Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1797

 

 

 

 

 

   2020         10        14                                    2020/ШЦТ/1797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Л. Галав,

          шүүгдэгч У.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт У.гийн О.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 2436  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Кока кола” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт У.гийн О..

         Холбогдох хэргийн талаар:

         Шүүгдэгч О. нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулан 5 хэсэг, 84-2862 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Оюунтуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Хохирогч О. Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20:00 цагийн үед намайг Хужирбуланд аав Отгондоржийнд байж байсан чинь намайг Хужирбуланд байх хадам У.гийнд дуудахаар нь би очоод өөрийгөө жирэмсэн гэж хэлсэн чинь үгүй гээд уурлаад байхаар нь би хариуцлагаа хүлээж чадахгүй арчаагүй новш гэсэн чинь намайг алгадаад, нүүр лүү 13 удаа цохиод, газар унагаж байгаад хоолой боогоод “чимээгүй  бай” гээд дээрээс цохиод  байхаар нь би газраас чулуу аваад толгой руу нь цохиж өөрөөсөө холдуулсан чинь миний хамар луу 1 удаа цохиж цус гаргасан...’’ гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10416 дугаартай “…О.Отгонтуяагийн биед зүүн 2-р хавирганы хугарал, баруун хацар эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...‘’ гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

            - У.О.н яллагдагчаар өгсөн: “...тэгтэл манай эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гараараа эхнэрийнхээ зүүн талын хацар луу нэг удаа алгадсан. Тэгтэл манай эхнэр  намайг зөрүүлээд маажсан, тэгэхээр нь би бас нүүр лүү нь алгадсан. Тэгж байгаад манай эхнэр өөрийнхөө машинаас буугаад чулуу аваад өөрийнхөө унаж явсан машины урд талын салхины шилийг хагалаад, копутан дээр чулуугаар цохиод, шилийг нь зуураад байхаар нь би эхнэрээ алгадсан, хэдэн удаа алгадсан талаар мэдэхгүй байна. Тэгтэл манай эхнэр намайг маажаад, гартаа барьсан байсан чулуугаараа миний толгой руу 2 удаа цохиод хагалсан байсан. Бид хоёр 2012 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа нэг охинтой, манай охин одоо 8 нас хүрэх гэж байгаа. Гэрлэлтийн баталгаа байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эхнэртэйгээ маргалдахдаа зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бодлоор 11 удаа алгадсан тэгэхдээ гэмтэл учруулсан байх аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас У.О. нь 2020 оны 09  дүгээр сарны 10-ны 20:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсэг, 35 дугаар гудамжны 4131 тоот хашааны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Оюунтуяатай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул У.О.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            У.О. нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 3 дугаар хэсэг, 35 дугаар гудамжны 4131 тоот хашааны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О. Оюунтуяатай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Оюунтуяагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10416 тоот дүгнэлт, У.О.н шүүхийн хэлэлцүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.О.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч У.О. нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч У.О.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт У.гийн О.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.О. нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, У.О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА