Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

П.Г -д холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор Ч.Энхжаргал

                                               Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Б.Гэрэлмаа, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолд прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан эсэргүүцлээр, П.Г ид холбогдох эрүүгийн 1726001330054 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, , улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Жийдэг овгийн П.Г  

П.Г  нь 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Залаа зочид буудалд ресепшнээр ажиллаж байсан Ц.Л д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган дээрэмдэхээр довтолсон, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Онги ус суваг” ХХК-ний зүүн талын явган хүний замаар явж байсан Д.Э д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган цүнхийг нь дээрэмдэхээр довтолсон, мөн Д.Э ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас П.Г ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Г ийг цагаатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г ийг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Л д 223154 төгрөг, хохирогч Д.Э д 282900 төгрөг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт шүүгдэгч П.Г ийн эзэмшлийн 37-36 ӨВА улсын дугаартай, “Ниссан Санни” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч Ц.Л гийн нэхэмжилсэн 662150 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлах тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Г ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхжаргал эсэргүүцэлдээ: П.Г  нь 2017 оны 10 дугаар сарын 22-23 нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Залаа” зочид буудалд ресепшинээр ажиллаж байсан Ц.Л д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган дээрэмдэхээр довтолсон, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Онги ус суваг” ХХК-ны зүүн талын явган хүний замаар явж байсан Д.Э д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган цүнхийг дээрэмдэхээр довтолсон, мөн дээрэмдэх үедээ Д.Э ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Өвөрхангай аймгийн Прокурорын газраас П.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2,4, 34.19, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.9, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон тус аймгийн прокурорын газраас П.Г ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Г ийг цагаатгаж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, П.Г ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

1. Шүүхээс “...П.Г ийг хохирогч Ц.Л , Д.Э  нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга тулган довтолсон гэмт хэрэг үйлдсэн талаар хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байх тул дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Л  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...тэгсэн тэр залуу түрийвчинд дэх мөнгөө үзчихээд мөнгө хүрэхгүй байна гэж хэлээд манай өрөөнөөс гарсан...тэгсэн удаагүй тэр залуу ганцаараа орж ирээд өрөөг чинь авъя, хоёулаа хамт өрөөнд чинь оръё гэхээр нь би тухайн үедээ өрөөг онгойлгож өгнө гэж бодоод балаа тавиад өрөөний түлхүүрээ авах гэтэл тэр залуу зүүн энгэрээсээ хутга гаргаж ирээд мөнгө байна уу? аминдаа хайртай юу мөнгөндөө хайртай юу гэхээр нь хүүхдүүдээ амь авраарай гээд бахираад байсан”, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...өрөөнд орж ирээд миний сууж байсан ширээний хажууд ирээд тэгвэл тэр өрөөнд чинь оръё хоёулаа гэсэн, тэгэхээр нь би өрөө онгойлгуулах гэж байгаа юм байна гэж бодоод балаа ширээн дээр тавиад түлхүүрээ авах гэтэл нөгөө залуу өврөөсөө хутга гаргаж ирээд тохойгоо миний зүүн мөрөн дээр тавиад “за мөнгө” гэж хэлсэн, тэр үед нь би айгаад бахирсан гэж тус тус мэдүүлэг өгсөн, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...над руу хутга тулгаад нэг удаа мөнгө гэж хэлсэн...”, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгчээс: хууль сануулаад та өөрөө гарын үсэг зурсан байна, цээжин дээр хутгатай гараараа тулсан.

Мөн өврөөсөө хутга гаргаж ирээд баруун тохойгоо миний зүүн мөрөн дээр тавиад мөнгө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг байна. Та сая болохоор мөнгө гэж л хэлсэн гэж мэдүүлж байна Энэ 2 мэдүүлгийн аль нь зөв юм бэ? гэж асуусан асуултад хохирогч Ц.Л гээс “...сүүлийн мэдүүлэг нь зөв...” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч Ц.Л гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн зөрүүг шүүх хуралдаанаар арилгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл...нотлох баримтаар тогтоогдоно...” гэж заасан тул шүүх хуралдааны шатанд өгөөд байгаа мэдүүлэг, хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нотлох баримт болно.

Хохирогч Д.Э  нь мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа мэдүүлэг өгсөн байдаг /хавтаст хэргийн 19-20, 22-р хуудас/. Дээрх мэдүүлэгт ямар нэгэн зөрүү байдаггүй. П.Г  нь “хохирогчийн хоолойг боож, чирч орилоход нь “дуугүй байгаарай гичий минь” гэж хэлээд хутгаа хоолойд нь тулгаж цүнхнээс нь татсан, цүнхнээс татах үед цүнхний оосор бугуйдаа ороосон байсан учир цүнх тавигдалгүй үлдсэн, ингэж дээрэмдэх үйлдэл хийх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. П.Г  нь тухайн өдөр эхнэр Ц.Б маргалдаж, гэрээсээ хутга аваад гарсан байдаг бөгөөд буудалд орох гэхэд мөнгө нь дутсан, мөнгө олж буудалд орох санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хохирогч Ц.Л д “мөнгө” гэж хэлээд хохирогчид хутга тулгасан, хохирогч Д.Э д хутга тулгаж, хүч хэрэглэн цүнхнээс татах зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Ц.Л гийн мэдүүлэг /хх-н 28-29х/, хохирогч Д.Э ы мэдүүлэг /хх-н 19-20, 22х/, гэрч Д.А-н мэдүүлэг /хх-н 45-46х/, гэрч Ц.Бямбасүрэнгийн мэдүүлэг/хх-н 37-38, 39х/, гэрч О.Ганбатын мэдүүлэг, шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /хх-н 68-69х/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт /хх-н 53х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Г ийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг” үйлдэх болсон сэдэлт, зорилгыг мөрдөн байцаалтад нотолж чадаагүй байна” гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Г ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор, бусдын эд хөрөнгийг авах санаа зорилгоо хэрэгжүүлснээс үл хамааран дээрэмдэх гэмт хэрэг нь төгссөн, П.Г ийн хохирогч нарт хутга тулгаж “мөнгө” гэж хэлсэн, хутга тулгаж “цүнхнээс нь татсан” үйлдлүүдэд нь дүгнэлт хийгээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байхад шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь П.Г ийн хохирогч Ц.Л , Д.Э  нарыг дээрэмдсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь шүүх хохирогч Ц.Л , Д.Э  нарын мэдүүлгийн зөрүү, шинжээчийн дүгнэлт зэрэгт дүгнэлт хийж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан боловч Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг шүүгдэгч П.Г  нь үйлдээгүйг ямар нотлох баримтуудаар яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, няцаасан нотлох баримтын агуулгыг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Анхан шатны шүүхээс 174 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл буюу шүүхийн цагаатгах тогтоолын заалтыг удирдлага болгосон нь буруу байна.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл гэж ерөнхий заалт барьж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь энэ хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, .1.7, 1.8 дахь заалтуудын аль заалтаар нь хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцэхгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ

 Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 174 дүгээр “Шийтгэх тогтоол”-ыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл буюу шүүхийн цагаатгах тогтоолын заалтыг удирдлага болгон шийдвэрлэсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн аль заалтыг үндэслэн П.Г ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр болжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөрдөгчийн Д.Э , Ц.Л  нарыг хохирогчоор тогтоох тухай тогтоол нь /хх-ийн 17, 23х/ ойлгомжгүй, шүүх хуралдааны тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Г ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч П.Г ид холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                             ШҮҮГЧИД                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                           Н.ЭНХМАА