Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0070/З |
Дугаар | 221/МА2022/0396 |
Огноо | 2022-06-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0396
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХХК-ийн эзэмшиж байсан 17083А, 17092А, 17114А, 17237А дугаар тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 269 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0070/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХХК-ийн эзэмшиж байсан 17083А, 17092А, 17114А, 17237А дугаар тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын ашиглалтын 17083А, 17092А, 17114А, 17237А дугаар тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь“ хэсгийн 2.3 дах заалт, 9 дэх заалт, 10 дахь заалт, 11 дэх заалт, 16 дахь заалт, 17 дахь заалт, 18 дахь заалт, 19 дэх заалт, 20 дахь заалт, “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:
3.2. Бид шүүх хуралд оролцохдоо 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Нэхэмжлэлээ өөрчлөх“ гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон. Энэхүү нэхэмжлэлийн үндэслэл дотор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтыг дурдсан нэг ч заалт, жишээ байхгүй. Бид гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Упсын дээд шүүхийн шийдвэр шуүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Упсын дээд шүүхийн тайлбар хуульд харшипбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2.6 дах хэсэгт “...хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биөлүүлэх...” гэж тус тус заасныг баримтлан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж гаргасан.
3.3. Шүүгч шийдвэрийн үндэслэлийн 9 дэх заалтаар “...Хариуцагч захиргааны байгууллага нь дээрх хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий актаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгогдсон ашигт малтмалын хайгуулын 15138Х, 15139Х, 15141Х дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу тухайн хуулийн этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож бүртгэхээр шийдвэрлэснийг буруутгах үндсэлэл тогтоогдохгүй байна...” гэж дурдаад улмаар үүнээсээ үндэслэн 10 болон 11 дэх заалтаараа бас л Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг нэхэмжлэгч тал баримтлан маргаж буй мэтээр бичжээ.
3.4. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын хавсралтанд дурдсан 106 тусгай зөвшөөрлийг анх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Энэ хавсралтанд хайгуулын 105 ширхэг, ашиглалтын 1 ширхэг тусгай зөвшөөрлийг дугаараар нь дурдсан бөгөөд харин эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдээс үүсгэн шинээр олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хэрхэх талаар Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаар шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй байдаг.
3.5. Харин Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг гаргахдаа дээрх шүүхийн шийдвэрүүдийг өөрийнхөөрөө тайлбарлан зохицуулсан. Тиймээс ч энэхүү маргаж буй 459 дүгээр шийдвэрээ 2 хэсэг заалттай гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэрийг аж ахуйн нэгжүүдэд ялгавартайгаар хэрэгжүүлсэн.
3.6. Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлүүдээс үүссэн ашиглалтын тусгай зөвшөөрлүүд байвал хэрхэх талаар тусгайлан зохицуулсан хуулийн заалт байхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4. дэх хэсэгт “...Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ...” гэж заасныг шүүх анхаарч үзэх ёстой гэж бид үзсэний үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтыг баримтлан маргаж байгааг анхан шатны шүүх огт харгалзан үзсэнгүй.
3.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг гаргахдаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг буруу хэрэгжүүлж зарим аж ахуйн нэгж хуулийн этгээдүүдэд давуу байдал олгосон байна гэдгийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн 12, 13, 14, 15 дахь заалтуудаараа тодорхой болгосон боловч 16 дахь заалтаараа няцаах гэж оролджээ.
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.3 дахь хэсэгт “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан заалтуудыг анхаарч үзсэнгүй.
3.9. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 17 дахь заалтыг эс зөвшөөрч байгаа тухайд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тогтоолоор тус, тус хүчингүй болсон боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс буюу хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас цуцлагдаагүй байсан 15192Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлөөс үүссэн 16814Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг болон энэ цуцлагдсан тусгай зөвшөөрлөөс үүссэн хайгуулын 16948Х, ашигт малтмалын ашиглалтын 16947А, 17607А дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцпахгүйгээр бидний маргаж буй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин хамгаалан үлдэх нь энэ хэрэгт огт хамаагүй гэж үзсэн нь хууль бус байна.
3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байх нь зөв мэтээр хариуцагчийг үүргээс шууд чөлөөлж байгаа нь хууль бус байна.
3.11. Ингээд манай эзэмшиж байсан 15141Х, 15138Х, 15349Х дугаар гурван тусгай зөвшөөрлөөс шинээр үүсгэж хуулийн дагуу авсан ашигт малтмал ашиглах 17083А, 17092А, 17114А, 17237А гэсэн нийт 4 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсэгт хүчингүй болгож бүртгэсэн.
3.12. Харин уг шийдвэрийнхээ 2 дахь хэсэгт “Миллениумдиггерс” ХХК-ийн 15192Х дугаар тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн шилжүүлэн авч 16814Х дугаар тусгай зөвшөөрлийг шинээр “И” ХХК-д олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 345 дугаар шийдвэрийг л ганцхан хүчингүй болгож бүртгэсэн.
3.13. Гэтэл энэхүү 16814Х дугаар тусгай зөвшөөрлөөс шинээр үүсгэсэн ашигт малтмал ашиглах 16947А дугаар тусгай зөвшөөрлийг мөн л “И” ХХК-д олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1046 дугаар шийдвэр улмаар энэ тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн шилжүүлэх замаар үүсгэн “Болд төмөр ерөө гол” ХХК-д шинээр 17607А дугаар тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 395 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож бүртгээгүй нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөвхөн манай компанид хамаатай мэтээр хариуцагч төдийгүй улмаар шүүх өөрөө дур мэдэн хууль бусаар тайлбарлаж байгаа нь манай компаний эрх зүйн байдпыг дордуулан, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчсөн үйлдэл болсныг шүүгч анхаарч үзсэнгүй.
3.14. Харин энэ бүхэн хууль бус үйл ажиллагаа гэдгийг шүүх энэхүү үндэслэлийнхээ 15 дахь заалтаар нотолчихсон.
3.15. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 18 дахь заалтаар Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/5937 дугаар албан тоотыг нотлох баримтын хэмжээнд дутуу үнэлсэн.
3.16. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн шийдвэр зөвхөн манай компанид л хамаатай мэтээр тайлбарлаж төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлүүд тэдгээрээс үүссэн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээдүүдэд энэхүү сонгон шалгаруулалтын журам нэгэн адил хамаатай байх ёстой гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.
3.17. Тэдгээр этгээдэд давуу эрх олгож байгаагаа хариуцагч энэ албан бичгээрээ нотолсон, ингэснээрээ 459 дүгээр шийдвэр илт хууль бус, утга найруулгын алдаатай гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.
3.18. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 19 дэх заалтаар манай эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралд оролцсоноо дурдсан. Энэхүү нэхэмжлэлээр 2 шаардлага тавьсан.
3.19. Манай нэхэмжлэлийн 2 дахь шаардлага хууль ёсоор хангагдах албан ёсны нотолгоо хавтаст хэргийн 156 дугаар хуудсанд байгааг шүүх анхаарч үзэж судалсангүй.
3.20. Уг нотлох баримтын 2 дахь хуудсанд “Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 05 сарын 18-ны өдрийн 239 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тогтоолыг биелүүлэх явцад сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой нэр бүхий компаниудын 106 тусгай зөвшөөрлийн талбайг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн дотор ашигт малтмалын хайгуулын ХV-015192, XV- 016814 дугаартай тусгай зөвшөөрлүүд орсон байна.
3.21. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тогтоолд ашигт малтмалын хайгуулын XV-016814, ХV-016948, ашиглалтын ХV-016947 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах талаар заагаагүй байна” гэж маш тодорхой дэлгэрэнгүй тайлбарласан баримт болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 7/7930 дугаар албан бичиг хавтаст хэргийн 156 дахь хуудсанд нотлох баримтаар авагдсан байна.
3.22. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаар шийтгэх тогтоолын хавсралтанд заасан дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг л цуцлана хэрвээ тэнд дугаар нь дурдагдаагүй бол тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлахгүй гэсэн тайлбар бодлого барьж байгаагаа Ашигт малтмал газрын тосны газар тодорхой бичсэн байна.
3.23. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор 106 тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн дотор манай компаний эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 15141Х, 15138Х, 15349Х дугаар бүхий тусгай зөвшөөрлүүд л орсон.
3.24. Харин ашигт малтмалын ашиглалтын 17083А , 17092А, 17114А.17237А тусгай зөвшөөрлүүдийг цуцлах талаар дээрх шүүхийн шийдвэрт заагаагүй байна.
3.25. Тиймээс манай эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 17083А, 17092А, 17114А,17237А дугаар тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээх ёстой, ингэснээрээ манай хууль ёсны эрх ашиг сэргэнэ гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ“ гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх” гэж тус тус заасан байхад төрийн захиргааны байгууллага дээрх заалтыг үл тоон хууль шүүхийн өмнө эрх тэгш байх манай компаний эрхийг зөрчиж байгааг шүүх анхаарч үзсэнгүй” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. “Э” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Цогт хайрхан уул Цогтын зүүн хөндий нэртэй газар орших 572,89 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-17083 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон, мөн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Нарийн хөндийн эх Хашаатын хөндий нэртэй газарт орших 793,93 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-17092 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон, мөн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Илээт булаг нэртэй газарт орших 2353,35 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-17114 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хар алт уул Жалга 1,2 нэртэй газарт орших 487,53 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-17237 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус олгожээ.
3. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Э” ХХК-ийн 17083А, 17114А, 17237А, 17092А тусгай зөвшөөрлүүдийг олгосон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.
4. Хариуцагчийн тайлбар, баримтуудаас үзвэл Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолуудаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж олгогдсон нь хууль бус гэж үзэж хавсралтад заасан 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байх ба дээрх хавсралтад заасан 106 тусгай зөвшөөрлийн дотор нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын 15138Х, 15139Х, 15141Х тусгай зөвшөөрөл багтжээ.
5. Нэгэнт дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “Э” ХХК-д сонгон шалгаруулалтгүйгээр дээрх тусгай зөвшөөрлүүдийг олгосон, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн, нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй байх тул хариуцагчаас уг зөрчлийг таслан зогсоох зорилгоор маргаан бүхий акт гаргасныг буруутгах үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий 459 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-ийн 3 хайгуулын тусгай зөвшөөрөл, 4 ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тэгсэн атлаа уг шийдвэрийн 2 дахь хэсэгт байгаа “И” ХХК-ийн 15192Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, 16814Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ хайгуулын тусгай зөвшөөрлөө дахин шилжүүлж авсан 3 тусгай зөвшөөрөл байхад тэдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлаагүй. “И” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан атлаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлаагүй ... албан бичгээр манай компанийн цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тухай мэдэгдсэн. Тэгсэн атлаа нөгөө хоёр компанид сонгон шалгаруулалтын дагуу олгоогүй ... Төрийн захиргааны байгууллага Улсын дээд шүүхийн шийдвэрийг дураараа тайлбарлаж, дээрх байдлаар бусад компаниудад давуу байдал олгосон” гэж тайлбарлахаас гадна шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлан маргажээ.
7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг заасан бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий акт уг хуулийн аль үндэслэлээр илт хууль бус гэж үзэж маргаж байгаа талаараа нэхэмжлэлдээ тодорхойлоогүй боловч шүүх хуралдаанд “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасныг үндэслэж маргасан” гэж тайлбарласнаас үзэхэд илт хууль бус актын тодорхой үндэслэлээр маргасан гэж үзэхээр байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтаас үзвэл хариуцагчийг маргаан бүхий актыг гаргах эрх хэмжээгүй гэж дүгнэх боломжгүй байхаас гадна 459 дүгээр шийдвэрийг утга агуулгын илэрхий алдаатай гэж дүгнэх боломжгүй байна.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина”, 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” гэж заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавьж, бүртгэл хөтлөх эрх хуулиар олгогджээ. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл хуульд заасан журмын дагуу олгогдсон эсэх асуудлаар зөрчил гаргасан гэж үзвэл таслан зогсоох шийдвэр гаргах боломжтой байна.
9. Тиймээс энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар “... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэж, маргаж буй 459 дүгээр шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
10. Мөн утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэдэг нь гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн илэрхийлэгдээгүй, актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын илэрхий алдаатайд тооцох бөгөөд нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон үйл баримттай маргаагүй, уг зөрчлийг үгүйсгээгүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй.
11. Нэхэмжлэгч тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль шаардлагыг, ямар үндэслэлээр хангаж байгаа талаар өөрөө тодорхойлж, маргах үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл хэрхэн тогтоогдсон, эсхүл тогтоогдоогүй талаар дүгнэж, шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зохицуулалтад нийцнэ.
12. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудаас хоёр үндэслэлийг зааж маргаж байгаагаа шүүх хуралдаанд тайлбарласан атлаа давж заалдах гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан үндэслэлээр маргаагүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
13. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 14, 03 дугаар сарын 09-ний өдөр “... “И” ХХК-д MV-06947 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1046 дугаар шийдвэр, MV-06947 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлөөс “Болд төмөр ерөө гол” ХХК-руу хэсэгчлэн шилжүүлж MV-017607 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 395 дугаар шийдвэр, “Өсөх зоос” ХХК-д MV-017317 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр шийдвэр, “Бе” ХХК-д XV-005261X дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон 2015 оны шийдвэр, MV-020511, MV-021594 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Хай” ХХК-д олгосон шийдвэр, MV-021104 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Нит” ХХК-д олгосон шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2675 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шүүгчийн захирамжид нэхэмжлэгч “Э” ХХК-аас гомдол гаргаагүй байх тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны ... талаар маргах эрхгүй” гэж зааснаас үзэхэд “ нэхэмжлэгч нь “И” ХХК, “Болд” ХХК, “Өсөх” ХХК-д “Бе” ХХК, “Хай” ХХК, “Ни” ХХК-уудад тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдтэй маргах эрхгүй байхад энэхүү агуулгаар маргаан бүхий 459 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “энэхүү үйл баримт нь энэхүү хэрэгт хамааралгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
16. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
17. Харин нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа бол энэ талаарх гомдлоо холбогдох төрийн захиргааны байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ