Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 115

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Ногоон төгөл хотхоны 1-10 тоотод оршин суух С.Батхүүгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн 1-4 тоотод оршин суух У.Хэрлэнд холбогдох зээлээр худалдсан мотоциклийн үлдэгдэл төлбөр 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02-р сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Батхүү шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.Хэрлэн нь 2015 оны хавар Даюун маркийн мотоциклийг 1650000 төгрөгөөр худалдан авсан. Жилийн өмнө 1000000 төгрөгийг төлсөн. Би үлдэгдэл 650000 төгрөгийг  У.Хэрлэнгээс удаа дараа нэхэж байсан. Төлнө гэсээр төлөлгүй өдийг хүрлээ. Иймд У.Хэрлэнгээс 650000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

         Хариуцагч У.Хэрлэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Батхүүгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2015 оны хавар С.Батхүүгээс Даюун маркийн мотоциклийг 1650000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед 1000000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 650000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Батхүү нь зээлээр худалдсан мотоциклийн үлдэгдэл төлбөр 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийг У.Хэрлэнгээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч У.Хэрлэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Батхүүгийн 650000 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 20150 төгрөгний тал хувь 10075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 10075 төгрөгийг хариуцагч У.Хэрлэнгээс гаргуулж нэхэмжлэгч С.Батхүүд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч С.Батхүүгийн зээлээр худалдсан мотоциклийн үлдэгдэл төлбөр 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Хэрлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч С.Батхүүгийн 650000 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 20150 төгрөгний тал хувь 10075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 10075 төгрөгийг хариуцагч У.Хэрлэнгээс гаргуулж нэхэмжлэгч С.Батхүүд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА