| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0045/и |
| Дугаар | 107 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 107
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг, Хайлаастын 2137 тоотод оршин суух Ш.Жамбалсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг, “Түмэнгийн-Толгод” гэх газар нутаглах Э.Бадмаадоржид холбогдох өвсний үнэ 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01-р сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Жамбалсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.Бадмаадорж нь 2015 оны 12-р сард цагаан сарын өмнө мөнгийг нь өгнө гээд өвс зээлсэн. Удаа дараа уулзаж, өвсний үнийг төлөхийг шаардаж байсан боловч төлөөгүй. Иймд Э.Бадмаадоржоос өвсний үнэ 400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Бадмаадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Жамбалсүрэнгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2015 оны 02-р сард Жамбалсүрэн ахаас 200 боодол өвс худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 400000 төгрөгийг 2017 оны 04-р сард багтаан төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Жамбалсүрэн нь 200 боодол өвсний үнэ 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг Э.Бадмаадоржоос гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Бадмаадорж нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Жамбалсүрэнгийн 400000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12650 төгрөгний тал хувь 6325 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 6325 төгрөгийг хариуцагч Э.Бадмаадоржоос гаргуулж нэхэмжлэгч Ш.Жамбалсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Жамбалсүрэнгийн 200 боодол өвсний үнэ 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Бадмаадорж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ш.Жамбалсүрэнгийн 400000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12650 төгрөгний тал хувь 6325 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 6325 төгрөгийг хариуцагч Э.Бадмаадоржоос гаргуулж нэхэмжлэгч Ш.Жамбалсүрэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА