| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1747/Э |
| Дугаар | 1798 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1798
2020 10 14 2020/ШЦТ/1798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч С.Оюунжаргал
шүүгдэгч О.Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт О.ийн Н.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2003 00000 0336 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 01 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, овогт О.ийн Н..
Холбогдсон хэргийн талаар:
О.Н. нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 48 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Э.Сандуйжавын эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн 99-92 УНИ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 27 настай Т.Наранчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-10/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/,
- Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 49/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9805 тоот “...Т.Наранчимэгийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23-25/,
- Хохирогч Т.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед нөхөр Эрдэнэбатын хамт хөдөөнөөс ирээд Баянзүрх дүүргийн Амгалан захын урд талын автобусны буудал дээр автобуснаас буугаад буудлын баруун талын явган хүний гарцаар зам хөндлөн гарсан, зам хөндлөн гарахдаа нэг хайрцагтай юм баруун гар талдаа сугавчлаад ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарцаар гарч явтал миний зүүн талаас гэрэл тусах шиг болоод намайг нэг автомашин мөргөсөн. Нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан, зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, 4, 5, 6-р хавирга хугарсан, цээжний зөөлийн эдийн няцрал, тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирсан. Одоо гишгэж чадахгүй жаахан алхаж байгаа. Гэмтлийн эмнэлэгт зүүн хөлөндөө хагалгаа хийлгэж хадуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би эхнэрийн хамт Дундговь аймгаас хотод ирээд Амгалан захын зүүн урд автобусны буудал дээр автобуснаас буугаад автобусны баруун талын гарцаар эхнэр бид хоёр зам хөндлөн гарсан, би нэг том цүнхтэй юм бариад манай эхнэр нэг хайрцагтай цагаан идээ бариад бид хоёр явган хүний гарцаар урдаас алхаад явж байтал миний ард тас гээд дуу гарахаар нь эргээд хартал нэг Портер маркийн автомашин манай эхнэрийг мөргөөд зогссон ба манай эхнэр шидэгдээд газар унасан. Би дугуйн тоормослох чимээг анзаараагүй тас гээд мөргөхөд нь эргээд харсан.” гэх мэдүүлэг /19/,
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...дуут дохио ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, урд нүүр зүүн хэсгээрээ 20*30 см талбайд хонхойсон, зүүн доод талын нэмэлт гэрэл унасан, зогсоолын тоормос ажиллахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-36/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Тээврийн Прокурорын газраас О.Н. нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 48 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Э.Сандуйжавын эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн 99-92 УНИ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 27 настай Т.Наранчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул О.Н.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Н. нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 48 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд зам Э.Сандуйжавын эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн 99-92 УНИ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 27 настай Т.Наранчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Т.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрч Б.Эрдэнэбатын мэдүүлэг, О.Н.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн мөрдөгчийн магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9805 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Н.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч О.Н.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Н.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д. овогт О.ийн Н.г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н.д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, О.Н.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА