| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0647/Э |
| Дугаар | 641 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 641
2020 09 30 2020/ШЦТ/641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил
Улсын яллагч: Б.Одонтуяа,
Шүүгдэгч: П.Д, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-ын Д-д холбогдох эрүүгийн 2010014000750 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол, Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт хххх тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жилийн хорих ял оногдуулж хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Мөн тус дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
- Тус шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Х овогт П-ын Д-. /РД:хххх/
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Скай таур” хотхоны 30 дугаар байрны 14 тоотод иргэн Э.Эг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2010014000750 дугаартай хэргээс:
“...Манай найз П.Д нь 16 цагийн орчим гэрт нэг шил архи бариад орж ирсэн. Бид хоёр цуг архи уусан. Д-гийн найз гээд үл таних залуу мөн орж ирсэн. Архиа уугаад дууссан байхад намайг Д найзтайгаа цуг зодож миний баруун нүд хэсэгт цохьсон. Хэн намайг цохьсон талаар одоо санахгүй байна. Баруун нүд, хамар, толгой хэсэгт гэмтэл учирсан. ...Хуулийн дагуу шалгаж өгнө үү. Намайг ямар шалтгаанаар зодсон талаар мэдэхгүй. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:
“...Д бид хоёрын хооронд ямар нэгэн муудалцах шалтгаан байхгүй. ...Д- намайг цохиж унагаагаад газар унасан байхад нүүр толгой руу өшиглөөд байсан. ...Д намайг цохиж, зодож байхад бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Эмчилгээнд зарцуулж эм тариа худалдаж авсан баримт байгаа. Эмчилгээнд зарцуулсан мөнгө болон сэтгэл санааны хохиролыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
2.Хохирогч Э.Э-гээс хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд /хх-ийн 28-32 дугаар хуудас/,
3. Гэрч С.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын 10-ны 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн чинь нөхөр Э- гэрийн гал тогооны ширээний хажууд гараараа тэргэнцэрээ түшсэн байдалтай газар сууж байсан. Би дөхөөд очсон чинь нөхрийн цаад талд нь газар цус болоод тогтсон нөхрийнхөө нүүрийг харсан чинь нүүрэн хэсэг нь цус болоод баруун талын нүд нь хавдаад хөмсөгний гол хэсэг нь язраад дух болон толгой хэсэг нь хавдсан байсан. Юу болсон талаар асуусан чинь Д гэрт ирээд архи уугаад намайг зодсон гэж хэлсэн. Би яаралтай түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийгдсэн 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 8011 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“...Э.Э-гийн биед хамар ясны хугарал, баруун хөмсөгний дотор хэсэгт шарх, баруун зовхин хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд, тогтонгид нөлөөлөхгүй /шинжээч эмч О.Болороо/. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
5. Шүүгдэгч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэрчээр өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед найз Энхбаатарын хамт архи ууж байгаад найз Э-гийн утас руу залгаад наадмын мэнд хүргээд гэртээ байна гэхээр нь Э-гийн гэр болох Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай таур” хотхоны 30 дугаар байрны 14 тоотод 2 шил Эдэн нэртэй архи авч орсон. Энхбаатар, Э- бид 3 архиа уугаад сууж байтал Энхбаатарын эхнэр хүүхэд нь ирсэн гээд гараад явсан. Э- бид 2 үлдээд архиа хувааж уугаад сууж байсан чинь Э- намайг LD нэртэй тамхи аваад ирээч гэж хэлсэн. Би дэлгүүр ороод тамхи авах гэсэн чинь LD нэртэй тамхи байхгүй болохоор нь Маралборо нэртэй тамхи аваад орсон чинь Э- LD авчихгүй яасан юм бэ гэхээр нь байгааг нь авсан. Чи урьд нь энийг татдаг байсан биз дээ гэж хэлсэн чинь үг хаяад маргалдаж эхэлсэн. Тэгээд би явлаа гэж хэлээд гар барьсан чинь миний гарыг мушгисан, би Э-гийн цээжин дээр нь гараа тавьж байгаад гараа татаж авсан чинь Э- тэргэнцэртэйгээ хойшоо савж унасан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь би гадаа бороонд сууж байсан. ...Э-гийн гэрт очихоос өмнө архи уусан байсан, гэрт нь очоод нэмж уугаад нилээн согтсон. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найздаа гар хүрсэнд маш их харамсаж байна. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан. Өөр нэмж ярих хэлэх зүйл гэвэл бид хоёр 2 шил архи хувааж уугаад үл ойлголцсоноос болж маргалдсан өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,.
6. Шүүгдэгч П.Д-гийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлага, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45-47 дугаар хуудас/, шийтгэх тогтоолууд /хх-ийн 64-70 дугаар хуудас/, ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч П.Дд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Скай таур” хотхоны 30 дугаар байрны 14 тоотод иргэн Э.Э-г цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун хөмсөгний дотор хэсэгт шарх, баруун зовхин хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Д намайг цохиж унагаагаад газар унасан байхад нүүр толгой руу өшиглөөд байсан. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,
-Гэрч С.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхрөөсөө юу болсон талаар асуусан чинь Д- гэрт ирээд архи уугаад намайг зодсон гэж хэлсэн. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 8011 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... бид хоёр 2 шил архи хувааж уугаад үл ойлголцсоноос болж маргалдсан өөрийн буруутай үйлдлээ хүлээн байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч П.Д нь хохирогч Э.Э-гийн биед халдсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч П.Д нь хохирогч Э.Э-тэй маргалдан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухай:
Тус хэргийн улмаас хохирогч Э.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 577.090 төгрөг нэхэмжилсэн байх шүүгдэгч П.Д нь хохирогчид 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 600.000 төгрөг төлсөн талаарх Хаан банкны дансны хуулганы дэлгэрэнгүй баримт /хх-ийн 71 дүгээр хуудас/-ыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч П.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч П.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт П-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт П-ын Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Дд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс, эсхүл хульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН