Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 135

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч М.Э,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Э-д холбогдох 2028002010149 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

1. Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч  М.Э нь 2020 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8 дугаар багт байрлах Асар төвийн гадна байсан иргэн М.А-ийн эзэмшлийн “Супер Даюун” загварын улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 05 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 11-1 тоот хаягт байрлах монгол гэрээс /цоожгүй байсан/ И.Д-ийн “iРhоnе-6” загварын гар утсыг хулгайлж 205,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8 дугаар багт байрлах Асар төвийн гадна байсан Б.Б-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Даюун-200” загварын улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 150,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 2-30 тоот хашаанаас Ч.З-ын эзэмшлийн 17-34 ӨМГ улсын дугаартай “Иж планета-5” загварын мотоциклыг хулгайлж 90,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 02-19 тоот хаягт байрлах монгол гэрээс /цоожгүй байсан/ Н.Э-ын “Samsung Galaxy S-7” загварын гар утас, түрийвчтэй 230,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч 484,500 төгрөгийн буюу бусдад нийт 1,829,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч шүүгдэгч М.Э-гийн  яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  М.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж харамсаж байна. Энэ ял шийтгэлээ эдэлж дуусгаад архи уухгүй. Миний ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 04 цагийн үед миний байсан “Асар” төвийн гаднаас мотоцикл аваад явсан. Би дуугаар нь миний мотоцикл байна гээд ах унтаж байхаар нь дуудсан чинь цагдаа дууд гэсэн. Би цонхоор хартал дээгүүрээ шар өнгийн цамцтай, мөн шар өнгийн хар өргөн канттай өмдтэй, хар түрийтэй гуталтай хүн миний мотоциклыг унаад “Асар” төвийн баруун талын засмал замаар урагшаа цагдаагийн чигт явсан. Цагдаагийн машин намайг ирж аваад араас нь явахад эмнэлгийн урд хамгийн наад талын шатахуун түгээх станцын хавьд явж байсныг цагдаа нар зогсоогоод би мотоциклоо унаад тэр хүнийг цагдаагийн машинд суулгаад цагдаа дээр ирсэн. ...Би мотоциклоо бүрэн бүтэн хүлээн авсан, хохирсон зүйлгүй, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”. /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “2020 оны 07 дугаар сарын 07-ны өглөө өөрийн гэртээ унтаж байхдаа 05 цаг 49 минутад гэрээс хүн гарч байгаа харагдахаар нь нөхрөө гараад явж байна гэж бодоод нөхрийнхөө унтаж байсан газар луу харахад манай нөхөр унтаж байсан. Гэрт хүн орж ирээд гараад явсныг ойлгоод нөхрөө сэрээгээд гэрээс хүн гараад явчихлаа утаснууд байна уу гээд үзэхэд миний утас алга байхаар нь сая гэрээс гарч явсан хүн аваад явчихлаа араас нь яваарай гээд нөхрөө гаргаж явуулсан. Удалгүй нөхөр ирээд ойр орчим хүн харагдахгүй байна гээд хүрч ирээд алдагдсан гар утас руугаа залгахад дуудаад авахгүй байсан. Өглөө 7 цагийн үед босоод алдсан утас руугаа залгахад дуудаад байгаа боловч авахгүй байсан. ...Өдөр 13 цагийн үед манайд нэг залуу ирээд танай гэрт нэг залуу орж ирсэн үү гэж асуухаар нь юун залуу манайд орж ирэх ёстой вэ гэхэд би өглөө 05 цаг 30 минутын үед гэрээсээ гар утсаа алдаад хайж яваад утас авсан хүнээ олоод өөрийнхөө утсыг авсан. Гар утас авсан хүн надад дахиад зөндөө гар утас байна гэхээр нь тэр утас чинь хаана байна гэж заалгаж яваад танай хашаа руу давж ороод зугтсан гэж хэлсэн. ...Өдөр 14 цаг өнгөрч байхад гар утас авсан хүнээ хашааныхаа ойролцоо газруудаар байж магадгүй гэж бодоод хайгаад явж байхад Их уулын 11 дүгээр гудамжны 02 тоот хашааны ойролцоогоос өглөө манай гэрээс гарч явсан хүнтэй адилхан хувцастай хүн зугтаасан араас нь хөөгөөд гүйцээгүй алдсан. ...Би гар утсаа эргээд олчихсон болохоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй”. /хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хашаандаа өөрийн пинд банз мод хураах болоод пинд байсан “Иж планета-5” загварын мотоциклыг гаргаж гэрийн хажууд тавиад гэрийн хошлонгоос уяагаар бэхэлж орхисон. Манайх хашаагаа өөр хүнд түрээслээд өөр хаягт амьдарч байгаа. ... Гэрийн эзэн залуутай уулзаад гэрийнх нь гадаа тавьсан мотоцикл харж байгаарай би 1 дэх өдөр ирж авна гэж хэлсэн. 2020 оны 07 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед гэрийнхээ хашааны гадуур гарахдаа мотоцикл харахад байсан ба 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авах гээд очиход байхгүй байсан. ...Буруутай хүнээс мотоцикл болон мотоциклын үнийг нэхэмжилж байна”. /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс мотоцикл унаж ирээд Оюутын 09-04 тоот хашаанд байлгаж байсан. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүний машинаар хөдөө явах болоод аймгийн “Асар” төвд байна хүрээд ир гэхээр нь мотоцикл унаад очсон. Мотоцикл гэрт хүргэж өгчхөөд явъя гэхэд “Асар” төвийн хашаанд үлдээчих гэрт хүн байгаа зүгээрээ гэхээр нь үлдээгээд явсан. 2020 оны 07  дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед надтай хамт явсан найз Баянбатын эхнэр утсаар залгаад хашаанд байсан мотоцикл алга болсон байна гэж хэлсэн. Өглөө хөдөөнөөс ирээд “Асар” төвийн хашаанд очиход мотоцикл байхгүй байхаар цагдаад дуудлага өгсөн. Буруутай хүнээс мотоцикл болон мотоциклын үнийг нэхэмжилж байна. ...Гомдол байхгүй. Мотоциклоо олж авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй”. /хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би цаг хугацааг нь сайн санахгүй байна, гэхдээ 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Даланзадгад сумын төв “Гандирс” худалдааны төвийн гадна талд өөрийн тарьж ургуулсан улаан лоолийг зарж зогсож байгаад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Орой нь төрсөн эцэг Дэмчигийнд очиж байж байгаад 23 цагийн үед гэртээ ирээд хувцасны шүүгээн дээр түрийвч, утас хоёроо үлдээгээд амарсан. ...2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн үед босоод утсаа аваад цаг харах гэхэд олдохгүй байхаар охин, хүргэн хоёроо дуудаж бүгд хайж байсан. Тэр үед манай охин Гэрэлтуяа нь та энэ тэнд тавиад мартсан байх гээд бид хэд цагдаагийн байгууллагад хандаагүй. 2020 оны 06 дугаар сард 230,000 төгрөгөөр худалдаж авсан “Samsung S7” загварын гар утас, арьсан түрийвч болон түүний дотор байсан 230,000 төгрөгийн хамт алдагдсан. Надад 500,000 төгрөгийн хохирол учирсан”. /хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 05 цаг өнгөрч байхад надтай хамт хоносон найз Янжиндулам намайг сэрээгээд нэг хүн гэрт орж ирээд гараад явах шиг боллоо гэж хэлэхээр нь юун хүн байсан бэ гэхэд мэдэхгүй гэхээр нь хамт байсан хүмүүстээ утаснуудаа үзээрэй гэхэд манай найз Оогий миний утас алга байна гэж хэлсэн. Гэрээс гарч яваад 3 дугаар сургуулийн урд явж байсан нэг хүнийг Янжиндулам хараад өглөө гэрээс гарч явсан хүн мөн байна гэж хэлэхээр очиж уулзаад утас хаана байна гэхэд би аваагүй гэхээр нь чамайг аваад явсныг харсан гэж хэлэхэд хойно байсан айл юм уу гэж асуухаар нь би тийм гэж хэлсэн. ...Гэрээс авсан утас байгаа гээд 3 дугаар сургуулийн ар талд сааднаас модны доод талд нуусан байсан утас гаргаж өгсөн”. /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/

Гэрч Т.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 05 цаг 30 минутын үед байх чимээ гараад сэрэх үед гэрээс хүн гарч байгаа харагдсан. Найз Хандсүрэнг сэрээгээд танай гэрээс хүн гараад явчихлаа гэхэд босоод гар утас болон эд зүйлээ үзээрэй гэхээр нь үзэхэд миний юмнууд бүгд байсан. Найз Отгонбатын гар утас нь алга байсан. 09  цагийн үед буцаад гадуур явж байхад 3 дугаар сургуулийн урд Хандсүрэнгийн гэрээс гарч явсан хүн явж байхаар нь нөгөө хэддээ хэлээд очиж уулзаад утас хаана байна утсаа авъя гэхэд байхгүй би аваагүй гэхээр чи л байсан, чамайг гарч явахыг би харсан гэхэд утас чинь надад байгаа гаргаж өгье гээд 3 дугаар сургуулийн арын сааднаас модны доод талд нуусан байсан гар утсыг гаргаж өгсөн. ...Хохирол учраагүй”. /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөө явах гээд гэрийнхээ хашаанд байж байхад шар өнгийн хятад мотоцикл унасан нэг залуу хашаанд орж мотоцикл хямдхан авах уу гэхээр нь ямар үнээр зарах вэ гэж асуухад та үнээ хэлээд ав гэхээр нь 40,000 төгрөгөөр авъя болох уу гээд үнээ тохироод 40,000 төгрөгөөр худалдаж авсан”. /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай ээжийг гэртээ хаалга нь онгорхой ганцаараа унтаж байх үед нь гэрийн зүүн талд байрлах хувцасны шүүгээн дээр байсан цагаан өнгийн “Samsung S7” загварын гар утас болон улаан өнгийн дотроо 230,000 төгрөгтэй түрийвч, иргэний үнэмлэх, Хаан банкны ногоон өнгөтэй виза карт мэргэжлийн хоёр үнэмлэхийн хамт алдагдсан байсан. Тухайн үед бид нар эхийг энэ тэнд тавиад мартсан байх гэж бодож байсан”. /хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 641 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Хятад мотоцикл /Даюун/ 1 ширхэг, нэгжийн үнэ 900,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 900,000 төгрөг, нийт дүн 900,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Гар утас /Iphone6/ 1 ширхэг, нэгжийн үнэ 200,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 200,000 төгрөг, гар утасны гэр 1 ширхэг, нэгжийн үнэ 5,000 төгрөг, нийт дүн 205,000 төгрөгөөр” гэжээ. /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 648 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Хятад мотоцикл /Даюун/ 1 ширхэг, нэгжийн үнэ 150,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 150,000 төгрөг, нийт дүн 150,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 649 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Мотоцикл /Иж планета-5/ 1 ширхэг, нэгжийн үнэ 90,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 90,000 төгрөг, нийт дүн 90,000 төгрөгөөр” гэжээ. /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 698 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Цахим үнэмлэх 1 ширхэг, нэгжийн үнэ 4,500 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 4,500 төгрөг, бэлэн мөнгөний карт /Хаан банк/ 1 ширхэг, нэгжийн үнэ 5,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 5,000 төгрөг, гар утас /самсунг галакси S7/ 1 ширхэг, нэгжийн үнэ 230,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 230,000 төгрөг, түрийвч 1 ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг, нийт дүн 254,500 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хавтаст хэргийн 120 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих үүрээр 05 цагийн үед Их-Уулын 11 дүгээр гудамжны 01 тоот засмалын хажуу талын айлын үүд нь онгорхой гэрт орж “Iphone-6” загварын гар утас хулгайлаад “Цаг уур”-ын хажууд эзгүй айлын байшингийн баруун талд шатан доор нь уутанд боогоод эвдэрхий сандлын доор хийгээд маргааш нь цагдаад баригдаад уг гар утсыг хаана нууснаа хэлж өгөөд эзэнд нь буцааж өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 13-ны шөнө Даланзадгад сумын төвд байх “Асар” төвийн хашаан дотроос цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Даюун” загварын мотоцикл хулгайлаад үүрээр 05 цагийн үед эргүүлийн цагдаад баригдаад мотоциклыг эзэнд нь буцаагаад өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Даланзадгад сумын төвд байх “Асар” төвийн хашаан дотроос улаан шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Даюун” загварын мотоцикл хулгайлаад Хан-Уулын 17 дугаар гудамжны 06 тоотод түүхий эд авдаг хүнд 40,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч уугаад 2 хоногийн дараа цагдаад баригдаад хаана зарснаа зааж өгсөн. Би хэд хоногийн дараа 40,000 төгрөгөөр худалдаж авсан хүнд буцааж өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Даланзадгад сумын Зүүнсайханы 2 дугаар гудамжны 30 тоот хашаанаас 17-34 ӨМГ улсын дугаартай “Иж планета-5” загварын мотоцикл хулгайлж, түрж яваад нэг айлын гадна тавиад өглөө нь эрт Хан-Уулын 17 дугаар гудамжны 06 тоотод байх түүхий эд авдаг хүнд 30,000 төгрөгөөр зараад маргааш нь цагдаа нар очиж уг мотоциклыг хурааж аваад, би 30,000 төгрөгийг маргааш нь буцааж өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Наранбаатар гэх зүс таних хүнтэй хамт Зүүнсайханы тоглоомын талбай дээр архи ууж байгаад 3 цагийн үед бид хоёр салаад би Зүүнсайханы 2-19 тоот хашаан дотор хаалга нь онгорхой нэг Монгол гэрт ороод түрийвч, 100,000 төгрөгийн хамт, цагаан өнгийн “Samsung S7” загварын гар утсыг аваад, түрийвчийг нь хашаан дотор улаан хүрэн өнгийн “Поошиг” дээр тавиад мөнгө болон утсыг аваад явсан. Мөнгөөр нь архи авч уугаад, хоол унданд ороод цагдаад баригдаад гар утас болон хулгайлсан 100,000 төгрөгөөс үлдсэн 57,550 төгрөгийг хураалгасан”. /хавтаст хэргийн 138-141 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12, 25, 53, 77, 103  дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55, 80 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56, 57, 61, 63, 81, 82, 86, 88, 108 дугаар хуудас/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 30, 60, 85 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 33, 62, 87, 109 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 148-166, 169-170, 173-175, 179 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 155 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Энх-Амгаланд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч  М.Э нь 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,829,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Хас үнэлгээ” ХХК-ийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.А-д 900,000 төгрөг, И.Д-д 205,000 төгрөг, Б.Б-т 150,000 төгрөг, Ч.З-д 90,000 төгрөгийн хохирол учирснаас эд зүйлийг буцаан хүлээлгэн өгснөөр эдгээр хохирогч нарт хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Харин хохирогч Н.Э-т 484,500 төгрөгийн хохирол учирснаас 230,000 төгрөгийн гар утас, бэлнээр 57,550 төгрөгийг буцаан өгсөн. Иймд шүүгдэгч М.Э-с 196,950 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-т олгох саналыг гаргав.

Шүүгдэгч  М.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүгдэгч  М.Э нь 2020 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8 дугаар багт байрлах Асар төвийн гадна байсан иргэн М.А-ийн эзэмшлийн “Супер Даюун” загварын улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 05 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 11-1 тоот хаягт байрлах монгол гэрээс /цоожгүй байсан/ И.Д-ийн “iРhоnе-6” загварын гар утсыг хулгайлж 205,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8 дугаар багт байрлах Асар төвийн гадна байсан Б.Буянбаатарын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Даюун-200” загварын улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 150,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 2-30 тоот хашаанаас Ч.З-ын эзэмшлийн 17-34 ӨМГ улсын дугаартай “Иж планета-5” загварын мотоциклыг хулгайлж 90,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 02-19 тоот хаягт байрлах монгол гэрээс /цоожгүй байсан/ Н.Э-ын “Samsung Galaxy S-7” загварын гар утас, түрийвчтэй 230,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч 484,500 төгрөгийн  буюу бусдад нийт 1,829,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч М.А-ийн “...Би цонхоор хартал дээгүүрээ шар өнгийн цамцтай, мөн шар өнгийн хар өргөн канттай өмдтэй, хар түрийтэй гуталтай хүн миний мотоциклыг унаад “Асар” төвийн баруун талын засмал замаар урагшаа цагдаагийн чигт явсан...”, хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Д-ийн “...Өглөө 7 цагийн үед босоод алдсан утас руугаа залгахад дуудаад байгаа боловч авахгүй байсан. ... Өдөр 13 цагийн үед манайд нэг залуу ирээд танай гэрт нэг залуу орж ирсэн үү гэж асуухаар нь юун залуу манайд орж ирэх ёстой вэ гэхэд би өглөө 05 цаг 30 минутын үед гэрээсээ гар утсаа алдаад хайж яваад утас авсан хүнээ олоод өөрийнхөө утсыг авсан. Гар утас авсан хүн надад дахиад зөндөө гар утас байна гэхээр нь тэр утас чинь хаана байна гэж заалгаж яваад танай хашаа руу давж ороод зугтсан гэж хэлсэн...”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.З-ын “...“Иж планета-5” загварын мотоциклыг гаргаж гэрийн хажууд тавиад гэрийн хошлонгоос уяагаар бэхэлж орхисон. Гэрийнхээ хашааны гадуур гарахдаа мотоцикл харахад байсан ба 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авах гээд очиход байхгүй байсан...”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын “...Мотоцикл гэрт хүргэж өгчхөөд явъя гэхэд Асартай төвийн хашаанд үлдээчих гэрт хүн байгаа зүгээрээ гэхээр нь үлдээгээд явсан. 2020 оны 07  дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед надтай хамт явсан найз Баянбатын эхнэр утсаар залгаад хашаанд байсан мотоцикл алга болсон байна гэж хэлсэн. Өглөө хөдөөнөөс ирээд “Асар” төвийн хашаанд очиход мотоцикл байхгүй байхаар цагдаад дуудлага өгсөн...”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э-ын “...2020 оны 06 дугаар сард 230,000 төгрөгөөр худалдаж авсан “Samsung S7” загварын гар утас, арьсан түрийвч болон түүний дотор байсан 230,000 төгрөгийн хамт алдагдсан...”, гэрч Э.Х-ийн “...Гэрээс гарч яваад 3 дугаар сургуулийн урд явж байсан нэг хүнийг Янжиндулам хараад өглөө гэрээс гарч явсан хүн мөн байна гэж хэлэхээр очиж уулзаад утас хаана байна гэхэд би аваагүй гэхээр нь чамайг аваад явсныг харсан гэж хэлэхэд хойно байсан айл юм уу гэж асуухаар нь би тийм гэж хэлсэн. ...Гэрээс авсан утас байгаа гээд 3 дугаар сургуулийн ар талд модны доод талд нуусан байсан утас гаргаж өгсөн...”, гэрч Т.Я-ын “...Найз Отгонбатын гар утас нь алга байсан. 09  цагийн үед буцаад гадуур явж байхад 3 дугаар сургуулийн урд Хандсүрэнгийн гэрээс гарч явсан хүн явж байхаар нь нөгөө хэддээ хэлээд очиж уулзаад утас хаана байна утсаа авъя гэхэд байхгүй би аваагүй гэхээр чи л байсан, чамайг гарч явахыг би харсан гэхэд утас чинь надад байгаа гаргаж өгье гээд 3 дугаар сургуулийн арын модны доод талд нуусан байсан гар утсыг гаргаж өгсөн...”, гэрч Х.Х-ийн “2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөө явах гээд гэрийнхээ хашаанд байж байхад шар өнгийн хятад мотоцикл унасан нэг залуу хашаанд орж мотоцикл хямдхан авах уу гэхээр нь ямар үнээр зарах вэ гэж асуухад та үнээ хэлээд ав гэхээр нь 40,000 төгрөгөөр авъя болох уу гээд үнээ тохироод 40,000 төгрөгөөр худалдаж авсан...”, Б.Г-ийн “...2020 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай ээжийг гэртээ хаалга нь онгорхой ганцаараа унтаж байх үед нь гэрийн зүүн талд байрлах хувцасны шүүгээн дээр байсан цагаан өнгийн “Samsung S7” загварын гар утас болон улаан өнгийн дотроо 230,000 төгрөгтэй түрийвч, иргэний үнэмлэх, Хаан банкны ногоон өнгөтэй виза карт мэргэжлийн хоёр үнэмлэхийн хамт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 641, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 627, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 649, 648, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 698 дугаартай үнэлгээний дүгнэлтүүд, эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч  М.Э нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч  М.Э нь 2020 оны 07 дугаар сарын 06-наас 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр иргэн М.А, И.Д, Б.Б, Ч.З, Н.Э нарын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 1,829,500 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч М.Э-ийн буруутай үйлдлийн улмаас М.А-д 900,000 төгрөг, И.Д-д 205,000 төгрөг, Б.Б-т 150,000 төгрөг, Ч.З-д 90,000 төгрөг, Н.Э-т 484,500 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 641, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 627, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 649, 648, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 698 дугаартай үнэлгээний тогтоогдсон боловч шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, иргэний нэхэмжлэгч М.А-д 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Супер Даюун” загварын мотоцикл,  И.Д-д 205,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone-6” загварын гар утас, утасны гэр, Б.Б-т 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Даюун” загварын мотоцикл, Ч.З-д 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Иж планета-5” загварын мотоцикл, Н.Э-т 4,500 төгрөгийн үнэлгээ бүхий цахим үнэмлэх, 230,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-7” загварын гар утас, бэлнээр 57,550 төгрөгийг тус тус биет байдлаар буцаан олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Н.Э-т учирсан 484,500 төгрөгийн хохирлоос буцаан олгосон 230,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-7” загварын гар утас, бэлнээр 57,550 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 196,950 төгрөгийг шүүгдэгч М.Э-аас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э-т олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийг 4 дэх хэсэг, 6.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт учирсан хохирлоос хохирогч Н.Энхбаярт 196,950 төгрөгийн хохирол төлөгдөөгүй. Энэ хохирлыг шүүгдэгч М.Э-с гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь урьдчилан 35 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргав.

Шүүгдэгч  М.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.А, И.Д, Б.Буянбаатар, Ч.З нарт учирсан хохирлыг биет байдлаар буцаан олгож хохиролгүй болгосон, хохирогч Н.Э цахим үнэмлэх, “Samsung S-7” загварын гар утас, бэлнээр 57,550 төгрөгийг тус тус биет байдлаар буцаан олгож, үлдэх 196,950 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгатай тайлбар гаргасан.

Шүүгдэгч М.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  М.Э хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э-т учруулсан 484,500 төгрөгөөс 287,550 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг биет байдлаар буцаан олгосон боловч үлдэх 196,950 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Хэдийгээр шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад төлөгдөөгүй хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тайлбар гаргасан боловч яаж төлөх нь тодорхойгүй, төлөх хөрөнгө, цалин хөлс орлогогүй, төлөх эх сурвалжаа баталж чадаагүй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж, хорих ял хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэхгүй боломжгүй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч М.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчийн хувьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 2 жил 5 сар 23 хоногийн хорих ял шийтгүүлж, улмаар энэхүү хорих ялаа эдэлж байх үедээ Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай шүүгчийн захирамжаар түүнийг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 08 сар 06 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн хугацаанд дээрх хулгайлах гэмт хэргүүдэд холбогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 08 сар 06 хоногийн хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сар 24 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний 2020 оны 08 дугаар сарын 20-ноос хойш цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч  М.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Энэхүү хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д 1 /нэг/ жил 8 /найм/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 06 /зургаа/ хоногийн хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-аас 196,950 /нэг зуун ерин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 4 дүгээр баг, “Хотгор”-ын гол гэх газарт оршин суух хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э-толгосугай.

7. Шүүгдэгч  М.Э  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.А-д 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Супер Даюун” загварын мотоцикл,  И.Д-д 205,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone-6” загварын гар утас, утасны гэр, Б.Б-т 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Даюун” загварын мотоцикл, Ч.З-д 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Иж планета-5” загварын мотоцикл, Н.Э-т 4,500 төгрөгийн үнэлгээ бүхий цахим үнэмлэх, 230,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-7” загварын гар утас, бэлнээр 57,550 төгрөгийг тус тус биет байдлаар буцаан олгосон болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч  М.Э нь хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ