| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0457/и |
| Дугаар | 128 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 128
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8-р хороо, 9-а байрны 50 тоотод оршин суух, Хурцбаатар овогт Дэнсмаагийн Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р баг, Цэргийн ангийн байранд оршин суух ЖИ 78022002 регистртэй Билгүүд овогт Баатаржавын Болор-Эрдэнэд холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, хариуцагч Б.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Болор-Эрдэнэтэй 2004 оны 08-р сард танилцан, 2006 оны 07-р сарын 18-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2008 онд том охин Э.Энхрий, 2009 онд бага охин Э.Эмүжин нар мэндэлсэн. Би 2004 онд БХИС-ийг төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байгаад 2011 оны 10-р сард ОХУ-д цэргийн академид 2 жилийн хугацаагаар суралцахаар явсан. Сургуульд сурахаар явахдаа эхнэр, хүүхдээ Дорнод аймгийн Халх гол суманд цэргийн ангид шилжүүлэн үлдээсэн. 2012 оны 08-р сард монголд ирээд эхнэр, хүүхэд дээрээ очиж амарсан. Энэ үед том охин маань Төрөө гэдэг хүний талаар ярьж, өөрийг нь болон ээжийгээ зодсон гэж хэлсэн. Энэ талаар эхнэр Болор-Эрдэнээс асууж лавлахад намайг эзгүйд Төрөө гэдэг хүнтэй хамтран амьдарч байсан тухайгаа хэлсэн. Би тухайн үед хэрэлдэж муудаагүй, хоёр охиноо авч салахаар шийдсэн. Гэвч бага охин Эмүжинг ээж нь авч үлдсэн. Би том охин Энхрийг ээжийнхээ хамт дүүгийндээ үлдээгээд сургуульдаа явсан. 2013 оны 3-р сард бага охин Эмүжинг өөр дээрээ авсан. Үүнээс хойш, 2 охин болон ээжийнхээ хамт амьдарч байна. Цаашид Б.Болор-Эрдэнэтэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хоёр охиноо өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энх-Амгалангийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Д.Энх-Амгалан бид хоёр 2006 онд гэр бүл болсон. 2008 онд охин Энхрий, 2009 онд охин Эмүжин нар мэндэлсэн. Эхний он жилүүдэд бид хоёр сайхан амьдарч байсан. Энх-Амгалан Орос руу сургуульд явсан. Тэр цагаас өөр эмэгтэйтэй холбогдож, надаас салах шалтаг шалтгаан хайдаг болсон. Одоо Энх-Амгалан бид хоёр хоёулаа тус тусдаа өөр өөрсдийн амьдралтай болцгоосон. Хоёр охин маань хоёулаа аавынхаа асрамжид байдаг. Энх-Амгалан 2 хүүхдээ тэжээн тэтгэж, асарч чадна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж тохиролцсон учир 2 охиноо аавынх нь асрамжид хэвээр үлдээж байгаа. Эд хөрөнгийн маргаангүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан нь хариуцагч Б.Болор-Эрдэнээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Д.Энх-Амгалан, Б.Болор-Эрдэнэ нар нь 2006 оны 03-р сарын 18-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн № 0008438/11 тоот гэрчилгээний хуулбар, мөн тэдний дундаас охин Энхрий 2008 оны 01-р сарын 05-ны өдөр, охин Эмүжин 2009 оны 03-р сарын 20-ны өдөр тус тус төрж, эрүүл энх бойжиж байгаа болох нь Э.Энхрийгийн № 0126053/03, Э.Эмүжингийн № 0241600/32 тоот төрсний гэрчилгээний хуулбарууд, эмнэлгийн тодорхойлолт, зохигчдын тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид 2012 оноос хойш хоорондоо ойлголцохгүй тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах сонирхолгүй, бие биендээ хайр сэтгэлгүй, шүүх дэх эвлэрүүлэх зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч, цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь тус тусдаа амьдрал зохиосон, 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбаруудаар нотлогдож байх тул зохигчдын гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн хүсэлтийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба охин Энхрий, Эмүжин нар нь аавынхаа асрамжид өсөж торнисон ахуй нөхцөл охин Энхрий, Эмүжин нарын аавынхаа асрамжид үлдэнэ гэх санал зэргийг харгалзаж хүүхдийн асрамжийн талаар охин Энхрий, Эмүжин нарыг эцэг Энх-Амгалангийн асрамжид үлдээхээр зохигчдын харилцан тохиролцсоныг, зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Энх-Амгаланд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Дэнсмаа овогтой Энх-Амгалан, Баатаржав овогтой Болор-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар зохигчид хүүхдийн асрамжийн талаар 2008 оны 01-р сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Энхрий, 2009 оны 03-р сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Эмүжин нарыг эцэг Д.Энх-Амгалангийн асрамжид хэвээр үлдээхээр харилцан тохиролцсоныг, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Д.Энх-Амгалан, Б.Болор-Эрдэнэ нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Энх-Амгаланд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн байдлын газарт шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Хүрэлтогоод даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА