| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1742/Э |
| Дугаар | 1801 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1801
2020 10 14 2020/ШЦТ/1801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Х.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Х.ы Д.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02330 2370 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их Сөрөлт” ХХК-д харуулын ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, С. овогт Х.ы Д..
Холбогдсон хэргийн талаар:
Х.Д. нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 2 дугаар хэсгийн орчимд иргэн Д.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д. мэдүүлэхдээ:“ Би цохиогүй. Манай эхнэртэй барьцалдаад авахаар нь би дунд нь ороод салгасан. Манай хүүхэдтэй нөхөр нь барьцалдаад авахаар нь салгасан. Энэ хүүхэн тэгээд намайг шүүхэд өгсөн байсан. Би хэлсэн. Урд цуг байсан айл хашаа байшингаа тэр айлд зарсан юм байна. Энэ айл тогныхоо мөнгийг төлдөггүй. Би байнга тогны мөнгө төлдөг. Ганц тогныхоо мөнгийг төлчихөөч гэсэн. Тогноос болж маргалдсан. Би хохирол төлбөр учруулж, гар хөлийг нь цохиогүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,
- Хохирогч Д.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хойд айлын хүн болох Даамсал гэх эрэгтэй хүнтэй цахилгааны мөнгөнөөс болж маргалдсан чинь шууд миний нүүрэн тус хэсэгт гараараа хоёр удаа хүчтэй алгадаж миний биед гэмтэл учруулсан тэр үед тэднийх манай цахилгаанаас надад хэлэхгүй хулгайгаар авсан байсан, түүнээс болж манай цахилгааны мөнгө их гараад маргаан гарсан. Намайг манай хойд хашааны эрэгтэй болох Даамсал гэх эрэгтэй л ганцаараа, гараараа миний нүүрэн тус газар хоёр удаа цохиж гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 1479 дугаартай : “Д.Отгонжаргал-д тархи доргилт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Х.Д. нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 2 дугаар хэсгийн орчимд иргэн Д.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ ... намайг манай хойд хашааны эрэгтэй болох Даамсал гэх эрэгтэй л ганцаараа, гараараа миний нүүрэн тус газар хоёр удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хэргийн 15 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1479 тоот дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Д.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Д.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч нь 873.300 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч шүүхээс 498.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Хохирогчоос хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилсэн шатахуун түгээгүүрийн газраас шатахуун авсан зардлууд болон амны хаалт /маск/ худалдан авсан зардлууд нь түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин хэргийн 60 дугаар хуудас дахь эм худалдан авсан баримт, 62 дугаар хуудас дахь шинжилгээ, эм авсан баримт, 63 дугаар хуудас дахь эм худалдан авсан баримт, 64 дүгээр хуудас дахь оношилгоо хийлгэсэн, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн шүүгдэгчээс 498.200 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.Д.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С. овогт Х.ы Д.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Д.аас 498.200 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Доржжагдагийн Отгонжаргал /РД:СЮ77093062/-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Д.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА