Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0376

 

Г.У-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О,

Гомдол гаргагч: Г.У,

Хариуцагч: Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О,

Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О-ийн 2020 оны 0176907 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагч Б.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2022/0169/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Г.У нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-д холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О-гийн 2020 оны 0176907 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцохоор” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн:

Шүүхийн шийдвэрийн 6 дахь тал буюу Үндэслэх нь хэсгийн 1-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 58 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэлээ” гэжээ.

Иргэн Г.У-ын гаргасан зөрчлийн талаар Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дүгээр Зөрчил, шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичигт Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт “Ардчилсан нам”-аас дэвшигч Г.У нь “Хуульд заасан шаардлага хангаагүй хандивыг улсын орлого болгоогүй” гэх мэдээллийн дагуу Г.У-д холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2011001340 дугаартай нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Зөрчил үйлдсэн эсэх талаар Үндэсний аудитын газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1780 дугаар албан бичгээр хандаж хариуг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3088 дугаар албан бичгээр Г.У-ын гаргасан мөнгөн хандивын тайлангийн хувь сонгуулийн хандивын дансны хуулга, мөн прокурорын зөвшөөрлийн дагуу нэр дэвшигчийн хувийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/369 дүгээр албан бичгээр авсан, Г овогтой У-ын Үндэсний аудитын газарт хүргүүлсэн мөнгөн хандивын тайлан 3, 5 дугаар маягт, хаан банкны *** дугаар дансны хуулга, Үндэсний аудитын газраас Audit.mn цахин хуудсанд Сонгуулийн зардлын тайлангийн талаар олон нийтэд мэдээлсэн мэдээлэл, зэрэг нотлох баримтаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байгаа гэх тайлбарыг шүүхэд удаа дараа тайлбарлаад нотлох баримтуудыг нэрлэн зааж хэлэхэд шүүх нотлох баримтыг үнэлээгүй хэрнээ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн 6 дахь тал буюу үндэслэх хэсгийн 2.2-д “Хариуцагчаас зөрчлийг хянан шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй 4.8 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явуулаагүй байна” ... гэжээ.

Хариуцагчийн зүгээс иргэн Г.У-ыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ирж уулзах мэдүүлэг тайлбар өгөх талаар 99***дугаар гар утас руу залгаж дуудсан боловч Ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы үед очих боломжгүй, мэдүүлэг тайлбар өгөхгүй, гарын үсэг зурахгүй өөрийнхөө эсрэг мэдүүлэг тайлбар өгөхгүй гэсэн тул түүний мэйл хаяг руу нь мэдүүлэг тайлбар авахаар холбогдогчийн мэдүүлгийн маягт явуулахаар асуухад хаягаа өгөхгүй асуудлаа наагуураа шийд очих боломжгүй гэх тайлбарыг өгсөн ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдсээр байж ирээгүй байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт холбогдогч дараах үүрэгтэй:

“Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, гэх үүргээ биелүүлээгүй байхад шүүхээс холбогдогчийн эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасныг үндэслэн зөрчил үйлдсэн эсэх талаар нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хариуцлага хүлээлгэсэн байхад шүүх хэргийн тал бүрээс нь шинжлэн судалж нотлох баримтыг үнэлэлгүй 0176907 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын улсын байцаагч Б.Огийн үйлдсэн Г.У-д холбогдох 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч Г.У-аас “Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Б.О-ийн 2020 оны 0176907 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг улсын байцаагч Б.Од холбогдуулан гаргажээ.

2.Монгол Улсын Ерөнхий Аудитороос “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийж, хандивын орлогыг буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй зарцуулсан  нэр дэвшигч нарт Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд зохих хариуцлага хүлээлгэх” агуулга бүхий албан бичгийг[1]  2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Татварын ерөнхий газарт хүргүүлжээ. 

3.Татварын ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3213 дугаар албан бичгээр[2] “... нэр бүхий нэр дэвшигч нарт харьяа татварын албадаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж, явцын талаар тухай бүр, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар үр дүнг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр хариу мэдэгдэж ажиллах”-ыг аймаг, дүүргийн татварын хэлтэст үүрэг болгосон байна.

4.Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.О-гаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176907 дугаар шийтгэлийн хуудсаар “Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” гэсэн үндэслэлээр гомдол гаргагч Г.Уянгыг арван сая /10,000,000/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

5.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д “Холбогдогч дараахь эрхтэй: ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх” 3.2-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх”, 3.3-д “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх”, 4-д “Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно”, 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж тус тус заасан.

6.Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 58 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7.Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1780 дугаар албан бичгээр[3] Үндэсний аудитын газарт хандаж гомдол гаргагч Г.У-ын гаргасан мөнгөн хандивын тайлан[4], сонгуулийн хандивын дансны хуулгыг[5], мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1838 дугаар албан бичгээр Сонгуулийн ерөнхий хороонд хандаж Г.У-ын хувийн мэдээллийг гаргуулан авсан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчлийн хэргийн хугацааг сунгах тухай” 276 дугаар тогтоолоор[6] “Ковид-19 вирусийн өвчлөлтэй холбоотойгоор гэрч, холбогдогчийг дуудан ирүүлж мэдүүлэг авах боломжгүй болсон ... уг хэрэгт зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авч хэргийн талаар тодруулан шалгах шаардлагатай” гэж үзэж хэрэг бүртгэлт явуулах хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн.

8.Гэтэл хариуцагч улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, 4.8 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагааг журмын дагуу явуулалгүйгээр тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д “Холбогдогчийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг холбогдогчид ногдуулсан.

9.Түүнчлэн, хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/83 дугаар албан бичгээр[7] шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч Г.У-д хүргүүлсэн байх боловч “Монгол шуудан” ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09/163 дугаар тодорхойлолтоос[8] үзэхэд “... хаягийн дагуу очиход нүүсэн гэсэн тул шинэчилсэн хаягийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 10 минутад ах н.Б-өд гардуулсан” гэсэн агуулгатай байх бөгөөд гомдол гаргагчаас тухайн албан бичгийг гардаж аваагүй, н.Б гэдэг хүнийг танихгүй гэж маргажээ.

10.Дээрхээс үзэхэд хариуцагч улсын байцаагчаас гомдол гаргагч Г.У-д холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, Чингэлтэй дүүргийн прокурорын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчлийн хэргийн хугацааг сунгах тухай” 276 дугаар тогтоолд дурдсан мэдүүлэг авч хэргийн талаар тодруулан шалгах шаардлагатай ажиллагааг хийгээгүй, утсаар ярьсан болон мессеж илгээсэн гэх баримтаар шийтгэлийн хуудас ногдуулсан, мөн маргаан бүхий шийтгэлийг хуудсыг зөрчилд холбогдогчид гардуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулаагүй гэж үзэхээр байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн “шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

11.Тодруулбал, Эрх бүхий албан тушаалтнаас хэргийн үйл баримттай холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлж, мэдүүлэг авч, зөрчил гарсан байдлыг тодруулах ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт явуулсны үндсэн дээр дахин шийдвэр гаргах нь хуульд нийцнэ.

12.Тиймээс хариуцагч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зөрчлийг шалгах ажиллагааг дахин явуулж, шинэ акт гаргах нь зүйтэй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 37 дахь тал

[2] Хэргийн 36 дахь тал

[3] Хэргийн 39 дэх тал

[4] Хэргийн 42-52 дахь талууд

[5] Хэргийн 53-55 дахь талууд

[6] Хэргийн 32 дахь тал

[7] Хэргийн 63 дахь тал

[8] Хэргийн 68 дахь тал