Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2017/00008

 

Д.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00030 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д Д /РД:, утас:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б Б /РД:/,

Хариуцагч: Э О /РД:/ нарт холбогдох

гэм хорын хохирол 495 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Д гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д,

нарийн бичгийн даргад О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сарын 20-нд Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар багийн  дүгээр байрны  тоот орон сууцыг өөрийн садан төрлийн эгч болох Ж худалдаж аваад 09 дүгээр сарын 23-ны өдөр нүүж орсон. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 07:00 цагт босоод ариун цэврийн өрөө рүү ортол маш их хэмжээний ус гоожиж байгааг олж харсан. Тэгээд “Ус-Ду” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрт дуудлага өгсөн. Ажлын хэсэг ирээд манай гэрийг үзчихээд дээд айлын хаалгыг тогшсон. Ажлын хэсэг ус алдалтыг зогсоох гэсээр байтал 9:00 цаг өнгөрсөн. 2 цаг ус дусаж гоожсон. Миний хувьд Дорноговь аймгаас дөнгөж шилжиж ирсэн учраас надад таньдаг мэддэг хүн байхгүй байсан.

Ус-Ду орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын байцаагчаас  давхрын  тоот айлын хүмүүсийн утсыг мэдэх үү гэхэд эхнэр, нөхөр 2-ын утсыг олж өгсөн. Тэгээд Б.Б рүү утасдаад манайх дөнгөж шинээр нүүж ирсэн айл байгаа юм гээд учир байдлаа хэлэхэд өөдөөс хаанаас ус алдаж байгаагаа мэдэж байгаа юм уу эргүү авгай минь гэж уурлаад байсан учраас надад ярих боломж өгөөгүй, намайг нилээн бухимдуулсан. Тэгээд эхнэр Э.О руу нь залгаад танайхаас ингээд ус алдсан байна гэж хэлэхэд чи битгий өөдөөс орилоод бай гээд ярих боломж өгөөгүй. Ингээд 10 дугаар сарын 04-нөөс хойш 10 дугаар сарыг дуустал нэг орцонд айл сахалт амьдрах юм байна, эгчээ уучлаарай гээд ороод ирэх байх гэж харсан. Гэтэл нэг ч удаа манайхаар орж ирээгүй. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд иргэний маргаанаар хохирлоо барагдуулах нэхэмжлэл гаргасан. Өргөдөл гаргахдаа хана руугаа засвар оруулъя гэж бодоогүй.

Банны өрөө, гал тогоо, коридорын жижигхэн хэсэгт ус алдсан.  Өмнө нь манай эгчийнх амьдардаг байхад дээд айлаас бас ус алдаад цав гарсан байсан. Айл өрхийн иргэний хариуцлага гэж байна. Энэ нь хувийн орон сууц биш, нийтийн орон сууц болохоор олон хүмүүсийг хүндэтгээд нийтийн орон сууцанд соёлтой амьдраарай гэж хэлмээр байна. Нэхэмжлэл гаргахад аймгийн үнэлгээний ажлын хэсгээр үнэлгээ гаргуулсан. Үнэлгээний ажлын хэсэг манай гэрт ирж ямар засвар хийх, ямар материал орохыг үнэлж, үнэлгээг хэрэгт хавсаргасан байгаа. Ус-Ду-д 10 дугаар сарын 04-ний өглөө би өөрөө дуудлага өгсөн учраас танай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ус алдсан уу? Б.Б гэдэг айлын хайхрамжгүй үйлдлээс болж ус алдсан уу? гэсэн хүсэлтийг Ус-Ду орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт өгөхөд хариу албан тоот өгсөн. Үүнийг хэргийн материалд хавсаргасан байгаа. Манай гэрийг судлаад засвар хийх байдлыг харахад чанарын алдагдалтай болсон. Зөвхөн ус гоожсон таазыг харахад ийш, тийшээ алаг цоохор дээвэртэй үзэмжгүй болж байна. Чанарын хувьд амархан хуураад унадаг болсон. Анх энэ байрыг худалдаж авахдаа 3-4 жил засвар хийх шаардлагагүй байр байсан.

Засварыг таазны хэмжээнд банны өрөө, гал тогоо, коридорын нэг хэсгийн таазыг засуулъя гэсэн хүсэлтийн дагуу мэргэжлийн үнэлгээний хэсэгтэй зөвлөлдөж 495 000 төгрөгийн үнэлгээг гаргасан. Манай гэрийг алаг цоохор дээвэртэй биш, өмнөх шиг нь болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд замаск 30 кг нь 10000 төгрөг, эмульс 18 кг 100 000 төгрөг, пермед өнгө оруулагч 2 ширхэг нь 6000 төгрөг, цавуу 2 ширхэг нь 7000 төгрөг, хөнгөн өнхрүүш 2 ширхэг нь 8000 төгрөг, дундын хэмжээтэй багс 2 ширхэг 3000 төгрөг, хатуу шпатал 2 ширхэг нь 1000 төгрөг, ажлын хөлс нэг хүний 175 000 төгрөг, 2 хүн нийлээд 350 000 төгрөг, үнэлгээний ажлын хэсгийн  зардал 10000 төгрөг нийт 495 000 төгрөг гэсэн нэхэмжлэлийн үнийн дүн гаргасан. Иймээс хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ус алдсан гэсэн Д.Д гомдлыг бидний буруугаас болоогүй хэмээн үзэж байна. Уг өдөр манайхаас ус алдсан шалтгаан нь “Ус-Ду” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын ажилтан нь ажилдаа хайхрамжгүй хандаж алдаа гаргаснаас болсон байсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ус-ДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрт манайхаас дараалан бараг 2-3 хоног дуудлага өгч байж банны өрөөний холигч солиулсан. Гэтэл ирсэн ажилтан нь банны өрөөний холигчийг солихдоо майга шар гэдэг холбогчийг солилгүй хуучин холбогчоор нь холбосноос болж ус нэг нэг дуслаар манай банны өрөөний доогуур гоожсон, үүнийг хэн ч анзаарч хараагүй бөгөөд Ус-Ду орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын ажилчид ч орж ирээд анзааралгүй сайн шалгасны үндсэн дээр тогтоосон учир бид уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ус дусал дуслаар гоожиж байдаг. Гэтэл тэр доод айлд тийм их хохирол учруулсан гэдэгт итгэхгүй байна. Ус-Ду-ын ажилчид банны өрөөнд 10 минут орчим хайж байж чийгтэй газрыг нь хайсаар байгаад босоо трубанд 00-н цаас тавьж үзэхэд ус бага хэмжээгээр норгосон. Энэ хооронд нэхэмжлэгч рүү залгаад хаанаас ус алдаж байгаагаа мэдэж байгаа юм уу? эргүү авгай минь гэж хэлсэн. Түүнээс биш турхираад дайраад байсан юм байхгүй.

 

Манай аймгийн ус хатуулаг ихтэй ус, тэгэхээр майга шар амархан элэгдээд цав гарах магадлалтай байдаг. Ингээд 2 хүнийг хооронд нь хэрүүл маргаан үүсгээд Ус-Ду-ынхан сайхан тайван сууж байна. Миний зүгээс 100 хувь Ус-Ду-г буруутгаж байна. Би үйлчилгээний хөлсийг өгөөгүй байсан ч гэсэн мэргэжлийн хүнээр холигчийг солиулсан. Би өөрөө холигчийг сольсон байхад ус алдсан бол нэг өөр хэрэг. Гэтэл мэргэжлийн хүнийг нь дуудаж мэргэжлийнх нь ажлыг хийлгэсэн.

 

Иймээс “Ус-Ду” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн би үнэ тогтоох комиссын шийдвэрийг харсан. Үүн дээр бичигдсэн барилгын материалын үнийг судлах гээд Аз барилгын материалын дэлгүүрээс судалгаа хийсэн. Үнийн хувьд ийм үнэтэй байгаагүй, дээр нь ийм их хэмжээний материал орохгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Г.О анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд очно гэдгээ мэдээгүй байсан учраас хуучин майга шарыг нь хаясан байсан. Гэрчийн мэдүүлэгт майга шарыг хүн дараад хугалсан гэж хэлсэн байсан. Гэтэл үүнийг бид нар дарж хугалахаар биегүй зүйл биш.

 

Манай аймгийн ус хатуулаг ихтэй болохоор зэврээд элэгдэл хорогдлын хувьд хуучин болдог. Тэгэхээр шинэ майга шарыг хийгээгүй, хуучин майга шар дээр боосон байсан. Тиймээс Ус-Ду-ын буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж байна. Түүнээс биш манайх крантаа онгорхой орхиод ус алдуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч бид нарыг цагийн дараа ирсэн гэж байна. Тухайн үед манайх эзгүй байсан. Гэхдээ бид нар 1 цагийн дараа ирээгүй. 20 минутын дараа очиход Ус-Ду-ын ажилтнууд манай гэрийн гадаа хүлээгээд байж байсан. Тэгээд хамт гэр лүү ороод шалгатал Ус-Ду танайд ус алдаагүй байна гээд доод айл руу орсон. Дахиад танай доод айлд ус алдсан байна гэж буцаж орж ирсэн. Манай банны өрөөний наад талаар тоосгодсон плита байдаг. Тэгээд банны цаад доогуур харахад ус нэвчсэн байна гэж тогтоосон.

 

Манайх банны өрөөний крантаа солиулсан. Тэгэхээр нэг, нэг дуслаар майга шар, шугамаа дагаж ус урссан байсан. Тэр нь хүний нүдэнд харагдахгүйгээр ус алдсан байсан. Ус-Ду орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын ажилчид ус алдсан байдлыг тогтоосон мөртлөө одоо болохоор манайхыг буруутгаад байна. Шинээр гаргаж өгсөн бичлэг дээр гэрчийн мэдүүлэг байгаа. Түүн дээр гэрч манай ажилтан майга шарыг сольсон бол ус алдах асуудал гарахгүй байсан гэж хэлсэн. Ус-Ду-ын ажилтан нь ажлаа дутуу хийгээд шинэ майга шарыг боож өгөөгүй, хуучныг нь эргүүлээд боосон. Дараа нь “Ус-Ду” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын ажилтан боолтыг тайлахад шууд өмрөөд унасан.

 

 Манайх энэ байранд 2015 оны 04 дүгээр сард нүүж орсон. Нэхэмжлэгч өмнө нь ус алдаж байсан гэж байна. Манайх өмнө нь ус алдуулж байгаагүй. Хүнийг ингэж худлаа ярьж хохироож болохгүй. Тэр нь баримттай байх ёстой гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Б, Э.О нараас гэм хорын хохирол 495 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15 500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хэрэгт авагдсан 3 ширхэг СД-ыг хэрэгт хавсарган үлдээж,

нэхэмжлэгч Д.Д нь өөрт учирсан гэм хорын хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

                                                                                               

Нэхэмжлэгч Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:                       

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзээгүй. Гэм хор учирсан болох нь хэрэгт авагдсан фото зураг, бичлэг, Говьсүмбэр аймгийн НААҮ-ний Ус-Ду орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын 2016 оны 10 сарын 17-ны 275 тоот тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг болон бусад үйл баримт зэргээр нотлогддог.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн гаргасан дүгнэлтээр “...ус алдсан явдал тухайн орон сууцны өмчлөгч буруутай” хэмээн үзсэн байхад дээрх нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр “...холбох хэрэгслийн ашиглалттай холбоотойгоор ус алдсан үйл баримтад хариуцагч Б.Б, Э.О нар буруугүй гэж үзлээ”  хэмээн үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хариуцагч нарын хүсэлтээр 2 удаа албан  ёсны шинжээч ажиллаж хариуцагчийн гэм буруутайг удаа дараа тогтоосон байхад огт хянан шийдвэрт оруулахгүй дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д.”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хэмээн заасан байхад энэ талаар хариуцагч талаас огт хууль ёсны нотлох баримт гаргаагүй нотлоогүй байхад уг асуудалд анхан шатны шүүх нотлох баримттай мэтээр тайлбарлан дүгнэлт гаргасан хэмээн үзэж байна.

2. Хэргийн гол нөхцөл байдалд эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй буюу хэт нэг талыг баримталсан тухайд: гэм хор хэнээс үүдэлтэй, хэн хариуцах, хариуцагчийн гэм буруугүй хэмээн үзэхдээ яг ямар үндэслэлээр гэм буруугүй хэмээн үзэж байгаа нь тодорхойгүйгээс гадна хэрэгт ач холбогдолгүй байтал буруу хуулийг баримтлан эрх зүйн дүгнэлт өгч байгаа нь мөн дээр дурдсанчлан албан ёсны шинжээчийн дүгнэлт гарсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “бодит байдалд нийцээгүй, хариуцагч нарын зүгээс холбох хэрэгслийг гадны нөлөөгөөр гэмтээсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй байна” хэмээн үзсэнг хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00030 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харан хэргийг давж заалдах шатанд эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Учир нь шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу 2 удаа шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд хэдийгээр шүүх шийдвэрийнхээ үндэслэлд шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй, уг дүгнэлтийг хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж  бодит байдалтай нийцээгүй гэсэн хэдий боловч  шинжээчид тавьсан асуулт нь оновчтой зөв болж чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэргийн 23, 38 дугаар талд авагдсан шинжээч томилох тухай шүүгчийн захирамжид  “...  хэний буруутай үйл ажиллагааны улмаас ус алдсан болохыг тогтоолгох “ гэсэн асуулт тавьсан нь шүүх  өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн асуудлаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон шүүхийн энэхүү үйл ажиллагааг хууль хэрэглээний алдаа гэж үзэх үндэстэй байна.

 

Зүй нь шүүх шинжээчид түүний тусгай мэдлэг шаардагдах, гаргасан дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх талаас нь хандаж оновчтой зөв асуулт тавих хэрэгтэй байжээ.

 

 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч нарын гэртээ байхгүй үед тухайн холбох хэрэгслийн гэмтэлтэй холбоотойгоор ус алдаж” , “... засварчин засварын ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэж үзэхэд эргэлзээтэй учир” гэсэн нь чухам ямар нотлох баримтанд тулгуурласан нь тодорхойгүй, эргэлзээтэй зүйлд тулгуурлан хариуцагч нарыг гэм буруугүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд анхан шаны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн нь хэдийгээр давж заалдах гомдлын үндэслэлээр бус боловч нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэрийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Д  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ