Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/02243

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00201 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1126 дугаар магадлалтай,

Б.Бын нэхэмжлэлтэй

“М Т” ХХК, Г.Гнарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 10 600 000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Ганболорын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагч Г.Ганболор, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хос вансэмбэрүү эмнэлгийг хувиараа ажиллуулдаг. “М Т” ХХК-ийн захирал Г.Ганболортой гэрээ байгуулан, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 12 600 000 төгрөгийг бэлнээр шилжүүлж, барилгын зураг зуруулахаар болсон. Гэтэл Б.Бын худалдаж авахаар хөөцөлдөж байсан газар бүтэхгүй болсон талаар Г.Ганболорт мөнгө шилжүүлснээс хойш 3, 4 хоногийн дараа хэлж, зураг зуруулах шаардлагагүй боллоо мөнгөө авья гэдэг саналыг тавьсан. Тухайн үед Г.Г“мөнгийг чинь хэрэглэчихсэн мөнгөтэй болохоороо өгнө” гэж тайлбарласан. Ийнхүү мөнгө шилжүүлснээс хойш 3, 4 хоногийн дараа нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар нотлогддог. Хариуцагчийн хавтаст хэрэгт өгсөн барилгын зураг төсөл ямар ч тамга тэмдэггүй, Г.Гхаанаас яаж татаж зурсан юм нэг зураг дээр өөрөө гарын усэг зураад, н.Эрдэнэгэрэл гэж гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Энэ талаар шинжээчийн 3300 дугаартай дүгнэлт, Ө.Эрдэнэгэрэлийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Барилгын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралт болох барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах журам, магадлал хийх дүрэм зэргээс харахад барилгын зураг төсөл зурагдаагүй, зурагдах ямар ч нөхцөл байдал үүсэх боломжгүй болсон. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч талууд гэрээнээс татгалзсан. Хариуцагч нэхэмжлэгчид ажлын үр дүнг шилжүүлж өгөөгүй. Иймд Г.Ганболорт 12 600 000 төгрөг шилжүүлснээс 2 000 000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 10 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ““М Т”” ХХК, Г.Гнар шүүхэд болон Г.Гөмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ““М Т”” ХХК-ийг 2013 онд барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл авах зураг төслийн гэрээт ажил хийх зорилгоор байгуулсан. 2014 оны 6 дугаар сард танил н.Даваажав утасдаж “зураг төслийн ажил яаралтай хийлгэх хэрэгтэй байна” гэсний дагуу Б.Бтай уулзсан. Тэр үед Б.Тодгэрэл гэж хүн найз н.Золзаяагийн газрыг 20 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон гэж газрын гэрчилгээний хуулбарыг үзүүлэн, уг гэрчилгээнд заагдсан газрыг надад үзүүлээд, Б.Б нь "гэрчилгээ арай хэвлэгдээгүй байна, зунаас өмнө барилгын ажлаа эхлүүлмээр байна, цаг хэмнээд зургаа эхлүүлж байж болох уу" гэж гуйсны дагуу гэрээ байгуулсан. Зургийн ажлыг хийж байх явцдаа захиалагчтай 3 удаа уулзсан, инженерүүдтэй зөвлөлдөж зургийн ажлыг хийж байсан. Манай компани зургийн тусгай зөвшөөрөлгүй гэдгийг би анхнаасаа хэлж, 90 000 000 төгрөгийн ажлыг 42 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, хамтарч ажилладаг “Уран үзэг” ХХК-ийн нэрээр зургийг гаргуулахаар тохирч, энэ талаар гэрээнд хавсаргаж өгсөн байтал энэ талаар мэдээгүй гэж тайлбарлан хавсаргасан байсан арын хуудсыг алга болгочихоод байна. Би захиалагч талтай 3 удаа уулзаж, судалгаа явуулж, зургаа хийж байхад над руу яриад “газар түр бүтэмжгүй байна, хүлээж байгаарай” гээд 2017 оны 02 дугаар сар хүртэл алга болсон. 2017 оны 4 дүгээр сард бүтэхээргүй болсон гэдгээ хэлсэн бөгөөд энэ хүртэл бид маш их ажил хийсэн байсан тул хийсэн ажлаа 10 600 000 төгрөгөөр тооцож, үлдэх 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчид зургийг хүлээлгэж өгөх гэсэн боловч өөрсдөө одоо хэрэггүй болсон гээд файл зургаа хүлээж аваагүи. Б.Б цагдаад хандан гомдол гаргасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа 2 жил шахам явагдаж, шүүх Г.Ганболорыг цагаатгасан. Г.Ггэрээ байгуулж, урьдчилгаа 12 600 000 төгрөг аваад л ажлаа хийж эхэлсэн, гэтэл сар гарангийн дараа газрын гэрчилгээ бүтэгүй байна гэсэн болохоос бүр боль гэж хэлээгүй байдаг. Харин 2015 онд манай газрын гэрчилгээ бүтэхээ больсон тул байшин барих шаардлагагүй болсон. Танай зураг төслийн ажлыг авахгүй гэсэн. Г.Г2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулахдаа урьдчилгаа авсан мөнгөнийхөө дагуу ажлаа хийж байсан, скиз зураг хэрэгт байгаа. Тухайн үед энэ зургийг зурахдаа ганцаараа зураагүй. 2 ажилтны нийгмийн даатгалыг төлж цалин өгч, байрны төлбөр, компьютер, цаас бичиг энэ бүх ажлыг хийсэн. Манайх үнэлгээ хийлгэхээр Монголд ганц байдаг барилга архитектурын корпорацид хандсан Зөвлөх инженер Ш.Цэвэлрагчаа гэдэг хүн Г.Ганболорыг нийт 17 208 980 төгрөгийн ажил хийсэн байна гэсэн дүгнэсэн. Захиалагч тал өөрөө гэрээнээс татгалзаж, ажлыг зогсоосон. Зөвшөөрөл өөрсдийнх нь нэр дээр гараагүй, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг бусдад халдааж болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00201 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Т” ХХК болон Г.Гнараас 10 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1126 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Гхяналтын гомдолдоо: Магадлалд ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. “Хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэх 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 1126 бүхий магадлал нь: хариуцагчийн зүгээс дээрх магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-н 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Б нь “Хос вансэмбэрүү” ХХК, ““М Т”” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардахдаа компанийн өмнөөс эсхүл хувь хүнийхээ хувьд шаардаж байгааг тодруулах нь нэхэмжлэх эрхтэй эсэхийг тогтооход ач холбогдолтой..., нэхэмжлэгч нь уг компанийг төлөөлөн эсхүл компанийн байгуулсан гэрээний дагуу шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан эсэх, нөхцөл байдлыг тодруулах ёстой гэжээ. ИХШХШ тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг нэхэмжлэгч гэдгийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр тус тус сольж болно гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй, мөн нэхэмжлэгч зөвшөөрсөн талаар ямар ч хүсэлт, тайлбар гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх зохигч нар хийх ёстой байхад шүүх сайн дураараа түүнийг тодорхойлж хийхийг буюу хууль зөрчсөн ажиллагаа хийхийг шаардсан магадлал гаргасан байна. Хариуцагчаар ““М Т”” ХХК, Г.Гнарыг татсан нь эдгээр хариуцагч нарын хэн нь гэрээний тал болох нөхцөл байдлыг тодруулах нь гэрээний хүчин төгөлдөр байдал, тусгай зөвшөөрөл тухайн гэрээг байгуулагдахад шаардлагатай эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна. Гэх үндэслэл нь: Хариуцагч нарын хэн нь гэрээний тал болох гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлдог ИХШХШТ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно. Мөн хуулийн 28 дугаар зүйлийг 28.3-д нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж Анхан шатны шүүхийн шийдвэрийг үзэж байгаа нь хууль зөрчсөн магадлал гарсан гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл тухайн гэрээг байгуулахад шаардлагатай эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой гэсэн нь Хариуцагч Г.Ганболорыг 2 жил гаруй эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэгт тусгай зөвшөөрөл байх ёстой юу үгүй гэдгийг шалгаж нягтлаад заавал тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхэд дүгнэлтийг өгсөн болно. Миний биед холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийн он сарын хэлхээс -2015 оны 08 сард Эрүүгийн хэрэг үүсгэх талаар байцаалт авсан боловч Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс хэрэгсэхгүй болгосон. -2015 оны 11-р сард Баянгол дүүргийн прокурор Одончимэг сэргээсэн. -2016 оны 08-р сарын 24-нд 201526022099 тоот хэргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж дахин мөрдөн байцаалтад буцаасан -2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор цагаадсан. -2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. -2017 оны 05 дугаар сарын 29-ний Дээд шүүхийн 150 дугаартай тогтоолоор өмнөх шатны шийдвэрүүдийг хэвээр үлдээж цагаатгасан. Талууд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тусгай зөвшөөрөлтэй “Уран Үзэг” ХХК-иар зургаа баталгаажуулж ажил үргэлжлэх боломжтой байсан байна, гүйцэтгэсэн ажлын үр дүн барилгын зураг байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Хариуцагч талаас шинжээч томилох хүсэлт бичгээр өгсөн боловч уг хүсэлтээсээ татгалзсан болно. Учир нь “Барилга Архитектур Корпораци”-ийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байсан тул дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим үндэслэл хуулийн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “М Т” ХХК болон Хос вансэмбэрүү ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээг үндэслэж нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэл гаргасан байхад уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, хариуцагч Г.Гнь гэрээний тал мөн эсэх талаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй нь буруу байна.

Барилга барих газрын зөвшөөрөл бүтээгүй тул нэхэмжлэгч нь захиалга өгснөөс хойш 3-4 хоногийн дараа гэрээнээс татгалзаж, энэ талаар хариуцагч талд мэдэгдсэн гэсэн бол хариуцагч нь гэрээ цуцлах талаар 2015 оны 04 дүгээр сард мэдэгдсэн, энэ хугацаанд зураг төслийн тодорхой хэмжээний ажил хийсэн байсан тул урьдчилгаанд авсан 12 600 000 төгрөгний 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлж, үлдэх мөнгийг ажлын хөлсөд тооцож авсан гэж маргасан, маргааны зүйлийг хоёр шатны шүүх зөв тогтоосон боловч гэрээгээр тогтоосон хариуцагчийн үүрэг, ажлын үр дүнг бий болгох хугацаа, ажил гүйцэтгэгч ажлыг биечлэн гүйцэтгэх үүргийг хүлээсэн эсэх, гэрээний 1.4, 4.2-т заасан нөхцөл зэрэг хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох гэрээний ач холбогдол бүхий үйл баримтыг анхаараагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан, эсвэл гэрээ хүчин төгөлдөр бус эсэхийг шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэх боломжтой бөгөөд шинжээч томилуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хангах эсэх нь анхан шатны шүүхийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр байх тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэж чадаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1126 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА