Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

 

   2020         10         05                                       2020/ШЦТ/652

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт С-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010014090756 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 146 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг тэнсэн харгалзаж байсан, Б овогт С-ийн Ц- /РД: /.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч С.Ц нь “Улаанбаатар такси” ХХК-нд ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоноос таксинд суух дуудлага өгсөн Б.М-гийн “Самсунг Глакси Фолд” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлаж түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Эрүүгийн 2010014090756 дугаартай хэргээс:

1. Хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхонд найзынхаа гэрт байж байгаад 18.00 цагийн үед такси дуудлага дуудаж найз Мөнхөө намайг таксинд суулгаж өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан учраас таксинд суугаад тасарсан. Юу болсноо санахгүй байна. Нэг мэдэхэд “Ривер гарден”-ий таксины зогсоол дээр байсан. Цагдаа нар ирсэн байхаар нь миний гар утас байхгүй, алга болсон байна гэхэд цагдаа нар миний дугаар руу залгахад дуудаж байсан. Ингээд 3-4 удаа залгасны дараа холбогдох боломжгүй болсон. Тэгэхэд цагдаа нар юу болсон талаараа сайн бодож байгаад өргөдөл өгч шалгуулаарай гэсэн. Тэгэхээр нь би найз Мөнхөөг дуудаж ямар таксинд суулгаж өгснийг лавлаж тодруулсан. Би “Самсунг Глакси Фолд” маркийн гар утсаа дүүгээрээ Солонгос улсаас захиулж 2020 оны 06 дугаар сард 3.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Цагдаагийн байгууллагаас миний гар утсыг эргүүлэн олж өгч хүлээлгэн өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 12-16 дугаар хуудас/,

 

2. Гэрч О.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 22-ны 17 цагийн орчимд би өөрийн 14-80 УНС улсын дугаартай “Элентра” маркийн машинтайгаа “Ривер гарден” хотхоны “Ривер центр” гэх газар зогсоол руугаа зогсох гээд явж байтал бүдүүн бор согтуу бололтой нэг эрэгтэй хүн гараа өргөхөөр нь би зогсож аваад жолоочийн хажуу талын суудал дээр суулгаад дөнгөж хөдлөөд 10 метр орчим яваад нөгөө эрэгтэйгээс хаана хүрэх вэ гэж асуухад гэрээ зааж өгч чадахгүй их согтсон байсан. Тэгээд би зогсоол дээр зогсоод байж байтал манай “Улаанбаатар таксин”-ы жолооч Ц ирээд би наад хүнийг чинь буулгасан, наад хүн чинь хаягаа мэдэхгүй байхаар нь таны сая авсан газар чинь буулгасан байсан юм гэж надад хэлэхээр нь би одоо гэрээ зааж мэдэхгүй юм чинь буулгамаар байна гэхэд Ц ирээд надтай хамт миний машинаас буулгасан. Тэгээд Цд энэ хүн чинь биеэ авч явж чадахгүй байгаа юм чинь цагдаад хэлсэн нь дээрээ гэхэд Ц намайг өөрөө цагдаа дууд гэхээр нь би 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Тэгээд би дуудлага гарахаар нь Цтой хамт үлдээгээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 20 дугаар хуудас/,

3. Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэг “Ривер гарден” хотхонд манай 2 найз М-, Говьсайхан нар намайг дуудахаар нь очсон. Тэгээд намайг яваад очиход манай хоёр найз бага зэрэг юм уусан байсан. Тэгээд М- хүмүүс дээр очно гэхээр нь би 18 цаг 07 минутанд 1900-1991 дугаар луу дуудлага өгөөд улбар шар өнгийн таксинд найз М-г суулгаад явуулсан. 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн цагдаагаас залгаад найз чинь “Ривер гарден”-ий таксины зогсоол дээр унтаад юмаа алдсан байна. Та хүрээд ир гэхээр нь би явж очоод цагдаатай уулзаад зогсож байхад миний анх суулгаж явуулсан таксины жолооч хүрээд ирэхээр нь би тэр хүн рүү та яагаад энэ хүнийг авч яваагүй юм бэ гэж асуухад наад хүн чинь шүлсээ машинд хаяаад байхаар нь би буулгасан. Өөр такси аваад явсан гээд тэр таксины дугаарыг надад харуулсан. Тэгээд танай найз чинь миний машинд суугаад явж байхдаа утсаараа яриад явж байсан. Утас нь өөрт нь байсан гэж миний анх суулгаж явуулсан таксины жолооч хэлсэн. Тэгээд би М-гийн эхнэр Бадамцэцэгийн дугаар луу залгаад М-г харж зогсож байгаад эхнэр нь ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 21 дүгээр хуудас/

 

4. “Ривер гарден” хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, тус бичлэгийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-н 10 дугаар хуудас/,

 

5. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

6. Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимейт” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Х-334 тоот үнэлгээний тайлангаар Samsung galaxy Fold гар утасны үнийг 2.000.000 төгрөгөөр тогтоосон тухай /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

7. С.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би “Улаанбаатар такси” ХХК-нд таксины жолоочоор ажилладаг. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 16.00 цагийн үед Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхоноос такси дуудсаны дагуу тус хаяган дээр яваад очиход 2 залуу нилээн халамцуу зогсож байсан. Ингээд нэг залуу нь явахаар болоод татаж байгаа тамхитайгаа машин дотор суух гэхээр нь тамхийг нь хаяуулж дөнгөж хөдлөөд хаа хүрэх вэ гэхэд машин дотор шүлсээ хаяахаар нь би согтуу хүнд үйлчлэхгүй гээд буулгаж таксинд суулгаж өгсөн. Найз руу нь залгаад гарч ирээд найзыгаа аваарай, машин дотор шүлсээ хаяаад очих газраа мэдэхгүй байна гэж хэлээд “Ривер гарден” хотхоны харуулын байрны гадна буулгасан. Тэгээд “Ривер гарден”-ы таксины зогсоол дээр зогсож байхад манай Улаанбаатар таксины жолооч зогсоол дээр ирээд нэг хүн гар өргөхөөр нь авсан чинь тасраад уначихлаа гэхээр нь би очиж харахад миний буулгасан залуу байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд машинаас нь буулгаж газар суулгасан. Ингээд цагдаа ирэхийг хүлээж байхад нөгөө таксины жолоочид дуудлага ирээд явсан. Тэгээд байж байхад нөгөө залуугийн гар утас газар унасан байхаар нь гар утсыг нь аваад нэг дуудлаганд явж байгаад буцаад ирэхэд цагдаа нар ирсэн, нөгөө согтуу залуу түрийвч, гар утас, түлхүүр байхгүй байна гээд байхаар нь түрийвч, түлхүүр хоёр нь машинд унасан юм байхдаа гээд хайхад байхгүй байсан. Би авсан гар утсаа өгөөгүй. Тэр залуугийн эхнэр нь ирсэн байсан учраас цагдаа нар ар гэрт нь хүлээлгэж өгөөд явсан. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа над руу цагдаагийн байгууллагаас ярьж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж уулзаарай гэхээр нь очиход нөгөө халамцуу байсан залуугийн гар утсыг асуухад би авсан юмаа гээд гаргаж өгсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-н 59-62 дугаар хуудас/

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 38 дугаар хуудас/, шийтгэх тогтоолууд /хх-н 69-70 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч С.Цийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч С.Ц дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Цийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч С.Ц нь “Улаанбаатар такси” ХХК-нд ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоноос таксинд суух дуудлага өгсөн Б.М-гийн “Самсунг Глакси Фолд” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлаж түүнд 2.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг мэдэхэд Ривер гардений таксины зогсоол дээр байсан. Цагдаа нар ирсэн байхаар нь миний гар утас байхгүй, алга болсон байна гэхэд цагдаа нар миний дугаар луу залгахад дуудаж байсан. 3-4 удаа залгасны дараа холбогдох боломжгүй болсон. ...би найз Мөнхөөг дуудаж ямар таксинд суулгаж өгснийг лавлаж тодруулсан. ...Цагдаагийн байгууллагаас миний гар утсыг эргүүлэн олж өгч хүлээлгэн өгсөн. ...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 12-16 дугаар хуудас/,

-Гэрч О.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Улаанбаатар такси”-ны жолооч Ц ирээд ...наад хүн чинь хаягаа мэдэхгүй байхаар нь таны сая авсан газар чинь буулгасан байсан юм гэж надад хэлсэн. ...Ц ирээд надтай хамт миний машинаас буулгасан. ...би дуудлага гарахаар нь Цтой хамт үлдээгээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 20 дугаар хуудас/,

-Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Хан-Уул дүүргийн цагдаагаас залгаад найз чинь “Ривер гарден”-ий таксины зогсоол дээр унтаад юмаа алдсан байна., та хүрээд ир гэхээр нь би очсон. ...тэгэхэд анх суулгаж явуулсан таксины жолооч хүрээд ирэхээр нь би тэр хүн рүү “та яагаад энэ хүнийг авч яваагүй юм бэ” гэхэд “наад хүн чинь шүлсээ машинд хаяад байхаар нь би буулгасан, өөр такси аваад явсан” гээд тэр таксины дугаарыг харуулсан. Танай найз чинь миний машинд суугаад явж байхдаа утсаараа яриад явж байсан. Утас нь өөрт нь байсан гэж миний анх суулгаж явуулсан таксины жолооч хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 21 дүгээр хуудас

-Камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимейт” ХХК-ний Х-334 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 28-30 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-н 10 дугаар хуудас/,

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

-С.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тэр  залуугийн гар утас газар унасан байхаар нь гар утсыг нь аваад нэг дуудлаганд явж байгаад буцаад ирэхэд цагдаа нар ирсэн нөгөө согтуу залуу түрийвч, гар утас, түлхүүр байхгүй байна гээд байсан. ...Би авсан гар утсаа өгөөгүй. ...7-8 хоногийн дараа намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж уулзаарай гэхээр нь очсон. ...нөгөө халамцуу байсан залуугийн гар утсыг асуухад би авсан юмаа гээд гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 59-62 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч С.Цийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд С.Цийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-д 2.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид утсыг биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэх гэсэн дүгнэлт гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 1996, 2003 онд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байх ба, ялыг эдэлж дууссан, түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

-мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч С.Цийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалт”-нд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт С-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С-ийн Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Цд “зан үйлээ засах,  хөдөлмөрлөх дадал олгох сургалт”-нд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Ривер гарден хотхоны хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.

           

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Цд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН