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин 2.519.270 төгрөгийг 3 сард хувааж нэг сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалинг ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бататгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.984.840 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.707 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цээмааг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ц.Цээмаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.984.840 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ц.Цээмаад олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Цээмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.984.840 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.707 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ