Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1845

 

 

 

 

 

 

 

2020        10           23                                    2020/ШЦТ/1845

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч У.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт У-н Г-т холбогдох эрүүгийн 2003 00000 0361 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

           Шүүгдэгч У.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний 21 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Офицеруудын ордны тойргийн хойд талын замд Nissan X Trail маркийн 32-72 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, ууг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Даваасүрэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч У.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний 21 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Офицеруудын ордны тойргийн хойд талын замд Nissan X Trail маркийн 32-72 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, ууг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Даваасүрэнг мөргөж эрүүл мэндэд нь зүүн шаант ясны далд хугарал, урд чагтан холбоос, гадна коллатериал холбоос, тахимны шөрмөсний суналт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Гын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

Шүүгдэгч У.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дугаар хуудас/,

Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 14-ний орой ажлаа тараад гэрлүүгээ офицерын хойд замд явган хүний гарцаар зам хөндлөн баруунаас зүүн тийш чиглэлтэй гарч яваад машинд мөргүүлсэн. Баруун талаасаа мөргүүлээд зүүн талаараа унасан. Уг нь тэр дороо хурдан боссон. Тэгтэл гишгэх гэтэл зүүн хөл мэдээгүй болсон ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны 10607 дугаартай “Д.Д-н биед зүүн шаант ясны далд хугарал, урд чагтан холбоос, гадна коллатериал холбоос, тахимны шөрмөсний суналт, зүүн бугалга, зүүн шуунд цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч У.Гын хувийн байдлын талаар гэрч А.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч Б.Амгаланбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч У.Гын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч У.Гын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд У.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч У.Гыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Даваасүрэн нь учирсан хохирол 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч У.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У.Г нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч У.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Гын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Гын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт У-н Г-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Гт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Г нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. У.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ