Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 0071

 

 

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Жимсчний 4-р байранд оршин суух, 0000 оны 00-р сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн  00 настай, эрэгтэй  Сартуул овогт ******* /РД:ТГ-/-ийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол  578 845 156 төгрөг гаргуулахыг  хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү прокурор Н.Бадам, иргэдийн төлөөлөгч  И.Намжилмаа, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч А.Шоовор анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би ББМҮЯ-ны томилолтоор 1984 онд Хөтөлийн цемент шохой  үйлдвэрт ирж Уулын цехэд инженер, цехийн дарга, дэд захирал, гүйцэтгэх захирал зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. 2004 оны 10 дугаар сараас эхлэн Төрийн өмчийн хорооны томилолтоор гүйцэтгэх захирлаар ажилласан. Миний хувьд алдагдалтай ажиллаж байсан үйлдвэрийг ашигтай ажлуулах, техник технологийн шинэчлэл хийх, ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтыг тавьж хамт олноо гэсэн сэтгэлээр шудрагаар ажиллаж байхад үндэслэлгүйгээр надад холбогдуулан эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2, 166 дугаар зүйлийн  166.3-д заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн хууль бусаар урьдчилан хорих байруудыг дамжуулан цагдан хориж миний нэр төрд халдан, сэтгэл санаа, эрүүл мэнд эд материалын ихээхэн хохирол учруулсанд гомдолтой байна.

Намайг 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхад компанийн бусад удирдлагуудын хамт албадан саатуулж улмаар ШШГЕГ-ийн харъяа Дархан-Уул аймаг, Төв аймгийн урьдчилан хорих байруудад дамжуулан цагдан хорисон ба хууль бусаар яллаж хорих ял өгсөний улмаас нийтдээ 206 хоног цагдан хоригдсон. Тодруулбал 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 58 хоног, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 148 өдөр, нийт 206 хоног цагдан хоригдож сэтгэл санаа, эрүүл мэнд нэр төрөөрөө ихээхэн хохирсон.

    Ингэж цагдан хорьж удаан хугацаагаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны эцэст Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 07 дугаар сарын 14 өдрийн 5/44 тогтоолоор зарим үйлдзл ходбогдлыг буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150,3 ,166 дугаар зүйлийн 166.3 дах хэсэгт заасан хэрэгт холбогдуулан сонсгосон зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шударга шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 92A дугаартай шийтгэх тогтоолоор надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд шударга шүүх, шүүгчид талархаж явдаг. 

Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр намайг албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн 36 тэрбум төгрөгийг ашиглан шамшиглуулсан гэсэн мэдээллийг тарааж байсан зөвхөн намайг ч бус хань үр хүүхэд, ач зээ төрөл, төрөгсөдийг маань ч сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд оруулж хэвийн ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан тул ЭБШХ-ийн 388 дугаар зүйлд заасны хохирол арилгуулах эрхийнхээ дагуу ажилгүй байсан хугацааны цалин 464,290,000 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, нэр төрөөрөө хохирсон буюу сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, цагдан хоригдсонтой холбоотойгоор гарсан зардлуудын зарим хэсэг буюу хууль зүйн авч өмгөөлөгч нарт гэрээний дагуу төлсөн өмгөөлөлийн хөлс 40,000,000 төгрөгийн зардлуудыг нэхэмжилж байна.

Хохирлын тооцоо:

 1.Ажилгүй байсан хугацааны цалин хөлс:

 Компанийн тухай хуулийн 76 -р зүйлд заасны дагуу гүйцэтгэх захирлын цалин, урамшуулыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоодог бөгөөд ТУЗ-ийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор миний цалинг 5.190.480 төгрөгөөр тогтоосон . Түүнчлэн ТӨХ- ны хурлаар ТӨХ-ны 166 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг тэнвэржүүлсэн үнэлгээний аргаар дүгнэх, урамшуулал олгох журам"-ын дагуу гэрээг дүгнэн ашигтай ажилласан тохиолдолд компанийн цэвэр ашгийн тодорхой хувиар урамшуулалт цалин олгодог ба 2012 онд манай компани ашигтай ажилласан тул ТӨХ- ны 2013 оны 05 дугаар сарын 02 -ны өдрийн 196 дугаар тогтоолоор надад 32,993.182 төгрөгийн урамшуулалт цалин олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, Дундаж цалин хөлс тодорхойлох журам" -ын 2 цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс , шагнал урамшуулалаас бүрдэнэ гэж заасан байдаг тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам" -ын 7 -гийн А заалтын дагуу дундаж цалинг 2013 оны 6,7,8 дугаар сарын цалингаар тооцоход сарын дундаж цалин хөлс 16,337,560 төгрөг, нэг өдрийн цалин 759,886,5 төгрөг үүнийг албадан саатуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр cap хүртэл ажилгүй байсан ажлын 602 хоногоор тооцоход 464,290,000 төгрөг болж байна.

2.Нэр төр, сэтгэл санааны хохирол

   Намайг компанийнхаа өмч хөрөнгийг хувьдаа ашиглан шамшигдуулж олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж АТГ-ын удирдлага хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэлийн бага хурал хийх хэмжээнд мэдээлж Монгол улсын хэмжээнд цацсан. Энэ мэдээлэл нь миний нэр төрийг улс орон даяар төдийгүй гадаад дотоодын харилцагч нарын дунд унагасан. Мөн зөвхөн "Ардчилал", "Өдрийн сонин", "Өглөөний сонин" болон Зиндаа , Оллоо, Чухал, Newszindaa, socitutime , Үндэстэн, нийслэл таймс зэрэг сайтууд, телевизээр миний нэр хүндийг гутаасан мэдээ мэдээлэл тараасан нь одоо ч хүртэл таагүй байдпаасаа гарч чадахгүй хэмжээнд байгаа тул сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилж байна.

     3.Хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэхэд өмгөөлөгч нарт төлсөн өмгөөлөлийн хөлс 40,000,000 төгрөг,

   4. Хоригдсон хугацааны хохирол 192000 х 206 хоног 39552000 төгрөг,

   Иймд ЭБШХ-ийн 390,391  зүйлд заасны дагуу хохирол 536.842.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж буйг хүлээн авна уу гэжээ.

            Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Би 1985 онд Хөтөл цемент шохойн үйлдвэрт ажиллаж амьдарч ирсэн анхны залуучуудын нэг. Энэ хугацаанд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт орлогч, гүйцэтгэх захирлаар ажилласан. Ингээд 2004 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хорооны тогтоолоор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдож 9 жил гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг. 2004 онд ажил хүлээж авахад үйлдвэрийн байдал нэлээн хүндхэн, төр төсөвт 10 гаруй тэрбум төгрөгний өр төлбөртэй, харилцагч нарт мөн тэр хэмжээний өртэй, технологийн 2 шугамтай ажилладаг үйлдвэр маань технологийн нэг шугамаар ажилладаг, жилдээ 60-аад мянган тонн цемент үйлдвэрлэдэг болсон байсан. 2000-2004 онд төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах Улсын Их Хурлын хувьчлах жагсаалтанд 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж хувьчлах жагсаалтанд орсон байсан. Мөн Хөтөл цемент шохойн үйлдвэр ХК-ийн дулааны станц Хөтөлийг халаах горим алдагдаж, доголдож эхэлсэн. Энэ үед би ажлыг хүлээж авсан. Тухайн үед Төрийн өмчийн хорооноос надад өгсөн үүрэг чиглэлээр бол  1 дүгээрт 17 жил тасралтгүй алдагдалтай ажилласан энэ үйлдвэрийг ашигтай ажиллуулах, 2 дугаарт технологийн тоногдсон шугамыг ажиллагаанд оруулж үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, жилдээ 100 000-300 000 тонн цемент үйлдвэрлэх даалгавар байсан. 3 дугаарт дулааны цахилгаан станцыг нээлттэй ажиллуулж Хөтөлийн дулаан хангамжыг найдвартай хангах, 4 дүгээрт 2000-2004 онд хувьчлах Улсын Их Хурлын жагсаалтаас хасуулж 2012-2016 оны өмч хувьчлах жагсаалтанд үнэ цэнэтэй болгож хувьчлалд оруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, технологийг шинэчилж үйлдвэрийн нойтон аргыг хуурай аргад шилжүүлж жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хөрөнгө оруулалтыг олох гэсэн чиглэл үүрэг өгч байсан. Ингээд манай хамт олон энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд 2005 оноос эхлэн чармайж ажиллаж ашигтай ажиллуулж эхэлсэн. Ингэснээрээ нийгмийн асуудлаа шийдвэрлэж үйлдвэрийн санхүүгийн байдал дээрдэж, хөрөнгө оруулалт хийх боломжууд бүрдэж технологийн 2 дугаар шугамыг өөрсдийн хүчээр засч, жилдээ 100 000-300 000 тонн цемент үйлдвэрлэдэг болж үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Үйлдвэр маань ингэж ажиллаж байснаар нийт ажиллаж амьдарч байсан хүмүүсийн урам сэргэж, урам зоригтой ажилласан. 2012-2016 оны өмч хувьчлалын жагсаалтанд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах бэлтгэл хийж үнэ цэнэтэй болгож хувьчлах жагсаалтанд оруулж холбогдох газруудад нь танилцуулж байгаад Улсын Их Хурал дээр энэ асуудал унасан байдаг. Ингээд үйлдвэр 2013 оны хагас жилийн балансаар 38 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж дулааны хангамж мөн сайжирсан. Ингэснээр төсөвт төлөх татварын өрийг 2009 онд тэгэлж Ерөнхий сайдын нэрэмжит топ 100 татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарсан. 30 жилийн ойгоор хөдөлмөр бүтээлийг маань үнэлж Алтан гадас одонгоор манай үйлдвэрийн хамт олныг шагнасан. Би бол Хөтөлийг анх үүсгэн байгуулагдсан 1970-1980-аад оны үед Залуучуудын эвлэлийн албан томилолтоор дуудагдаж улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахаар ирсэн залуучуудын нэг юм. Энэ үйлдвэртээ 30 жил хамтарч ажиллаж амьдарч байгаа олон хүмүүсийн нэг. Ингээд байж байтал 2013 оны 8 дугаар сарын 18-ний өдөр Авлигатай тэмцэх газраас 28 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж биднийг барьж хорьж, сэжигтнээр татаж, үйлдвэрийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, маргаашнаас нь эхлээд Хөтөл цемент шохойн үйлдвэрийн захирал удирдах албан тушаалтнуудтайгаа нийлж 38 тэрбум төгрөг идэж шамшигдуулж, төрд олон зуун сая төгрөгний хохирол учруулж албан тушаалаа урвуулан ашиглан хээл хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.3 дахь хэсэгт заасан мөнгө угаасан гэсэн хэд хэдэн зүйл анги тулгаж цагдан хорьсон. Мөн ерөнхий инженерийг бас цагдан хорьж үйлдвэр дээрээ албан үүргээ гүйцэтгэж байсан бүх хүмүүсийг цагдан хорьж энэ бүх явдал эхэлсэн. Би энэ асуудал дээр их хүлээцтэй хандсан. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялна гэдэгт итгэсэн хэрэг. Бидний төгссөн сургууль, энд ажиллаж байгаа нь улс эх орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмэр гэж бодсон. Үүний дараа Монгол улсад шалгалтын үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гээд бүх л газраас ажлын хэсэг гарч манай 2006 оноос хойших архивийн бүх материалыг ачиж аваачаад шалгалт эхэлсэн. Үүнийхээ далимаар Хөтөл цемент шохойн үйлдвэр ХК-тай хамтран ажиллаж байсан 170 гаруй компани, хувь хүн болон төрийн болон төрийн бус байгуулагуудыг бүгдийг шалгалтанд хамруулж шалгасан байдаг. Авлигатай тэмцэх газар хувийн аудитийн компани 27 000 000 төгрөгөөр хөлсөлж манайд аудит хийлгэсэн. Тэр аудитийн дүгнэлтээр биднийг шалгасан байдаг. Бид энэ тал дээр шаардагдах бүх л бичиг баримт, тайлбар нотолгоог өгч ирсэн. Ингээд хэвлэл мэдээллийн бүх л сүлжээгээр бидний нэр хүндийг гутаан доромжилж, сэтгэл санааны болон эд материалын асар их хохирол учруулж, 2 жил гаруй хугацаанд шалгалт явсан байдаг. Энэ дотроос намайг 206 хоног цагдан хорьж энэ дотроо 2 сар ял эдэлж 2.6 жил ажилгүй явсан байдаг. Энэ хугацаанд бид шүүхэд л итгэж байсан. Ингээд 2 жил хагасын дараа шүүх шийдвэрээ гаргаж бидний талд хэргийг эцэслэн шийдэж өгсөн явдалд маш их талархдаг. 2013 онд Хөтөл цемент шохойн үйлдвэрийн ирээдүй бүх юм бидний толгой дээр байсан. Яг энэ үед зах зээлд шилжсэнээр зах зээл уналтанд орж тэр үйлдвэрт хар бага наснаасаа амьдарч ирсэн хүмүүсийн нуруун дээр бүх асуудал үүрэгдэж байсан. Энэ хүндхэн үеийг давж гарсан юм. Үйлдвэр маань л ажиллаж байвал бидний хамгийн том баяр цэнгэл байдаг байсан. Энэ Хөтөл гэдэг газар хувь заяаны эрхээр цугларсан хүмүүс. Гэтэл биднийг террорист үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг барьж хорьж байгаа юм шиг хорьж цагдаж сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулж нэр төрийг маань  гутаан доромжилсон энэ явдалд би их гомдолтой явдаг юм. Тиймээс би та бүхэнд хандаж гомдлыг минь шийдэж өгөөч гэж хүсч байгаа юм. Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд энд ганцхан би биш манай гэр бүлийнхэн ч биш манай хамт олон хохирсон. Залуу халуун насаа энэ үйлдвэрт зориулсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн юм. Энэ хүмүүс маш их сэтгэл санааны дарамтанд орсон. Үйлдвэрийн захирал бол үйлдвэрийг авч явдаг хүн. Тийм учраас үүнийг сонсоод сайхан байгаагүй байх. Би 60,70 наслаад мөнх бусыг үзлээ ч гэсэн миний үр хүүхэд энэ шүүхийн шийдвэрийг хараад намайг ойлгоосой гэж хүсч байна. Тэгээд энэ бүхний дараа би компанидаа эргэж ажиллах хүсэлт тавьсан. Одоо үйллдвэртээ гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай үйлдвэрт 700-800 гаруй залуучууд ажиллаж байна. Бид цаашдаа үйлдвэрийнхээ суурийг өргөтгөж илүү олон ажлын байр шинээр бий болгох зорилт тавиад ажиллаж байгаа юм. Тэгээд өнөөдрийн шүүх хурлаар миний нэхэмжлэлийг хүлээн авч миний гаргасан гомдлыг хэлэлцэж шударга шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  390, 480 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар цагдан хоригдсон хорих ялыг биечлэн эдэлсэнтэй холбоотой эдийн болон эдийн бус хохирлын 578 845 156 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байгаа. Ажилгүй байсан 611 хоногийг би буруу тооцсон байсан. Дээр нь өмгөөллийн хөлсийг би 40 000 000 төгрөг гээд тооцсон байтал зарим өмгөөлөгч нар нь багаар ажиллаад өмгөөлөгч нарт өгсөн мөнгийг тооцоод үзэхээр 55 сая төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлага нь 42 000 000 төгрөгөөр нэмэгдэж байгаа. ******* сая Эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан тухай хэллээ. Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар шалгасан. Энэ шалгалтын явцад шалгагдсан хүмүүсийн эрх ашиг хохирхоос гадна тухайн үед үйлдвэрийн хувьчлалын асуудал яригдаж байсантай холбоотой үйлдвэрийн ажилчид хувьцаа эзэмших эрх хангагдахгүй орхигдсон. Үйлдвэрийн захирлууд хуурай аргын үйлдвэрийг нойтон аргын үйлдвэртэй хослуулж ажиллуулъя гээд шугамандаа шинэчлэл хийсэн. Тэгээд энэ шугамаа бүрэн хэмжээгээр ажиллуулж байгаад ажилчиддаа “Хөтөл цемент шохой” компанид ажиллаж байгаа, ажиллаж байсан, дээрээс нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн байгаа ажилчиддаа хувьцаа эзэмшүүлнэ гэсэн энэ асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газарт тавьж байсан. Энэ асуудал шийдвэрлэгдэхгүй эзэнгүй болж орхигдсон. Энэ үйлдвэрт насаараа ажилласан, өвчин эмгэгтэй болсон, тэтгэвэр тэтгэмжээ авч байгаа хүмүүс үйлдвэрээс хувьцаа эзэмшиж чадахгүйгээр хохирч үлдсэн. Тэгэхээр энэ хэргийн улмаас Эрүүгийн хэрэгт шалгагдсан хэдэн хүн бус Хөтөлчүүдийн эрх ашиг нийтээр хохирсон юм гэдгийг хэлмээр байна. *******ын хувьд 100 хувь төрийн өмчид байсан компанийг удирдаж байсан. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх захирлын цалин хөлс урамшууллыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоодог. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 тоот тогтоолоор 1 сарын үндсэн цалинг 5 190 480 төгрөгөөр тогтоосон. Түүнчлэн Төрийн өмчийн хорооны 166 дугаар тогтоолоор баталсан “төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг тэнцвэржүүлсэн гэрээний аргаар дүгнэх, урамшуулал олгох журмын дагуу жил болгон дүгнэнэ” гэж заасан байгаа. Гэрээний үүргийн биелэлтээ хангасан байгаа тохиолдолд гэрээг сунгаад шагнал урамшууллыг олгодог. Энэ  журмын дагуу 2012 онд ашигтай ажиллаж байсан учраас “Хөтөл цемент шохой” ХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 193 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид 32 993 182 төгрөгний урамшуулал цалин олгосон байгаа юм. Эндээс тооцож цалин урамшууллаа нэхэмжилж байгаа. Ажилгүй байсан хугацааны 611 хоногийн цалин урамшууллыг нэхэмжилж байгаа. Яагаад ингэж нэхэмжилсэн бэ? гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл цалин, шагнал урамшуулал зэргээс бүрдэнэ гэж заасан байгаа учраас Төрийн өмчийн хорооны тогтоолоор олгож байгаа шагнал урамшууллыг цалин хөлст тооцож нэхэмжлэлээ гаргасан. Улсын дээд шүүхийн тайлбарын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 40 тоот тогтоолоор баталсан тайлбарын 9 дүгээр зүйлд “дундаж цалин хөлсийг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу тодорхойлно” гэж заасан байгаа. Ийм учраас дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 57 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-10-т зааснаар 2013 оны 6,7,8 дугаар сарын цалингаар тооцоход 16 337 560 төгрөг болж байгаа юм. Нэг сарын дундаж цалингаа ажлын дундаж цалин хөлс тогтоодог 21.5 хоногт хуваахаар нэг өдрийн цалин 759 890 төгрөг болж байгаа. Үүнийг албадан саатуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэл ажилгүй байсан 611 ажлын хоногоор тооцоход 464 294 156 төгрөг болж байгаа. Үүнийг дундаж цалин хөлс тодорхойлох журман дээр тодорхой заасан байгаа. Үүн дээр нэмэгдэл цалин, урамшуулал зэргийг нэмж тооцсон байгаа. Мөн нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. 8 дугаар сарын 19, 20-ны үед Авлигатай тэмцэх газраас ирж албан байгууллагыг битүүмжилж, архивийн материалуудыг авч явж, гэр оронд нь нэгжлэг хийсэн болон цагдан хоригдсон болон нэхэмжлэгчийн нэр хүнд сэвтэж нэр хүндээрээ хохирсон. Ингээд Авлигатай тэмцэх газраас МҮОНРТ, бүх сайтуудаар энэ мэдээлэл цацагдсан. 38 тэрбум төгрөгийг үйлдвэрийн бусад удирдлагуудтайгаа хамтран шамшигдуулсан, мөнгө угаасан байна гэсэн мэдээллийг тараасан. Нотлох баримтаар Ардчилал сонин, Өглөөний сонин, Өдрийн сонингуудын хайчилбарыг өгсөн байгаа. Мөн Зиндаа, Оллоо, news, Чухал.мн зэрэг сайтуудаар энэ мэдээлэл байнга цацагдаж байсан. Тиймээс гэр бүлийнхэн болон хамтран ажилладаг хүмүүсийн сэтгэл санааг маш их унагааж 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Дээрээс нь нэмж хэлэхэд ******* хэлж байсан бүх бизнесийн хамтрагч байгууллагууд 2006 оноос эхэлж хамтарч ажиллаж байсан үйлдвэрээс цемент худалдаж авдаг байсан, тендерт оролцож техник хэрэгсэл бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд, төрийн болон төсвийн байгууллагууд, Барилга хот байгуулалтын яам, бусад засгийн газрын байгууллагуудад ажлаа тайлагнадаг хамтарч ажилладаг байхад энэ бүх улсуудыг Эрүүгийн хэрэгт шалгаж гэрчээр дуудаж асууж янз бүрийн тайлбар мэдүүлгүүдийг авч байсан. Энэ бүх байдлаар маш өргөн хүрээнд компанийн гүйцэтгэх удирдлагын нэр төр сэвтсэн гэж үзэж байна. 2006 оноос хойш 100 хувь төрийн өмчит үндэсний томоохон компанийн санхүүгийн баримтыг шалгасантай холбоотой өмгөөлөгч нар маш их ачаалалтай байсан ба 1 хүн дангаараа хийх боломж байхгүй тул өмгөөлөгч нар багаараа ажилласан. Багаараа ажилласан учраас өмгөөлөгч нарт нэлээд өндөр хөлс төлсөн. Ганболд, Батболд өмгөөлөгч нар хамтарч нэг баг болж ажиллаж байсан. Шүүх хуралд нь Батбаатар Норжин өмгөөлөгч 2 ордог байсан. Ганболд өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж тэндээс түүвэр хийж хамтарч төлөөлж орж байсан. Батбаатар өмгөөлөгч нь 2016 онд нас барсан учраас баримтыг нь авч чадаагүй. Өмгөөлөгчийн хөлсний зарим хэсгийг өгч чадаагүй байж байгаад ажилд орсныхоо дараа өгсөн баримтууд нь байгаа. Эдгээр өмгөөлөгч нарт 38 хавтаст хэргийн материал, дээрээс нь санхүүгийн холбогдолтой маш их материалууд судлах хэрэгтэй байсан учраас өмгөөлөгчдийн хөлсийг 55 сая төгрөг болгон нэмэгдүүлээч гэсэн нэхэмжлэлийн шаардлага өгсөн. Би өмнө нь 3 өмгөөлөгч ажилласан гэж бодоод *******оос асуулгүй нэхэмжлэлийн шаардлага бичсэн байсан. Тэгээд ингэж гаргасан байгаа. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль бусаар хоригдсон 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгодог гэсэн зүйлийг баримталж цагдан хоригдсон 206 хоногоо 192 000 аар үржүүлээд 39 552 000 төгрөгийг нэхэмжилсэн. Нийт нэхэмжлэлүүд маань нийлээд 578 845 156 төгрөг болж байгаа юм. Энэ бүх нотлох баримтуудаа шүүхэд хангалттай бүрдүүлж өгсөн гэж ойлгож байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, албан тушаал Төрийн өмчийн хорооны түдгэлзүүлсэн тогтоол, цагдан хоригдсон захирамжууд , шүүхийн шийтгэх тогтоол цагаатгасан тогтоолууд, төрийн өмчийн хорооны шагнал урамшуулал цалин олгох тогтоол төрийн өмчийн оролцоотой байгуулсан гэрээ зэргийг гаргаж өгсөн байгаа. Нийгмийн даатгалын архиваас авсан лавлагаа цалингийн лавлагаа, өнөөдөр шинээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж, дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад гаргасан тогтоол, нийгмийн даатгалын дэвтэрийг эх хувиар нь болон хуулбарыг нь нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 1 дүгээр сарын дундуур гүйцэтгэх захирлаар томилсон тогтоол зэргийг өгсөн. Тэгэхээр нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж байгаа. Цагдан хоригдсон хоног болон ажлын хөлсийг хоногоор нарийн тооцож гаргасан. 2013 оны 4 дүгээр сард 9 хоног ажилгүй байсан. 4 сараа 21.5 аар үржүүлээд 86 хоног дээрээ 8 дугаар сарын ажлын өдөр ажилгүй байсан 9 хоногоо нэмээд 2013 оны ажилгүй байсан өдөр 95 хоног болж байгаа юм. Үүнд бас цагдан хоригдсон хоног ороод явж байгаа. 2014, 2015 онд 24 сарыг 21.5 аар үржүүлэхээр 516 хоног гээд 611 хоногоор ажилгүй байсан хугацааны хоног нь гарч байгаа юм.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389, 497 дугаар зүйлд зааснаар энэ хохирлуудыг гаргуулж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.

Прокурор Н.Бадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Ажилгүй байсан хугацааны мөнгө, цагдан хоригдсоны мөнгө, сэтгэл санааны хохирлын мөнгө, өмгөөлөгчид гаргасан зардал гээд нэхэмжлэгчийн шаардлагатай танилцсан. Энэ байгууллага нь 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 265.2, 156 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт заасан зүйл заалтуудаар Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны үндсэн дээр *******ыг цагдан хорих асуудал яригдсан. Цаашилбал хорих ял эдлүүлэх үйл ажиллагаа явагдсан. *******ын хэргийг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх хэд хэдэн удаа хэлэлцэж гаргасан байдаг боловч анхан шатны шүүхээс шийтгэх болон цагаатгах тогтоол 2 удаа гарсан байдаг. Энэ анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоол цагаатгах тогтоолын үндсэн дээр *******ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж шийдсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл маань өөрөө гэм буруутай нь гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээ төрөхүйц байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, хэргийг хийгээгүй байна гэж үзээгүй тул ор үндэсгүй хоригдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, прокурорын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн  дүгнэлтийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ нь :

         Нэхэмжлэгч *******ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахыг  хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлгээр зохицуулсан  онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч ******* “*******”ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхад нь 2013 оны 08-р сарын 19-ны өдөр  Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2, 1661 дугаар зүйлийн 1661.3,  265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан/х.х-ийн 4-рт/, улмаар  2013 оны 10-р сарын 21-ны өдөр  Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэсийн мөрдөн байцаагч Н.Тамирын 2013 оны 10-р сарын 18-ны өдрийн “ Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол” болон тус газрын албан тоотыг үндэслэн Төрийн өмчийн хорооны тогтоолоор *******ын ажил албан тушаалыг түр түдгэлзүүлэх тухай тогтоол гарчээ. /х.х-ийн 5-рт/,  2013 оны 08-р сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 11 тоот “Сэжигтнийг цагдан хорих тухай” захирамжаар цагдан хорьж/х.х-ийн 6-рт/,  Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнээр Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Хөтөлийн цемент шохой”ХК-нд онц их хэмжээний буюу 60 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтаан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ./хх-63-69рт/

             Дээрхи шийтгэх тогтоолд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар магадлалаар нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн/хх-70-82-рт/ байх боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр  буцаасан байна./хх-83-92рт/

            Мөрдөн байцаалт нэмж хийснээр дахин хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэлэлцсэн ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар цагаатгах тогтоолоор *******т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ. /хх-24-32рт/

            Энэхүү цагаатгах тогтоолыг Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаар магадлалаар /хх-93-98рт/ хүчингүй болгосноор дахин Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 93-А дугаар шийтгэх тогтоолоор/хх-13-23рт/ *******т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна. /хх-13-рт/

            Ийнхүү нэхэмжлэгч  *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2-т зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн гэж үзэж өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулахаар шаардсан нь хуулийн үндэслэлтэй.

             Нэхэмжлэгч ******* нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа нийт 206 хоног цагдан хоригдсон, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үед нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Н.Тамирын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолыг үндэслэж 2013 оны 10-р сарын 21-ны өдөр Төрийн өмчийн хорооны тогтоолоор *******ын ажил албан тушаалыг түр түдгэлзүүлсэн мөн энэ хэрэгтээ 2013 оны 08-р сарын 19-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсоноор тэрээр 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2015 оны 12-р  сарын 08-ны өдөр цагаатгах тогтоол гарсан болон цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа буюу 14 хоногийн хугацаа өнгөртөл ажилд орох боломжит хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр  хүртэл хугацаанд ажил эрхэлж, цалин хөлс аваагүй,гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөлөгч Ц.Монгол, Ч.Энхтөвшин, Г.Ганболд нараас хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч Ц.Монголд 10.000.000 төгрөг, өмгөөлөгч Ц.Энхтөвшинд 10.000.000 төгрөг, Г.Ганболдод 20.000.000 төгрөг нийт 40.000.000 төгрөгийг хууль зүйн туслалцаа авахад төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өмгөөлөгч нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, өмгөөллийн хөлс төлсөн тасалбар, шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолууд, магадлалын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.  

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ нэр төр сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг,  ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин хөлс 464.290.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 40.000.000 төгрөг, нийт 536.842.000 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд авах цалин хөлс 464.294.156 төгрөг, өмгөөлөлийн хөлс 55.000.000 төгрөг, үндэслэлгүй цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль бусаар хоригдсон 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцож  цагдан хоригдсон 206 хоногоо 192 000 аар үржүүлээд 39 552 000 төгрөгийг  шаардаж, нийт 578.845.156 төгрөг нэхэмжилсэнээс зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.        

Нэхэмжлэгч ******* нь хууль бус ажиллагааны улмаас аваагүй дундаж цалин хөлсийг нэхэмжлэхдээ 2013 оны 08-р сарын 19-ны өдөр  Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс  эрүүгийн хэрэг үүсгэн ажил,албан тушаал эрхлэх эрхийг түдгэлзүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас хойш 2015 оны 12-р  сарын 08-ны өдөр цагаатгах тогтоол гарсан болон цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох 14 хоног, ажилд орох өргөдөлөө шийдүүлэхээр хүлээсэн  09 хоног гэж тооцон  2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр  хүртэл ажлын 611 хоног  хугацаанд ажил эрхлээгүй, цалин хөлс аваагүй   гэж байгаа нь үндэслэлтэй  ба эдгээр хоногоос нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасаж тооцоогүй байна.

Иймд *******ын хууль бус ажиллагааны улмаас ажилгүй байсан хугацаанд 27 өдөр нь нийтээр амрах баяр ёслолын өдөр байгааг хасаж тооцоход 584 өдөр ажилгүй байсан байна. /611-27= 584/

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390.1.1 дэх хэсэгт заасан  дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7. а/-д зааснаар тогтооход нэхэмжлэгч *******ын сарын дундаж цалин хөлс нь 16.337.560  төгрөг болж байх бөгөөд уг нэг сарын дундаж цалин хөлсийг  нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хуваан тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс нь 759.886 төгрөг байна.  /Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 2013 оны 6 дугаар сарын цалин 6644120 төгрөг+2013 оны 07 дугаар сарын цалин 38440222 төгрөг+2013 оны 8 дугаар сарын цалин 3928340 төгрөг=49012682:3=16.337.560:21.5=759.886 төгрөг/    /хх-55, 76-79/

            Иймд нэхэмжлэгч *******ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 дэх хэсэгт заасан хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлсний хохиролд  443.773.000 төгрөгийг /584х759886төгрөг= 443.773.000төгрөг/ олгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Мөн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хэсэгт заасан нөхөн төлөгдөх шууд хохиролд тооцогдох тул *******ын хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 55.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгч Ц.Монголд 10.000.000 төгрөг, өмгөөлөгч Ц.Энхтөвшинд 10.000.000 төгрөг, Г.Ганболдод 20.000.000 төгрөг нийт 40.000.000 төгрөгийг бодитойгоор төлсөнийг хууль зүйн туслалцаа авахад төлсөн хохиролд тооцон олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Харин Ц.Монгол өмгөөлөгчид өмгөөлөлийн хөлсөнд  2016 оны 03-р сарын 10 -ны өдөр 15.000.000 төгрөг төлсөн  баримт  нь цаг  хугацааны хувьд хожуу төлөгдсөн ба эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 15 сая төгрөгийг үр дүн гарч хэргийг хэрэгсэхгүй болговол өмгөөлөгчид төлөхөөр  тохиролцсон боловч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан  Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Монгол оролцоогүй байхад нэмж 15 сая төгрөг шилжүүлсэн нь гэрээний заалтай нийцээгүй тул хангах үндэслэлгүй гэж үзлээ.         

Нэхэмжлэгч ******* нь эд хөрөнгийн бус хохиролд хууль бусаар цагдан хоригдсон 206 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож  39.552.000,  төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэнийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

          Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-т “Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан боловч цагдан хоригдсон хоног тутамд нөхөн төлбөр төлөх, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтыг Иргэний хуульд тусгайлан заагаагүй тул гаргуулан олгох үндэслэлгүй байна.

            Иймд 578.845.156 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагаас хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлсний хохиролд 443.773.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 40.000.000 төгрөг, нийт 483.773.000 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч *******т олгон, үлдэх 95.072.156 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгүүдэд “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон,  албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний  улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн  гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч *******т олговол зохих  483.773.000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэв.

Хууль бус ажиллагааны улмаас ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тохиолдолд Нийгмийн даатгалын байгууллага түүний нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт   хийх нь хууль зөрчихгүй болно.  

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн Газрын нөөц сангаас 483.773.000  /дөрвөн зуун наян гурван сая долоон зуун далан гурван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгон, үлдэх 95.072.156  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Хууль бус ажиллагааны улмаас ажилгүй байсан хугацааны  нийгмийн даатгалын шимтгэлээ ******* нөхөн төлөх эрхтэйг дурдсугай.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            6.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл зохигч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА

                                                                     ШҮҮГЧИД                      А.НАРАНТУЯА

                                                                                                             Г.ДЭЛГЭРСАЙХАН