Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 09

 

 

 

  Нэхэмжлэгч, хариуцагчийн эврэлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би

Нэхэмжлэгч: С ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын Засаг дарга Д.Бд хариуцагдах,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Хуульд заасан журмаар олгогдсон хайгуулийн тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагааг явуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Өндөр сүүж” нэртэй газарт ХҮ-013473 тоот  хайгуулын тусгай зөвшөөрлийг /2008 оны 4 сарын 07-ны өдөр МАГ-ын ГУУКХ-ээс олгосон/ эзэмшдэг.

2017 оны 02 сарын 01-ны өдрөөс хайгуулын ажил гүйцэтгэхээр шинээр сонгогдсон сумын Засаг дарга Д.Б болон БОХУБайцаагч Г.Уранбилэг нарт танилцуулахад 2016 онд батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөгөөр хайгуулын ажил гүйццэтгүүлэх боломжгүй тул хайгуул хийлгэхгүй гэсэн. Үүний дагуу 2017 онд тусгай зөвшөөрөлтэй талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг АМГТГ-ын геологийн алба болон МХЕГ-аар 2017 оны 4 сарын 6-ний өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Дундговь аймгийн БОАЖГ-аар 2017 оны 4 сарын 25-ны өдөр тус тус батлуулсан.

2017 оны 5 сарын 5-ны өдөр 2017 онд хайгуулын ажил гүйцэтгэх үед байгаль орчныг хамгаалах талаар баримтлах “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын  байцаагч баталж өгсөн.

Дундговь аймгийн Засаг даргаас 2018.02.07-ны өдөр 1/145 тоот хариу өгсөн. Энэхүү хариундаа хайгуулын талбайд ухагдаж эвдэгдсэн газрыг нөхөн сэргээсний дараа хайгуулын ажлаа эхлүүлэх хүсэлт гаргах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.Гэтэл манай компани нь “хайгуулын ажлын 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний дагуу нөхөн сэргээлт хийхээр тохиролцсон байсан боловч дахин гэрээ байгуулж хамтран ажиллахаар тохирлоо. Тодруувбал:

Нэхэмжлэгч хариуцагч бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа. Уг гэрээнд С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Бд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж,
  2. Хариуцагч “С” ХХК-тай хамтран ажиллах, хайгуулын ажлыг саадгүй хийлгэхээр харилцан тохиров гэжээ.

  2.Хариуцагч Д.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд  гаргасан  хариу тайлбартаа: “...Тус сумын 1-р багийн нутагт орших “Өндөр сүүж” хэмээх газар 20074 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “С” нэртэй ХХК нь хайгуул хийх нэрээр ухаж төнхөж гар аргаар жонш олборлож Говь-Сүмбэр аймагт удаа дараа борлуулж байсан. Анх Жумба гэдэг хүн хайгуулын үйл ажиллагаа эхлүүлээд хэдэн жил болсны ар дээр Шарав гэдэг хүнд дамжуулан зарж Шарав нь үргэлжлүүлэн хайгуул нэрээр мөн олборлолт хийж орон нутгийн удирдлагын зүгээс шаардлага тавиад дийлээгүй. Миний бие тэр үед 1-р багийн Засаг даргаар ажиллаж байсан. Бид арга ядахдаа сум орноороо эсэргүүцэж тэр үеийн аймгийн Засаг дарга байсан Ш.Т даргад ард иргэдийн эсэргүүцсэн гарын үсэгтэй албан тоотыг хүргүүлснээр аймгийн Засаг дарга ажлын хэсэг мэргэжлийн багтай ирж зогсоож байсан түүхтэй. Дээрх хүмүүсээс хайгуул хийсний зардалд өрөнд авсан гэх одоогийн С ХХК захирал Баттүвшинтэй удаа дараа уулзаж учир байдлаа ярьж ард иргэдтэй ойлголцох гэсэн боловч багийн ард иргэд хүлээн аваагүй сум орон нутгийн удирдлага төр төлөөлж байгаа хүний хувьд асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх гэж аймгийн Засаг дарга О.Б даргыг мэргэжлийн багаар туслаач дөрвөн талт уулзалт зохион байгуулья гэсэн албан тоотыг хүргүүлж Байгаль орчны газар болон Мэргэжлийн хяналтын газруудаар орж холбогдох мэргэжилтнүүдтэй багийн Засаг дарга А.Э, Б захирлын хамт зөвлөгөө авч байсан.

Ингээд тодруулбал: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй эвлэрийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэлийн хамтран ажиллах шаардлагын тухайд нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг дахин байгуулж ажиллахаар тохирч гэрээ хийв. Энэхүү гэрээ нь Засаг даргын бүрэн эрхийг зөрчөөгүй ард иргэдийн хяналт тавих төлөөллийг томилсон албан тушаалтнуудтайгаа зөвшилцсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:     

“С” ХХК-иас Цагаандэлгэр сумын Засаг даргад холбогдуулан   “хуульд заасан журмаар олгогдсон  хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу  хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжоор хангаж өгөхгүй байгаа  сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахыг даалгах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан. /хх-21-23/

Нэхэмжлэгч “С” ХХК  сумын  Засаг даргад хариуцагдах   хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг  хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  даалгах шаардлагын тухайд хариуцагчтай харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээгээ байгуулж ажиллахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг /хх-/182/ бичгээр байгуулж  шүүх хуралдаанаас өмнө ирүүлжээ.

“С” ХХК-ий захирал Ш.Б, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Б нар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт орших “Өндөр сүүж“ нэртэй  хайгуулын талбайд гүйцэтгэх  ажлын 2017 оны Байгаль  орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж баталсан, аймгийн Байгаль орчин аялал зуучлалын газрын дарга Н.Г 2017 оны 4 сарын 25-нд хянаж бүртгэсэн, тус сумын Байгаль орчны улсын байцаагч Г.Уранбилэг 2017 оны 5 сарын 10-нд хянаж  баталгаажуулсан  байна. /хх-24-34/

Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т   “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрх,  хайх, ашиглах болон хайгуулын  талбай уурхай эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 12 дугаар зүйлийн 12.1-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр  олгогдсон  талбайг зориулалтаар  нь ашиглуулах” , 40 дүгээр зүйлийн 40.1-т “.....тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум дүүргийн Засаг  даргад батлуулахаар  хүргүүлнэ”,  42 дугаар зүйлийн 42.1-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, ...............  асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад .... нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх” зэрэг хуулиар тогтоосон  зохицуулалтын хүрээнд  нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийн гэрээгээр эвлэрсэн  хэсгийг болон нэхэмжлэгчийн татгалзлыг батлах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Сын “энэхүү эвлэрэл нь хууль болон өөр бусад этгээдийн эрх ашгийг  зөрчөөгүй” гэх, нэхэмжлэгч Бгийн ”одоо очоод Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө дахин шинэчилж  батлуулаад хамтран ажиллахаар  тохирсон тул хэн нэгний эрх ашиг зөрчигдөхгүй гэж бодож байна” хариуцагч Д.Бын “сумын Засаг даргын хувьд холбогдох албан тушаалтнуудтайгаа  зөвшилцсөн, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих ард иргэдийн төлөөллийг томилсон тул сумын Засаг даргын эрх хэмжээнд эвлэрлийн гэрээг хийсэн,  энэ нь  хэн нэгний  эрх ашигт  харшлахгүй  гэж үзэж байна”  гэх тайлбрууд, гэрч аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Б.Аын “Цагаандэлгэр сумын иргэдээс 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр  10 хүний гарын үсэгтэй С ХХК-ий  хайгуул судалгааг хийлгэхгүй байлгах талаар дэмжиж өгнө үү гэсэн агуулгатай өргөдөл ирсэн байдаг. Манай байгууллагаас газрын хэвлийг хөндөхгүй, гео физикийн хайгуул хийх тул үйл ажиллагааг нь явуулж  энэ  талаар ард иргэддээ сайн тайлбарлаж  өгөхийг сумын байцаагчид мэдэгдсэн. Нэгэнт хуулийн дагуу бичиг баримтаа  бүрдүүлсэн  аж ахуйн үйл ажиллагааг хориглох эрх бидэнд байхгүй. Ямарваа нэгэн зардал гарвал  хариуцана  шүү  гэдгийг  хэлж байсан”/хх-173-175/, гэрч Цагаандэлгэр сумын 3-р багийн засаг дарга Г.Дын “Миний бие 3-р багийн Засаг даргын зэрэгцээ “Нутгаа  аварья” ТББ-ын чиг үүргийг хэрэгжүүлдэг. “С”  компаний хувьд өмнө нь Ш гэдэг  хүн ажиллуулж  байгаад сүүлд  энэ хүн авсан юм билээ. 3 ширхэг цооног гаргаад одоо болтол нөхөн сэргээгээгүй учраас сумын ард иргэд үйл ажиллагааг  дэмждэггүй. Малчид отроор явсан тул одоогоор хүнгүй шахам байна. Нэгэнт хуулийн дагуу  тусгай зөвшөөрлөө авсан болуул  үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдгийг ойлголоо”/хх-160-161/, гэрч Цагаандэлгэр сумын 1-р багийн Засаг дарга Г.Жгийн “Энэ компаний хайгуулын талбай манай сумын, манай багийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа. Би 2018 оны 5 дугаар сарын 2-нд ажлаа аваад айлуудаараа нэг тойроод ирсэн зарим нэг айл оторлосон учраас хүрч чадаагүй байна. Уг компаний нэхэмжлэлийг бол би сайн мэдэхгүй юм байна, тиймээс зөв буруу гэж хэлж  чадахгүй. Хүмүүстэйгээ сайн уулзаж хууль дүрмийг танилцуулья  ард иргэддээ  ойлгуулах хэрэгтэй гэж  үзэж байна”/хх-158-159/,  гэрч тус сумын байгаль орчны улсын байцаагч Г.Уийн “С” ХХК 2007 оноос хайгуул хийх эрхээ авсан байдаг. Сумын ард иргэдийн зүгээс нөхөн сэргээлтээ хийхгүй байна гэдэг үндэслэлээр 2016, 2017 онд  хайгуул  хийлгээгүй. Тухайн компаний хувьд зохих ёсоор  үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээлттэй. Гэхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө ёсоор  би дүгнэлт гаргаагүй,  дүгнэлт гаргах  үндэслэл  бүрдээгүй байгаа. Улсын байцаагчийн хувьд би иргэдийг шүүхэд очиж мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн” гэх зэрэг ард иргэдийн төлөөлөл болон холбогдох албан тушаалтнуудын тайлбар мэдүүлгийг үндэслэн эвлэрлийн гэрээ нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасан шаардлагыг хангасан, хуульд  харшлахгүй бөгөөд өөр бусад этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчихгүй тул  нэхэмжлэгчийн татгалзал,  нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч  С  ХХК-иас  байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулж  2015 оны 8 сарын 04-нд 1,440,000Т, 2016 оны 8 сарын 18-нд 2,178,000 төгрөгийг тус сумын байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлсэн болохыг нотлох баримтаар нэхэмжлэгч хариуцагч нараас /хх-15,16, 92, 103, 104, 105, 126 / хэрэгт өгсөн болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7/4083 тоот албан бичгээр “С” ХХК ашигт малтмалын хайгуулын ХV-013473 тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс сунгуулж, 2017-2018 онуудад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргаас “С ХХК-ий ашигт малтмалын хайгуулын ХV-013473 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар санал ирүүлж  байгаагүй зэргийг  холбогдох материалын хамт шүүхэд ирүүлсэн болно. /хх-132-142/

Иймд хэрэгт цугларсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын  шүүхэд гаргасан санал /эвлэрэл, татгалзал/ зэргийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж үр дагаврыг оролцогчдод танилцуулсан болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т  заасныг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасныг баримтлан “С” ХХК-ий нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга /Д.Б/-д хариуцагдах  “хуульд заасан журмаар олгогдсон  хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжоор хангаж өгөхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа  явуулахыг даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн  шаардлагын  “хуульд заасан журмаар олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжоор хангаж өгөхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох-хэсэгт нэхэмжлэгчийн татгалзлыг, хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахыг даалгах шаардлагад нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг тус тус баталж  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр  зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-иас тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
  3. Энэхүү захирамжид  давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд  анхан  шатны шүүхэд дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус тайлбарласугай.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.С