Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 138

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч В.Э,

Хохирогч  А.О,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Э-д холбогдох 2028000000150 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч  В.Э нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар багт байрлах “Мишээл” нэртэй караокед  А.О-тэй маргалдан нүүрэн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч  В.Э-ын яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  В.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй ба гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж, харамсаж байна. Хохирогч  А.О-т хохирол төлбөрт  нийт 2,650,000 төгрөгийг төлсөн. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

Хохирогч  А.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед 2 найзтайгаа “Мишээл” караокед ороод бид 3 хоёр лааз пиво захиалаад сууж байсан. Гаднаас энэ хоёр залуу орж, ирээд буцаж гараад байсан. Гэхдээ орж ирэхдээ халамцуу орж ирсэн. Манай 2 найз дуу дуулаад би захад сууж байсан. Сүүлд нь энэ хэд хоорондоо дуу устгасан талаар яриад байсан. Яасан гэж асуухад манай найз энэ залуу миний дууг устгаад байна гэж хэлсэн. Намайг нэг дуу хийгээд өг гэхээр нь би дууг нь хийчихсэн байхад энэ залуу бас би хийчихсэн байсан гээд маргалдаад байхаар нь би утсаа оролдоод сууж байсан болохоор нээх анзаараагүй хажууд нь сууж байсан чинь салаавч өгөөд, босож ирээд манай хоёр найз руу дайраад байхаар нь зөөгчийг нь дуудах гэхэд байгаагүй. Манай нэг найз дуугаа дуулж байхад над руу цохисон. Би санаатай цохисон гэж бодсон. Камерыг нь харахад би 5-10 минут газар сууж байсан. Ариун цэврийн өрөө рүү ороод цусаа тогтоох гэж үзсэн. Манай найз энэ залууг оруулж ирсэн. 1,600,000 төгрөгөөр ясны цөмрөлтөө гаргуулж, янзлуулчхаад ирсэн. 1,000,000 төгрөгөөр нь Улаанбаатар хотод очоод байрлах газар байхгүй байсан учир хоол, унааны мөнгө зэрэгт зарцуулсан. Эмнэлгээс баримт гаргаж өгөөд фейсбүүкээр баримтаа явууллаа гэсэн чинь өөр фейсбүүк рүү явуулчихсан байсан. Эмчийнх нь утас холбогдохгүй байгаа урагшаа явсан гээд байгаа. Баримт гаргаж өгөх боломж байхгүй, 10 дугаар сарын 20-ны үеэр ирээд гаргаж өгч болно гэж хэлсэн. Дараа нь хамрын муруйгаа яаж янзлуулах вэ гэхэд сорвио эдгэсний дараа сарын дотор янзлуулж болно гэж хэлсэн. Оёдол нь шинэ байгаа болохоор болдоггүй гээд хусаж оёдлыг нь арилгана гэж хэлсэн. Сарын дотор юм уу, 2 сарын дотор хийлгэж болно гэсэн. Одоогийн байдлаар тэрийгээ л эмчлүүлмээр байна. Урьд нь зүгээр байсан одоо сорвитой болсон гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед би найз болох Мандах, Болорцэцэг нартай хамт “Мишээл” караокед ороод хүн бүр 3 шил пиво уугаад дуулж байсан юм. Тухайн үед тэнд байсан хүмүүс 3 дуу хийгээд ээлжээр дуулж байсан ба бидний 3 дуу дуулах ээлж болоод дуулах гээд дуу хийж байхад нэг танихгүй залуу бидний хийсэн дууг устгаад байхаар нь бид нар та яагаад байгаа юм бэ бидний дуулах ээлж гэж хэлэхэд тэр согтуу залуу бид нарыг элдвээр доромжлоод, салаавч гаргаад байхаар нь бид нар ч юм хэлээгүй тэгж байтал нөгөө согтуу залуу гэнэт босоод өмнөө байсан пивоны шилийг над руу шидээд, миний нүүрэн дээр шил нь оноод хамар дээр язлаад, урчихсан. Би цагдаад дуудлага өгчихөөд эмнэлэг рүү явсан. Хамраа шилээр цохиулсны улмаас зүсэгдэж, 4 оёдол тавиулсан. Миний биед өөр гэмтэл байхгүй, шилээр цохисноор өөр зодож, цохиогүй. ... Э надад нийт 2,650,000 төгрөгийн хохирол барагдуулсан, 1,800,000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн, үлдсэн 520,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Улаанбаатар хотод явж эмчилгээ хийлгээд хамраа янзлуулаад ирсэн. Одоо эргэж яваад хамарны сорвио янзлуулах ёстой. Уг төгрөгийг шийдчихвэл надад гомдол санал байхгүй. Хамарны сорви арилгахад 500,000 төгрөг болох юм шиг байна лээ. Би  Эд хэлсэн юм. 150,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 350,000 төгрөгийг өгөөгүй байна, удахгүй өгнө гэж байсан. Нийт 2,650,000 төгрөгийн хохирол барагдуулсан”. /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрөөгөөд О, Болорцэцэг нартай хамт  “Мишээл” караокед орж нийтийн зааланд сууцгаасан. Бид нар нэг хүний 3 шил пиво захиалж аваад ууцгааж байсан ба хүмүүс ээлжлээд 3 дуу дуулж байсан. Бид нарын ээлж болоод 3 дуу захиалаад дуулах гэхэд хажууд сууж байсан нэг танихгүй залуу удирдлагаар нь бид нарын хийсэн дууг устгачихаар нь яагаад байгаа юм бэ бидний ээлж байсан гэж хэлэхэд тэр залуу миний хийсэн дуу, та нар юу вэ гээд уурлаад бид нарыг янхан, гичий гэж загнаад бэлэн салаавч гаргаад байсан. Бид нар ч юм хэлэлгүй, би захиалсан дуугаа дуулаад буруу хараад сууж байгаад эргээд харсан чинь О миний ард сандал дээр хамар, нүүрнээс нь цус гоожчихсон сууж байсан. Хажууд нь пивоны шил хагараад бутарчихсан. Нөгөө агсраад байсан согтуу залуу гүйгээд гараад явчихсан. Бид нар хамт явсан нэг залууг нь барьж байгаад найзыгаа дуудаач, хүн ийм болгочихоод хаашаа явчихав гэж хэлсэн. Нөгөө залуу гарч яваад Оийг цохисон залууг дуудаж авч ирсэн. Тэр залуу ирчихээд эхэндээ гайгүй юу яаж байна, яах уу гэж байснаа сүүлдээ та нар цагдаагаа дууд, би танилтай гээд байсан. Би цагдаад дуудлага өгсөн”. /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрөөгөөд О, Мандах нартай хамт “Мишээл” караокед орж нийтийн зааланд сууцгаасан. Бид нар нэг хүний 3 шил пиво захиалж аваад, ээлжээр дуулж байсан. 22 цаг өнгөрөөгөөд бид нарын дуулах ээлж болохоор нь О дуу захиалж, төхөөрөмжид сануулсан чинь хажууд сууж байсан нэг танихгүй залуу дууг нь устгаад байсан. О та яаж байна, миний дуулах ээлж гэж хэлэхэд нөгөө согтуу залуу нь уурлаад биднийг элдвээр хэлж доромжлоод байсан ба бид нар ч өмнөөс нь юм хэлэлгүй өнгөрөөсөн. Тэр залуу агсан тавиад салаавч гаргаад байсан. Мандах дуулж байсан чинь нөгөө согтуу залуу ширээн дээр байсан пивоны үлдэгдэлтэй шилээр Оийн нүүр рүү нь цохиход шил нь хагарсан чинь тэр залуу гараад явчихсан. Оийн нүүрнээс цус гараад тэнд байсан нэг залууд найзыгаа аваад ир гэж хэлсэн чинь нөгөө цохисон залуу гаднаас орж ирсэн”. /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрөөгөөд би  Э-тай хамт “Мишээл” караокед орсон. Очихоосоо өмнө бид хоёр манай гэрт байхдаа нэг нэг лааз пиво уусан байсан. Караокед нийтийн зааланд суугаад хүн бүр 2 удаа 100 грамм архи, нэг нэг шил пиво захиалаад уусан. Тэнд байсан хүмүүс ээлжлээд дуулж байтал манай найз  Э нэг дуу устгахад хажууд сууж байсан нэг эмэгтэй миний дууг чи устгалаа гэж маргалдахад  Э өмнөөс нь хэрэлдээд тэр хүүхэн рүү бэлэн салаавч гаргаад байсан. Би сууж байсан чинь  Э босоод нөгөө хүүхнийг цохичих шиг болсон. Эргээд харсан чинь нөгөө эмэгтэйн нүүрнээс цус гарчихсан байсан.  Э шууд гараад явчихсан. Нөгөө хамт явж байсан 2 эмэгтэй нь намайг найзыгаа дууд гээд байхаар нь би гарч яваад  Э-ыг гаднаас дагуулаад буцаж орж уулзуулсан”. /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 08-ны орой манай караоке цагийн хуваарийн дагуу ажилласан ба олон хүнтэй байсан. 23 цагийн үед нэг согтуу залуу нийтийн зааланд сууж байсан нэг эмэгтэйн нүүр рүү ногоон өнгийн пивоны шилээр цохиж, нүүрийг нь зүсчихсэн, шил нь хагарчихсан байсан. Тэр цохиулсан эмэгтэй нь цохисон залуутай гадаа байж байх шиг байсан. 00 цаг болоод бид нар караокег хаагаад гарч явсан”. /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

Шүүгдэгч  В.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би найз Эрдэнэбилэгийн хамт “Мишээл” караокед 21 цаг өнгөрөөгөөд орсон. Тэнд очихоос өмнө Эрдэнэбилэг бид 2 тус бүр 3 пиво уусан. Караокед ороод хүн бүр 100 грамм архи, 1 шил пиво захиалж ууцгаасан. ...Би андуураад өөрийнхөө ээлжийг болсон байна гэж бодоод 1 дууг устгачихсан чинь хажуу талд сууж байсан эмэгтэй уурлаад чи миний дуулах гэж байсан дууг устгачихлаа гээд байсан. Би тэр эмэгтэйд микрофоныг нь өгөхдөө ширээн дээр шидчихсэн. Тэр нэг эмэгтэйтэй муудалцаад байсан санагдаж байсан ба тэр эмэгтэй миний нүүр рүү нэг шингэн юм цацсан. Тухайн үед архи байх шиг байсан. Миний уур хүрээд ширээн дээрээс гартаа тааралдсан шилийг аваад шидсэн чинь нүүр рүү нь оносон. Би сандраад гадаа гарч тамхи татаж байхад тэнд байсан хүмүүс гарч ирсэн. Удалгүй цагдаа нар ирж, намайг авч явж эрүүлжүүлсэн. Би О-ийн эмчилгээний зардалд 2,650,000 төгрөг өгсөн”. /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  А.О-ийн биед тархины доргилт, хамар ясны таславчийн хугарал, хамрын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухай хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

“Суварган говь” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

Эмчлүүлэгчийн карт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч  В.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч  В.Э нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар багт байрлах “Мишээл” нэртэй караокед  А.О-тэй маргалдан нүүрэн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч  В.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 2,650,000 төгрөгийн хохирол төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. Цаашид гарах эмчилгээний зардалд хохирогчийн зүгээс 350,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч үүнтэй холбоотой хохирлын баримт байхгүй учраас 350,000 төгрөгийн хохирлыг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдах саналыг гаргав.

Шүүгдэгч  В.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч  В.Э-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч  В.Э нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар багт байрлах “Мишээл” нэртэй караокед  А.О-тэй маргалдан нүүрэн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч  А.О-ийн “...нөгөө согтуу залуу гэнэт босоод өмнөө байсан пивоны шилийг над руу шидээд, миний нүүрэн дээр шил нь оноод хамар дээр язлаад, урчихсан..”, гэрч Х.Мандахын “...Отгонцэцэг миний ард сандал дээр хамар, нүүрнээс нь цус гоожчихсон сууж байсан. Хажууд нь пивоны шил хагараад бутарчихсан...”, А.Цэцэгээгийн “...нөгөө согтуу залуу ширээн дээр байсан пивоны үлдэгдэлтэй шилээр О-ийн нүүр рүү нь цохиход шил нь хагарсан...”, гэрч М.Эрдэнэбилэгийн “...Би сууж байсан чинь  Э босоод нөгөө хүүхнийг цохичих шиг болсон. Эргээд харсан чинь нөгөө эмэгтэйн нүүрнээс цус гарчихсан байсан...”, гэрч А.Энхээгийн “...нэг эмэгтэйн нүүр рүү ногоон өнгийн пивоны шилээр цохиж, нүүрийг нь зүсчихсэн, шил нь хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлгүүд,  В.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би андуураад өөрийнхөө ээлжийг болсон байна гэж бодоод 1 дууг устгачихсан чинь хажуу талд сууж байсан эмэгтэй уурлаад чи миний дуулах гэж байсан дууг устгачихлаа гээд байсан. Би тэр эмэгтэйд микрофоныг нь өгөхдөө ширээн дээр шидчихсэн. Тэр нэг эмэгтэйтэй муудалцаад байсан санагдаж байсан ба тэр эмэгтэй миний нүүр рүү нэг шингэн юм цацсан. Тухайн үед архи байх шиг байсан. Миний уур хүрээд ширээн дээрээс гартаа тааралдсан шилийг аваад шидсэн чинь нүүр рүү нь оносон...” гэх мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн  А.О-ийн биед тархины доргилт, хамар ясны таславчийн хугарал, хамрын зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч  В.Э нь хохирогч  А.О-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч  В.Э-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч  В.Э нь  А.О-тэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нотлох баримт шаардахгүйгээр хохирогчид эмчилгээний зардалд 2,650,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр  нотлогдож байна. 

Мөн хохирогч  А.О нь сорви арилгах эмчилгээний зардалд 500,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 150,000 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэх 350,000 төгрөгийг хохирогч нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч  В.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч  В.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргав.

Шүүгдэгч  В.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж, харамсаж байна. Хохирогч  А.О-т хохирол төлбөрт нийт 2,650,000 төгрөгийг төлсөн, дахин ийм алдаа гаргахгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч  В.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 2,650,000 төгрөгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч  В.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн ажил эрхэлдэг байдлыг харгалзан түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч  В.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч  В.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  В.Э-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч  В.Э нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  В.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч  В.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 2,650,000  төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч  А.О нь 350,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  В.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ