Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1753

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        10           07                                  2020/ШЦТ/1753

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э. овогт Ц.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02327 2260 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт суух хаягтай, Э. овогт Ц.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б. нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Ц.Төртогтох, Б.Баасанцэрэн нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б. мэдүүлэхдээ: “Цагдаа анх ТҮЦ-нд орж ирээд 50.000 төгрөгөөр торгуул гэсэн юм. 50.000 төгрөг байхгүй байна гэтэл лангууны хажууд байсан Хас банкны Пос машиныг булааж авсан. Тэгэхээр нь би “наад Пос машин чинь гэмт хэрэг хийгээгүй ээ, хаалганы цоож татаад хаах гэж байтал 23:30 цаг болчихлоо, одоо ингээд хаачихъя” гэтэл “үгүй, та Пос машинаа өгөхгүй бол цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү явна” гэсэн. Тухайн үед манай хажуугийн 3-4 ТҮЦ зэрэг ажиллаж байсан юм. Тэгээд Пос машинаа өгчихөөд явж байтал хажуугийн ТҮЦ-нүүдийн Пос машин тамхи тариаг нь бас хураачихсан байсан. Тэгээд хамт явах гээд байж байтал “та хэд байж бай, зөвхөн энэ хүнийг аваад явна” гэхээр нь “бүгдээрээ адилхан цаг хэтрүүлсэн байхад ганцхан намайг аваад явлаа” гээд би утсаа гаргаж ирээд бичлэг хийж байтал миний утсыг булаагаад авсан. Тэгэхээр нь би “та нар манай хяналтын камераас холдуулж байгаад утас булааж байгаа юм уу” гэтэл “өгөхгүй” гээд нөгөө аваад явж байсан машин нь зогссон. Миний тэр утсан дээр бас өмнө нь 50.000 төгрөг өгөөд Пос машинаа авч байгаа бичлэг байсан юм. Тэрийг устгах санаатай миний утсыг булааж авсан юм болов уу гэж бодоод Пос машинаа машинаас нь гараараа гарган хяналтын камерт харуулаад буцаагаад тавиад, тэр хооронд жаахан ноцолдоон болсон юм. Болсон процесс нь тэр.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ц.Төртогтохын “...ТҮЦ рүү орж шалгаж байтал эмэгтэй хүн “Та нар шалгадаг хүн биш” гээд чанга орилоод манай цагдаа Б.Баасанцэрэнг түлхээд, бичсэн эд зүйл түр хураах тэмдэглэлийг нь ураад, ТҮЦ-ээсээ түлхэж, хөөж байсан. Тэгэхээр нь би очиж тэр эмэгтэйгээр ТҮЦ-ийг нь түгжүүлээд хэлтэс рүү дагуулж явах гэтэл урдаас “Би өөрөө явна.Та нартай явдаг хүн биш” гээд орилж эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

- Хохирогч Б.Баасанцэрэнгийн “...Ц.Төртогтохын гар утсыг шүүрч аван үргэлжлүүлэн бичлэг хийж эхэлтэл ахиад тэр хүүхэн гар утсаа нэхээд, дайраад байсан. Би хүүхдийг нь дагуулан машин дээр нь иртэл миний түрүүний эд зүйл хураасан тэмдэглэлийг урж, пос машин хураасныг энд байна гэж хэлээд хурааж автал тэр хүүхэн ирээд ахиад над руу дайрахдаа намайг заамдаад, гар утас унагаж, миний Самсунг утсыг “миний утас” гээд булааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

- Камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргийг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Ц.Б. нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Ц.Төртогтох, Б.Баасанцэрэн нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь хохирогч Ц.Төртогтох, Б.Баасанцэрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б.гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б.г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч Ц.Б.г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Хохирогч нар нь хэргийн материал танилцуулсан баримтад санал, хүсэлтгүй, яллах дүгнэлтэд хохирол төлөгдсөн гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Б.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э. овогт Ц.ын Б.г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б.д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Ц.Б.д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Б.д тайлбарласугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА