| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1745/Э |
| Дугаар | 1799 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1799
2020 10 14 2020/ШЦТ/1799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч хохирогч Ж.Х., Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Ж.ы Х., А. овогт Б.ийн Б. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 03457 2359 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Жигүүр гранд групп”-д хамгаалалтын шуурхай ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Х. овогт Ж.ы Х.,
Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтанд зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, А. овогт Б.ийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б. нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод хохирогч Ж.Х.тай “гэрийн тог тасдсан, тог хулгайлж авсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж, толгой хэсгээр мөргөж түүний эрүүл мэндэд 1 шүдний хугарал, сулрал, буйланд цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хэвлийд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Х. нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод хохирогч Б.Б.тай “гэрийн тог тасдсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохин унагаж, улмаар эрүүл мэндэд нь духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Ж.Х.ын хохирогчоор өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод манай тог хулгайлсан гэж орж ирсэн. Би тог авсан нь үнэн. Үл таних хүн баруун гараараа миний зүүн талын хөмсөг хэсэгт 2 удаа цохисон, баруун гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Шүд хэсэгт 1 удаа мөргөсөн. Дух хэсгээр миний шүдийг хугалсан. Тогноос болж маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 8896 тоот:
1. Ж.Х.ын биед 1 шүдний хугарал, сулрал, буйланд цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хэвлийн зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,
- Хохирогч Б.Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн үед зүүн талын жавьж хэсэг язарсан, дух хэсгээс цус гарсан..., 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод очсон... тог янзлах гээд хажуу айлын хашаанд орсон..., тэгсэн тогны утас хэсгээс шалбалж, тог авсан байсан..., тэгсэн гэрээс гарч ирсэн үл таних залуу баруун гараараа миний зүүн хацар хэсэгт 2-3 удаа цохисон..., би үл таних залуугийн нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8881 тоот:
1. Б.Б.ын биед духанд шарх, зулгаралт зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх шинэ гэмтлүүд байна.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,
- Гэрч Б.Балжиннямын өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод Мөнхжаргалын гэрийн тог засахаар Б., Энхтуяа бид гурав гарсан..., хөрш айлын хашаанд салаад, утас хөрш айлын гэрт орсон байсан..., Б. тог салгасан чинь гэрээс үл таних залуу гарч ирээд тог салгасан гэж уурласан..., Б.ын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд хоорондоо зодолдсон..., Б. эхэлж гарч ирсэн залуугийн нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн..., тэгсэн үл таних залуу “миний шүд унасан” гэж хэлсэн...мөн Б.ын нүүр хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Гэрч Б.Энхтуяагийн өгсөн: “...Б. тог салгасан чинь гэрээс үл таних залуу гарч ирээд тог салгасан гэж уурласан..., үл таних залуу баруун гараараа 4-5 удаа Б.ын зүүн хацарт цохисон..., ноцолдож байхад үл таних залуу “шүд унасан” гэж байсан..., Б. үл таних залуугийн нүүр хэсэгт мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Гэрч Б.Батмөнхийн өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгайд Ж.Х.ын гэрт очсон..., 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ж.Х. гэрийнхээ гадаа хүмүүстэй маргалдаад байхаар нь би гарсан..., намайг харахад үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан..., Ж.Х. үл таних хүний гарнаас барихад үл таних хүн Ж.Х.ыг мөргөсөн..., Ж.Х.ын дээд үүдэн шүд хугарсан байсан..., тухайн үед цахилгааны асуудлаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б. нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод хохирогч Ж.Х.тай “гэрийн тог тасдсан, тог хулгайлж авсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж, толгой хэсгээр мөргөж түүний эрүүл мэндэд 1 шүдний хугарал, сулрал, буйланд цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хэвлийд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Х. нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод хохирогч Б.Б.тай “гэрийн тог тасдсан, гэх шалтгааны улмаас маргалдаж, гараараа нүүр хэсэгт нь цохин унагаж, улмаар эрүүл мэндэд нь духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Б., Ж.Х. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б. нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод хохирогч Ж.Х.тай “гэрийн тог тасдсан, тог хулгайлж авсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь цохиж, толгой хэсгээр мөргөж түүний эрүүл мэндэд 1 шүдний хугарал, сулрал, буйланд цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хэвлийд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Х. нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр задгай тоотод хохирогч Б.Б.тай “гэрийн тог тасдсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, гараараа нүүр хэсэгт нь цохин унагаж, улмаар эрүүл мэндэд нь духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Б.Б., Ж.Х.ын нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 8896, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8881 тоот дүгнэлтүүд, гэрч Б.Балжинням, Б.Энхтуяа, Б.Батмөнх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б., Ж.Х. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч шүүгдэгч нар харилцан гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б., Ж.Х. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х. овогт Ж.ы Х., А. овогт Б.ийн Б. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., Ж.Х. нарт тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б., Ж.Х. нар нь тус тусын торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА