Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 106

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороололд байрлах “Агь” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, “Ногоон төгөл” хотхоны 3-22 тоотод оршин суух Хатигин овогт Дамдингийн Батцэцэгт холбогдох зээлээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ, алданги 60.978.601 /жаран сая есөн зуун далан найман мянга зургаан зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01-р сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Агь” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь иргэн Дамдингийн Батцэцэгтэй 2015 оны 08-р сарын 28-ны №12SA-GH-HU-37 тоот гэрээт харилцагчийн зээлээр худалдан авах гэрээ байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараа бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж ирсэн. Д.Батцэцэг нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг гэрээний 2 дугаар бүлэгт заасан нөхцлөөр бүрэн барагдуулах үүрэгтэй байсан. Д.Батцэцэг нь 2016 оны 05-р сарын 30-нд төлөх байсан 40652401 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй төлнө, хүлээж байгаач, зээл аваад төлнө гэж компанийг хуурсаар их хэмжээний хохирол учруулаад байна. Д.Батцэцэг нь 2016 оны 11-р сарын 02-ны өдөр компани дээр ирж өр  төлбөртэйг нотолсон,  түүнийг барагдуулах хуваарь хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй. Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, 27-В байрны 22 тоот 39.5 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд тухайн барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж өр төлбөрийг гаргуулан авах шаардлагатай байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргийн биелэгдээгүй үүргийн үнийн дүн болох 40652401 төгрөг, иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дүгээр зүйл, талуудын гэрээний 3.7 дахь заалтын дагуу 2016 оны 06-р сарын 01-ний өдрөөс 11-р сарын 01-ийг хүртэл тооцсон алданги 30489300 төгрөгөөс хөнгөлсөн дүн 20326200 төгрөг, нийт 60978601 төгрөгийг Д.Батцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч Д.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Агь” ХХК-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Би 2015 оны намар 08-р сараас эхлэн “Агь” ХХК-тай гэрээт харилцагчийн зээлээр бараа, бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж, хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч байсан. Улс орон даяар эдийн засгийн хямрал болж, зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх төлөлт өдрөөс өдөрт, сараас сард багасаж эхэлсэн.  Зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцоог “Агь” ХХК-тай тооцоо нийлэхэд ямар нэгэн зөрүү гараагүй. Иймд гэрээгээр хүлээсэн үүргийн үнийн дүн 40652401 төгрөг, 2016 оны 06-р сарын 01-ээс 11-р сарын 01-ийг хүртлэх тооцсон алданги 30489300 төгрөгнөөс хөнгөлсөн дүн 20326200 төгрөг, бүгд 60978601 /жаран сая есөн зуун далан найман мянга зургаан зуун нэг/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Анх бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг “Агь” ХХК-тай байгуулахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, 27-в байрны 22 тоот 39.5 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороололд байрлах “Агь” ХХК нь  зээлээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ, алданги 60.978.601 /жаран сая есөн зуун далан найман мянга зургаан зуун нэг/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, “Ногоон төгөл” хотхоны 3-22 тоотод оршин суух Хатигин овогт Дамдингийн Батцэцэгээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Батцэцэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч Д.Батцэцэг нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, 27-в байрны 22 тоот орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Агь” ХХК-ны 60978601 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 462100 төгрөгний тал хувь 231050 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 231050 төгрөгийг хариуцагч Д.Батцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Агь” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороололд байрлах “Агь” ХХК-ны  зээлээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ, алданги 60.978.601 /жаран сая есөн зуун далан найман мянга зургаан зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Агь” ХХК-ны 60978601 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 462100 төгрөгний тал хувь 231050 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 231050 төгрөгийг хариуцагч Д.Батцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Агь” ХХК-д олгосугай.

 

3. Хариуцагч Д.Батцэцэг нь төлбөрөө сайн дурын үндсэн дээр төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг зарж борлуулж, шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхийг ШШГА-нд мэдэгдсүгэй.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА