| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1744/Э |
| Дугаар | 1800 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1800
2020 10 14 2020/ШЦТ/1800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Б.Уранцэцэг,
хохирогч О.Дорждэрэм,
шүүгдэгч Д.Г., түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч. овогт Д.ын Г.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2391 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1962 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 3-35 тоотод оршин суух, ЧД62081418 регистрын дугаартай, Ч. овогт Д.ын Г..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г. нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны орой Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, 88 дугаар сургуулийн хажууд иргэн О.Дорждэрэмтэй маргалдаж, төмөр бордокоор хөл хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г. мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 23-ны орой шаварны тэрэг дээр нарийн төмөр тавиад явж байсан. Тэгээд явж байтал хоёулаа чулуу шидсэн. Би зүгээр өнгөрөөд явж байтал араас үхэр Ганбаа явж байна гэсэн. Миний зүүн талаар хоёулаа гүйгээд ороод ирэхээр нь тэргэн дотор байсан төмрөөр нэг удаа цохисон. Ийм л зүйл болсон.” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Дорждэрэм мэдүүлэхдээ: “Тэр өдөр найзындаа очсон. Гэрээс нь гараад Гансүхтэй таарсан. Энэ хүнийг доромжлох гэж дуудаагүй. Хүмүүс энэ хүнийг Гансүх гэж дууддаг. Над руу чулуу шидсэн гээд байх юм. Үхэр Гансүх явж байна гэсэн чинь тэргэн дээрээсээ төмөр аваад ирсэн. Би энэ хүн лүү дайрч, зодно гэж бодоогүй. Зүгээр үхэр Гансүх явж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь түрж байсан тэргэн дээрээсээ төмөр аваад над руу дайрсан. Яах гэж байгаа юм бэ гэсэн чинь миний хөл рүү цохисон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Миний хөл 2 хугарсан. Намайг унасны дараа дээрээс дахиад 2 удаа цохисон. Төмөр бариад ирэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
- Хохирогч О.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах Замчингийн 2-13 тоотод манай гэрт Тэмүүжин гэх найз ирсэн. Бид 2 уулзаад манайхаас гараад Булгачинд байдаг Бат-Эрдэнийн гэрт орж бид 3 хүний 2 ширхэг лаазтай Сэнгүр уусан. Тэгээд тэндээс Тэмүүжин бид хоёр 20:30 цагийн орчим гараад Тэмүүжинг автобусанд суулгаж өгөх гээд явж байтал манай тэндэхийн “үхэр Гансүх” хочтой ахтай таараад, би тэр ахыг үхэр Гансүх явж байна гэж хэлтэл үхэр Гансүх ах уурлаж, газраас чулуу авч над руу шидээд өөрийнхөө төмөр ачааг түрээд явж байсан тэргэн дээрээс лооморхуу төмөр аваад надруу дөхөж ирээд миний хөл рүү 2 удаа өнөөх төмрөөрөө цохисон. Тэгээд би босоод явах гэтэл гишгэж чадахгүй болчихсон, ухаан алдаад уначихсан. Би нэг ухаан ортол нөгөө газраа хэвтэж байсан. Миний хажууд манай ээж, найзууд ирчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-22/,
- Гэрч Э.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булагчины 3-52 тоот болох өөрийн гэртээ байж байсан. Тэгэхэд найз Дэрэмээ, Тэмүүжин хоёр манай гэрт согтуу орж ирээд сууж байгаад гарсан. Тухайн үед би орондоо орсон унтаж байсан. Тэгээд 5 минутын дараа найз Энхтамир гэрт орж ирээд “анд аа, Дэрэмээ үхэр Гансүхт цохиулаад хөлөө хугалсан байна, тэгээд босч чадахгүй байна аа, чи гараад ир ээ” гэж хэлсэн. Би гараад харахад Дорждэрэм нь 88 дугаар сургуулийн үүдэнд дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд Дорждэрэмийн ээж, эхнэр 2 нь ирээд эмнэлэг рүү авч явсан ...“ гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
-Гэрч Х.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өөрийн ажилладаг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн авто салааны 7 хүний хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Түр Хурахын аманд байрлах амралтын газар очиж нэг гэр аваад тэндээ бүгд ууж идсэн. Намайг тэр өдөр Бат-Эрдэнэ, Дорждэрэм хоёр найз маань тухайн амралтын газар хүргэж өгөөд явсан. ...тэгээд Дорждэрэм бид хоёр Бат-Эрдэнийн гэрээс гараад алхаад 88 дугаар сургуулийн хашааны хажуугаар явж байтал Хонхорын үхэр Гансүх хочит Г. гэх хүнтэй таарсан. Тухайн үед Дорждэрэм бид хоёр хоёулаа согтуу байсан. Тэгсэн Дорждэрэм гэнэт чанга дуугаар үхэр Гансүх гэж орилоод байсан. Тэгсэн үхэр Гансүх бид хоёр дээр хүрч ирээд үхэр Гансүх, Дорждэрэм хоёр маргалдсан. Тэгсэн Г. гартаа нэг юм барьчихсан хүрч ирсэн. Тухайн үед гартаа юу барьсныг нь мэдэхгүй байна. Тэр гартаа барьсан зүйлээрээ явган хүний замын боржур дээр сууж байсан Дорждэрэмийг өнөөх гартаа байсан зүйлээрээ цохих шиг болсон ...тэгээд би Г.ыг боль гэж хэлэхэд Г. цаашаа яваад өгсөн. Тэгээд би нэг ухаан ороод Дорждэрэмийг би явъя гэсэн чинь Дорждэрэм надад хандаж миний хөл болохгүй байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 9790 дугаартай: “1. О.Дорждэрэмийн биед баруун шаант ясны хоёрлосон, тахилзуур яс дээд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-ийн 1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-34 хуудас /
- Д.Г.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би хохирогч О.Дорждэрэмийн хөл орчимд нь нэг удаа цохисон. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 104 хуудас /.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Д.Г. нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, 88 дугаар сургуулийн хажууд иргэн О.Дорждэрэмтэй маргалдаж, төмөр бордокоор хөл хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Дорждэрэмийн “... манай тэндэхийн “үхэр Гансүх” хочтой ахтай таараад, би тэр ахыг үхэр Гансүх явж байна гэж хэлтэл үхэр Гансүх ах уурлаж, газраас чулуу авч над руу шидээд өөрийнхөө төмөр ачааг түрээд явж байсан тэргэн дээрээс лооморхуу төмөр аваад надруу дөхөж ирээд миний хөл рүү 2 удаа өнөөх төмрөөрөө цохисон. Тэгээд би босоод явах гэтэл гишгэж чадахгүй болчихсон,” гэх мэдүүлэг, / хэргийн 10-12 хуудас / ,
Гэрч Х.Тэмүүжингийн “.... Тухайн үед Дорждэрэм бид хоёр хоёулаа согтуу байсан. Тэгсэн Дорждэрэм гэнэт чанга дуугаар үхэр Гансүх гэж орилоод байсан. Тэгсэн үхэр Гансүх бид хоёр дээр хүрч ирээд үхэр Гансүх, Дорждэрэм хоёр маргалдсан. Тэгсэн Г. гартаа нэг юм барьчихсан хүрч ирсэн. Тухайн үед гартаа юу барьсныг нь мэдэхгүй байна. Тэр гартаа барьсан зүйлээрээ явган хүний замын боржур дээр сууж байсан Дорждэрэмийг өнөөх гартаа байсан зүйлээрээ цохих шиг болсон ...тэгээд би Г.ыг боль гэж хэлэхэд Г. цаашаа яваад өгсөн. Тэгээд би нэг ухаан ороод Дорждэрэмийг би явъя гэсэн чинь Дорждэрэм надад хандаж миний хөл болохгүй байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/,
Гэрч Э.Бат-Эрдэнийн “...Энхтамир гэрт орж ирээд “анд аа, Дэрэмээ үхэр Гансүхт цохиулаад хөлөө хугалсан байна, тэгээд босч чадахгүй байна аа, чи гараад ир ээ” гэж хэлсэн. Би гараад харахад Дорждэрэм нь 88 дугаар сургуулийн үүдэнд дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд Дорждэрэмийн ээж, эхнэр 2 нь ирээд эмнэлэг рүү авч явсан ...“ гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дугаар сарын 02-ны өдрийн 9790 тоот дүгнэлт, Д.Г.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г.ыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Г.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч О.Дорждэрэмд баримтаар 383.085 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгчээс 1.500.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байх боловч “Хат Хүлэг” ХХК гэсэн тодорхойлолтоос өөрөөр ажил эрхэлж, орлого олдог байсныг нотлох баримт байхгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах боломжгүй байна. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Г.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч. овогт Д.ын Г.ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Д.Г. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч О.Дорждэрэм нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Г. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж,шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА